Ар гэрийнхнийг дугаараа нууцалсан утсаар дарамтлах болжээ

2008/08/13
Share |
Хүмүүс:
Ар гэрийнхнийг дугаараа нууцалсан утсаар дарамтлах болжээ

Ах дүү, нөхөр хүүхэд нь долдугаар сарын 1-ний өдрийн явдлаас болж саатуулагдсан иргэдийн ар гэрийнхэн болон МЧАХ-ны тэргүүн Г.Баасан нар болж байгаа явдлын тухай дөрөв дэх удаагийн хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Тэд улс төрийн чимээгүй суултаа ямар ч дарамт шахалтнаас айхгүй үргэлжлүүлэх болно гэдгээ хэлж байсан юм. Сүүлийн өдрүүдэд суулт хийж байгаа, хоёр ихэр хүүгийн ээж А. Бямбацэцэгийн утас руу дугаараа нууцалсан утаснаас “Юу хийгээд байгаа юм бэ. Гэртээ харь, Хаана байна” гэх мэтээр ярьж дарамтлах болжээ. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа иргэд дээр аргаа барсан нэгэн аав, ээж хоёр ирж туслахыг хүсч байгаа гэнэ. Л.Шүнширээ Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аж.

-Та хүүгээ Ганцхудагт хоригдсон тухай саяхан мэдсэн гэсэн үү?

-Тэгсэн. Энэ үйл явдал болсноос хойш сар гаруйн дараа мэдлээ. Нутгийнхан маань ийм зүйл боллоо гэж хэлснээр бид ирлээ.

-Хотод юу хийдэг байсан юм бэ?

-Манай сумаас тоосгоны үйлдвэрт ажилчид авсан юм. Хүү маань тэр үйлдвэрт орсон. Ганцхудгийн хойно үйлдвэр нь байдаг гэнэлээ. Хүү маань тэр орой урьдчилгаа цалин 10 мянган төгрөг аваад Эх нялхсын эмнэлгийн ойролцоо явж байхад нь цагдаагийнхан барьсан гэж ярьж байсан.

-Та хотод ирээд хүүтэйгээ уулзаж чадав уу?

-Бид хүүгээ ийм байдалд орсныг сонсоод хотод ирлээ. Арав гаруй хонож байна. Хүүтэйгээ уулзсан. Миний хүү тэр өдөр ахынхаасаа гараад явж байхад нь цагдаа ирээд газраас чулуу аваад энэ чулууг чи шидсэн биз дээ гэсээр байгаад бариад явсан гэнэлээ. Аав ээжид нь яагаад энэ тухай хэлдэггүй юм бол.

-Хаанахын хэн гэдэг ажилтан ийм зүйл хийснийг нь танай хүү хэлж байна уу?

-Мэдэхгүй байгаа юм. Орой 24 цагийн үед гэсэн. Би ямар ч жагсаал цуглаанд ороогүй гэдгээ хэлж байгаа гэв.

Мөн орон нутгаас ирсэн нэг эмэгтэй бидэнд хандсан юм. Тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул бөгөөд “Хөдөө орон нутгийнхан хэцүү, янз бүрээр яриад байдаг юм” гээд нэрээ бичихгүй байхыг хүслээ.

Таны нөхөр саатуулагдаад байгаа юм уу?

-Тиймээ.

-Нөхөртэйгөө уулзав уу. Юу гэж байх юм?

-Уулзсан. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ хэлсэн. Тэр байтугай ийм жагсаал болсныг ч мэдээгүй явсан хүн.

-Тэгээд яагаад баривчлагдсан юм бэ?

-Манай нөхөр 22 цагийн үед “Драгон” дээр буусан. Тэр өдөр Сэлэнгээс ирсэн юм. Цамбагаравын ойролцоо явж байхад нь барьсан байна лээ. Манай нөхөр шивээстэй юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтан хошууч нэг эмэгтэй чи хүчингийн хэрэг үйлдсэн хүн мөн байна. Харваас тийм хэрэг үйлдэх царайтай гээд байсан гэсэн. Нөхөр маань үгүй гээд нэмэргүй гэдгээ мэдээд виски уусан гээд хэлчихсэн гэсэн.

-Одоо батлан даалтад гаргана гэнэ үү?

-Үгүй юм шиг байна. Одоо яах ёстой юм бол сайн мэдэхгүй байна гэв.

Энэ мэт аргаа барсан иргэд чимээгүй суултанд оролцоно гэдгээ хэлж байв. Мөн хуралд оролцсон Увс аймгийн харьяат Ц.Цэцэгмаа УИХ-ын гишүүн

Ц.Нямдоржийг их үнэнч шударга хүн, хууль дэндүү сайн мэддэг гээд байдаг. Одоо яагаад дуугүй байгаа юм бэ хэмээн асууж байсан юм. Тэдний хамгийн их дургүйцэн эсэргүүцэж байгаа нэг зүйл байгаа аж. Хууль хяналтынхан чулуу шидсэн иргэнийг олчихдог хэрнээ хүн буудсан хүнийг яагаад энэ хугацаанд олохгүй байна хэмээн тэд үзэж байгаа гэнэ. Мөн мөнгөтэй чадалтай хүмүүс ар гэр, ах дүүгээ авчихдаг. Харин бидэн шиг ядуу хүмүүс шоронгийн хадаас л болох юм байна хэмээн мэдэгдэж байв. Тэдний дунд өнөө маргаашаа арай ядан өнгөрөөж байгаа иргэн цөөнгүй байгаа аж.

Хоригдогсдын ар гэрийнхэн энэ сарын 20-ны дотор энэ хэргийг эцэслэн шийднэ гэсэн мэдээлэлтэй байсан юм. Энэ нь худал болохыг албаны эх сурвалж хэлсэн . Мөрдөн байцаах үйл ажиллагааг тийм цаг хугацаанд багтаа гэж шаардах ёсгүй гэнэ. Мөн хоригдож байгаа хүмүүсийн дунд 16-аас доош насны хүн байхгүй хэмээн албаны эх сурвалж хэлж байна. Одоо нийт 173 хүнийг Ганцхудагт саатуулан 80 гаруй байцаагч энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд цөөн тооны хэрэг прокурорт шилжсэн гэнэ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.