Хүмүүс: Батжаргал Батбаяр | Д Лүндээжанцан | Ц Нямдорж | Э Бат-Үүл | |
Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхээр өчигдрийн 15.00 цагт тов зарлажээ. УИХ-ын чуулганы танхимд түр үнэмлэхээ гардаж аваад буй МАХН-ын гишүүд, ИЗН-ын дарга С.Оюун иржээ. Харин АН-ын гишүүн Э.Бат-Үүл, Батж.Батбаяр нараас бусад нь ирсэнгүй. Ерөнхийлөгч Н.Энхбаяр хуралдааны эхэнд "УИХ-ын анхдугаар чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл байдлыг хангах талаар ярьсан. Хамгийн сүүлд наймдугаар сарын 14-нд товлосон хэдий ч ирц бүрдээгүй. МАХН, АН-ын дарга нарт болон шинээр сонгогдсон гишүүдэд хандаж УИХ-ын Тамгын газраар дамжуулан бичиг явуулсан байгаа" гээд намуудаас ирүүлсэн хариу бичгийг гишүүдэд танилцуулахыг УИХ-ын Тамгын газрын дарга Д.Сандаг-Очироос хүсэв. МАХН-ын албан бичигт өвлийн бэлтгэл, үнийн өсөлт, улсын төсвийн тодотгол хийх зэрэг олон чухал ажил байгаа төдийгүй Засгийн газрыг шинээр зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа дурдаад анхдугаар чуулганыг үргэлжлүүлэх хуралдаанд оролцохоо мэдэгджээ.
Ерөнхийлөгч таны хэлсний дагуу намуудаас байр сууриа албан ёсоор бичгээр илэрхийлж, сонгуулийн нэгдсэн дүн хуулийн дагуу өргөн баригдсан тохиолдолд УИХ-ын хуралдаан зарлахаар болсон гэж бид ойлгож байгаа. Дээр тавигдсан нөхцөлүүд бий болсон тохиолдолд Ардчилсан намаас УИХ-д шинээр сонгогдсон түр үнэмлэхээ авсан гишүүд тангараг өргөх ёслолд оролцоход бэлэн байгааг танд дахин уламжилж байна" гэсэн хариу өгчээ. Д.Сандаг-Очир дарга "АН-ын гишүүдэд албан бичиг хүргүүлсэн, утсаар давхар мэдэгдсэн" гэдгээ Ерөнхийлөгчид уламжлахад Ерөнхийлөгч Н.Энхбаяр ИЗН-ын дарга С.Оюунд үг хэлэх бололцоо олгов. С.Оюун гишүүн "СЕХ-ны тойрог, хэсгийн хороод нь гаргасан тогтоолоо хэрэгжүүлэхгүй байна. Тогтоолоо биелүүлэхгүйгээс гацаа гараад байна. Тухайлбал, долдугаар тойргийн хэсгийн хороод хуурамч тогтоол үйлдсэн. Долдугаар сарын 2-ны хуралд оролцсон хэсгийн хороодын олонхи гишүүн нь саналын хуудсыг дахин тоолох шийдвэр гаргасан байтал дарга нь хурлын тогтоолыг эсрэг шийдвэртэйгээр гаргажээ. Энэ талаар СЕХ-ны дарга Б.Баттулгад уламжлахад хариу өгөхгүй удаж байна" гэж байв. С.Оюун гишүүнийг үгээ хэлж дуусаагүй байхад Э.Бат-Үүл гишүүн чанга яригчгүйгээр "Ерөнхийлөгч яагаад намуудын дарга нарт үг хэлэх бололцоо олгоод байгаа юм бэ. Энэ чинь хууль зөрчсөн хэрэг. Ямар хуулийн заалтыг үндэслэж намын дарга нарт бичиг явуулж байгаа юм бэ. Парламентын ардчилал эрсдэлд ороод байна. Анхдугаар чуулганыг хуралдуулахад л намуудтай зөвшилцсөн шүү дээ. Дахин намын дарга нарт хандаж бичиг явуулах шаардлагагүй" гэлээ.
Н.Энхбаяр: -УИХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс бичиг явуулсан. Зөвхөн намын дарга нарт ч бус бүх гишүүдэд хандсан. Өөр хууль эрх зүйн ямар ч хөшүүрэг алга. Арга ядаад УИХ-ын хуралдаанд оролцох ёстой бүх субъектэд хандсан. Нэг талыг барьсан юм байхгүй. Намын байр суурь, мэдэгдэл гэдэг утгаар нь намын дарга нарт үг хэлэх бололцоо олгосон.
Э.Бат-Үүл: -Буруу жишиг тогтоож байна. 2004 онд МАХН яг ингэж гацааж байсан шүү дээ. Төрийн институтиц хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр үйл ажиллагаа явуулж болохгүй. Намын дарга нарыг үг хэлүүлж болохгүй.
Ц.Нямдорж: -2004, 2008 оны хооронд ялгаа бий шүү. 2004 онд олонхи болсон эсэх нь мэдэгдэхгүй байсан.
Э.Мөнх-Очир: -Та нарын хэдэн онд яасан нь бидэнд хамаа алга. Танай намын гишүүд хаана байна?
Э.Бат-Үүл:-Би Ерөнхийлөгчид хандаж ярьж байна. Та нар дундуур орж ирээд байна. Яагаад намын дарга нарт бичиг явуулсан бэ?
Н.Энхбаяр: -УИХ-ын чуулганыг хуралдуулах, гишүүдийг тангараг өргүүлэх хууль эрх зүйн ямар ч хөшүүрэггүй. Хуралдаанд орж ирэхгүй байгаа гишүүдтэй хариуцлага тооцох механизм байхгүй. УИХ-ын бүх гишүүдэд бичиг явуулсан. Энд дуртай нь орж ирээд намайг загнадаг. Намайг загнах амархан. Элбэгээ даргаа дагуулаад ороод ирээ ч дээ. Хууль эрх зүйн хөшүүрэг нь бичиг явуулах. Бичиг явуулсныхаа төлөө загнуулж байна.
Д.Лүндээжанцан: -Төрийн тэргүүний Ерөнхий сайд, УИХ-тай харилцах харилцааны талаар холбогдох хуулиудад бий. Бичиг явуулахаас өөр хөшүүрэг байдаггүй.
Э.Бат-Үүл: -Надад микрофон өгөхгүй юм уу?
Н.Энхбаяр: -Ёстой жинхэнэ өгөхгүй гэсэн хөшүүрэг нь байна. Хуульд захирагдаж ажиллая.
Батж.Батбаяр: -УИХ-ын гишүүн өргөх тангарагт "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмний элчийн хувьд, ард түмний ашиг сонирхлын төлөө..." гэсэн байна. УИХ-ын гишүүн тангараг өргөх эсэхээ намаасаа асууна гэсэн юм байхгүй. Өргөх нь өргөг, байх нь байг. Дараа нь "Би өргөхгүй ээ гээд байхад та нар намайг өргүүлсэн" гэвэл яах вэ.
Э.Бат-Үүл: -Тангараг өргөхөө намаасаа асууж болохгүй. Үндсэн хуульд тэгээд заагаад өгчихсөн байгаа. Цэцэд хандана шүү.
Н.Энхбаяр: -Цэцэд ханд аа, хүний эрхийн хувьд Цэцэд хандах эрхтэй. Дараагийн УИХ-ын сонгууль болохоос өмнө чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах хөшүүрэгтэй болох шаардлагатай юм байна. Намууд болон гишүүд идэвхтэй ажиллаач ээ. 57 хүн байж байж тангараг өргөх ёстой" гэснээр үргэлжлээгүй чуулганы хуралдаан өндөрлөв.
Эх сурвалж: Өдрийн сонин