Өдрийн сонины сэтгүүлч халдлагад өртлөө

2008/08/19
Share |
Хүмүүс:
Өдрийн сонины сэтгүүлч халдлагад өртлөө

Авлига, албан тушаал ашиглагчдын халуун мөрөөр орсон сэтгүүлч заналхийлэл, сүрдүүлгийн айдаст автдаг байсан бол одоо халдлагад өртөх болов. Тэр дундаа сэтгүүл зүйн эрэн сурвалжлах чиглэлийг нийтлэлийн бодлого болгосон манай сонины сурвалжлагчдыг дугаараа нууцалсан утасны цаанаас заналхийлэх нь нэгээр тогтохгүй.

Өнгөрөгч баасан гаригийн орой манай сэтгүүлч халдлагад өртлөө. 23 цагийн орчимд ажлаа дуусгасан тэрбээр гэрээ зүглэж Баянзүрх дүүргийн Маахуур толгой хэмээх газар автобуснаас бууж такси барихаар зам дагуу явж байхад нь гэнэт үл таних этгээд хөндлөнгөөс гарч ирэн эрүүн тус газарт нь өшиглөжээ. Улмаар "Чи Өнөрөө юу. Хүнээр яасан их тоглож, зугтдаг юм бэ" хэмээн өмсөж явсан цамцаар нь хоолойг нь боож унагасан байна. Эсэргүүцэл үзүүллээ ч дийлэхгүйгээ мэдсэн сэтгүүлч маань биеэ суллан ухаан алдсан дүр эсгэн унахад үхсэн эсэхийг нь мэдэх гэсэн аятай дээрээс нь өшиглөж, хөлөөрөө түлхэж үзээд хөдлөхгүй болохоор цүнхийг нь аваад зугтжээ. Халдлагад өртсөн сэтгүүлч маань өнгөрөгч долоо хоногт Эрүүл мэндийн сайд Д.Батсэрээдэнийн албан тушаал, эрх мэдэлтэй холбоотой баримт материал бичиж нийтлүүлсэн юм. Эрүүл мэндийн яамны харьяа Эмийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Бангладеш улсаас орж ирсэн 40 тоннын хоёр чингэлэг дүүрэн эм сайдтай холбоотой болохыг гэрчлэх баримт сэтгүүлчийн гарт орсон байсан. Үүгээр тогтохгүй баримтуудын зарим нь сэтгүүлчийн цүнхэнд явсан ч биед нь халдсан этгээдийн гарт оржээ. Сэтгүүлчийн эрэн сурвалжилж олсон баримт материал гэдэг юунаас ч үнэ цэнэтэй байдаг билээ. Авлигад өртсөн, албан тушаалаа ашигласан төрийн алба хаагчийн булхайг илчлэх цуврал нийтлэлийн түрүүч нийтлэгдэж, зарим баримтаа цүнхэлж явсан сэтгүүлчийн биед ийнхүү халдаж өмчийг нь булаасан үйлдлийг бид санаатай гэж үзэж байна. Хуульд харшилсан булхайгаа дарах гэсэн хэн ч болов үнэн үг тэрлэсэн сэтгүүлчийн үзгийг хэзээ ч мохоож чадахгүй. Нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө үнэрч нохойн үүрэг гүйцэтгэх сэтгүүлчид маань авлигачдын, албан тушаалаа ашиглагчдыг гэрчлэх баримтаа олонд дэлгэж, шантрахгүйгээр бичсээр байх болно.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.