Ж.Батзандан: `Ганц худаг`-т хэн нэгнийг хань татах шаардлага надад байхгүй

2008/08/11
Share |
Хүмүүс: Ж Батзандан | 
 Ж.Батзандан: `Ганц худаг`-т хэн нэгнийг хань татах шаардлага надад байхгүй

Ганц худаг-аас сая­хан сул­лагдаж, батлан даал­тад га­раад байгаа ИХ на­мын дарга Ж.Батзан­дан­тай уулзаж ярилц­лаа.

 -Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулж таныг олон хоног цагдан хорилоо. Бие тань ямар байна даа?

-Хилс хэрэгт гүтгэгдэж, улс төрийн шалтгаанаар 32 хоног "Ганц худаг"-т суулаа. Улс төрийн хоригдол болж үзлээ. Батлан даалтад гараад байна. Чийгтэй байшинд суусан хү­ний бие ямар л олигтой байв гэж дээ.

-Мөрдөн байцаалтын явц ямар шатанд байна вэ?

-Надад холбогдуулсан хэргийн шалгалт, явцаас ха­ра­хад миний бие долдугаар сарын 1-ний үймээн самуунд холбогдолгүй, гэм буруугүй болох нь нотлох баримт, гэр­чийн мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, эрхзүйн хувьд гэмт хэрэг үйлдээгүй, харин улс төрийн хувьд эрх баригчид хилсээр хэлмэгдүүлэн ялла­хыг оролдож байна даа. Мон­гол Улсад эрх зүйт төр то­дорхой түвшинд төлөвшсөн гэж би итгэдэг. Улс төрөөс ангид хууль хяналтын тогтол­цоонд итгэж байгаа. XXI зуунд улс төрийн захиалгаар хэнийг ч яллах боломжгүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө хэн ч хэл­мэгдэх ёсгүй.

-Өнөөдөр "Ганц худаг"-т 200  гаруй хүн хоригдож байгаа гэсэн мэдээлэл бий. Хоригдогсдын нэг нь танай намын дэд дарга О. Магнай. Түүнийг бас батлан даалтаар суллах боломж байх болов уу?

-ИХ нам улс төрийн шалтгаанаар хоригдож байгаа гэм зэмгүй бүх хүнийг суллах ёстой гэсэн байр суурь баримталж байна. О.Магнайн хувьд удахгүй суллагдана аа. Түүнд хийсэн гэмт хэрэг байхгүй. Магнайгаа суллуулахын төлөө иргэний нийгмийн байгууллагууд хууль хяналтын байгууллагад хандаж, хамтарсан мэдэгдэл гаргана. Өнөөдөр "МАХН-ыг газрын хөрснөөс арчъя, МАХН-ыг татан буулгая" гэж олон монгол хүн ярьж, хэлдэг. Ингэж ярьсныхаа төлөө хэн ч яллагдах ёсгүй. Тэр ч бүү хэл сүүлийн үед бүх улс төрийн намуудыг тараах, татан буул­гах асуудлыг ч иргэд хөндөөд эхэлсэн байна. Үүнд эмзэг­лэх хэрэггүй. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. XX зуунд Монголын соёлын өв болсон 750 гаруй сүм хийдийг устгасан, 40 гаруй мянган гэм зэмгүй монголчуудыг хэлмэгдүүлэн хороосон МАХН-д XXI зуунд дахин дураараа дургиж, шинэ үеийн хэлмэгдүүлэлт, ярга­лал явуулах бололцоог олгох ёсгүй. ИХ нам эцсээ хүртэл шударга ёсны талд зогсоно. Иргэдээ хамгаална, иргэний нийгмийн төлөө зүтгэнэ.

-Та Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшиж өр­сөлдсөн. Сонгуулийн үр дүнгийн талаар ямар бо­долтой байна. Ер нь дол­дугаар сарын 1-ний үйл явдал, таны хоригдох бол­сон шалтгаан ч сонгуулийн дүнтэй л холбоотой шүү дээ?

-Ардчилал, шударга ёсны төлөө саналаа өгсөн мянга мянган иргэн, дэмжигчдэдээ баярлалаа.

Баянзүрх, Налайх дүү­рэгт ИХ нам, Иргэний эвсэл ялалт байгуулсан. Иргэний нийг­мийн бодлого ялсан. Ха­рам­салтай нь ард түмний сон­голтыг албан тушаалт­нууд өөрчилсөн, иргэдийн сон­голтыг эрх мэдэлтнүүд зас­вар­ласан нь тодорхой болсон. Үнэхээр харамсч байна. Одоо Үндсэн хуулийн хү­рээнд төрийн тогтолцооны цогц реформ хийх замаар л сонгуулийн будлиан, улс тө­рийн хямралыг шийдэхээс өөр гарц байхгүй боллоо.

-Долдугаар сарын 1-ний үйл явдалд зарим нэг улс төрийн хүчин иргэний хөдөлгөөнүүдийг буруут­гаж байгаа. Та юу гэж үзэж байна вэ?

-Өнөөдөр зарим нэг улс төрийн хүчин, улстөрчид иргэний нийгмийн хөдөл­гөө­нүүдийг нухчин дарах, устгах бодлого явуулж байгаа нь тодорхой харагдаж байна. Иргэний хөдөлгөөний удирд­ла­гуудыг хэлмэгдүүлэн зал­хаах иргэний нийгмийн бай­гууллагуудыг нухчин дарж байсан түүх дэлхийн олон улс оронд байдаг. Эцэстээ ир­гэ­ний нийгмийн байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүдийн ялалтаар л төгсч байсан. Тухайлбал, Филиппинд онц байдал зарлах замаар иргэ­ний нийгмийн тэмцлийг байн­га нухчин дарж, иргэний нийг­мийн зүтгэлтнүүдийг хомор­го­лон баривчилдаг жишиг тогтсон. Ерөнхийлөгч нь онц байдал зарлах замаар төрийн эрх мэдлээ хууль бусаар хадгалж байдаг.

АНУ-д 1960-70 оны үед иргэний хөдөлгөөнүүдээ нух­чин дарах зорилготой Таг­нуулын төв байгууллагынх нь тусгай хөтөлбөр болох КОИНТЕЛПРО гэдэг ажил­лагаа хэрэгжиж байсан. Энэ үед үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн, арьс өнгөөр ялгаварлан гадуурха­хын эсрэг хөдөлгөөн, ард­чилсан нийгмийн төлөөх оюут­­нуудын хөдөлгөөн гээд маш олон хөдөлгөөн хүчтэй өрнөж байсан. АНУ-ын таг­нуу­лын бай­гууллагын энэ хөтөлбөрөөр далайлган тэд­гээр хөдөл­гөөнүүдийн гол лидерүүдийг баривчлан хорьж, улс төрийн хоригдол болгосон. Энэ бод­логоо буруу гэдгийг АНУ-ын Засгийн газар сүүлд, 1980 онд ухаарч иргэд, иргэний нийг­мийн байгуулла­гуудаасаа уучлал гуйж, иргэ­ний хөдөл­гөөнүүдийн удирд­ла­гуудыг цагаатгасан юм. Иргэний хө­дөл­гөөнөө нухчин дарахын тулд АНУ-ын эрх баригчид өөрсдөө Цагаан ордон руугаа гал нээж байс­ныг тагнуулын байгууллага нь сүүлд олон нийтэд зарлаж, эрх баригчдаа буруутгаж байсан. Мөн 1930-аад онд Германы нацист нам эрх мэдлээ хад­галж үлдэхийн тулд төрийн ордноо өөрсдөө галдан ша­тааж, үүнд сөрөг хүчнүүдээ гүтгэж дарж авсан түүх ч бий. Үүнтэй ижил үйл явц  одоо Монголын улс төрд өрнөж байна даа.    

-Хоригдсон, хэлмэгдсэн 200 гаруй хүнийг суллуу­лахын тулд Ардчилсан нам нэг удаагийн Өршөө­лийн хууль санаачилсан. Та хуульч хүний хувьд тэр нэг удаагийн Өршөөлийн хууль гээчийг хэрэглэх боломж бий эсэхийг хэрхэн дүгнэж байна вэ. Зарим хүмүүс Өршөөлийн тухай хууль огт байж болохгүй гээд байгаа л даа?

-Төр нь ард иргэдээ ял­ла­даг, бас өршөөдөг практик дэлхийн аль ч улс оронд байдаг. Ялангуяа улс төрийн хэлмэгдүүлэлтээр хоригдож байгаа хүмүүсийг цагаатгаж, төр  иргэдээ  хэлмэг­дүүлс­нийхээ төлөө уучлал гуйдаг. Одоогоор хоригдож буй 200 гаруй хүний дийлэнх олонхи нь гэмт хэрэгт холбогдолгүй хүмүүс байгаа. Тэгэхээр энэхүү Өршөөлийн хууль нь агуулгаараа цагаатгах тухай хууль байгаасай гэж би хүсч байна. Эрх баригчид өөрсдий­гөө биш эгэл жирийн иргэдээ өршөөж хайрладаг, хамгаалж энэрдэг байгаасай билээ.

-Өнгөрсөн үйл явдлын сүүдэрт өртсөн хүн бүхнийг өмгөөлж, хамгаалж, эр зо­ригтой дуугарч байсан ганц улс төрийн хүчин бол АН байлаа. Улс төрд болж бай­сан мэдээлэл ерөнхийдөө танд хүрч л байсан биз дээ? 

-АН-ын нөхдүүддээ үнэ­хээр баярлаж байна. Ард­чил­сан нийгмийн үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний төлөө АН тууштай зогсож, МАХН-ын хууль бус үйл ажил­ла­гааг эсэргүүцэж, иргэний нийгмийн байгууллагууд бо­лон иргэний хөдөлгөөнүүдийг дэмжиж байгаад талархаж байна. Ялангуяа нийгэм ай­даст автаж, улс төрийн нөхцөл байдал хурцадсан хүнд цаг үед эрх чөлөөний төлөө цог­той дуугарч байсан АН-ын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, З.Энхболд, Х.Баттулга нарт баярлаж бай­гаагаа хувиасаа болон Иргэ­ний хөдөлгөөний намын нэ­рийн өмнөөс илэрхийлэхийг хүсч байна.     

-Иргэний эвслийн тэр­гүүн Д.Энхбат долдугаар сарын 1-нд тантай хамт МАХН-ын байрны үүдэнд хэд хэдэн удаа гарч ирсэн. Гэтэл О.Магнай та нарыг хоригдсоны дараа  тэр хүн огт чимээ аниргүй боллоо. Энэ байдалд та ямар дүг­нэлт­тэй байгаа вэ?

-Долдугаар сарын 1-нд Монголын бараг бүх улс төрийн нам, хүчний төлөөлөл МАХН-ын байрны өмнө үгээ хэлж, үзэл бодлоо илэр­хийл­сэн. Харамсалтай нь, зөвхөн ИХ намын удирдлагуудыг хэлмэгдүүлж, баривчилсан. Иргэний эвслийн тэргүүн Д.Энхбат даргын хувьд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө буруутгагдах ёсгүй гэж би бодож байна. "Ганц худаг"-т хэн нэгнийг хань татах шаардлага надад байхгүй. Долдугаар сарын 1-ний үймээн самуун, жагсаал цуглаантай холбогдуулж, Иргэ­ний эвс­лийн байр суу­рийг Д.Энхбат дарга тодорхой илэрхийлж байсан. Иргэний эвсэл УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон. Дор хаяж 4-5 суу­дал авах боломж байсан. Гэтэл сонгууль будлиан­тай болсон. Манай эвслийн тэр­гүүн Д.Энхбат бол шударга ёсны төлөө УИХ-ын гишүүний мандатаасаа тат­галзахад бэлэн байна гэж иргэний эр зориг гарган мэ­дэгдсэн шүү дээ.

-Д.Энхбат санал тоол­логын өдөр хэвлэлийн хурал зарлаад сонгууль будлиад байна гэж мэ­дэгдэж байсан. Ер нь бол түүнийг МАХН-ын удирд­ла­гатай холбоо тогтоож, Баян­гол дүүргээс УИХ-ын нэг мандатын эрхийг хүрт­чихээд дуугүй боллоо гэ­сэн шум хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр их явж байгаа?

-Үүнд би итгэхгүй байна. Иргэний эвслийг хагалан бу­таргах зорилгоор явуулж байгаа худал хуурмаг мэ­дээлэл гэж ойлгож байна. Д.Энхбат дарга нөхдөө араас нь хутгалах, МАХН-тай хуй­вал­дах хүн биш. Тиймээс ч МАХН өнөөдрийг хүртэл Д.Энх­бат даргын маань ман­датыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

-Цаашид хэрхэн ажил­лах, яаж тэмцэх вэ. Ма­гадгүй, АН-тай хамтарч ч мэднэ гэсэн бодол хүмүүст төрсөн байх?

-Иргэний хөдөлгөөнүүд угаасаа дэвшилтэт улс тө­рийн хүчнүүд, улстөрчидтэй хам­тарч ажилладаг. АН бол Иргэ­ний хөдөлгөөнүүдийн хам­гийн ойрын найз, хамгийн ойрын түнш нь байдаг. Энэ утгаараа улс төрийн шинэч­лэлийн бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид хамтдаа л явах ёстой. Долдугаар сарын 1-ний үйл явц бол Монголын ний­гэм, улс төрд гүн гүнзгий ши­нэчлэл, өөрчлөлт шаард­лагатай байгааг тодорхой харууллаа. Монголчууд хоо­рондоо хагаралдах бус хам­тарч ажиллах шаардлагатайг мэдрүүлж өглөө. Нийгэмд шударга ёс, улс төрд хариуц­лага үгүйлэгдэж байгааг ха­рууллаа. Иймээс ИХ нам болон иргэний хөдөлгөөнүүд иргэн төвтэй, иргэний хяналт­тай төр нийгмийн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө идэвх­тэй, тууштай үйл ажиллагаа явуулах шаардлагатай болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.