Үндэсний баатар Н.Түвшинбаярыг хувийнхаа өмчөөр бүртгүүлэх гэсэн хүмүүс хоорондоо зодолдох нь ээ

2008/08/22
Share |
Үндэсний баатар Н.Түвшинбаярыг хувийнхаа өмчөөр бүртгүүлэх гэсэн хүмүүс хоорондоо зодолдох нь ээ

Олимпоос алтан медаль авсан орны иргэд гэдэг цаанаа л өөр байдаг юм байна. Дээр нь мөнгө авчихсан болохоор бүр ч пээдгэр. Боксын хоёр ч тамирчин маань хүрэл медалийн болзол хангаад манайхан нэг их сүйд болж тоосон янзгүй иймэрхүү юм авч л байдаг юм гэсэн шинжтэй ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй хүлээж авсан нь үүнийг гэрчиллээ. Мэдээж Олимпийн аварга гэдэг бол яалт ч үгүй дэлхий нийтэд Монголыг маань төлөөлөх нэрийн хуудас. “Сайхан хүү төрүүллээ гэж бодсон чинь ард түмний хүү байж” хэмээн олимпийн алтан медальт Түвшинбаярын ээж Цэнд-Аюуш гуай ярьсан байсан нь ч сэтгэлд нэг л өөг бууж байлаа. Нээрээ л Олимпийн аварга маань аль нэг намын ч юм уу компаний эсвэл хувь хүний өмч биш нийт Монголын ард түмний хүү мөнөөс мөн билээ. Гэвч сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг хараад байх нь ээ олимпийн аваргыг маань хувьдаа данслан авах гэсэн баахан хүн эид тэндээс гарч ирээд хоорондоо өрсөлдөн хэдэн талаас нь чангаагаад байх шиг. Олимпийн аварга болсон тухай мэдээлэл цацагдсанаас эхлээд л “Би л анх Түвщинбаярыг гараас нь хөтлөн их спортод оруулж ирээгүйбол өдийд Монгол улс…” гэсэн утгатай зүйл ярьсан хүмүүс борооны дараах мөөг шиг олноороо гарч ирсэн билээ. Түвшинбаярыг дунд сургуульд байхад нь биеийн тамирын хичээл зааж байсан багшаас нь эхлээд УИХын гишүүн хүртэл олимпийн аваргыг бий болгосон алдар гавъяатны тоонд багтахаар цээжээ дэлдэн гарч ирсэн нь нэг талаараа инээдтэй ч юм шиг. УИХын гишүүн, “Аварга” дээд сургуулийн захирал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ олимпийн аварга Түвшинбаярыг өөрийнхөө “уран бүтээл” хэмээн сурталчилж эхэлсэн боловч Булганы харъяат ЗТАЖЯ-ны сайд асан хурдан морь уяач Ц.Цэнгэл хаа явсан газар нь дагалдан гүйж “Түвшинбаяр миний өмч хөрөнгө” гэх нь холгүй явж байна. Төрийн ордонд Хөдөлмөрийн баатар цолоо гардан авсаны нь дараа Түвшинбаярын аманд диктофон тулгаад барьчихсан сурвалжлагчийн үүрэг гүйцэтгээд зогсч ч байх шиг. Гэтэл түүний урдуур “Женко” Баттулга бөөрөн дээрээ “Монголын жүдогийн холбоо” гэсэн бичигтэй сунайсан урт цагаан лимузинтайгаа, хөндөлсч байгаад төрийн ордоноос хөдөлмөрийн баатар цолоо гардан аваад гарч ирэхэд нь газар гишгүүлэлгүй булаан авч машиндаа чихээд одож ч байх шиг. Дээрхи гурван товарищтай барьцалдаад “Авзага”-ын Мэндбаяр гэдэг нөхөр бас “Би л гараас нь хөтлөн “Аварга” дээд сургуульд оруулж өгч байлаа. Яг л аав ээж нь хүүхдээ сургуульд оруулж өгдөг шиг…” хэмээн ярьсаар голоор нь ороод ирж ч байх шиг. Энэ мэтээс харж байхад олимпийн аваргыг өмчлөх гэсэн хүмүүс алалцах нь ээ алалцах нь. Ямар сайндаа олимпийн аваргын төрсөн ах нь хүртэл дүүгээ олж харахаа байгаад “Ирсэнээс нь хойш янз бүрийн хүмүүс ирж уулзаад унтаж амрах ч завгүй муу дүү маань нойрны халуун болчих гээд байна” хэмээн сэтгэл зовнин ярьж суухав. Арай бизнесменүүд маань ард түмний ганц бахархал болсон хүүг өөрийнхөө хувийн өмч хэмээн бүртгүүлчих юм биш байгаа. Тэгээд Авилгатай тэмцэх газар хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөхдөө “Хоёр машин, гурван хаус, нэг олимпийн аваргатай” хэмээн хүснэгт бөглөж суух юм биш биз. Тэдгээр хүмүүст аваргыг маань битгий авч зугтаад бай. Ард түмэнд нь үлдээ гэж хэлмээр ч юм шиг. Их хурлын гишүүд бизнесменүүдээс гадна орчуулагч бөө Арго багш, “Чингис хааны академи”-ийн Давааням мэтийн хүмүүс хүртэл “Бид л тэнгэрийн үүд нээж Мөнх тэнгэрээ аргадсаны хүчинд Түвшинбаяр маань алтан медаль хүртлээ” хэмээн ач тусаа сайрхсаар гараад ирсэн гэсэн. Үнэхээр ач тусаа өгч нэмэр болсон бол гавъяа зүтгэлээ дурсалгүй л яахав. Гэтэл яаж тус болсон нь үл ойлгогдох хүмүүс ийнхүү аваргыг тойрон язганаж байгаа нь харамсалтай. Уг нь үнэн хэрэгтээ Түвшинбаярыг олимпийн аварга болоход нь хамгийн их гавъяа байгуулсан хүн бол түүний дасгалжуулагч Ж.Болдбаатар шүү дээ. Гэтэл тэр дуугуй л сууна. Мөн түүний бяр хүч, авъяас чадлыг задалж өгсөн бэлтгэл хангагч бусад бөхчүүд нь ч гэсэн таг дуугүй л байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нэр төрийн хэнээтнүүд олимпийн аваргыг маань бохир улс төрийнхөө эмблем болгоод ашиглачих вий гэж залбирах минь. Энэ маягаараа бол удахгүй болох орон нутгийн сонгуулиар нэр дэвших нөхдүүд Түвшинбаяртай хамт авахуулсан зургаа гудамжинд нааж, аль нэг нам нь олимпийн аварга манай намыг дэмжиж байна гэсэн реклам цацаад унах байлгүй. 2012 оны УИХ-ын сонгуульд Түвшинбаярыг дэвшүүлнэ хэмээн балайрч ч магадгүй. Эцэст нь өгүүлэхэд Үндэсний баатар минь энэ бүх хатгалганд авталгүй улс төрөөс ангид спортынхоо хүрээнд байж дараа дараачийн олимпдоо улам илүү амжилт үзүүлнэ гэдэгт ард түмэн чинь итгэж байна.

эх сурвалж: Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.