“Ганц худаг”-т хоригдож байгаа сэжигтний эхнэр А.Бямбацэцэг: Нөхрийг маань суллатал гурван нялх хүүхэдтэйгээ суултаа үргэлжлүүлнэ

2008/08/08
Share |
Хүмүүс:
 “Ганц худаг”-т хоригдож байгаа сэжигтний эхнэр А.Бямбацэцэг: Нөхрийг маань суллатал гурван нялх хүүхэдтэйгээ суултаа үргэлжлүүлнэ

Хар дарсан зүүд мэт долдугаар сарын нэгний “хар мягмар” гаригийг монголчууд өнөө ч мартаагүй. Будилаантай сонгуулийн гайгаас болж нийслэлд эмх замбараагүй байдал үүсч таван иргэн алтан амиа алдаж олон залуучууд “Ганц худаг”-т хоригдоод байгаа. Одоогоор 100 гаруй иргэн хоригдоод байгаа бөгөөд тэдний ар гэрийнхэн Сүхбаатарын талбайд суулт хийгээд хэд хонож байна. Энэ хэрэгт холбогдоод байгаа сэжигтнүүдийн ар гэрийнхэн тэднийг ямар ч хэрэг хийгээгүй байхад хорьсон учраас суллатал нь тайван суулт хийхээ мэдэгдсэн. Мөн тэд гадаадын хүний эрхийн байгууллагад хандаад байгаа гэнэ. Энэ хэрэгт холбогдон нөхөр нь “Ганц худаг”-т хоригдоод байгаа А.Бямбацэцэгтэй уулзаж ярилцсан юм. Тэрээр хоёр ихэр хүүхдээ дагуулан нөхрийгөө суллуулахаар яваагүй газар байхгүй гэнэ.

-Долдугаар сарын нэгний бослогод таны нөхрийг оролцсон гэж буруутгаж байгаа юм байна. Тухайн өдөр МАХН-ын байрны ойролцоо юу хийж явсан юм бэ?
-Долдугаар сарын нэгэнд болсон бослогод миний нөхөр оролцоогүй. Би үүнийг баттай хэлж чадна. Тэр өдөр 11 цаг өнгөрч байхад манай нөхрийн найз гэрт ирээд дагуулаад явсан. Найз нь нөхрийг маань дагуулж явахдаа МАХН-ын байр шатаад дуусч байна гэнэ. Хоёулаа очиж үзье гээд дагуулаад гарсан. Тухайн үед би нөхрөө яваад хэрэггүй гэж хориглосон ч найз нь ятгасаар байгаад дагуулаад явсан.
-Тэр үед онц байдал зарлаад иргэдийг гэр орноосоо гарч болохгүй гээд байсан шүү дээ. Үүнийг танай нөхөр мэдээгүй юм уу?
-Манай нөхрийг гарсны дараахан онц байдал зарласан. Тэгээд би үүнийг сонсоод нөхрийнхөө утас руу залгахад холбогдохгүй байсан. Шөнөжингөө утас руу нь залгаж нойргүй хоносон. Онц байдал зарлаад дөрөв хонож байхад нөхрийнхөө сургийг ч гаргаж чадаагүй. Харин долдугаар сарын найманд бичиг баримтгүй хүмүүсийг “Ганц худаг”-т хорьсон гэдгийг нь дуулаад нөхрөө тэнд байгааг мэдсэн.
-Та нөхрөө батлан даалтад гаргах хүсэлт тавьсан уу. Нөхрийг тань яг юу гэж буруутгаад байгаа юм бэ?
-Би долдугаар сарын есөнд батлан даалтад гаргаж өгөөч гэж байцаагчид нь хүсэлт гаргасан. Гэтэл байцаагч нь “Би одоо хөдөө явах гэж байна, та энэ хүнтэй уулз” гэж өөрөөсөө зайлуулсан. Тэгээд наадмын дараа гаргана гээд ч бас гаргаагүй одоо хүртэл хоригдож байна. Наадмын дараа бүх бичиг баримтыг нь канондаад ир гэсэн. Бичиг баримтыг нь аваад очтол Сүхбаатар дүүргийн шүүх дээр оч гэв. Сүхбаатар дүүргийн шүүхэд очиход манайд ямар ч хамаагүй асуудал Нийслэлийн прокурор дээр оч гэж хэлсэн. Ингээд гурван хүүхдээ дагуулж очоод өргөдөл бичээд өгсөн. Хариуг нь маргааш нь авах гээд очиход Отгонбаяр прокурор манайд хамаагүй, дүүргийнхээ прокурортой уулз гэсэн. Бүр аргаа бараад дахиад л цагдаагийн газарт очиход манайд хамаагүй гэж нэг нэг рүүгээ явуулсаар байгаад бүтэн cap боллоо.Нэг газар очиход өргөдөл бичээд өг гэдэг. Бичээд өгөхөөр хариу гэж ямар ч юм өгдөггүй. Харин нэг удаагийн өргөдлийн хариуд “танай нөхрийг гаргаж болно, гэхдээ янз бүрийн үймээн самуунд оролцож магадгүй гэсэн үүднээс хорьж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд манай даргад бас өргөдөл бичиж өг гэхээр нь бичээд л өгсөн. Харин үүний хариуд тамгаүй тал цаасан дээр нөхрийг маань “онц ноцтой гэмт хэрэгтэн учраас батлан даалтад гаргаж болохгүй, цааш нь үргэлжлүүлэн хорино” гэсэн бичгийг өгсөн. Үймээн самуунд оролцсон гэж л буруутгаад байгаа юм бол хүнд гэмт хэрэгтэн гэж хэлж болохгүй биз дээ. Ямар хүн алчихсан биш. Хэрвээ хүн алсан бол аюултай гэмт хэрэгтэн гэж хэлэх байх. Долдугаар сарын нэгэнд МАХН руу ганц чулуу ч шидээгүй тэр жагсаал цуглаан дунд байгаагүй хүнийг хорьсонд үнэхээр гомдолтой байна.
-Та нэлээд хэд хоног гурван хүүхэдтэйгээ Сүхбаатарын талбай дээр суулт хийлээ. Нөхөр чинь үнэхээр буруугүй бол шүүх цагдаагийнхан суллана шүү дээ. Зуны халуунд хүүхдүүдээ зутраагаад суулт хийгээд байх нь хэцүү биш үү?
-Би гурван хүүхэдтэй. Бага хоёр маань ихэр. Hexpee хоригдсоноос хойш олон хоног гэртээ хүүхдүүдтэйгээ хоосон хонолоо. Үнэхээр хэцүү болоод гурван хүүхдээ дагуулаад бараг 20-иод хоног шүүх цагдаагийн газраар явлаа. Нөхөр маань л биднийг тэжээдэг байсан. Энэ хүн хоригдчихоор одоо хэн тэжээх билээ. Хоёр ихэр хүүхэд маань хоосон байсаар сүүлдээ бараг тураалд орж байна. Харин сайн санаатай хүмүүсийн ачаар гурван хүүхэд маань сая хэд хоног гэдэс цатгалан байлаа. Миний хувьд хоосон гэртээ байснаас гурван хүүхдээ дагуулаад Сүхбаатарын талбайд суулт хийж байсан нь дээр. Ямар ч байсан миний нөхөр хүн алж онц хүнд гэмт хэрэг үйлдээгүй. Тиймээс хүүхдүүдийг минь бодоод нөхрийг маань батлан даалтаар гаргаж өгөөч гэж гуйя. Надад үнэхээр хүнд хэцүү байна. Нөхөр маань хийгээгүй хэргийнхээ төлөө cap гаруй хоригдлоо. Гурван хүүхэд нь аавыгаа санаад бүр бэтгэрч байна. Төр засаг энэ асуудлыг хурдан шийдэж өгөөч ээ. Ядарсан би гурван хүүхэдтэйгээ ингээд явах нь хэцүү байна. Ямар ч байсан нөхрийг минь суллатал гурван хүүхэдтэйгээ хамт Сүхбаатарын талбайд суулт хийнэ ээ.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.