Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
АН-ын дарга Ц.Элбэгдорж улс төрийн гацааг АН-аас шалтгаалах зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Ингээд түүний яриаг хүргэе.
-УИХ бүрэлдэж, чуулган хуралдахгүй байгаа нь АН-аас шалтгаалж байна гэдэг асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын түр үнэмлэхээ авсан гишүүд тангарагаа өргөхөд АН-аас хамаарах зүйл байхгүй болсон. Бидний хамгийн гол тавьж байгаа асуудлууд ард түмний сонголтыг хулгайлж, өөрчилж болохгүй гэдэг асуудал. Сонгуулийн дараа хэнийг сонгосноо хэний төлөө санал өгснөө сайн мэдэж байсан. Одоо хэн сонголтыг нь хулгайлсныг сайн мэддэг боллоо. Саяхан бид санал асуулга явуулахад 60-аас дээш хувь нь энэ сонгууль булхайтай болсон гэж хариулж байна. Хамгийн гол нь Ардчилсан улс оронд иргэдийнхээ амь насыг ёс бусаар хөнөөдөг явдал байж таарахгүй. Бид 7 дугаар сарын 1-нээс үүдэлтэйгээр таван иргэний амь насыг хөнөөсөн асуудлыг хөнөөсөн хүн, даалгавар өгсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох эзэн холбогдогчийг нь олж илрүүлэх талаар идэвхтэй ажиллахыг шаардсан. Өчигдрөөс эхлээд Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас таван иргэний амь насыг хөнөөсөн байж магадгүй албан хаагчдыг баривчилсан мэдээллүүд гарч эхэллээ. Энэ бол бидний тавьсан шаардлага эзэн холбогдогчдыг олж тогтоох чиглэлд идэвхитэй ажиллахыг шаардсаны үр дүн. Мөн МАХН, АНаас ажилласан ажлын хэсгүүд зөвшилцсөн баримт бичгүүддээ гарын үсэг зурсан. Цаашдаа бидний баримтлах гол бодлого зөвшилцлийн баримт. бичигт байгаа УИХ-д Сонгууль нэгдсэн бүртгэлийн асуудлаар дэд хороо байгуулж, ажиллуулж өнгөрсөн сонгуулийн булхай болсон үйл явдлыг судалж шалгана. Цаашдаа ард түмний сонголтыг хулгайлуулахгүй хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлийн байнгын байгууллага УИХ-д ажиллахаар болж байгаа. Энэ байгууллагаар дамжуулж сонгуультай холбоотой асуудлуудыг сонгуулийн хууль тогтоомжуудыг цэгцэлж болно. Монгол хүн монгол нутагтаа үнэ цэнэтэй амьдрах асуудалд хүнийг хүн гэж үздэг төр засгийн бодлого тууштай хэрэгжих хэрэгтэй. Буу сумаар ядуурлыг шийдэж чадахгүй. Буу сумаар муу муухай үйлдлээ нууж чадахгүй. Цаашдаа прокурор, хууль хяналтын байгууллагын зүгээс хийж байгаа 7 дугаар сарын 1-ний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн учир шалтгааныг олж тогтоох ажил УИХ-ын зүгээс туслалцаа үзүүлэх ёстой. Монгол хүн ямар үнэ цзнэтэй болохыг саяны олимпын наадам харуулсан. Олимпын аваргын энтэй хүмүүс байна. Тийм аваргын ээж, аав ч гудамжинд алхаж явж магадгүй. 7 дугаар сарын 1-ний үйл явдлаас Монгол улс дээрдэж гарах ёстойгоос дордож болохгүй. Ард түмнээрээ хэлэлцэж байгаад үнэхээр үндсэн хуулиндаа өнгөрсөн туршлага бүх юмаа тусгаад түүнээс хамааралтай бүх хуулиа сайжруулъя, улс төрийн намуудын бүтэц зохион байгуулалтыг жинхэнэ ардчилсан улс оронд байдаг тэр хэмжээнд хүргэе. Сонгуулийн хууль тогтоомжийг төрийн албыг тэр хэмжээнд нь хүргэе. Монголынхоо ард түмний амьдралыг өөд нь татъя. СЕХ харж байгаачлан Үндсэн хуулинд заасанчлан 76 гишүүнээ хууль номын дагуу ерөнхийлөгчид өргөн барьсан мэдээлэл ирэхээр АН-ын зүгээс УИХ-д тангарагаа өргөх хүсэлтээ тавих болно.
-Зөвшилцөлд бусад намууд яагаад ороогүй юм бэ. 2008 оны сонгуулийн үр дүн гэж үзвэл ИЗН яагаад ороогүй юм бэ?
-Цаашдаа УИХ-д бий болж байгаа цөөнхөө орхидоггүй, цөөнхтэйгээ зөвшилцөж нэг бүхэл болж монголын төр цаашаа явах ёстой. Олонхиороо бүх асуудлаа далимдуулж шийддэг асуудлыг зогсооё. Парламентын ардчилал гэдэг бол цөөнхийн дуу хоолойгоо байнга сонсдог цөөнхийн дуу хоолой нь ард түмний ашиг сонирхол байдаг. Энэ утгаараа MAXH, AH хоёрын хувьд 2008 оны сонгуулийн дүнгээр бүлэг байгуулж ажиллах УИХ-ын үндсэн бүтцийн байгууллага байгуулж ажиллах боломжтой намууд. Энэ хүрээндээ бид зөвшилцсөн. Нэг хүнтэй зөвшилцөх тухай асуудал байхгүй.
-УИХ-ын гишүүн Э.Бат-үүлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай нам гайхалтай дүрэмтэй. АН-ын дарга шинээр гишүүн элсүүлэх эрхтэй. Түүнээс АН-аас хүн хөөх эрх нь даргад байдаггүй юм. Намын дүрмийн хороогоор ордог асуудал. Тэнд нь шалгадаг. Тэр шийдвэрийг нь Ерөнхий нарийн бичгийн дарга гаргадаг.
-АН-ын байр суурь үнийн өсөлттэй холбогдуулж одоогийн Засгийн газарт ямар дүн тавих вэ?
-Муу дүн тавина. Өнөөдөр Засгийн газар нь байгаа. Хүн бүхэн УИХ-ын гишүүдийг тангарагаа өргөөд Засгийн газраа байгуулаасай гэж байгаа. Одоо УИХ ч байна Засгийн газар ч байна. Энэ нөхдүүд цалингаа аваад албан тушаалаа хашаад явж байгаагийн хувьд ард түмний амьдралд нөлөөлж байгаа энэ асуудлыг Засгийн газар л шийдэж чадахгүй юм бол бушуухан зайгаа тавих ёстой. Бидхүний амь нас хөнөөсөнтэйгээр холбогдуулж УИХ-аар хэлэлцүүлсэн.Олонхиороо Засгийн газраа аваад үлдсэн. Тэгэхээр эрх баригчдыг нийгэмд учирч байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдэх чадвар байхгүй гэдгийг ард түмэн тэртэй тэргүй сонголтоороо хэлчихсэн. Мэдээж тэр сонголтыг хулгайлж будилуулж гарч ирсэн. Түүнийхээ үр дүнг амсах болно. Монгол хүнийг үнэ цэнэтэй байлгадаг. Монголын төрийг шударга зарчимтай байлгадаг тэр шаардлага үйл ажиллагаанаасаа буцахгүй. Нэхэл хатуу байх болно. УИХ, Засгийн газар байгуулагдах эхний өдрөөс асуудлыг бид тавина.
-Нийгмийн амьдралд ийм нөхцөл байдал үүсчихээд байгаад Засгийн газар ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Наад зах нь нэмэгдэж байгаа үнийн талаар тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Ард түмнийхээ өмнө гарч ирээд үг хэлэх ёс суртахууны эрхгүй эрх баригчид байна. Олимпын аваргатай болсноор талбай дээр хүмүүс гарч ирсэн байх. Өөрөөр наадмаа ч үзэж чадахгүй зугатаж байсан хүмүүс. Ард түмнээсээ эрх мэдэлтэй удирдагчид тийм хүмүүс гэдэг бол шал өөрөөр ажилладаг. Үнийн өсөлтийг тайлбарлах ёстой. Жишээ нь ноолуураа худалдаж авахгүй байгаагаа АН руу чихэж байна. Олимпоос алт аваагүй байсан бол буруугаа АН руу чихэх юм байна л даа. Аль 5 дугаар сард УИХ-ын тогтоол гаргаад Монгол улсын хөгжлийн сангаас тэр мөнгийг гарга гээд заагаад өгчихсөн байхад хэрэгжүүлээгүй. Ард түмнийг хулхиддаг худал хэлдэг албан тушаалтантайгаа хариуцлага тооцдоггүй сандал ширээнээсээ зууралддаг энэ байдал эцэс болгох ёстой.
-Танай нам бүх нийтийн санал асуулгыг дэмжих үү?
-7 дугаар сарын 1-ний өдөр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг талаар ярихгүй. Ард түмнийхээ хийсэн сонголтоор бахархаж байна. Монголчууд үнэхээр ардчиллын зөв бодлогыг дэмжсэн. Тэр сонголтыг луйвардаж авсан этгээдүүдийг хараад ой гутаж байна гэж хэлсэн байр суурь хэвээрээ байгаа. Сонгуулийн дүн болон 7 дугаар сарын 1-ний үйл явдалд ой гутаж байгаа хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдэж байгаа. Тэр цуст мөрөө баллах гэж эрх мэдэлтнүүд зүсэн зүйлийн юм хийж байна. Хүн буудсан хүнээ сувилалд явуулаад, алтны компаниудын манаачаар илгээгээд, бууных нь эд ангийг хүртэл солих зэргээр балиар юмнуудыг хийж байна. Мэдээж цагдаа тэдний удирдлагатай холбоотой асуудлыг прокурорын байгууллага арай тусдаа институт шалгаж байна. Хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд нь өөрсдөө өөрсдийгөө өршөөгөөд байна. Иргэнээ өршөөдөг нийгэм байгуулъя гэж байгаа. Тэр алхам нь монголын ирээдүйд ард түмний сонголтыг булаасан, бий болсон үзэн ядалт хуваагдлыг засах цагаан сүүн зам болох байх. Монголын түүхийг харахад иргэнээ шийтгэхээсээ илүү өршөөх нь илүү байсан.
Нууц товчоон дээр Чингэс хааны баримталсан бодлого өршөөл байсан. Бидний барьж байгаа бодлого ч тийм. Нэг зүйлийг хэлэхэд УИХ-ын чуулган 7 дугаар сарын 23-нд эхлэхэд АН зөвшөөрөөгүй. Зарим нь зөвшилцөж ороод гарчихлаа гээд байгаа. Эхнээсээ бид Ерөнхийлөгчид анхааруулж байсан. Хууль бус бичиг ирүүллээ. СЕХ тогтоол гаргаагүй байна. Та үүнийг хүлээн зөвшөөрч хурал зарлаж болохгүй гэж хэлж байсан.
-З.Энхболд гишүүн дэлгэрэнгүй, хураангүй гэдэг дээр нэлээд гацсан гэж байсан. Энэ нь нэг зүйлийн хоёр тал байсан юм биш үү?
-Бид 2004 онд зөвшилцөл нэрээр хаширсан. Тухайн үед гарын үсэг зурж Засгийн газраа байгуулсан. Эргээд МАХН-аас асуудал тавиад зөвшилцөлийг удаа дараа устгаж байсан. Эвслийн засгийн газар хамтарч ажиллах олонх цөөнх нь бие биенээ хүндэтгэж ажиллах үйл ажиллагааг явуулахын тулд парламентийн шийдвэр хэрэгтэй юм билээ. Зөвшилцөлийн төгсгөлд нэг өгүүлбэр байгаа. Дээрх зөвшилцсөн асуудлыг УИХ-ын тогтоол болгож гаргана. Үндсэн хууль гээд бичсэн нэрний асуудал биш цаад талд эзнийг тодруулж өгье гэдэг асуудлыг тавьсан. Мэдээж энэ тал дээр сэтгэл хангалуун биш гишүүд манайд байгаа.
-СЕХноос гацаанаас гаргаж чадахгүй бол яана?
-СЕХ-ны асуудал 76 гишүүнийг 14 хоногийн дотор өргөн барих ёстой. Сонгуулийн маргаантай тойргууд дээр сонгуулийн анхан шатны байгууллага нь шийдвэрээ гаргаад түр үнэмлэхээ олгосон. Яг үнэндээ бүх асуудал АН-аас болж саатсан юм байхгүй. МАХН-аас болсон. Тэр СЕХ-ны дарга Б.Баттулга гэдэг нөхөр МАХН-ын бүтээгдэхүүн. Энэ хүнтэйгээ Удирдах зөвлөл нь дуудаад 76 гишүүний асуудлыг өргөн барь гэдэг асуудлыг тавих ёстой. МАХН зөвшилцөл эхэлсэн өдөр гарч ирээд Үндсэн хуулийн үндсэн зарчмуудыг барьж ажиллана. Хуулиа хэрэгжүүлнэ. Хүний эрхийг хүндэтгэнэ. Асуудлыг хүчирхийлэл албан тушаалын давамгайлалаар шийдэхгүй гэдгээ баталгаажуулааад хэрэгжүүлээд эхэлнэ. Яг үнэний хэлэхэд МАХН дотор бялуу хуваах ажил нь дуусаагүй учраас өнөөдрийг хүртэл ийм байдалтай байна. Өнөөдөр Хууль зүйн сайдаар хэнийг томилох вэ гээд толгой нь эргээд сууж байгаа. Орж ирэхгүй байгаа хоёр тойргийнх нь асуудлыг хар л даа. Дорнодын тойрог Одбаяр, Баянголын тойрогт Мөнх-Оргил байдаг. Нөгөө СЕХ-ны дарга Б.Баттулга нь хуульч ухаантай. Би намд ингэж мундаг гавьяа байгуулсан. Намайг ХЗДХ-ийн сайд болгооч гээд тулгачихсан. Нөгөө Ц.Нямдорж нь ард нь суусан. УИХ хуралдвал УИХ-ын даргаар үлдэнэ. Унавал ХЗДХ-ийн сайд болно. Тийм учраас нөгөө талд ийм өрсөлдөгч нар орж ирэх ёсгүй гэдэг байр суурьтай байгаа. Зөвхөн нэг албан тушаал тойроод ийм байна. УИХын дарга тойроод юу болж байна гэж бодож байна. УИХ-ын тангараг өргөсөн өдрөөс наадуул чинь юу болох вэ. Дайн болно. Энэ бухэн нь ил гарах ёстой. Одоохондоо далд явагдаж байгаа. Энэ нь АН-ын нэрээр. Үнэ өссөн ч АН руу чихдэг. Өөрсдөө хариуцлагагүй үйлдэл хийгээд АН руу чихдэг үйл явц өнөөдөр дуусгавар болно.
Эх сурвалж: Маш нууц