Хүмүүс: Найдан Түвшинбаяр | Цахиа Элбэгдорж | Баяр Санж | |
Нэгэн жаранд амьдарч байгаа монголчуудын хувьд азтай гэж хэлэхээр сэтгэл догдлуулсан баярт мөч тохиож, монгол хүний магнай тэнийсэн өдрүүд болж өнгөрлөө. Ёстой л найман настай балчираас наян настай хөгшид хүртэл баярласан. Харин тэр үед улс төр гацсан хэвээрээ байлаа. Олимпын аваргатай болж, хэн хүнгүй баярлаж байхад төрийн өндөрлөгүүд маань ард түмэнтэйгээ гараа атгалцан мэндчилж байсан тэднийг хараад бас баярлахгүй байхын аргагүй. Хэдийгээр жижиг буурай гэдэг ч монгол хүн монгол хүнээрээ бахархсан, бахадсан баяр болсон. Ёстой л Дашбалбар агсны хэлснээр “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ” гэдэг үгийг дахин дахин хэлмээр санагдсан. Төрийн өндөрлөгүүд маань баярласан сэтгэлээ ард түмэнтэйгээ хуваалцаж, эрх ашиг үзэл бодлынхоо зөрүүнээс болж маргалдаж, зөрүү буруу харж байсан ч инээд алдан бие биенээ тэвэрсэн нь ховорхон агшин байсан. Үнэхээр Ерөнхийлөгчийн хэлснээр “Би азтай, бид азтай”. Төрийн өндөрлөгүүд маань ч түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Монголын ард түмнээ нэгэн эгшинд сэргээн баярлуулсан баатартаа баярлахгүй байхын аргагүй. Сэтгэлийн хөөрлөө дарж ядсан төрийн өндөрлөгүүд халамцаа л биз яадгийн. Хамгийн гол нь баян, ядуу, дарга цэрэг гэлтгүй бүгд л халуун дотно үгийг таньдаг таньдаггүй монгол хүн болгонд хүргэн мэндчилж байсан нь сайхан. Энэ өдөр Ерөнхийлөгч мөнхийн сөргөлддөг хоёр намын даргыг эвлэрүүлэхийг оролдсон анхны алхмыг хийж, гарыг нь чанга атгаж, хамт байхаа илэрхийлэн уухайлж байсан нь ард түмэнд төрийг гацаанаас гаргах нь гэдэг итгэл найдварыг төрүүлээд амжсан. Үнэхээр хямдхан олддоггүй тамирчны алдраараа Олимпын аварга Н.Түвшинбаяр маань иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж, улс төрчдийг эвлэрүүлж, монгол төрийг гацаанаас гаргахад юугаар ч үнэлэшгүй их хувь нэмэр орууллаа. Энэ л өдөр дарга цэрэггүй монгол хүн гэдгээ гайхамшигтайгаар мэдэрч, сэтгэлийн хөөрлөө дарж ядан байсны бас нэг илэрхийлэл нь гудамжинд машиныхаа дээд салхивчаар цээжээ гаргаж, ард түмэнтэйгээ уухай хадааж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн уухай, олны өмнө тас тэврэлдсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Элбэгдорж хоёр, микрофон булаацалдах төрийн өндөрлөгүүд, үгээ сольж хэлсэн спикер гээд өстой л сэтгэлийн хөөрлийг хянаж чадаагүй ховорхон мөчүүд тохиосон. Яадгийн Ерөнхийлөгч хуруугаараа зангаа биз, яадгийн С.Баяр жаахан уугаа биз, яадгийн Ц.Элбэгдорж туг булаацалдаа л биз. Хамгийн гол нь тэдний эв нэгдэлтэй байхыг бид харлаа. Тэгээд ч баярласан сэтгэлийнхээ илэрхийлэл болгож, намуудын дарга нар “эвлэрлийн өдөр байлаа” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр ч утгаараа АН-ын гишүүд тангараг өргөж маргааш нь буюу Баасан гаригт чуулганг хуралдуулаар болсон гэх яриа тархсан боловч ирц бүрдсэнгүй. Харин чуулганыг өнөөдөр 15.00 цагаас хуралдуулахаар болсон. Ямартай ч Үндэсний баатар төрүүлсэн өдрөө намууд эвлэрч төр гацаанаас гарах нь ээ.
эх сурвалж: өглөөний сонин