О.Магнай яагаад өөрийгөө буудсан хүнийг шалгуулахгүй байна вэ?

2008/08/13
Share |
Хүмүүс: О Магнай | 
О.Магнай яагаад өөрийгөө буудсан хүнийг шалгуулахгүй байна вэ?

Их залуугаасаа улс төрийн амтанд орж, гудамжны жагсаал командалж явснаа Иргэний Зориг намын тамгын газрын дарга болон дэвшиж нэг үзээд удалгүй Их “том” намын дэд даргаар томилогдон томорч их хурлын сонгуульд хүч үзсэн О.Магнай өөрийн нь удирдсан улс төрийн улангассан жагсаал эмх замбараагүй балмад явдал болж хувирсны дараа амиа хаацайлан зугтахдаа юу бодож байсан нь сонин. Санасандаа хүрсэндээ сэтгэл ханасан уу эсвэл сэтгэл нь өвдсөн үү, нэг бол би юу хийчихэв ээ хэмээн айж эмээсэн үү, алин болохыг хэлэхэд бэрх. Харин тэрбээр Онц байдал дууссаны дараа өөрөө сайн дураараа ирж баривчлагдахаасаа өмнөхөн Иргэний эвслээс нэр дэвшигч Г.Уянгатай “мессенжер”-ээр маш сонирхолтой захиа бичиж харилцсаныг наадмын дуулиан шуугианаас болоод хүмүүс бараг л мартчихаад байх шиг. “Мессенжер”-ээр харилцсан уг яриа нь тухайн үед “Зууны шуудан” сонинд дараахан нь “Улс төрийн сонин”-д бүтэн нүүр дамжин хэвлэгдэж байсан билээ. Уг харилцсан мессежнээс харахад О.Магнай нь энд тэнд бүгэн нуугдаж, бүр хогийн бункерт хүртэл хоноглож яваа төдийгүй ийнхүү зугтаж бүгж явах замд нь Сансарын тунелийн орчимд өөр лүү нь үл таних хүмүүс шууд буудсан талаар сүртэй нь аргагүй бичсэн байсан нь эрхгүй сонирхол татаж байсан билээ. Ямар сайндаа л Иргэний эвслийн Г.Уянга “Над руу шууд л буудаж байна” гэсэн Магнайгийн мессежийн хариуд гайхахдаа “Одоо чам руу буудаад байгаа юм уу” гэж асуусан байсансан. Энэ сэдвээр харилцсаны дараа энэ хоёр хүн ямар ч байсан гудамжинд явж байгаад үл таних хүмүүст алуулахаасаа өмнө цагдаагийн хамгаалалтад, нэг ёсондоо төрийн хамгаалалтад орсон нь зөв гэдэг дүгнэлтэд хүрч, О.Магнай өөрөө цагдаа руу яваад очьё гэж байгаа нь сонин уншдаггүй сохор хүнд ч ойлгомжтой байсан. Тэгвэл энэ явдлаас хойш өчнөөн хугацаа өнгөрөөд байхад тухайн үед хотын төвд, бүр Онц байдал тогтоосон хойно Магнай руу харанхуйгаас ямар хүмүүс буудав гэдэг дээр ямар нэг сураг чимээ алга байна. Тэгээд ч хууль цагдаагийнхан түүнийг буудаагүй гэдэг нь Уянгаа, Магнай хоёрын харилцсан мессежээс шууд ойлгогдсон юм. Хууль хяналтынхан түүнийг буудаж алахын оронд харин ч баривчлахыг илүүд үзэх нь мэдээж. Яаж ч бодсон цагдаа хүчнийхэн “Энэ муу Магнай яасан их жагсаал цуглаан зохион байгуулж дэггүй залуусаар биднийг зодуулдаг амьтан бэ шууд буудаад алчихъя” гэж үзэхгүй нь лавтай. Тэгэхлээр ямар хүмүүс, ямар зорилгоор О.Магнай руу буудсан бэ? Түүнийг хуулийн байгууллагад очиж байцаалт өгөхөөс нь өмнө алах ямар шаардлага байв. Цагдаа, тагнуулынхан тэр шөнө О.Магнай руу ямар хүмүүс буудсан талаар тодруулж тэдгээр буудагчдыг нь эрж хайх талаар ямар нэг арга хэмжээ авсан болов уу? Явж явж энэ хүмүүс буудуулж үхсэн бусад хүмүүсийг алчихсан юм биш биз. Энэ мэт эргэлзээтэй асуултууд хөвөрч байна. Гэхдээ тухайн үед томоохон үймээн дэгдээж ард иргэдийг бухимдуулан хар үйл хийсэндээ бантаж тэвдсэн О.Магнай сэтгэл санааны гүн хямралд орсоноос тийнхүү худлаа залахад хүрсэн байж мэдэх юм. Хэн нэгнээр өөрийгөө өрөвдүүлж өмгөөлүүлэхийн тулд намайг буудаад байна шүү дээ гэж худлаа хэлэхэд хүрсэн ч байж болох юм. Хорин тав зургаатай залуу шүү дээ. Өөрийнхөө арьсыг хамгаалахын төлөө санаанд орсоноо зохиогоод залчихсан байж ч мэднэ.
Тэгвэл ийм овилгогүй залууг улс төрд гаргаж ирээгүй сонгинохайрханчуудад баярлаад сууж байхад болох мэт. Энэ залуугийн “гавъяагаар” эгэл жирийн ядарсан олон айлын хөвгүүд торны цаана шаналж эцэг эх, хань ижил нь шоронгийн үүд сахин зовж суугаа энэ үед түүнийг буудсан гэх асуудлыг нэлээн ул суурьтай шалгасан нь дээр болов уу. Чухам тэнд л ноцтой асуудал нуугдаж байж мэдэх юм. Магадгүй долдугаар сарын нэгний үйл явдлыг санхүүжүүлэн зохион байгуулж өдөөн турхирсан хүмүүс хөөрхий Магнайг устгаж ханцуйгаа цэвэрлэх гэсэн юм биш биз дээ. Үүнийг цагдаа хүчнийхэн нэн даруй анхааралдаа авбал таарна. Харин О.Магнай сүрийг бадруулж худлаа хэлсэн бол түүнийг нь түмэн олонд зарлавал таарна. Тэгсэн цагт худлаа ярьж хий хоосон сүр үзүүлэгч энэ мэтийн хүмүүс түмний өмнө гарч ирэхээ болино биз. Ямар ч байсан О.Магнайгийн “Над руу шууд буудсан” гэдэг үгийг сайтар шалгах хэрэгтэй байна. Тэгсэн цагт нэг бол О.Магнайг алах гэсэн зохион байгуулалтай мэргэжлийн алуурчид илрэх байх эсвэл О.Магнай нь өөрийнхөө өчүүхэн амийг хамгаалахын төлөө юу ч гэж залж чадах амьтан гэдэг нь тодрох байх. Ийм хоёр зам л долдугаар сарын “Мессенжер”-ээс үлдээд байна даа.

эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.