Олимпийн аварга Н.Түвшинбаярын төрсөн гэрт зочиллоо

2008/08/16
Share |
Олимпийн аварга Н.Түвшинбаярын төрсөн гэрт зочиллоо

Бээжингийн олимпийн тэнгэр Монголынхоо төрийн далбааг мандуулж, сүлд дууллыг эгшиглүүлсэн жүдо бөхийн тамирчин Н.Түвшинбаярын төрсөн гэрт очлоо. Булган аймгийн Сайхан сумын малчин Найдан гуай энэ жил улсын сайн малчин болжээ. Бөхийн удамтай Булган аймгийн Сайханы уугуул Н.Түвшинбаярын аав, ээжтэй нь ярилцлаа.

 Улсын сайн малчин Т.Найдантай товч ярилцлаа

-Танай хүү эх орондоо 44 жилийн дараа олимпийн аваргын алтан медалийг авч ирлээ. Олимпийн тэнгэрт төрийн дуулал эгшиглэж байх мөчид танд юу бодогдож байв аа?

-Маш их баяртай байна. Энэ тухай сонсоод нойрч хүрэхгүй байсан. Хүүдээ сайхан даруухан байж ард түмнийхээ итгэлийг битгий алдаарай, багш нараа баярлуулж яваарай гэж л захиж хэлмээр байна даа.

-Түвшинбаяр багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Жаахан сахилгагүйхэн маягтай хүүхэд байсан. Одоо гайгүй. Анх 16 настай байхдаа манай нутгийн ная хүрч яваа өвгөний насны ойгоор барилдаж түрүүлээд соёолон авч ирж байсан.

Түвшинбаярын ээж Д.Цэнд-Аюуш гуйгаас сэтгэгдлийг нь сонссон юм.

-Түвшинбаяр маань багадаа ямар хүүхэд байв аа?

-Их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

-Аваргын төлөө барилдааныг та үзсэн үү. Эх хүний хувьд ямар санагдаж байсан бэ?

-Их хачин сэтгэл догдлоод л, дээшээ юм огшоод байгаа юм шиг их л сэтгэл догдолж байсан. Медаль хүртэж Монгол орныхоо нэрийг гаргаасай гэж бодож байсан. Ийм сайхан хүү төрүүлж, өсгөсөндөө их баярлаж байна. Хэлэх үг олдохгүй байна. Би сайхан хүү төрүүллээ гэсэн чинь бүх ард түмний хүү байсан юм байна. Булганчууд чинь бүх л юмны анхдагч байдаг болохоор миний хүү анх удаа олимпийн алтан медаль авч ирлээ.

-Танайд бөхийн удам бий юү?

-Бөхийн удам бий юм билээ. Миний өвөөгийн талд их сайхан хүчтэй хүн байсан гэсэн. Нэрд гараагүй л болохоос тэр үедээ л их сайн бөх байсан.

-Түвшинбаярийн өрсөлдөгч бөх нь их хүчтэй хүн таарсан шүү дээ.

-Их зоригтой гарч ирсэн. Тэр зоригоороо л хүчтэй барилдаж аварга болсон. Монголчуудаа үнэнхүү сайхан баярлууллаа.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.