О.Магнайгийн өмгөөлөгч Ч.Энхээ: О.Магнайг хилс хэргээр хорьсон цагдаагийн байгууллага мухардалд орсон

2008/08/08
Share |
Хүмүүс: О Магнай | 
О.Магнайгийн өмгөөлөгч Ч.Энхээ: О.Магнайг хилс хэргээр хорьсон цагдаагийн байгууллага мухардалд орсон

О.Магнай хоригдсоноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Түүний өмгөөлөгч Ч.Энхээтэй уулзсан юм. Тэрээр цагдаагийн байгууллага хилс хэргээр О.Магнайг шалгаж байгаа ч яг одоогийн байдлаар хаашаа ч үгүй гацаанд орчихоод байна гэж байсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Хамгийн сүүлийн мэдээгээр О.Магнайг “Ганц худаг”-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүж байгаа гэсэн. Түүний биеийн байдал хэр байна. Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Би өнөөдөр /өчигдөр/ өглөө уулзаад ирлээ. Биеийн байдал дунд зэрэг байна. Эмнэлэгт хэвтээд гарчихсан байгаа. Бид хоёр прокурорт өгөх хүсэлт гэх юм уу, мэдэгдэл гэх юм уу… тэр талаараа ярилцсан юм.
-О.Магнай, Ж.Батзандан нарт ЭХ-ийн ТА-ийн 177 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Үүнийг О.Магнай хэрхэн хүлээж авсан бол?
-Ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Угаасаа хүлээн зөвшөөрөх ямар ч үндэс байхгүй. Яагаад гэхээр ЭХ-ийн ТА-ийн 177-д заагдсан гэмт хэргийг О.Магнай үйлдээгүй шүү дээ. Хууль мэддэг хүн бүхэн үүнийг ойлгож байгаа гэдэгт би итгэлтэй байна. О.Магнайгийн зүйлчлэлийг маш олон хүн “шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхлэж байна” гэж үзэж байгаагаа бидэнд ярьж буйгаа. Би үүнтэй санал нэг байна.
-Та О.Магнайгийн өмгөөлөгчийн хувьд дээрх зүйлчлэлийн талаар хууль хяналтын байгууллагынхантай ярилцдаг л байх. Зүйлчлэлээ юу гэж тайлбарладаг юм бол?
-Бидний хувьд хуульд заасны дагуу хүсэлт гаргаж өгдөг юм. Хуулинд тэр хүсэлтийн хариуг тав хоногийн дотор өгөх ёстой гээд заачихсан байдаг ч бидний хүсэлтийн хариуг өнөө хүртэл өгөөгүй л байна. Миний ойлгож байгаагаар бол цагдаагийн байгууллага энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад яг одоогийн байдлаар гацаанд, бас мухардалд орчихсон байгаа байх. Тийм ч болохоор бидэнд хэлэх үггүй, тайлбарлах тайлбаргүй болчихоод зугтаад байгаа байх.
-”Ганц худаг”-т хоригдож байгаа сэжигтэн яллагдагчид өмгөөлөгчтэйгээ уулзах боломж бололцоо дутмаг талаар яригддаг. О.Магнайгийн хувьд?
-Уулзахын хувьд уулзаж байгаа. Гэсэн ч хүндрэл маш их байдгийг энд хэлэх хэрэгтэй . Жишээлбэл би О.Магнайтай уулзахдаа улсын прокурорт өгөх гэж байгаа шаардлагаа түүнд уншуулах гээд өгөхөд хянагч нар нь “Та юу дамжуулаад байгаа юм бэ” гээд хурааж авах ч юм уу төвөгтэй асуудал зөндөө байдаг. Уг нь тэртээ тэргүй прокурорт өгөх гэж байгаа шаардлагыг бид хоёр хоёулаа ярилцаж байгаад бичих эрхтэй шүү дээ.
-Бусад үйлчлүүлэгчдийн хэрэг дээр дээрх асуудал гардаг уу эсвэл ганцхан О.Магнайгийн хувьд дээрх асуудлыг “Ганц худаг”-гийн хянагчид гаргаад байдаг юм уу?
-Ер нь бусад үйлчлүүлэгчдийн тухайд ч энэ асуудал гардаг. “Ганц худаг”-гийн дотоод журманд дээрх хуулиас гадуур заалт байдаг юм. Мэдээж өмгөөлөгчид хувцас хүнар, хоол хүнс, архи дарс гэсэн зүйл оруулахгүй нь тодорхой. Гэхдээ тэнд сууж байгаа өмгөөлүүлэгчтэйгээ энд болж байгаа арга хэмжээний тухай ярилцаж, тэдэнд уншуулж, гарын үсэг зуруулах хэрэг олон гардаг. Гэвч байгууллагын дотоод журам, тушаал авсан цэргийн албан хаагчдыг бид яалтай билээ.
-О.Магнай, Ж.Батзандан нарын хувьд жагсаал цуглаан зохион байгуулагч байхдаа эрүүл саруул мэт харагдаж байсан. Гэтэл саатуулагдах үедээ тэдний олон өвчин илэрсэн нь ард түмэнд үнэмшил муутай харагдсан. Энэ талаар та юу хэлэх бол?
-О.Магнайгийн хувьд тэмцэгч болохоосоо өмнө бүр хүүхэд байхдаа хоолойны хүнд өвчнөөр өвдсөн юм билээ. Тэр үед эмчилж байсан эмчтэй нь энэ талаар уулзаж болно шүү дээ. Байнга эмнэлгийн хяналтанд байсан. Энэ талаар бүх баримт, нотолгоо хавтастхэрэгт байгаа. О.Магнайг батлан даалтанд гаргаж авах үндэслэл дээрээ энэ талаар байнга дурьдаж байна. Ер нь бол “Ганц худаг”-т хоригдсон сэжигтэнд өмнө мэдэгдэж байгаагүй, архаг хууч өвчин сэдрэх, өөрөө ч бараг мэддэггүй байсан өвчин илрэх зэрэг тохиолдол зөндөө гардаг. Орчин, сэтгэл санаа нөлөөлөх нь тодорхой биз дээ.
-О.Магнай, Ж.Батзандан нарын хувьд “Ганц худаг”-т тийм ч хүнд нөхцөлд биш. Захиалгын хоол хүнс зөөлгөж идээд сууж байдаг талаар мэдээлэл гарсан. Ер нь тэдний хоригдож байгаа нөхцөл талаар та юу хэлэх бол?
-”Ганц худаг”-т хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нарын эрх үүрэг яг адилхан. Харин хоригдож байгаа бүх сэжигтнүүдэд нэрийн данс байдаг. Сэжигтэнд данс нээж, ар гэрийнхэн нь мөнгө хийсэн тохиолдолд сэжигтэн яллагдагчид “Ганц худаг”-ийн цайны газраас хоол захиалж идэх боломжтой. Энэ эрх ганцхан О.Магнай, Ж.Батзандан нарт олгогдсон эрх биш, бүгдэд нээлтэй.
-О.Магнайгийн өмгөөлөгчөөр хэдэн өмгөөлөгч ажиллаж байгаа талаар?
-Яг тогтвортой дөрвөн өмгөөлөгч ажиллаж байна. Мөн О.Магнайгийн найз, эсвэл түүнийг хүндэлдэг хүмүүс хамтарч ажиллаж байгаа.
-Уучлаарай хэдийгээр хувийн нууц байж болох ч та энэ хэрэг дээр өмгөөллийн хөлсөө хэдээр тохирсон бол. Энэ асуултыг асуух болсон шалтгаан нь О.Магнайгийн хувьд дөрвөн өмгөөлөгчтэй гэлээ. Мэдээж мөнгөгүй хүн нэг өмгөөлөгч ч авч чадахгүй. Долдугаар сарын нэгний үймээний үеэр хоригдсон олон хүн өмгөөлөгч авч чадахгүй байгаа шүү дээ?
-Би өмгөөллийн хөлсөө хэнд ч хэлдэггүй. Ер нь бол өмгөөлөгчдийн тогтсон жишиг нь эрүүгийн хөнгөн гэмт хэрэгт 100.000, хүнд гэмт хэрэгт 300.000, хүндэвтэр гэмт хэрэгт 500.000, онц хүндэд саяас доошгүй байдаг. Харин иргэний хэрэгт болон эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлд нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувийг өмгөөлөгч авдаг.
-О.Магнайгийн хэргийн хувьд ямар ангилалд багтах талаар?
-Одоо зүйлчлэгдээд байгаа зүйл анги нь хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байгаа.

эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.