Д.Долгорсүрэн: Их аварга ч гэлтгүй хэдэн хөвгүүдээ суран бүсээр одоо чнэг ороолгоно шүү дээ

2008/08/09
Share |
Хүмүүс: С Долгорсүрэн | 
 Д.Долгорсүрэн: Их аварга ч гэлтгүй хэдэн хөвгүүдээ суран бүсээр одоо чнэг ороолгоно шүү дээ

Өнөөдөр аавуудын өдөр. Намрын налгар сайхан энэ өдрүүдэд уншигч та бүхнийгээ эгэл жирийн нэгэн сайхан аавтай уулзуулж, аав хүний нарийн ухаан, нандин хайрын талаар хүүрнэснээ хүргэж байна. Монголын мянга мянган аавуудын нэг Монгол улсын манлай заан Д.Долгорсүрэн гэгч энэ эрхмийг манай ард түмэн хоёр аваргын аав гэдгээр нь, сайн бөх гэдгээр нь мэднэ.

-Монголын мянга мянган эгэл жирийн аавудын нэгэн тавд “Аавуудын баяр”-ын мэнд хүргэе. Аав та, хэдэн хүүхэдтэй хүн бэ?
-Баярлалаа. Монголын бүх аавуудад аав нарын баярын өдрийн мэнд хүргэе. Би дөрвөн хүү, ганц охинтой хүн.
-Танай хүүхдүүд улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд нэр алдартай хүмүүс болж, ээж та хоёрыгоо үргэлж баярлуулж, сайн сайхан яваад таны тэднийг хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх нэг шугам байсан л байх. Тэр талаар яриагаа эхлэх үү?
-Хүүхдээ эрүүл саруул, ухаалаг, зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэх нь ямар ч эцэг, эх хүний туйлын зорилго, хүсэл мөрөөдөл байдаг биз ээ. Нэгэнт эрүүл саруул өсч торнин, мэдлэг боловсрол эзэмшиж, зөв төлөвшсөн хүн бол өөрийн эрхгүй эх орон, эцэг эх, ард түмнийхээ өмнө ямар хариуцлага үүрч буйгаа ухамсарлах чадвартай болдог. Амьдрах ая тохитой орчин нөхцөл, аав ээжийн аядуу зөөлөн сайхан харилцаа энэ бүхэн бүрдсэн байхад хүүхэд элдэв гаж хүмүүжилтэй өсч хүмүүжнэ гэж үгүй дээ. Ахынх нь хувьд бусад аавуудын л адил хайр нь дотроо, хал нь гаднаа байж хэдэн хүүхдүүдээ өсгөсөн дөө.
-Та тээврийн жолооч байсан. Мөн тамирчин хүн. Тээвэрт явах ч юм уу бэлтгэл сургуулилт гээд удаан хугацаагаар гэртээ байхгүй байж байгаад ирэхэд хөвгүүдийн талаар ээжийн зүгээс ямар нэгэн “гомдол, санал” гардаг л байсан байх даа. Таны зүгээс ямар “арга хэмжээ” авах вэ?
-Хүүхдүүд, тэр дундаа хөвгүүд юм хойно жижиг сажиг зүйл сонсгоно л доо. Түүнээс биш нэг их сүртэй хэрэг, зарга гаргахгүй л дээ. Тэглээ гээд олон хоногоор хүүхдүүдээсээ хол байж байгаад санаж санаж ирсэн аав хүүхдүүддээ нэг их хатуурхахгүй. Бид чинь олон сараар тээвэрт явдаг байлаа шүү дээ. Будаа тарианд явна. Тухайн үед чинь гэрт ховор л тогтдог ажилтай байлаа. Манай бааз чинь өвс их тээвэрлэдэг байсан. Нэг жишээ хэлэхэд, нэгдүгээр сарын хорин гурванд гараад дөрвөн сарын арван есөнд ирж байсан тохиолдол бий шүү дээ. Тэр хугацаанд ар гэртээ үр хүүхэддээ санаа зовохгүй байна гэж үгүй шүү дээ. Хань минь энэ бүх хугацаанд ар гэр, үр хүүхдээ үүрч, дүүрч явна. Өөрөө тийм ч хялбар ажил хийж байгаагүй, тэгээд намайг сэтгэл амар ар өвөртөө татлаа түлхээгүй, ажил төрлийг нь хийлгэнэ гэдэг амаргүй л байсан байгаа. Гэхдээ бидний хэдэн хүүхэд аав ээжийнхээ чихийг халууцуулж, нүүрийг улайлгаж байгаагүй. Хүүхдийн гэнэн томоогүй, сахилгагүй зан бол гарч л таарна шүү дээ. Зав чөлөө гарсан тохиолдол бүртээ хүүхдүүдийнхээ багш нартай уулзаж сурлага сахилга батынх нь талаар асууж сурагладаг байсан.
-Ихэнх аавууд ээжүүд шиг үглэж дуулаад байхгүй ч хааяа нэг гар хүрэх ч юм уу, харцаараа ширвэдэгсэн. Та “аварга”-уудад хэр гар хүрч байв?
-Хүний эцэг хүний хувьд болох болохгүй үед нь гар хүрэх юм байлгүй яахав дээ. Ах нь хүүхдүүдээ хааяа нэг дэггүйтэхээр нь тэлээгээрээ л нэг нэг авч өгнө. Хамаагүй алгадаж болохгүй шүү дээ. Миний гарын аяыг яаж даах вэ. Эцгийн суран тэлээ гэдэг бол монголчуудын хувьд бас нэг хааяа нэг хүртэхэд бие хөнгөрч, лай ланчиг арилна гэж үздэг байлаа шүү дээ. Тэгэхдээ хамаагүй ороолгохгүй л дээ. Гархинаас нь атгаж байгаад ширвэчихэд час гээд л нэг хэсэгтээ мартагдахгүй. Нэг их гэм хор байхгүй шүү дээ. Одоо ч ах нь эднийг чинь том болсон гэхгүй, хааяа миний сэтгэл санаанд таарахгүй буруу зөрүү зүйл мэдрэгдвэл нэг шавхуурдаж л орхино шүүдээ.
-Одоо ч гэсэн үү дээ. Тэгээд зүгээр л ороолгуулчих уу?
-Тэгэлгүй яахав. Тонгойж байгаад л нэг шавхуурдуулж аваад инээмсэглээд яваад өгнө. Хүний аав хүн л ингэхээс өөр хэн тэгэх билээ дээ.
-Таны хөвгүүдээс нэг нь ганц ороолгуулж байх үед хоёр ороолгуулах хэрэг хийхээр хүн хэн нь байсан бэ?
-Ер нь бол бүгдийг нь л нэг, нэг ороолгоно. Адилхан л үзэхгүй бол болохгүй шүү дээ. Хэн нэг нь жаахан эвгүйдлээ гэхэд бүгдийг нь ташраар нь л авч өгдөг. Энэ нь бусдадаа анхаарал тавих гэх мэт олон олон сайн талтай. Олон хүүхэдтэй монгол айлуудад байдаг байсан асуудал шүү дээ. Тэрний буруу гэж юу байхав. Ээж ааваараа хааяа нэг “тоосоо гүвүүлэх” ч олдошгүй л зүйл шүү дээ. (инээв)
-Хөвгүүдийн отгон нь гэдэг утгаараа сүмод хөл тавьж байсан жаахан Доржоо хүү (Гэрийнхэн нь аваргыг ингэж нэрлэдэг юм билээ) одоогийн сүмогийн их аварга хоёрын хоорондох энэ хугацаа таны хувьд баяр хөөрөөсөө илүүтэйгээр сэтгэл санаа зовох зүйл их байсан биз?
-Тэгэлгүй яахав. Япон гэж ямар орон байдгийг ч мэдэхгүй, сүмо ч гэж олигтой ойлголтгүй жаахан хүүгээ хүний нутагт явуулсан ямар ч аав, ээж бидэн шиг л байна даа. Гэхдээ энэ бол их олзуурхууштай зүйл юм. Хүү минь аав ээжийнхээ захиа даалгавар, итгэлийг дааж олон жилийн баялаг түүхтэй агуу ард түмний тэр спортоор уйгагүй хичээллэж, хөдөлмөрлөн хамгийн хүндтэй өндөр цолд хүрсэнд эцэг, эх төдийгүй монгол зон минь, японы ард түмэн ч талархаж байдагт эцэг хүний хувьд бахархалтай сайхан байлгүй яахав. Энэ бүхэн бол ямар их хөдөлмөр, тэсвэр, тэвчээр гээд олон зүйлийг давж байж хүрдэг зүйл вэ гэдгийг хэн хүнгүй ойлгож байгаа биз ээ. Нэгэнт хүрсэн өндөрлөгт буй нэр хүндийг сэвтээхгүй олныхоо итгэл хайрыг дааж явах нь түүнээс ч чухлыг бид ч хүүдээ хэлж захидаг, миний хүү ч ухамсарлан хичээдэг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Тэр ард түмний ёс жаягийг дагаж, хүндэтгэн хайрлаж, сүмо хэмээх их спортын түүхийг бичилцэж яваа тэр их аварга хэн ч байлаа гэсэн аавдаа бол хүү нь учир санаа чилээх юм бишгүй л бий шүү дээ. Хамгийн наад зах нь бэртэл гэмтэлгүй байгаасай гээд л…
-Танай гэр бүлийг аль, аль тал нь бөхийн удамтай гэдгийг монгол түмэн мэднэ. Гэхдээ таны хөвгүүд бүгд барилдаж байгаа нь өөр ямар нэгэн нөлөө байна уу. Тухайлбал, та багаас нь л бөхийн бэлтгэл сургуулилтдаа дагуулж явах гэх мэтээр сэтгэл зүйд нь нөлөөлсөн ч гэдэг юм уу?
-Бөх гэдэг бол төрдөг юм. Удам угсаа, цусанд нь байна шүү дээ. Харин байгалиас өгсөн өгөгдөл дээрээ хичээнгүйлэн хөдөлмөрлөх хэрэгтэй. Миний аав цэргийн заан, ханийн маань талд ч бас бөхийн удам бий. Тиймээс бидний дундаас бөх төрсөн хэрэг. Түүнээс биш үүнийг бөх болгох юм сан гээд татаж чангаагаад байх юм байхгүй дээ. Бөх гэдэг бол үе удам дамжсан том ген юм.
-Та нэг удаа дөрвөн хүүтэйгээ хамт улсын их баяр наадамд зодоглосон санагдах юм. Үзэгч бидэнд бахархалтай сайхан санагдаж байхад аав танд ямархан байсан нь тодорхой. Тэр мөчийг дурсаач?
-1997 онд улсын их баяр наадамдаа дөрвөн хүүтэйгээ хамт зүлэг ногоон дэвжээнээ гарч барилдаж байлаа. Тавуулаа даваад явж байхад сайхан л байсан даа. Одоо эргээд бодоход дөрвөн хүүтэйгээ тавуулаа барилдаад тугаа тойрсон түүх байхгүй юм билээ. Тэгэхээр энэ бол бас ховор зүйл гэж ах нь ойлгож, тэр цаг мөчөө бахдан ярих дуртай.
-Таны хөвгүүдийн бөхийн спортод үзүүлж буй энэ амжилтад удам, ген , өөрийн хичээл зүтгэл нөлөөлөхөөс гадна заан аавын захиа сургамж бас их нөлөөлнө биз?
-Аль аль нь бий л дээ. Гэхдээ тухайн хүний хөдөлмөр, хичээл зүтгэл голлоно шүү дээ. Бөхийн удамтай гээд хөдөлмөрлөхгүй бол яаж амжилтад хүрэх юм. Амжилтад хүрэх зам хэзээ ч дардан байдаггүй. Ямар их хөлс, хүч хөдөлмөр ордог гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Саад тотгор ч мундахгүй. Бөх хүн гэдэг бол олон жил барилдаж, олон хүнд унаж, олон барьцнаас авч байж бөх болохоос зүгээр л байж байгаад бөх, тэр дундаа өндөр цолд хүрнэ гэж үгүй дээ. Жишээ нь гэхэд манай Өвөрхангайн Ганхуяг арслан байна. Олон жил барилдаж, давлаа, уналаа л гэдэг. Асар их хөдөлмөрийнхөө үр шимийг ингэж л амсч байна даа. Энэ бол ганц спортод ч биш юм. Бүхий л зүйлд хамааралтай.
-Харин хүүгээ түрүүлэхэд?
-Хүүгээ би заан болсноос нь хойш “Хүү минь түрүүлнэ дээ. Хүүгийнхээ түрүүлэхийг аав нь харна” хэмээн 10 жил бодож, хүлээсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зөвхөн Монгол орон биш дэлхий тэмдэглэлээ шүү дээ. Тэр их тэмдэглэлт ойн жил 1024 бөх барилдаж, хүү минь түрүүлж аварга болсонд маш их баярласан. Энэ бол хүүгийн минь олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Тэр өдөр би гэртээ хөгшинтэйгээ хоёулаа зурагтаа хараад сууж байсан. Тэгээд Өсөхөөтэй барилдаад давчихаар нь л “Хүү түрүүлэх нь тодорхой боллоо. Хоёулаа явъя” гээд хувцаслаад унаандаа суугаад цэнгэлдэх рүү ороод иртэл хүү минь гараад зогсч байсан. Хүүдээ юу ч хэлээгүй, үнсээ ч үгүй. Хүүгээ түрүүлээд ирэхээр нь үнсье гээд их л итгэлтэй болсон байсан. Эцэг хүний зөн совин гэж байдаг юм билээ.
-Хүүгээ аварга боллоо гэхээс өмнө Азжаргалыг давахад л та уйлж харагдсан?
-Тэгэлгүй яахав. Миний хүү аавыгаа үнэхээр их баярлуулсан даа. Миний хүү улсад дөрвөн удаа үзүүрлэсэн шүү дээ. Арслан гэдэг олддоггүй байхгүй юу. Янз янзын шалтаг заагаад өгдөггүй байсан байхгүй юу. Харин тэр түрүүлдэг жилээ арслангаа ч, аваргаа ч авсан даа.
-Тэр барилдаан, түүний дараахь үйл явцыг Монголын ард түмэн мартахааргүй гэж бодож байна. Цэнгэлдэх дүүрэн хүмүүс “аварга, аварга” хэмээн орилолдоод л. Тэр үед та юу бодож байв даа?
-Ганц аав би ч биш, ард түмэн хүүг минь аварга болоосой хэмээн хүсч хүлээж байсныг илүү их мэдэрсэн. Гайхалтай сонин л юм билээ. Хүү минь ч гэсэн түмэн олныхоо итгэлийг биелүүлсэнд хүүдээ баярлаж явдаг даа.
-Таны хүүхдүүдийг бага байхад өдөр өдрөөр идэш уушаа авах биш, ихэнхдээ л шуудайгаар гурилаа авч, боорцгоо түмпэн түмпэнгээр амралтын өдрүүдэд ээж нар нь хийдэг байсан шүү дээ. Танайх олон хөвгүүдтэй айл. Сард хэдэн уут гурил иддэг байв даа?
- Ах нь яг дандаа гэртээ байх биш. Нарийн мэдэхгүй шахуу даа. Гэхдээ би чамд тодорхой мэдэх нэг зүйл хэлье дээ. Манайх хэдэн сувай гүүтэй байлаа. Би 1982 онд Өвөрхангайн Зүйл суманд түрүүлээд байнд нь морь авлаа. Тэгээд түүнийгээ гүүгээр солилоо. Гүү маань олон жил саалгаж, олон унага гаргалаа. Тэгээд ерэн хэдэн онд бүдүүн сувай гүү гаргаад авчирдаг байхгүй юу. Тэгээд 21 хоноход бүдүүн сувай гүүнээс шулдан хаа л үлдсэн байсан даа.
-Хөвгүүдийнхээ онцлогийг хэлэх үү?
-Эд нар дотроо Бүдээ (улсын начин Сэржбүдээ) нь ямар нэгэн зүйлийг эвдэхдээ илүү байсан санагддаг. Их жаахан гурван настай уяатай байж байхад чинь гарт ойр өөрийн хүч хүрэх зүйлүүдийг эвдээд хаячихсан байх жишээтэй. Дараа нь Доржоо бас таггүй ээ. Энэ хоёр хоёулаа нэлээд үймүүлэмтгий. Манайд нэг том үнэг, чоно хоёрын арьс байдаг байлаа. Хоёулаа хоорондоо эрхэлж, бие биеэ буудаж тоглож байгаа нь энэ гээд бүгдийг нь ураад хаячихсан сууж байсан. Тийм юм бол олон л гарна шүү дээ. Сумъяа бол ер нь л их томоотой. Багын л их тохитой томоотой хүү байсан. Сугар ч мөн хөдлөөд байх нь гайгүй, удаан л хүүхэд байсан. Манай Бүдээ, Доржоо хоёр л жаахан хөдөлгөөнтэй байсан. Гэхдээ энэ нь тийм хортой, сүртэй байсангүй ээ.
-Хувцас, гутал их урна биз?
-Хөвгүүд юм хойно урна шүү дээ. Ээж нь хамаг л хувцсыг нь угаагаад өгнө. Гараад л бөөн хар шороо л орж ирнэ шүү дээ. Ээж нь ажлаа хийнэ. Одоотой адил угаалгын машин энэ тэр нь элбэг байсан биш. Гараараа л угаана. Заримдаа ядардаг биз, цухалдах үе гардаг биз. Гэхдээ жаахан томроод ирэхийн цагт ээждээ нэмэр болоод өөр, өөрсдийгөө болгоод л явчихдаг юм билээ дээ.
-Дөрвөн хүүгийн дараа охинтой болжээ. Охин хэр эрх вэ?
-Ганц охиндоо хайртай байлгүй яахав дээ. Гэхдээ миний охин их багадаа Японд сургуульд явсан. Эрх танхи зангүй ээ. Багаасаа биеэ даасан даа. Ээж бид хоёр нь охиноо хайрлаж хүндлэлгүй л яахав. Ер нь эрх байна гэдэг бол ухааных юм даа. Дээрээ дөрвөн ахтай, хүний ганц охин гээд элдэв араншин гаргаад байдаггүй ээ.
-Хадын Пүрэвбадам гэдэг бүсгүйтэй гэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Та хоёр маань одоо хэдэн ачтай болоод байна вэ?
-Хөгшин бид хоёр найман ач хүү, нэг ач охинтой өнөр болжээ.
-Таныг олон өнчин дүү нараа өсгөсөн гэдэг. Энэ мөчид аавыгаа дурсана уу?
-Би дээрээ ганц ахтай, дороо таван дүүтэй хүн. Намайг 25-тай байхад ээж минь, 15-тай байхад аав минь бурхан болцгоосон. Ах бид хоёр хэдэн өнчин дүү нараа гарыг нь ганзаганд холийг нь дөрөөнд хүргэх гэж хэрээрээ зүтгэсэн дээ. Одоо тэд минь сайн сайханл амьдарч байна даа. Манайхан маш олон болж дээ. Аав минь 1917 онд торөөд 1938онд цэрэгт татагдаж Дорнодын Матадын 8-р дивизэд Буян-Өлзий гэдэг хүний морин жолоочоор ажиллаж байсан юм. Аавыг цэрэгт явахад ах ээжийн гэдсэнд үлдсэн юм билээ. Тэгээд 1943 онд цэргээс халагдаж ирээд мал малласан даа. Аав минь цэрэгт байхдаа цэргийн заан цол хүртсэн. Донровзааны үр ач сайн сайхан явна гэдэг бол сайхан аав, ээжийн буян заяа, үлгэр жишээ байдал, үнэтэй сургаалийнх нь үр шим юм даа.
-Та чинь хугацаат цэргийн албан хаагч байж ээлжийн амралтаа авсан офицер шиг нутагтаа очиж сараар амарсан дуулддаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Би цэрэгт алба хааж байгаад 1968 онд Улсын их баяр наадамд барилдаж улсын начин цол хүртсэн юм шүү дээ. Тэгээд Батлан хамгаалах яамны сайдаас орон нутгийн чөлөөгөөр шагнуулж нутаг орондоо очиж байсан минь сэтгэлээс гардаггүй дурсгалт явдал байсан. Тэр үед нутгийн чөлөө гэдэг бол олддоггүй зүйл байлаа. Сэрээтэрээр тав давж МУ-ын начин болж, дээлэндээ багтахгүй шахам л хөөрсөн амьтан нутагтаа очиж байсан санагдана. Ер нь бол би гэдэг хүн цэрэгт алба хаах тэр гурван жилд жолооч хэмээх энэ мэргэжлийг эзэмшиж, улсын начин цол хүртээд олон сайхан явдалтай тохиосон азтай хүн шүү. Цэргээс халагдаад тэжээл тээврийн 25 дугаар баазад жолоочоори орж амьдралын их аяны гараагаа эхэлсэн дээ.

эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mdcfos dkHRd4vgfnaxlorypr, [url=http://bmuiraxodjsb.com/] bmuiraxodjsb[/url], [link=http://kbcqcnanvpls.com/ ]kbcqcnanvpls[/link], http://tkypncwbakya.com/
IP:46.161.9.32  2016-10-14 20:30:26
asKesehkuww cheapest arimidex buy bupropion cialis without a prescription
IP:46.161.9.20  2016-12-17 14:59:47
Robertlayet albendazole CHEAP PROVERA
IP:46.161.9.20  2016-12-30 17:59:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.