О.Гүндэгмаа: Медаль гарт орлоо гэж үнэндээ бодоогүй

2008/08/15
Share |
Хүмүүс: Отряд Гүндэгмаа | 
О.Гүндэгмаа: Медаль гарт орлоо гэж үнэндээ бодоогүй

Бидний хүсэн хүлээж байсан медалийг буудлагын 25 метрийн спорт гар бууны дасгалд гавьяат тамирчии О.Гүндэгмаа хүртлээ. Тогтоол буудлагын дараа 11 дүтээрт явсан тэрбээр түргэн буудлагад 300-аас 299 онож финалд нэгдүгээр байраар шалгарсан. Ингэхдээ арын хүнээсээ гурван онооны зөрүүтэй болсон билээ. Түүний ард Монгол Улсын гавьяат, Герман улсын иргэн Д.Мөнхбаяр зогссон нь бидний хувьд бахархууштай зүйл байв. Финалд гурван монгол бууч шалгарах боломж байсныг Ц.Мөнхзул сүүлийн таван сумандаа алдсан.

Шигшээ буудлагад монгол бүсгүйчүүд эзэн орны тамирчинд гүйцэгдсэнээр бидний найдаж байсан олимпийн аварга цол маань ирсэнгүй. Гэхдээ гурван олимпийн шагналт О.Гүндэгмаа, 1992 оны хүрэл медальт Д.Мөнхбаяр нар медалийн тавцанд зэрэгцэн зогсож чадлаа. О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад "Сидней-2000"-д БНХАУ- ын Тао Лунагийн тогтоосон олимпийн дээд амжилтыг давтсан. Хэдий монголчууд байр ухарсан ч тэд маш сайн буудлаа. Харин бүр онцгой байсан нанхиад бүсгүй тэдний хажуугаар дайран аваргалсан юм. Ийнхүү 28 жилийн тэртээ хойд хөршийн нийслэлд болсон 22 дахь олимпоос хосоор нь авснаас хойш тасраад байсан мөнгөн медалийг Дундад улсын нийслэлээс авлаа.

Медаль гардуулах ёслолын дараа Монголын олимпийн зургаа дахь мөнгөн медалийн эзэн О.Гүндэгмаатай уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.

-Эх орондоо олимпийн мөнгөн медалийг 28 жилийн дараа авчирсан танд баярлалаа, баяр хүргэе!
-Баярлалаа. Дээлийн минь захыг мушгиж суусан Монголын. нийт ард түмэндээ талархаж буйг минь дамжуулна уу.

-Та шигшээ буудлагад I байраар, тэгэхдээ бүр арын хүнээсээ гурван онооны зөрүүтэй шалгарсан.Энэ үед чухам юу бодогдож байв?
-Медаль гарт орлоо гэж үнэмдээ бодоогүй. Финалын буудлага эзлэх байрт ямар ч өөрчлөлт оруулж болох учраас би аль болох байраа хадгалахыг хичээж байсан. Медаль авах итгэл байсан ч ард байгаа хүмүүс бүгд л шилэгдэж гарч ирсэн болохоор өчүүхэн алдаа л хоосон үлдэхэд хүргэнэ. Хятадын хоёр тамирчин сайн буудна гэдгийг бол мэдэж байсан.

-Мэдээж тэргүүн байраар шалгараад мөнгөн медаль дээр бууж Монголын анхны олимпийн аварга болох боломжоо алдсан болохоор харамссан байх?
эрүүхэн үедээ бага зэрэг харамсах сэтгэл төрсөн. Гэхдээ дөрвөн олимпод оролцож байж медаль авсан болохоор туйлын баяртай байна.

-Өмнөх гурван олимпод бүгдэд нь шагналт байр эзэлсэн. Тэдгээрт хэдээр финалдаж байв?
-Анх Атлантад долоогоор финалдаад тавдугаарт орж байлаа. Харин дараагийн хоёрт нь зургадугаар байраар шалгарч өөрчлөлт гараагүй.

-Өмнө нь гурван ч удаа олимпийн медалийн төлөө буудаад үзсэн. Энэ удаа бүр нэгдүгээр зогсоол дээр гарлаа. Сэтгэл хэр хөдөлсөн бэ?
-Буудлагын ДАШТ, Азийн АШТ бүгд дөрвөн жилд нэг удаа болдог болохоор нэг их догдлоогүй.

-Сая шигшээ буудлагын үеэр буу гацах шиг болсон. Олон хүний зүрхийг амаар нь гаргах шахсан тэр явдал чухам юунаас болсон бэ. Үүний дараа арай бага оноо авсан, сандарсан уу?
-Энэ бол тохиолддог л зүйл. Гурав дахь серийн эхний сумыг буудсаны дараа буу гацсан. Энэ техникийн саатал бэлтгэл дээр ч, тэмцээний үед ч олон тохиолддог болохоор сандарч тэвдсэн зүйл байгаагүй. Харин танхим ерөнхийдөө их тод гэрэлтэй байсан учраас тусгалаа тааруулах гэж нэлээн хичээсэн. Миний нэлээн олон сум доошоо бууж туссан байна. Энэ гэрлийг тооцоолж саравч өмсөж гарсан.

-Тогтоол буудлагад та бүр 11 дүгээрт байсан. Харин түргэн буудлагад 299 онолоо...
-Оноогоо нөхнө л гэж зорьсон. Түргэн буудлагын эхний таван сумаа жаахан тааруу буудчих шиг санагдсан. Харин бүгд 10 дээр оносон байна лээ.

-Монголын ард түмнийг баярлуулсан танд дахин баяр хүргэе. Дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.
-Баярлалаа, Энэ дашрамд "Алдар" спорт хороо, Алтай констракшн"-ы хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.