Ж.Батзандан: Соёлын өвийг шатаадаг, хүн алдаг, үй олноор нь хэлмэгдүүлдэг ганц л нам бий

2008/08/22
Share |
Хүмүүс: Ж Батзандан | 
Ж.Батзандан: Соёлын өвийг шатаадаг, хүн алдаг, үй олноор нь хэлмэгдүүлдэг ганц л нам бий

ИХ намын дарга Ж.Батзандан `Ганц худаг`-ийн урьдчилан хорих төвд 33 хоног хоригдсоны эцэст батлан даалтанд гараад байгаа билээ. Батлан даалтанд гарсан даруйдаа арав гаруй хоног эмнэлэгт хэвтэж, биеэ тэнхрүүлсэн тэрээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

-Таныг хэргийн болон мөрдөн байцаалтын талаар олон нийтэд дэлгэхгүй байхыг анхааруулсан гэсэн үнэн үү?
-Шүүх, прокурорын зүгээс хуулийн дагуу асуудлыг улс төржүүлэхгүй байх шаардлагыг тавьсан. Гэхдээ батлан даалтанд гарсан даруйдаа арав гаруй хоног эмнэлэгт хэвтэж биеэ эмчлүүллээ. Энэ шалтгаанаас болоод хэвлэлийнхэнтэй нээлттэй байж чадалгүй бага зэрэг цаг алдсан. 

-`Ганц худаг`-ийн урьдчилан хорих төвд байхад тань хэргийг хүчээр хүлээлгэх ч гэдэг юм уу, ямар нэгэн шалтгаанаар дарамталснаас бие тань муудсан гэж ойлгож болох уу?
-Тийм зүйл гараагүй. Харин ч албан хаагчид нь надад хүнлэгээр хандаж байсанд би их баярлаж байгаа. Харин баривчлагдсан жирийн залуусыг зодсон асуудал гарсан. Тэдгээр залуусын эрхийг хамгаалах талаар зохих байгууллагад нь хандаад байна.

- О.Магнайг яагаад суллахгүй байна вэ?

- О.Магнайг удахгүй суллах байх гэж найдаж байна. Гэхдээ намайг О.Магнайгаас өмнө баривчилж хорьсон. Гэтэл хүмүүс О.Магнайг яагаад баривчлахгүй байна вэ гэж асуугаагүй шүү дээ. Гэхдээ О.Магнай ч, Ж.Батзандан ч хэрэг хийгээгүй. Нэг л юмыг би маш итгэлтэй хэлж чадна. Монголын отгон гэж хэлж болох ИХ нам хамгийн их хэлмэгдэлтэд өртөж, зовж тарчилж байна. Монгол улсын түүхэнд нэг намын удирдлага дарга, дэд даргатайгаа хоригдож байсан удаагүй. МАХН өөрийн намынхаа дарга нарыг барьж цаазлаж байсан түүх олон бий. Мөн Монголын түүхэнд соёлын өвийг шатаадаг, хүн алдаг, иргэдийг үй олноор нь хэлмэгдүүлдэг ганц л нам бий. Энэ бол МАХН. Коммунистууд одоо хүртэл оршсоор байна, Монголын ард түмэнд аюул занал учруулсаар байна. XXI зуун гарчихаад байхад олон зуун иргэдийг хомроголон баривчилж, улс төрийн хоригдол төрүүлж байна гэдэг аймшигтай.

-Үймээний үеэр гарсан хүн амины хэрэгт холбогдуулан арав гаруй цагдааг баривлаад байна?
-Цагдаа гэдэг чинь жирийн иргэдийн нэг хэсэг. Жирийн иргэдийн эсрэг жирийн иргэдийг нь турхирчихаад одоо золионд гаргаж байна. Бид тэдгээр цагдаагийн гэр бүлийнхэнтэй байр суурь зуун хувь нэг байгаа. Цагдаа нарт бус тушаал өгсөн хүмүүстэй нь хариуцлага тооцох ёстой. Тушаал өгсөн хүмүүс нь тодорхой. ЦЕГ-ын дарга, ХЗДХЯ-ны сайд. Энэ хүмүүсийг яаралтай огцруулж, баривчилж шалгах хэрэгтэй.Бид 7 сарын нэгний үйл явдлаас үүдэн гарсан нөхцөл байдлын талаар Засгийн газар сануулга хүргүүлж байгаа. 

Уг сануулгад `Улс төрийн хямрал чинь эдийн засгийн хямрал болж өргөжлөө. Яаралтай арга хэмжээ авахыг сануулж байна. Эс тэгвэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үнийн хөөрөгдлийг нийслэлийн иргэд ирэх аравдугаар сард илүү их мэдрэх болно. Цахилгаан, дулаан, нүүрсний үнэ яаж нэмэгдсэнийг тэр үед мэдрэнэ. Харин ард иргэд туйлдаа хүрээд босох юм бол бид хариуцлагыг нь хүлээхгүй гэдгээ мэдэгдэж байна.

Инфляци одоо 30-40 хувьд хүрчихээд байхад Засгийн газар, Статистикийн үндэсний төв худал мэдээллийг иргэдэд тарааж байна. Тиймээс инфляцийг бууруулахын тулд импортын татварыг яаралтай тэглэхийг шаардаж байна. Мөн дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнтэй адил төстэй импортын барааны гаалийн татварыг 24 хувь хүртэл өсгөхийг шаардаж байна. Эс тэгвэл ирэх аравдугаар сард юу болохыг бид хэлж мэдэхгүй байна` хэмээн дурдсан болно.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.