Үнэр ч бас зурхайд чухал байр суурийг эзэлдэг байна

2008/08/13
Share |
Хүмүүс:
Үнэр ч бас зурхайд чухал байр суурийг эзэлдэг байна

Хүний зан аашинд түүний төрсөн одон гариг, махбод болон байгалийн хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. “Галын хүүхдүүд” болох Нум, Арслан, Хонины ордныхон хурц, өвөрмөц, цоглог байдлаараа, “Газрын хүүхдүүд буюу” шороон махбодтой Үхэр, Охин, Матрын ордныхон тайван дөлгөөн зангаараа,“Агаар мандлын буюу” хий махбодтой Хамтатгах, Жинлүүр, Хумхын ордныхон өвөрмөц, нууцлаг байдлаараа, Усан” махбодтой Мэлхий, Хилэнц, Загасны ордныхон гайхамшигтай мэдрэмжээрээ бусдаасаа ялгарч байдаг.

Тухайн хүний эзэгнэн төрсөн байгалийн хүчний онцлогийг мэдэж байвал тэр хүнийг ойлгож, багахан зовоож ихээхэн баярлуулж сурах юм. Харин үүнд маань тав дахь махбод буюу сонин, сайхан сав, лонхонд савласан “үнэр” бидэнд тусална.

  • ГАЛ

Энэ бол дулаацуулж, шарж, бусдын анхаарлыг татаж, айдас төрүүлж байдаг аймшигт хүч билээ. Тэрээр эгшин зуурт замдаа тохиох юуг ч үл хайрлан хөнөөх аюумшигт хүч, эсвэл найдлага төрүүлж амьдралыг тэтгэгч бяцхан дөл болж чаддаг ид шидтэй. “Галынхан” аюултай, хүсэл татам, ухаангүй дурлуулан татагч, үл хайрлан түлхэгч их хүчийг эзэмшигчид юм.

Хонь
Өнгө: хүрэн ягаан, улаан болон бүх төрлийн гялгар өнгөнүүд
Чулуу: Доржпалам /очир алмааз/, бадмаараг, ягаан болор, маргад
Цэцэг: Долоогоно, хонгорзул, нил цэцэг

Зан төлөв: хурц, бага зэрэг зөрүүд, бусдаас хараат бус, өөрийн бодолдоо үнэнч, өвөрмөц бие хүмүүс

Үнэр: Хүчтэй гүн үнэр хониныхны шаргуу занг улам тэтгэж тавьсан зорилгодоо хүрэх замд нь тааралдсан бүх л саад бэрхшээлийг давахад нь тусладаг. Хониныхон бусдын анхаарлыг татах дуртай. Төрөлхийн соргог мэдрэмжээрээ сонгодог ч бай, цоо шинэ ч бай, яг өөртөө тохирох үнэрийг алдалгүй олж авч чадна. Тэд голдуу задь, шинэхэн голт бор, даль, башир зэрэг цэцгийн баглааны үнэрийг сонгодог. Эмзэг хониныхонд заарь, пачули, хулс, агар зэрэг ургамлын үнэр уур бухимдлыг дарахад нь нэн тустай байх болно.

Арслан
Өнгө: алтлаг, шар, улбар шаргал, хар
Чулуу: хув, хризолит, молор, бадмаараг, гартаам, доржпалам
Цэцэг: цээнэ, хумсан цэцэг, зэгд, гладиолус

Зан төлөв: эзэрхэг. Арслангийн дотор муурын овгийн уур хилэнтэй хамт муужгайн эрх зан нэгэн доор оршиж байдаг. Арслангууд аз турших дуртай, ялагдлыг тэвчиж чаддаггүй, өөртөө итгэлтэй, өөртөө сэтгэл ханамжтай, өгөөмөр, уудам сэтгэлтэй байдаг.

Үнэр: Хүнд сэтгэгдэл төрүүлж тодрох боломжийг ашиглаж чаддаг. Үнэр гэдэг түүний хувьд “би хэн бэ?” гэдгээ тодруулан харуулах боломж юм. Тийм ч учраас арслангийнхны бүх л амьдралын туршид яльгүй нялуун, хүний ой тойнд удаан хадгалагдаж үлдэхүйц ховор, тогтвортой үнэр дагаж явдаг. Арслангийнхан тун ч нарийн мэдрэмжтэй хүмүүс учраас тансаг үнэртэн дундаас хамгийн гоёмсог төдийгүй яг тохирсныгоо алдалгүй сонгож авдаг.

Нум
Өнгө: хөх, улаан
Чулуу: молор, ягаан болор, хризолит, оюу, гэрэлт чимэд
Цэцэг: лиш, нарцисс, хонгорзул

Зан төлөв: тогтвортой байдал, тохьтой, тансаг орчинд дуртай. Нумынхан өгөөмөр сэтгэлтэй, том алхаж, өргөн хүрээнд сэтгэдэг. Тэдний ихэнх нь өөдрөг сэтгэлтэн бөгөөд, тэдний амьдралд тохиолдож буй ямар ч хүндрэл бэрхшээл амьдралын нь баяр баясгалан, өөдрөг байдлыг нь нугалж үл чадна. Тиймээс энэ нь тэдэнд бодсоноо биелүүлэх чадал, эр зориг хайрладаг.

Үнэр: нумынхан бол бодлого төлөвлөгчид. Тиймээс түүний хийж буй юм бүр нь ямар нэгэн томоохон төлөвлөгөөний нэг хэсэг байдаг. Тэд өөрсдийн дүр зурагтаа “санамсаргүй зүйл” нэгийг ч оруулахгүй. Жишээлбэл үнэртэн сонгохдоо ч нэртэй фирмийн, удаан он жилийн туршид шалгарсан шилдэг бүтээгдхүүнээс л сонголт хийнэ. Нумынхан голдуу бие сэтгэлийн ачаалал багасгаж шинэ сэргэг байдлын мэдрэмж төрүүлдэг цэцгийн гүн үнэртэй үнэртэн хэрэглэдэг. Одон гариг нь нумынханд цахилдаг, заарь, жүрж, амтат жүрж, нарлаг цэцэг, зэрлэг сарнай зэрэг ургамлын үнэрийг хэрэглэхийг зөвлөж байна.

  • ШОРОО

Газар шороо биднийг хооллож, ундалж, хувцаслаж байдаг. Бид газар шороогүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй нарийн холбоотой. Тэр бидний алдаа эндлийг уучлан өршөөж баялаг бүхнээ харамгүй өгч байдаг ч заримдаа дүрсгүй хүүхдүүдийнхээ хийсэн “буруу хэргийг” хөөрхөн шийтгэх нь ч бий.

Үхэр
Өнгө: шар, тод цэнхэр, улбар шаргал, хар ногоон
Чулуу: оюу, биндэръяа, мана, гэрэлт чимэд, маргад, нефрит
Цэцэг: голт бор, хонхлой

Зан төлөв: үхрийнхэн бол гоо сайхныг шүтэн бишрэгчид. Тэдний бие хүний зан байдлын онцлог нь гэр бүлээс эхлээд албан тушаал хүртэлх амьдралын бүх л нөхцөл байдалд хамгийн энгийн биш арга замыг эрэлхийлдгээр нь илэрнэ. Гэхдээ түүний хийсэн алхам бүр нь эцсийн эцэст төгс зохицол, амар амгалан гэсэн амьдралын гол зорилгод нь л захирагдсан байдаг.

Үнэр: Тэдний гайхалтай нарийн мэдрэмж нь өөрийн төрсөн махбодын шинж чанарыг илэрхийлж чадахуйц өвсний юм уу жимсний үнэртэн сонгоход хүргэдэг. Газар эхийн ургуулж чаддаг бүх зүйл үхрийн ордныхонд зохимжтой байдаг. Мэлрэг цэцэг, амтат лийр, замбага, нохойн хошуу, хамба шарилж болон нил цэцгийн үндэсний үнэр нь үхрийн ордныхонд дэгжин чамин байдлыг нь тодотгож, сул талыг нь нуун, танихгүй хүмүүсийн дунд чөлөөтэй байхад нь тусладаг.

Охин
Өнгө: цагаан, цэнхэр, нил ягаан, ногоон
Чулуу: нефрит, сердолик, муурын нүд, мана
Цэцэг: улаан май цэцэг, гэсэр цэцэг

Зан төлөв: Охиныхон хүсэл, тачаалдаа автана гэж бараг байхгүй. Тэд бодит сэтгэлгээ, халуун сэтгэлтэй хүмүүс бөгөөд тодорхой, тогтсон үзэл бодолтой. Охиныхон сайн задлан шинжлэгчид, боловсролтой, оюуны өндөр чадавхитай, өөрийн дадал зуршилд ихээхэн үнэнч хүмүүс юм.

Үнэр: Охиныхон өөрт таалагдсан үнэрээ нэг л удаа сонгон авсан бол түүндээ үргэлж үнэнч үлдэнэ. Тэдний өөрсдийн нь бүтээсэн дүр төрхөнд үнэр өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, тайван байдлыг нь хангаж байх зайлшгүй нэгэн бүрэлдхүүн хэсэг нь болдог. Хэрвээ тэд туршилт хийж шинэ үнэртэн сонгож авах болбол урьдын танил үнэр дээрээ тулгуурласан сонголт хийнэ. Шороон махбодтой бусад ордын адил охиныхон нимбэг, жүржийн овгийн жимснүүдийн болон шиприйн үнэрийг таашаан үздэг. Тэдэнд мөн бамбай, ваниль, бүйлс, сараана, хэлгий цэцгийн үнэр тохиромжтой.

Матар
Өнгө: хар ногоон, хар, үнсэн саарал, хөх, шар, хүрэн
Чулуу: бадмаараг, пийсүү, анар, саран чулуу, номин
Цэцэг: цагаан башир, ороонго өвс

Зан төлөв: Матрынхан сэтгэл зүй, бие махбодын аль алины нь хувьд тэвчээртэй, тогтвортой хүмүүс. Тэд журамтай, тогтвортой байдлыг эрхэмлэнэ. Нэр хүндээ хайрладаг матрынхан өндөр амжилт гаргаж албан тушаалд хүрдэг ч энэ нь тэдэнд даруу төлөв байхад нь огтхон ч саад болдоггүй.

Үнэр: Матрынхан үнэрийг мэдрэх гойд мэдрэмжтэй хүмүүс. Тэд эргэн тойрныхныгоо өөртөө татах, нууцлаг, сонин байдал бий болгох, ордныхоо өвөрмөц онцлогийг илэрхийлэх үнэрийг сонгон авдаг. Ийм байдлыг нь агар, мэлрэг цэцэг, сарнай, халуун ногоо /таван халуун/, бүх төрлийн намуу, нил цэцгийн үнэр бий болгож чадна.

  • АГААР

Биднийг тойрон хүрээлж, амьдрал хайрладаг ч энэ үедээ нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдана. Урсгал нь биднийг үл оршихуйн ангал руу түлхэж , өчүүхэн дусал нь амьдрал бэлэглэнэ. Хүйтэн, халуун, бүгчим, шинэхэн, ариухан энэ бол агаар.

Хамтатгах
Өнгө: нил ягаан, саарал, шар, хөх саарал, танан цагаан болон бүх төрлийн цайвар өнгөнүүд
Чулуу: хризолит, анар, уулын болор, мана, хаш
Цэцэг: намуу цэцэгнүүд, холтсон цэцэг, хонин нүдэн, мэлрэг, нарцисс

Зан төлөв: Хамтатгахынхан хамгийн тодорхойгүй байдлаараа бусад ордоос ялгардаг. Тэд байнгын хоёрдмол байдалтай, сэтгэл нь тогтворгүй, шийдмэг бус, сонирхол хүсэл нь түргэн түргэн солигдож байдаг. Ямагт бусдыг гайхуулж, гялалзаж явах дуртай. Галзуу, тогтворгүй ааш, аливаа юмыг хүлээн авахдаа урьдчилан тааж боломгүй зан гаргадаг.

Үнэр: Хамтатгахынхан үнэрийн хувьд янз бүрийн туршилт хийх дуртай. Тэд хамгийн зөөлөн хөнгөнөөс хамгийн гүн хүнд үнэр хүртэл бүх л төрлийн үнэрийг хэрэглэж чадна. Агаар мэт хөнгөн сэтгэл, нөхцөл байдалд зохицох чадвартай тул өглөө жинхэнэ гүн сонгодог үнэртэн түрхсэн байсан бол маргааш нь, магадгүй бүр тэр оройдоо л цоо шинэ орчин үеийн хамгийн хурц, содон үнэртэн цацаж ч чадна. Энэ ордныхонд эвкалипт, гаа, хуш, зандан, голт бор, наргил, нил цэцгийн үнэр тохиромжтой.

Жинлүүр
Өнгө: гүн цэнхэр, ногоон, бүх төрлийн цагаан шаргал болон тайвшруулдаг сул өнгөнүүд
Чулуу: гэрэлт чимэд, номин, гүр, доржпалам, биндэръяа, сувд, саран чулуу
Цэцэг: сарнай, нил цэцэг

Зан төлөв: Жинлүүрийнхэн зан аашийн хувьд тогтвортой, оюунлаг, ухаантай хүмүүс. Аливаа маргаан, зөрчилдөөнөөс зайлсхийдэг ч хувиа бодсон, зөвхөн өөрийгөө хайрлаж, өөрөөрөө л бахархдаг. Амьдралын гол зорилго нь амар тайван байдал, сайхан орчинг бий болгох.

Үнэр: Он цагийн шалгуураар тодрон гарч ирсэн нэр хүндтэй, алдартай, сонгодог үнэрийг, илүүд үзнэ. Ерөнхийдөө хөнгөн, шинэлэг үнэрт дуртай. Мэдрэмж сайтай хүмүүс учир зөвхөн өөртөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүси ч тохирсон үнэртэнг сонгож яаддаг. Одон гариг нь тэдэнд заанда, инжир, нил цээцг, сарнай, цахирмаа цэцгийн үнэр тохирмжтой гэж зөвлөдөг.

Хумх
Өнгө: цэнхэр – саарал, сул ягаан, цэнхэр – ногоон, хар хөх, нил ягаан
Чулуу: анар, циркон, усан болор, номин
Цэцэг: нил цэцэг, нарцисс

Зан төлөв: Хумхынхан аливааг эсэргүүцэгчид бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй, нууцлагдмал, жолоогүй хүмүүс. Вэд мөрөөдөмтгий бөгөөд эрч хүчтэй, шинэ ололт амжилтанд тэмүүлэх эрмэлзэлтэй. Тэд чөлөөтэй сэтгэдэг, сэтгэл булаам хүмүүс. Өнөө цагт ховордсон чанар болох өөрөө бусдаас авахаас илүү бусдад өгөх чанартай.

Үнэр: Хумхынхан нэг л үнэрээ байнга хэрэглээд байх дургүй. Тансаг үнэрийн ертөнцөд гарч буй бүх л шинэ сониныг туршиж үзэхийг хичээдэг. Тэд амтат лийр, сарнай, цайны навч, нимбэгийн төрлийн ургамлуудаас бүтсэн хамгийн өвөрмөц үнэртэнг сонгоно. Энэ үнэр тэднийг тайвшруулж, сэтгэлийн нь хүч тэнхээг өргөж байдаг.

  • УС

Усанд олон хэлбэр, хэмжээ бий. Тэд ганцхан дуслаас захгүй далай болж, урсаж, шуугиж, асгарч, долгилж байдаг. Ганцхан дусал нь үхэж буй амьд биетийг эргүүлэн амьдруулах чадалтай ч мөнхүү аймшигт хүчээр амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай. Газраас бургилж, тэнгэрээс шаагиж байдаг хүйтэн, хөлдүү, халуун, бүлээн ус билээ.

Мэлхий
Өнгө: цагаан /цэвэр ариуны билэгдэл/, цайвар цэнхэр, хөх, мөнгөлөг
Чулуу: саран чулуу, маргад, бадмаараг
Цэцэг: далан хальс, усны сараана, мэлрэг болон бүх төрлийн цагаан, цайвар цэцгүүд

Зан төлөв: Мэлхийнхэн нээлттэй, мөрөөдөмтгий хүмүүс. Бусад бүх ордоос хамгийн өндөр мэдрэмжтэй. Тэд гадаад илрэлээс илүү хүний дотоод ерөнцөд илүү анхаарал хандуулдаг. Хайр дурлалд янаг мөртөө мөн ичимхий бүрэг.

Үнэр: Тансаг үнэртэн гэдэг түүний хувьд нэн чухал. Мэлхийнхэн голдуу тэнгисийн салхины долгиог санагдуулам, удвал юм уу бадамлянхуа цэцгийн зөөлөн, тансаг үнэртэй усыг сонгодог. Энэ ордонд төрөгсдөд зандан мод юм уу мэлрэг цэцгийн холимог үнэртэй ус зохино. Мөн нил цэцэг, гавар, цахирмаа цэцгийн үнэр ч тааламжит сайхан мэдрэмжийг төрүүлэх болно.

Хилэнц
Өнгө: шар, улаан хүрэн, гал улаан, ягаан, хүрэн өнгөнүүд
Чулуу: усан биндэръяа, шүр, сахан чулуу, болор, ногоолин
Цэцэг: лиш, цээнэ, зэгд

Зан төлөв: Хилэнцийнхэн хүчтэй, сэтгэл хөдлөл ихтэй, бага зэрэг догшин хүмүүс. Тэд сэтгэлийн хат, тэнхээ ихтэй, хатуу тогтсон үзэл бодолтой. Тэд “бүгдийг нь эсвэл алийг нь ч биш…” гэсэн уриатай. Одон гариг түүнд өгөөмөр арвин загнаж хүч чадал, гоо үзэсгэлэн, саруул ухаан гээд асар их зүйлийг өгсөн. Эмэгтэй “хилэнцүүдийн” хувьд тэд бусад бүх ордоос хамгийн сэтгэл булаам, янаг бүсгүй болсон нь мөн од гаригсын таалал билээ.

Үнэр: Хилэнцийнхэн төвөгтэй, олон үнэрийг шингээсэн өвөрмөц үнэртэн хэрэглэх дуртай. Энэ нь тэдэнд эсрэг хүйснийхээ хүний сонирхлыг төрүүлэх, өдөөн дуудах, сэтгэлийг нь татах гол зорилгоо биелүүлэхэд нь тусална. Тэд пачули, хонхлой, хушны хурц, заримдаа бараг гашуун гэмээр үнэртэн сонгодог. Одон орон судлаачид хилэнцийн ордныхонд амтат ваниль, нимбэгийн төрлийн жимсний үнэр дээр наргил модны бүлээн, царсны хөвдний баялаг өтгөн үнэргийг нэмсэн үнэртэн хэрэглэхийг зөвлдөг. Энэ нь тэдний зөрчилдөн тэмцэлдэх хүсэл эгмэлзлийг бууруулж, барагдашгүй их сексийн тачаалыг нь багасгах ач холбогдолтой.

Загас
Өнгө: нил ягаан, ногоон, хөх, сул ягаан, болдын өнгө
Чулуу: сувд, ягаан болор, маргад, биндэръяа, саран чулуу
Цэцэг: нарцисс, мэлрэг, нил

Зан төлөв: Загасныхан нууцлагдмал бөгөөд өндөр мэдрэмжтэй хүмүүс. Тэд ямагт өөрөө өөртэйгөө зөрчилдөн тэмцэлдэж, сэтгэл хямарч, түгшиж, нууцлагдмал юманд татагдахын хамт эргэлзэн тээнэгэлзэж байдаг. Тэд тансаг тухтай орчин, гоё, сайхан юманд дуртай.

Үнэр: Загасны ордныхон өөрийгөө элдэв үнэрээр хүрээлүүлэх дуртай. Тэдний угаалгын өрөөний ширээн дээр түмэн янзын тансаг үнэртэн бүхий сав, шил, лонх ярайж, ванны давс, эфирийн тостой сав өрөөтэй байдаг. Загасныхан өдөр нь амтат жүрж, нимбэг, сараана, цээнийн үнэртэй ус түрхээд орой нь гэхэд сэтгэл хөдөлгөсөн ганга, нил, сарнай, үнэрт өвсний үнэр шингээсэн хувцас өмсөөд гарна. Одон гариг энэ ордныхонд хөвд, наргилын үнэр хэрэглэхийг зөвлөж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.