Туул голын сав газраас хайрга олборлон, хөрсийг нь эргүүлсэн компаниуд Дархан цаазат уулын бэл рүү оржээ

2008/08/08
Share |
Хүмүүс:
Туул голын сав газраас хайрга олборлон, хөрсийг нь эргүүлсэн компаниуд Дархан цаазат уулын бэл рүү оржээ

Туул гол орчмын карьерт морьтой хүн осолдсон тухай бид мэдээлсэн. Чухам хэн гэгч хүний ухсан нүх эрдэнэт хүний аминд хүрэх болов гэдгийг тодруулсан юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны наймдугаар хэсэгт байрлах газар нутгийг одоогоос долоо жилийн өмнө “Эв од” компанийн захирал Баянжаргал гэгч лицензийг нь аван, Солонгосын хөрөнгө оруулалттай компанид худалдсанаар Туул голын эрэг дагуух энэ газарт хайрга олборлолтын ажил эхэлжээ. Маш том газар нутгийг тэд худалдан авч, түүнийгээ зургаа, долоон жижиг хайрга олборлолтын компанид худалдсан бөгөөд дээрх компаниуд өдөр, шөнөгүй эксковатор ажиллуулан, тэр орчмын айлуудыг унтуулж амраадаггүй аж. Хамгийн гол нь эдгээр “Туул сонгино”, “Очир ням” гэх мэтчилэн гадна, дотны хөрөнгө оруулалттай олон жижиг компаниуд Туул голын гольдролыг өөрчлөн хайрга олборлож, ойр орчмын хөрсийг хуулан, дахин сэргээгдэхээргүй болтол нь ухаж, төнхсөн байна. Энэ байдалд нутгийн иргэд эсэргүүцэн олон удаа өргөдөл гомдол гаргасан хэдий ч анхнаасаа “Эв од” компанид Лу.Болдын гарын үсэгтэй лиценз байгаа тул яаж ч чаддаггүй юм байна. Долоон жилийн өмнө Туул голын сав газар битүү ногоон зүлэгтэй, гүрван рашаантай байсан хэдий ч өнөөдөр хөрсийг нь эргүүлээд, хайргыг нь авчихсан тул энд тэндгүй шавар шалбааг бүхий өмхий устай, үнсэн саарал хөндий болон хувирчээ. Өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, газраа томсгож буй дээрх хайрга олборлолтын компаниуд нутгийн иргэдийг талбайгаа чөлөөлж өгөхийг шаардан, тэдний хүчит техникүүд нь дархан цаазат Сонгинохайрхан уулын бэл рүү орж, тэр хавийн газрыг хүртэл талхалж эхлээд байна. “Бид нар чинь хотод хашаа хатгах газаргүй болон, хөөгдөх шахам ирсэн улс. Тиймээс эндээс хаашаа нүүх билээ” хэмээн нутгийн иргэд халаглаж байсан юм. Тус наймдугаар хэсгийн дарга В.Сүхбаатар өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүргийнхээ мэргэжлийн хяналтын дарга Баасандорж, хорооны дарга Мөнхбат нарыг авч ирэн эвдэрч сүйдсэн газрыг харуулж, арга хэмжээ авахыг хүссэн авч тэд ч мөн хэмжээлшгүй эрхт хайрга олборлолтын компаниудын үйл ажиллагааг зогсоож чадаагүй юм байна. 300 гаруй өрхийн 1000 орчим иргэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны наймдугаар хэсэгт амьдардаг бөгөөд Туул голыг ийнхүү голдирлыг нь өөрчлөн, энд тэндгүй гүн нүх ухсан тул тэндээсээ хүн, мал нь ундаалж чадахаа больж байгаа аж. Мөн гүн ухсан нүхэнд гурван жилийн өмнө нэг хүн унаж, нас барсан бол мөн хэдхэн хоногийн өмнө нэгэн тууварчин залуу ухсан нүхэнд унан амиа алдлаа. Лиценз авчихаад дөрөвдүгээр цахилгаан станцын далан барьж байна гэж хэлдэг. Мөн хот байгуулалтын яаманд энэ газар нуур бий болгож, мод тарина хэмээн шоудаж, хүмүүсийн тархийг угаадаг аж. Гэтэл тоотой хэдхэн мод тарьснаас өөр юу ч хийгээгүй байна. Тиймээс хэдэн модны бут суулгаж байгаа нэрийн дор хайрга олборлож байгааг одоо анхаарах цаг болжээ. Тэгээд ч энд нуур байгуулна гэдэг ямар ч боломжгүй асуудал. Яагаад гэвэл энэ хавиар Улаанбаатар хотын бохирын шугам явдаг юм байна. “Бид дээгүүрээ хахуулиа тэрбумаар нь өгдөгөө өгсөн. Та нар яаж ч чадахгүй” хэмээн “Эв од” компанийн захирал Баянжаргал гэгч нь наймдугаар хэсгийн даргад онгирч байсан байна. Дээрх жижиг компаниуд хайргаа бохир цэврээр нь ялган, нийслэл хотод баригдаж буй бүх барилгын компаниудад худалдаалдаг байна. Есөн эксковатор зогсоо зайгүй хайрга бяцладаг тул тэдний дуу чимээг тэсвэрлэн амьдрахад бэрх аж. Мөн өдөрт олборлосон хайргаа бяцлан, нийслэл хотын зүг 30-40 машин чөлөө завгүйгээр улаан тоос манарган зөөдөг байна. Яаж ч чадалгүй харсаар байгаад газар нутгаа сүйрүүлж байгаа нутгийн иргэдтэй “Газар шороо” гэх мэтчилэн олон хөдөлгөөн өчигдрөөс нэгдэх санал тавиад байгаа бөгөөд хэрвээ боломж олддог л юм бол энэхүү зөвшөөрөлгүй хайрга олборлож байгаа компаниудтай тэмцэхэд бэлэн гэдгээ нутгийн иргэд хэлж байлаа.

эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.