Хүмүүс: Батжаргал Батбаяр | Э Бат-Үүл | |
Ардчилсан намынхан өчигдөр Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж намынхаа байр сууриас зөрсөн нэр, нөлөө бүхий хоёр гишүүнийг намаасаа хөөх тухай шийдвэр гаргажээ. Гэхдээ эл шийдвэр нь эцэслэн шийдсэн асуудал биш юм. Уг асуудлын эцсийн шийдийг намын Дүрмийн хороо гаргадаг аж. Тодруулбал, УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоолын дүнгээр "барьцаалан" саатуулаад нэлээд хугацаа өнгөрч буй юм. Тиймдээ ч гарах гарцгүй гацсан УИХ-ын анхдугаар чуулган хэзээ үргэлжлэх бол гэсэн хүлээлт нийгмийг чилээж байсан юм. Энэ үеэр буюу өнгөрөгч лхагва гаригт тус намын гишүүн Э.Бат-Үүл төрийн ажлыг хуулийн дагуу гацаанаас гаргах гарц нь УИХ-д шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх явдал юм хэмээн хэвлэлийн хурал хийлгэсэн.
Түүнтэй хамт "ангийн нөхөр" Батж.Батбаяр ч байр суурь нэг буйгаа илэрхийлэн үгээ хэлсэн. Гэвч тэдний байр суурийг намын нөхөд нь буруутгаж, намынхаа бодлогоос зөрж, түүнийгээ олон нийтэд мэдэгдсэн гэдэг үндэслэлээр эрхэм гишүүдийг намаас хөөх асуудлыг хөндөн тавьсан байна. Гэхдээ Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг Дүрмийн хороо хараахан хэлэлцэж эцсийн шийдвэр гаргаагүй байгаа ч асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар бас нэгэн асуудлын талаар ярьсан бололтой. Энэ нь Сонгуулийн өрөнхий хороо одоогоор түр гишүүний үнэмлэхээ гардаад буй 76 хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн баривал анхдугаар чуулганыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурь аж. Ямартай ч төрийн ажлыг гацаанаас гаргах талаар тус намынхан анхны "чимээ"-г гаргажээ.
эх сурвалж: Нийгмийн толь