Сонгуулийн будлианаас үүдсэн иргэдийн жагсаал сүүлдээ үймээн самууны байдалд хүрсэн. Энэ байдалтай холбогдуулан ИХ намын дарга Ж.Батзанданг Ганц худаг дахь Цагдан хорих төвд баривчлан саатуулаад байна. Түүний өмгөөлөгч Ж.БАТТУЯАТАЙ ярилцлаа.
-Өнгөрсөн долдугаар сарын үйл явдлыг хүмүүс олон талаас нь тайлбарлаж ойлгож байгаа байх. Та Ж.Батзандангийн өмгөөлөгчийн хувьд үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хуульч хүнийхээ хувьд бодож дүгнэх бололцоо, цаг хугацаа одооноос л олдож байна. Эхний үед юу болчихов гэдэг талаар эргэлзээтэй, зөрчилтэй олон бодол миний толгойд байсан. Ер нь бол тэр жагсаал цуглаан сонгуулийн будлиантай холбоотой, түүнээс үүдэлтэй гэдэг нь тодорхой байсан. Сонгуулийн урьдчилсан дүнг МАХН зарлачихсан. Ерөнхийдөө хүмүүс сонгуулийн үр дүн хэрхэн гарсан гэдгийг ойлгосон байсан. АН сонгууль будлиантай болсон гэдгийг бас давхар мэдэгдэж байсан. Үүнээс үүдэж иргэд тайван жагсаал цуглаан зохион байгуулсан. Тайван жагсаал тодорхой хугацаанд үргэлжилж байснаа үймээн самууны байдалд хүрсэн. Хэн үймээн самуун болгосон, ямар зорилгоор үймээн самуун болгов, хэн турхирсан, хэн зохион байгуулсан гээд янз бүрийн таамаг яриа нэг сарын турш үргэлжилж байна.
-Энэ жагсаалыг Ж.Батзанданг зохион байгуулсан гэж буруутгаж баривчлан хориод байгаа. Та үүнтэй санал нийлж байгаа юу. Хэдийнээс эхлэн өмгөөлөгчөөр нь ажиллаж байна вэ?
-Би энэ асуудлыг өмгөөллийн талаас нь ярихаасаа өмнө нэг зүйлийг зориуд хэлэх хэрэгтэй. Хуульч, өмгөөлөгч хүнд баримтлах мэргэжлийн ёс зүй, дээрээс нь хэргийн шалгалт дуусаагүй байхад хэн хүнд дэлгээд байдаггүй зүйл гэж байдаг. Өмгөөлөгчийн хувьд Батзанданг цагдан хоригдсон цагаас нь өмгөөлсөн. Бусад өмгөөлөгчийн нэгэн адил өмгөөлөл хийж байгаа. Эрүүгийн хуулийн нэг зүйл ангиар яллагдагчаар татсан. Зандалчлах буюу эрүүгийн хуулийн 177.2-ийн хүндрүүлсэн хэлбэрээр ял сонсгосон гэсэн үг. Хамгийн энгийнээр тайлбарлавал энэ зүйл ангийн агуулга нь эрх бүхий байгууллагын шийдвэрт нөлөөлөх зорилгоор нийтэд аюултай хүч хэрэглэх, эсвэл нийтэд аюултай хүч хэрэглэхээр заналхийлэхийг хэлж байгаа юм.Энэ нь тухайн гэмт хэргийг үйлдсэн хүний үйлдэл байх нь байна шүү дээ. Хэрэг үйлдэгчийн санаа зорилго нь эрх мэдэлтэй байгууллагын шийдвэрт нөлөөлөх зорилго байх нь.Эхлээд хоёр зүйл ангиар сэжиглэн хорьсон, харин одоо нэг зүйл анги буюу хамгийн хүндэд нь ял сонсгоод байна.
-Хамгийн хүнд зүйл анги гэж та хэллээ. Тэгэхээр энэ зүйл ангид буруутгах нотлох баримт таны үйлчлүүлэгчдэд хангалттай байгаа гэсэн үг үү?
-Хуулийн дагуу үүнийг ярих юм бол ялыг гэмт этгээдэд сонсгохдоо хангалттай баримт байж сонсгодог. Энэ айхтар гэмт хэргийг энэ хүн үйлдсэн байна, ийм санаа зорилготойгоор үйлдсэн байна, хүч хэрэглэсэн байна гэдгийг тогтоох хүртлээ хангалттай баримт нотолгоо байх хэрэгтэй. Энэ бүх баримт, нотолгоог сэжигтнээр татсан 14 хоногийн хугацаанд бүрдүүлчихсэн гэж би бодохгүй байна. Ингэх боломжгүй учраас энэ хүнд ямарч баримт, нотолгоогүйгээр онц хүнд гэмт хэрэгт ял тулгаж, хорьж эрх чөлөөг нь хасах, мохоох, залхаан цээрлүүлэх үүднээс ийм үйл ажиллагаа явагдаж байна гэж хэлж болохоор болоод байна.
-Цагдан хоригдох тэр өдөр ялыг нь төлөвлөсөн байсан гэсэн мэдээлэл байдаг. Тийм боломж байдаг юм уу?
- Хуулиараа яривал тийм боломж байхгүй л дээ. Цагдан хорихдоо сэжигтнээр татсан. Сэжигтнээр татахад энэ хүн энэ гэмт хэргийг үйлдсэн хангалттай сэжиглэл анхнаасаа байх ёстой. Ял төлөвлөсөн байсан уу гэдэг талаасаа бол тийм гэж хариулахад хэцүү л дээ.
-Хэчнээн өмгөөлөгч ажиллаж байгаа вэ. Зарим хэвлэлд Ж.Батзанданг долоон өмгөөлөгчтэй гэж байсан. Төлөвлөсөн зүйл анги нь хүнд учраас олон өмгөөлөгч ажиллаж байгаа гэх хүн ч байна?
-Долоон өмгөөлөгч ажиллаж байгаа гэдэг нь худлаа. Зүйл ангийн тухайд хүнд гэдэг нь ойлгомжтой. Албан ёсны гурван өмгөөлөгч ажиллаж байна.
-Үймээн болсноос хойш нэг сарын хугацаа өнгөрчихлөө.Энэ хугацаанд үйлчлүүлэгчийн сэтгэл санааны байдал ямар байна, уг хэрэгт ямар үнэлэлт дүгнэлттэй байгаа бол?
-Ж.Батзандан өөрөө хуульч хүн. Энэ асуудалд дүгнэлт хийх чадвар нь надаас ч илүү. Энэ асуудлыг улс төржүүлэхгүйгээр цэвэр хуулийнх нь өнцгөөс харвал санаа зовоод байх нэг ч зүйл байхгүй. Бид бол үүнийг улс төрийн шоглоом гэж ойлгож байгаа. Энэ хүн тодорхой хэмжээгээр улс төрөөр оролдсон учраас энэ асуудлыг хуулийн болон улс төрийн аль аль талаас нь дүгнэж байгаа. Тэгэхээр энэ асуудлаас болж айж ичээд байх зүйл огт байхгүй л дээ .
- Зарим хүмүүс Батзанданд ийм ял сонсгох нь зөв, зарим хэсэг нь энэ бол улс төрийн хоригдолтой болох гэсэн том намын сонирхол, шинэ цагийн хэлмэгдүүлэлт гэх ч иргэд байна?
-Энэ асуудал дээр иргэд хэд ч хуваагдаж болно. Гэхдээ энд нэг зүйл ажиглагдаж байгаа.Хуулийн ангид сурдаг нэгдүгээр курсын оюутан ч энэ асуудлын эхлэл, өрнөлийг хараад инээд нь хүрнэ. Улс төрийн учир холбогдолтой зохиомол хэрэг гэж хэлж болно. Улс төрийн зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа ч гэж үзэж болно. Иргэдийн санаа бодолтой нийлээд байгаа шүү. Манайд XXI зуунд улстөрийн хоригдол болж ял сонссон, ялтан болсон нэг ч хүн байхгүй гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа.Улс төрийн хоригдол гэж нэрлэнэ үү, үзэл санааны хоригдол гэж нэрлэнэ үү, ямар ч байсан энэ хүн үзэл санааныхаа төлөө, үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдож, эрх чөлөөгөө хасуулж, мөрдөн мөшгигдөж байгаа. Ер нь бол иргэн хүн сонгуулийн булхайг эсэргүүцэж үгээ хэлэх нь иргэнийхээ эрх чөлөөг эдэлж байна гэсэн үг. Ингэснийх нь төлөө мөрдөж, хорьж байгаа байдлыг Монгол Улс үзэл санааны хоригдолтой боллоо гэж шууд утгаар нь ойлгож болно.
-Сонгуулийн дүнг будлиантай болсон гэдгийг олон хүн зөвшөөрч байна. Үүнээс үүдсэн жагсаал цуглааны жинхэнэ зохион байгуулагчийг та хэн гэж бодож байна. Зохион байгуулсан захиалсан эзэнгүй энэ жагсаал таван хүний амь насанд хүрсэн. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Жагсаал цуглааны зохион байгуулагчийг хайж байгаа байх. Надад хэн жагсаал цуглааныг зохион байгуулсан бэ гэдгээсээ илүү хэн энэ үймээн самуунд хүргэв, яагаад хүргэв гэдгийг тогтоох нь илүү чухал. Өөрөөр хэлбэл энэ үймээн самууныг үүсэхэд хэн үйлдлээрээ, хэн эс үйлдлээрээ нөлөөлсөн бэ гэдгийг тал талаас нь харах хэрэгтэй. Эрүүгийн хууль идэвхтэй гэмт үйлдэл төдийгүй, санаатай бас гэм буруутай эс үйлдлийг ч эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг. Хүний амь нас эрсдсэн хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж байгаа юм билээ.Энэ шалгалт ном, журмаараа хийгдэх юм бол олон зүйлийн зангилаа тайлагдана гэж бодож байгаа. Хэргийг гаднаас нь харахад илрүүлэх өндөр бололцоотой санагдаж байна. Яагаад ингэж байна гэхээр хэргийн гэрчүүд амьд байна. Монголчууд энэ хэргийн шийдвэрлэлтийг бүгдээрээ ажиглаад сууж байгаа биз дээ. .
-Та Ж.Батзандангийн өмгөөлөгчөөс гадна түүний эгч. Энэ хэрэгт дүүгээ буруутгаж байна уу?
- Хариулт бол мэдээж үгүй л гэсэн хариулт шүү дээ. Энэ гэмт хэргийг үйлдэхэд хүний толгой дахь санаа сэдэл, хийсэн үйлдэл нь юу болох, үйлдлээс нь болж урган гарсан үр дагавар, тэдгээрийн хоорондын логик холбоо, уялдаа гээд зөв дүгнэлт хийхэд шаардлагатай олон зүйл яригдана. Энэ бүхний үндсэн дээр би дүгнэлтээ хийж энэ хэрэгт дүүгээ буруутгах байтугай сэжиглэх ч зүйл олдохгүй байна л даа. Дашрамд хэлэхэд төрийн байгууллагаар өөрт ашигтай шийдвэр гаргуулах, эсвэл гаргуулахгүй байх гэж аймаар хүч биш айхтар их мөнгө л хэрэглэдэг юм байна лээ дэлхийн практикт.
-Нотлох баримт гэдэг зүйл яаж байхав дээ гэсэн санаа та дээр хэлсэн. Үнэхээр тийм байгаа юм бол зүйл анги нь яагаад тийм хүнд байгаа юм бэ. Мэдээж цагдаагийнхан санаанаасаа зүйл анги зохионо гэж баймааргүй юм?
-Батзанданг яллагдагчаар татсан зүйл ангийг уншаад түүний нөлөөлөх гэсэн эрх бүхий байгууллага гэдэг нь хэн юм бол гэж бодогдсон. Сонгуулийн ерөнхий хороо юм уу, тойргийн хороо нь юм уу, МАХН юм уу, УИХ юм болов уу гээд олон асуулт байгаа. Тэдний шийдвэрт нь нөлөөлөхдөө ямар шийдвэрт нь вэ гэдгийг бас ойлгоогүй. Ямар шийдвэр байсан юм бол, байх ёстой байсан юм бол бүү мэд. Нийтэд аюултай хүч хэрэглэнэ гэдгийг дор хаяж л хүнийг бөөнд нь устгана, байшин барилгыг галдан шатаана, бөмбөг дэлбэлнэ гэж ойлгож байгаа. Манайд бас өөр улсуудад аливаа байгууллага, албан тушаалтан хүчинд автаад, эсвэл заналхийлэлд өртөөд шийдвэрээ гаргадаг, мөн татгалздаг түүх олж уиших гээд олдохгүй байна. Тэгэхээр энэ гэмт хэрэгт үзэл бодлоо илэрхийлсэн Батзанданг яллагдагчаар татсан нь тун ойлгомжгүй байна.
-Энэ зүйл ангийг тэр өөрөө хэрхэн хүлээж авсан бэ?
-Хорихын тулд, хуучны аргаар хорьж хэрэг хүлээлгэхийн тулд ингэж байна гэж үзэж байгаа. Шал утгагүй зүйлийг хүн яаж хүлээж авдаг билээ тэр л хандлага ажиглагдсан.
-Ж.Батзандангийн санхүүжилтийн асуудлыг хүмүүс их сонирхдог?
-Би санхүүгийн асуудлыг нь мэдэхгүй. Миний мэдэх ёстой ч асуудал биш. Насанд хүрсэн, боловсролтой эгч, дүү хоёрт өөрсдийн хувийн орон зай, оролцох, оролцохгүй зүйл гэж байдаг. Сонгуульд нэр дэвшсэн юм чинь мэдээж зардал гаргасан нь тодорхой. Гэхдээ хэнээс, хаанаас, яаж санхүүжив гэдгийг сонгуулийн менежерийг нь хийгээгүй учраас үнэхээр мэдэхгүй л дээ. Хэдийгээр ийм ч гэсэн би Сонгуулийн хууль, сонгуулийн санхүүжилтийн асуудлаархи хууль, дүрмийг уншиж байсан. Дүү маань хуульч хүн, өөрөө энэ асуудлаа мэдэж зохицуулсан л байж таараа. Ах дүү нарынх нь хувьд гайгүй боловсрол эзэмшсэн, дажгүй орлоготой ажил, хөдөлмөр эрхэлчихдэг учраас дансандаа хэдэн төгрөгтэй хүмүүс. Энэ утгаараа байдгаараа л тусалж дэмжсэн.
-Мэдээж ар гэрийнхэн нь тусалсан байх. Гэхдээ түүний ард Хятадууд, АНУ байгаа гэх хардлага хүчтэй байдаг. Санхүүжилтээс гадна Украйны өнгөт хувьсгалыг Монголд хийхийг завдсан гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Шар хувьсгалын талаар судалдаг, уншдаг хүмүүс манайд олон байдаг юм билээ.Би бусад хүмүүсийн адилаар хэвлэлээс шар хувьсгалын талаар мэдээлэл авсан. Санхүүжилтын хувьд Хятадууд Монголд яаж бизнесээ явуулдаг талаархи мэдээлэл зөндөө л байдаг. Энэ мэдээллийг сонирхоод үзэхээр хятадууд төрийн өндөр албан тушаалтай, нөлөө бүхий хүмүүстэй дотносдог, хамтардаг, тэр хүмүүсийн нөлөөгөөр нь Монголд бизнесээ амжилттай хийдэг. Тэгэхээр Батзанданг нөлөө бүхий төрийн албан тушаалтан гэж хэн нэгэн хахуулдана, хамтарч ажиллана гэдэг асуудал байхгүй болов уу. Хүмүүсийн хэлдгээр гудамжны гэгдэх улс төр, нийгмийн идэвхтэн залуугар юу хийлгүүлнэ гэж хятадууд мөнгөө үрж, ивээн тэтгэх вэ дээ. Хятадуудтай яагаад холбоотой байлгах гээд байдаг гэхээр “Тан-луу” гэдэг компанид холбогдох хэрэгт хуулийн туслалцаа үзүүлж ажилласан байдаг, ийм учраас үүнийг л улс төржүүлээд ойлгоод байдаг юм. Хуулийн боловсролтой хэн ч гадаад, дотоодын ямар ч компанид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Сонгуульд ямар мөнгө зарцуулсан, бага сага ажил хийж тус хүргэсэн нөхөддөө жаахан ч гэсэн мөнгө төлөх гэж ямаршуухан зүдэрч байсныг нь дэмжиж ажилласан олон хүн нь хэлэх байх.Ямар америк нь Батзанданд мөнгө өгдөг юм. Угаасаа АНУ-ын хууль хатуу байдаг. АНУ-ын нэг иргэн, аж ахуйн нэгж гадаад улсын иргэн, албан тушаалтанд авлига өгөх, санхүүжүүлэх нь хатуу хориотой. Ингэсэн тохиолдолд өөрсдөө хатуу шийтгэл хүлээдэг. Хууль нь хатуу учраас Монголын иргэний хөдөлгөөний тэргүүнд их хэмжээний мөнгө өгнө гэдэг нь логик утгаараа бодсон ч тэднээс гарахгүй зүйл. Улс төрийн өндөр албан тушаалтан Н.Энхбаяр, С.Баяр нарын нөлөө, эрх мэдлийг Батзандантай харьцуулаад үз дээ. Тэгэхээр Батзандан ямар эрх мэдэлтэй хүн бэ гэдгийг энэ талаас нь харах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд юу хийснийг нь хараад энэ хүн бизнес, санхүүгийн сонирхолтой гэхээсээ илүү өөрийн олсон мэдлэг боловсролоо ашиглаж Монголын нийгмийг өөрчилье гэсэн бодолтой эх оронч, шинэчлэгч залуугийн дүр төрхийг Батзандангаас олж харж болно. Түүнээс биш хэн нэгний гар хөл болоод байдаг хүмүүжилтэй, тийм өчүүхэн тэмүүлэлтэй ч хүн биш гэдгийг зориуд хэлмээр байна. Энэ хардлага өөрсдөө нэг иймэрхүү цөөн хэдэн улстөрчдийн л нийгэмд түгээх гэсэн санаа нь л даа.
-Өмгөөлөгчийн хувьд цаашдаа ямар ажил хийе гэж бодож байгаа вэ? Сая хоёр сарын хугацаагаар цагдан хорих хугацааг нь сунгасан байгаа. Үргэлжлүүлэн хориод байна гэсэн үг үү?
-Хууль хяналтын байгууллага Батзандантай холбоотой асуудлыг хурдан, үнэн зөв шийднэ гэдэгт итгэж байгаа. Гэхдээ асуудлыг улс төр болгож, хэн нэгний даалгаврыг биелүүлэх явдал гарвал том шоглоом болно л доо. Хэрэв зүй бус зорилго өвөрлөж, ямар нэгэн байдлаар наад хүнээ унага, ялла, нухчин дар гээд байгаа бол буруугүй хүнийг буруутан болгох гэж цаг хугацаа авах шаардлагатай байгааг үгүйгэх аргагүй. Энэ асуудал ийм хугацааны дараа л шийдэгдэнэ гэж хэлэх боломж одоогоор алга байна.
-Энэ асуудлыг мөрдөн байцаалтын явцад шийдэх үү?
-Мөрдөн байцаалт болсон үйл баримтыг тогтоодог. Өөрөөр хэлбэл юу болсон байна, энэ нь ямар зүйл ангид хамаарах вэ гэдгийг. Тэдний энэ ажил зөв ч хийгдсэн байж болно, буруу ч хийгдсэн байж болно. Өмгөөлөгчийн зүгээс харахад Батзанданд тулгасан хэргийн зүйлчлэл шал утгагүй байгаа юм. XXI зууны Монголд анх удаа энэ зүйл ангиар иргэндээ ял тулгаж байна. Асуудал шүүхэд очиж байж эцэслэн шийдэгддэг.
-Ж.Батзанданг хорих үеэс нь эхлэн хууль зөрчигдсөн гэж та өмгөөлөгчийн хувьд үздэг гэсэн. Ямар учраас тэр вэ?-Парламент хууль баталдаг. Баталсан хуулийг хэрэгжүүлдэг, амьдруулдаг нь хууль хяналтын байгууллага байдаг. Харамсалтай нь манай нийгэмд хуулийг барих, хэрэгжүүлэх зуршил, ухамсар, соёл байхгүйтэй адил байна. Тухайлбал, Батзандан долдугаар сарын 4-нд баривчлагдах үедээ УИХ-д нэр дэвшигч гэсэн статустай байсан. Сонгуулийн дүн одоо ч гараагүй байна. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг баривчилж цагдан хорьж эрүүгийн хэрэг үүсгэхэд хэд хэдэн нөхцөл, шаардлагыг тавьдаг. Гэмт хэрэг үйлдэж байх явцад нь баривчлах, Сонгуулийн тойргийн хорооны зөвшөөрлийг авч байж эрүүгийн хэрэг үүсгэх, нэгжлэг хийх, тодорхой заалтууд зөрчигдсөн. Зандалдчлах гэдэг эрүүгийн хэргийг мөрдөн байцаах харьяалал гэж бий. ЦЕГ-ын дэргэдэх УМБГ биш, харин тусгай чиг үүрэгтэй, чадавхитай Тагнуулын байгууллага хэргийг шалгах хууль манайд байгаа. Хүний эрхийн талаас нь ярьсан ч олон ноцтой зөрчлүүд гарсан, гарсаар ч байгаа.
Эх сурвалж: Зууны шуудан