Тангаргаа өргөхгүй гэдэг чинь олон түмний итгэлийг даахгүй л гэсэн үг

2008/08/19
Share |
Тангаргаа өргөхгүй гэдэг чинь олон түмний итгэлийг даахгүй л гэсэн үг

2008-2012 оны УИХ-ын Анхдугаар чуулган гацсаар. Үнэн хэрэгтээ МАХН, АН харилцан буулт хийхээс татгалзсаар байгаа нь төрийн ажлыг тодорхойгүй хугацаагаар бүтэлгүйтүүлэхэд хүргэсэн гэхэд болно. Чуулганыг үргэлжлүүлэх гэсэн Ерөнхийлөгч Н.Энхбаярын дөрөв дэх оролдлого өчигдөр мөн л талаар боллоо. Чуулганыг 16.00 цагт хийхээр зарлаад байв. Төрийн тэргүүний зүгээс УИХ-д суудалтай нам болгонд, гишүүн бүрт УИХ-ын Тамгын газраар дамжуулж ажилдаа ирэхийг гуйж бас шаардсан өнгө аястай албан бичиг хүргүүлээд байсан юм. Товлосон цагаас арваад минут өнгөрч байхад танхимд МАХН-ын 38, АН-ын Э.Бат-Үүл, Б.Батбаяр, ИЗН-ын С.Оюун, бие даагч З.Алтай нар суудлаа эзлээд байлаа. Ерөнхийлөгч 30 орчим минутын дараа орж ирсэн.

Анхдугаар чуулганыг зарласан долдугаар сарын 23-нд танхимд байрлуулсан Төрийн далбаа адис авах гишүүдээ "хүлээсээр". Дэргэд нь төрийн хүндэт харуулын офицер цэх зогссон хэвээр. Тангараг өргөснөө батламжилж гарын үсгээ зурахдаа суух гоёмсог хийцтэй ширээ, сандал гээд бүгд л нэг сар шахмын өмнө байрлуулсан нь яг янзаараа. Чуулган үргэлжлэх сургаар л тэдний тоос шороог цэвэрлэдэг юм шиг байна лээ. АН-ын гишүүдийн суудаг баруун жигүүрийн сандлууд дээр хүрэн өнгийн цүнх мөн л эзнээ хүлээн "дүнсийнэ". Шинээр сонгогдогчдод ийм цүнхийг дурсгадаг уламжлалтай аж. Дотор нь УИХ-ын гишүүний гарын авлага, гишүүн гэдгийг нь батлах энгэрийн тэмдэг, тэмдэглэлийн дэвтэр, үзэг зэрэг байдаг гэсэн. Эль хуль оргисон Монголын Парламентын танхимын төрх нэг иймэрхүү харагдаж байлаа.

Арваад минутын дараа Ерөнхийлөгч чуулганыг үргэлжлүүлэх гэж оролдлоо. Тэрбээр аргаа барсан үгээ хэлэв. Гишүүдийг цуглуулах ямар ч хөшүүрэггүй боллоо гэж Төрийн тэргүүн учирлаж байсан юм. Хэвийн үйл ажиллагааг хангахын тулд УИХ-д суудалтай нам, гишүүн бүрт хандаж Тамгын газраар дамжуулан хүсч, шаардсан бичиг явуулсан. Хариу нь ирсэн байх. Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сандаг-Очир танилцуулна уу гэсэн юм. Түүний хэлснээс үзвэл АН зөрүүдэлсэн хэвээрээ гэнэ. Харин МАХН-ынхан намрын их ажил, өвлийн бэлтгэл хэцүүдлээ. Төсвийн тодотгол хийхээс эхлээд УИХ-ын шийдвэр шаардсан олон асуудал гацаанд байгаад санаа зовж буй юм байна. Тэд тангаргаа өргөх гэж яарч байгаа нь зарим гишүүний хувцаслалт, сэтгэлийн хөдлөлөөс нь харагдах аж. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяраас УИХ-ын Тамгын газрын даргад ирүүлсэн 04/08 тоот бичигт, "намрын ургац хураалт, хадлан тариалан бэлтгэх, өвлийн бэлтгэлийг хангах, үнийн өсөлттэй тэмцэх, малчдын бэлтгэсэн ноолуурыг худалдан авах, төсвийн тодотгол хийх зэрэг УИХ-ын шийдвэр шаардагдсан олон асуудал хуримтлагдсан өнөөгийн нөхцөлд Анхдугаар чуулганыг нэн даруй үргэлжлүүлж, УИХ-ыг зохион байгуулан, Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах шаардлагатай байна гэж МАХН үзсээр ирсэн. Одоо ч ийм байр суурьтай байна. Иймээс МАХН-аас сонгогдсон гишүүдийг товлосон хугацаанд тангараг өргөх ажиллагаанд оролцуулж, чуулганы ажиллагааг хэвийн явуулахад өөрөөс хамаарах алхмуудыг авахад МАХН бэлэн байна. Наймдугаар сарын 18-ны 15 цагаас үргэлжлэх Анхдугаар чуулганы хуралдаанд МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд оролцоно гэдгийг үүгээр уламжилж байна" гэжээ.

Харин АН-ынхнаас Ерөнхийлөгч Н.Энхбаярт ирүүлсэн 2/423 тоот бичгээс нь харвал Анхдугаар чуулганыг тэд бойкотолсон хэвээрээ юм байна. Үүндээ Ерөнхийлөгчийг буруутгажээ. Тэр бичигт "Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихөд тулгасан, зөвшилцөлийг огоорч нэг тапын байр суурьт илэрхий үйлчилсэн алхам дахин хийсэнд АН харамсаж байна. Үндсэн хуульд заасанчлан УИХ-ыг 76 гишүүнтэйгээр байгуулах тухай СЕХ-ны албан ёсны шийдвэр Танд ирээгүй байна. Ерөнхийлөгч Таны хэлсэнчлэн намуудаас байр сууриа албан ёсоор бичгээр илэрхийлж, сонгуулийн нэгдсэн дүн хуулийн дагуу өргөн баригдсан тохиолдолд УИХ-ын хуралдаан зарлахаар болсон гэж бид ойлгож байгаа. Дээр тавигдсан нөхцөлүүд бий болсон тохиолдолд АН-аас УИХ-д шинээр сонгогдсон, түр үнэмлэхээ авсан гишүүд тангараг өргөх ёслолд оролцоход бэлэн байгааг Танд дахин уламжилж байна" гэжээ. Түүнд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав гарын үсгээ зурсан байсан. Намуудаас ирсэн бичгийг сонссоны дараа чуулганы танхимд доорх яриа боллоо.

С.Оюун: -СЕХ тодорхой асуудлуудаа шийдэж чадахгүй байгаа учраас гацаа үргэлжилж байна. Дорнодын долдугаар тойргийн хорооны 11 гишүүний ес нь дахин санал тоолно гээд шийдвэрээ гаргачихаад байхад дарга, нарийн бичгийн дарга нь олонхийнхоо шийдвэрийг хүндэтгэхгүй байна.

Э.Бат-Үүл: -Намуудад яагаад бичиг явуулад байгаа юм бэ. Ингэснээрээ Парламентыг эрсдэлд оруулаад байна. Ерөнхийлөгч хуулиар олгогдоогүй жишиг тогтоох гээд байна.

Н.Энхбаяр: -Зөвхөн намд ч биш гишүүн бүрт явуулсан. Хүсч, шаардсан. Аргаа барахдаа л ингэсэн. Надад өөр хөшүүрэг алга. Яавал орж ирэх юм бэ. Гуйж үзлээ, шаардлаа.

Э.Бат-Үүл: -Та буруу жишиг тогтоох гэж байна. Намуудаас асууна гэж юу байдаг юм.

Н.Энхбаяр: -Чуулган гацсан үед түүнээс гарах механизм үгүйлэгдэж байна. Тийм байж хэн дуртай нь намайг загнадаг байж болохгүй. Түүний оронд Элбэгдоржийгоо очиж загнаач. Надад хуулиар эрх олгочих. Тэгвэл би бүгдийг нь хөөгөөд руулаад ирье.

Д.Лундээжанцан: -Ерөнхийлөгчийн зүгээс улс төрйн намуудтай харилцдаг зохицуулалт бий. Харин хөшүүрэг нь тодорхой биш юм. Бичиг явуулахаас өөр хөшүүрэг байхгүй.

Э.Бат-Үүл: -Надад микрофон өгчих.

Н.Энхбаяр: -Микрофон өгөхгүй байх нь нэг хөшүүрэг юм байна.

Б.Батбаяр: -Дургүй ламд сахил хүртээв гэгчээр дургүй байхад нь дарж байгаад тангараг өргүүлнө гэж юу байсан юм. Тангаргаа өргөхгүй гэдэг чинь ард түмнийхээ итгэлийг даахгүй л гэсэн үг. Намаас асууж тангараг өргүүлнэ гэж байхгүй. Тэгвэл дуртай нь өргөөд дургүй нь болино биз гэхэд нь МАХН-ынхан түүнд баяр хүргэж алга ташив. Ингээд 16 цагийн үед Анхдугаар чуулганы үйл ажиллагаа дөрөв дэхээ тасалдлаа.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.