Хүмүүс: Д Загджав | Д Идэвхтэн | |
Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт болсон УИХ-ын 2008 оны сонгуулийн маргаан дуусаагүй байна. Тус дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн Д.Идэвхтэн Д.Загджав нарын нам доторх маргаан гадагшилж Сонгуулийн ерөнхий хороонд өгөх хэмжээнд хүрчээ. Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав энэ дүүрэгт нэг бус удаа нэр дэвшиж нутаг дэвсгэр дээрээ танигдсан нэгэн гэж үздэг. Гэтэл Д.Идэвхтэнгийн гомдол, саналаар бол Д.Загджав дүүрэгтээ ялагдсан болж таарч байна.
Одоогоор УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн Багануур дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбат нар Үндсэн хуулийн Цэцэд Д.Загджавын талаар гомдлоо бичгээр өгчихөөд байна. Сонгуулийн ерөнхий хороонд бичсэн Д.Идэвхтэнгийн өргөдлийг уншина уу.
Түүний Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан өргөдөлд "УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойргийн 3, 5, 7, 8, 9, 11 дүгээр хэсгийн хороонд ажиглагч нарыг байлцуулан тоолсон саналын дүнг хэсгийн хорооны баримт бичигт тусгахдаа санаатайгаар өөрчилж санал хураалтын дүнг будлиантууллаа. 3, 5, 7, 8, 9, 11 дүгээр хэсгийн санал тооллогын дүнг дараахь байдлаар хууль бусаар өөрчилж тойргийн хороонд хүргүүлжээ. Тухайлбал:
1. 21дүгээр тойргийн гуравдугаар хэсгийн хорооны санал тооллогын анхны дүн Д.Загджав 1064 саналтай байсан дээр 95 санал хууль бусаар нэмж, 1159 болгосон. Д.Идэвхтэнгийн санал тооллогоор 1266 байсныг 95 саналаар бууруулж 1171 санал болгож өөрчилжээ. (1064, 1266 гэдгийг нотлох ажиглагч нарын тодорхойлолтыг хавсаргав)
2. Тавдугаар хэсгийн хороонд ажиглагч нарыг байлцуулан тоолсон саналд Д.Идэвхтэн 929 саналтай байсныг 100 саналаар бууруулж 829 болгосон. (929 байсан гэдгийг батлах ажиглагчийн тодорхойлолтыг хавсаргав)
3. Долдугаар хэсгийн хороонд Д.Загджавын 1117 санал дээр 86 саналыг хууль бусаар нэмж 1203 болгосон. (1117 байсан гэдгийг нотлох ажиглагчийн тодорхойлолтыг хавсаргав)
4. Наймдугаар хэсгийн хороонд ажиглагч нарыг байлцуулан тоолсон санал Д.Идэвхтэнгийнх 651 байсныг 50 саналаар бууруулж 601 болгосон, Д.Загджавынх 715 байсныг 50 саналаар нэмэгдүүлж 765 болгож хэсгийн хорооны баримт бичгийг хууль бусаар бүрдүүлсэн байна. (Нотлох баримтыг хавсаргав)
5. Есдүгээр хэсгийн хороонд Д.Идэвхтэн 1288 саналтай байснаас 114 саналыг хасч 1174 болгон бууруулж хэсгийн хорооны дарга, гишүүд нь хуурамч бичиг, баримтыг бүрдүүлсэн (Нотлох баримтыг хавсаргав)
6. 11дүгээр хэсгийн хороонд Д.Загджавын 864 санал дээр 100 санал хууль бусаар нэмж 964 болгосон. Ингэж 11 дүгээр хэсгийн хорооны дарга, гишүүд сонгуулийн үр дүнг санаатайгаар будлиантуулж гэмт хэрэг хийсэн байна. (Нотлох баримтыг хавсаргав)
Ийнхүү УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойргийн 3, 5, 7, 8, 9, 11 дүгээр хэсэгт ажиглагч нарыг байлцуулсан тоолсон саналын дүнг хэсгийн хорооны дарга, гишүүд хууль бусаар санаатайгаар өөрчилж хуурамч бичиг баримт бүрдүүлж тойргийн хоорондоо ирүүлжээ.
Санал тооллогын дүнг дээрх хэсгийн хороодын дарга, гишүүд хууль бусаар санаатайгаар өөрчилснөөс Д.Идэвхтэнгийн нийт саналаас 359 санал хасагдаж, Д.Загджавын санал 331-ээр нэмэгдэж, хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү 690 саналаар өөрчлөгджээ. Энэ нь санал хураалтын нийт дүнд ноцтой нөлөөлж нэр дэвшигч дотор тойрогтоо хоёрдугаарт байсан Д.Идэвхтэн гуравдугаарт орж, гуравдугаарт байсан Д.Загджав хоёрдугаарт орж сонгогдсонд тооцогдох нөхцөл байдал бүрдээд байна. Тойргийн 21 дүгээр хороо нь хэсгийн хороодоос ирүүлсэн хуурамч баримт бичигт үндэслэж нэр дэвшигчийн талаар хууль бус тогтоол гаргаж СЕХ-нд хүргүүлжээ. Иймд:
1. 21 дүгээр тойргийн 3, 5, 7, 8, 9, 11 дүгээр хэсгийн хороодын санал хураах хуудсыг СЕХ-ны хатуу хяналтын дор, МАХН-ын төв байгууллага болон нийслэлийн намын хорооноос томилогдсон ажиглагч нарыг оролцуулан дахин тоолж шударга ёсыг тогтоож өгнө үү!
2. 21 дүгээр тойргийн 3, 5, 7, 8, 9, 11 дүгээр хэсгүүдэд дахин тооллого хийсний дараа тойргийн хорооноос нэр дэвшигчдийн талаар гаргасан тогтоолыг шинэчлэн гаргаж өгнө үү.
3. Хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд санал хураалтын дүнг хууль бусаар өөрчилж хэсгийн хорооны баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж байгаа нь баримтаар нотлогдож байгаа тул санал хураалтын хуудаст засвар хийх магадлал өндөр байгааг давхар нотолж байна. Иймд энэ тойргийн бүх хэсгийн хороодын санал хураах хуудсын бүрэн бүтэн байдал, халдашгүй байдлыг СЕХ бүрдүүлж өгнө үү! Нэр дэвшигч Д.Идэвхтэн" гэжээ.Эх сурвалж: Өдрийн сонин