УИХ-ын 24-р тойргоос нэр дэвшсэн ИХН-ын Г.Уянга: Долдугаар сарын нэгний үймээн зөвхөн эхлэл, дараагийн удаа ард түмэн зэвсэгтэй ирнэ

2008/08/22
Share |
Хүмүүс: Г Уянга | 
УИХ-ын 24-р тойргоос нэр дэвшсэн ИХН-ын Г.Уянга: Долдугаар сарын нэгний үймээн зөвхөн эхлэл, дараагийн удаа ард түмэн зэвсэгтэй ирнэ

“Улс орон, нийгмээ дарангуйлж байсан олон улс төрчийн үхэл жам ёсны байгаагүй. Ард түмнээ басан доромжилж байсан олон нэртэй улс төрч шанд нь өөртөө цаг бус үхэл авчирч байсан түүх бий. Энэ үгийг манай эрх баригчид санах хэрэгтэй” гэж Иргэний хөдөлгөөний намын гишүүн, УИХ-ын 24 дүгээр тойргоос нэр дэвшсэн Г.Уянга ярьж байна. Ингээд ярилцлагаа уншигчиддаа хүргэж байна.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшсэний хувьд энэ удаагийн сонгуулийг хэрхэн дүгнэх бол?
-Сонгууль шударга биш болсон гэж үзэж байгаа олон хүнтэй би санал нэг байгаа. Олон нийтийн сэтгэл зүйг харахад энэ парламент, энэ улс төрийн чиг хандлагыг өөрчлөх гэсэн маш их хүсэл тэмүүлэл байсан. Сонголтоо ч бас тэгж хийсэн.. Гэтэл яг үнэндээ өнөөдрийн шинээр сонгогдсон гэж байгаа парламент өмнөх парламентаас зарчмын хувьд ямар ч өөрчлөлтгүй парламент гарч ирсэн. Улс төрийн гол тоглолтыг хийдэг, нөгөө л гол хорыг найруулдаг хүмүүс хэвээрээ гарч ирсэн. Тухайлбал М.Энхболд, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Ч.Улаан гээд бүгд гарч ирсэн. Кнопууд өөрчлөгдсөн. Энэ бол зарчмын өөрчлөлт биш. Иргэний нийгмийг төлөөлж байсан хүмүүс гарсангүй. Сонгуулийн булхай луйвар ил тод, далд хэлбэрээр зөндөө хийгдлээ. Хамгийн наад захын ил луйвараар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Д.Баттулгын санал авах өдөр хийсэн, илт хууль зөрчсөн мэдэгдлийг нэрлэж болно. Тийм учраас сонгууль яах аргагүй шударга бус болсон. Энэ парламент маш нэр хүндгүй, үнэ хүндгүй парламент байна байх аа гэж бодож байна.
-Сонгууль будлиантай, луйвартай болсон гэдэг тал дээр тодорхой баримттай ярих хэрэгтэй байх. Таны нэр дэвшсэн 24 дүгээр тойрог дээр будлиан цөөнгүй байгаа гэж сонсогдсон?
-Маш их баримт байгаа. Бид хуулийн дагуу тойргийнхоо хороонд баримтуудыг гаргаж өгсөн. Жишээлбэл миний нэр дэвшсэн 24 дүгээр тойрогт 22 хэсгийн хорро ажилласан. 22 хэсгийн хороон дээр ажилласан манай бүх ажиглагчдыг ажиллах боломжийг огт олгоогүй. Хэний авсан саналыг хэн ч гэж дуудаж байгаа юм бүү мэд. Мөн 22 цаг болж, санал авах ажил дуусч, санал авах байр хаах үеэр маш олон хүнийг бөөнөөр нь оруулж, санал өгүүлсэн. Тэнд жинхэнэ эмх замбараагүй байдал үүсч, хонь хурга нийлж байгаа мэт бужигнаан болсон. Энэ мэтчилэн маш их булхай луйвар болсон. Сүүлд нь манай өрсөлдөгчид хамтарч, АН-аас дэвшсэн Р.Бурмаа, МАХН-ын нэр дэвшигчид нийлээд хэвлэлийн бага хурал зарлаж, тойргын хороо, СЕХ-нд баримтуудаа гаргаж өгсөн. Би гэсэн өөрийн ажиглагчдын надад өгсөн . баримтуудыг бичиж өгсөн. Миний хувьд ямар байр суурь баримталсан гэхээр өөрөө өрсөлдөж байгаа анхны сонгууль, сонгууль ерөнхийдөө дандаа булхайтай болдог гэдгийг мэддэг. Өөрөө өрсөлдөгчийн хувиар луйвардуулсан юм зөндөө байсан, миний ажиглагчдын зүгээс ч баримтуудыг надад өгсөн. Гэхдээ би хувь хүнийхээ хувьд тэр болгонд хүчтэй, эсэргүүцэл илэрхийлээгүй л дээ. Миний сонгогчид надад хангалттай санал өгсөн. 20 хувийн 10000 гаруй хүний санал гэдэг бол чамлахаар санал биш. Тэглээ гээд энэ тэмцлээ зогсоож, булхай луйвартай тэмцэхгүй байх нь шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байгаа. Тийм ч учраас би зохих шатны байгууллагуудад нь гомдлоо тавьсан.
-Сонгууль луйвартай ч бай шударга бус ч бай ямар ч байсан болдгоороо болоод өнгөрлөө. Цаашдаа УИХ-ын үйл ажиллагаа нь цэгцэрч шинэ гишүүд тангаргаа өргөх шинжтэй болчихлоо гэж олон хүн бодож байгаа. Таны хувьд сонгогчиддоо амлаж байсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжоор хэр байх бол?
-Иргэний эвслийнхэн мөрийн хөтөлбөрийг сонгуулийн өмнө бодож олоогүй. Өнгөрсөн дөрвөн жилийн турш жагсаж, тэмцэж, шаардаж байсан өөрсдийн бий болгоё гэж бодож байсан зүйлүүдээ мөрийн хөтөлбөр болгож тусгасан байсан. Би жишээлбэл сонгогчиддоо “Хэрвээ би сонгогдвол юуны өмнө УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болгоно. Хороо дүүргийн бүх шатны засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болгоно. Ийм өөрчлөлтийг би хамгийн түрүүн хийнэ” гэж амлаж байсан. Иргэний эвсэлээс бидэнд төлөөлөл, нэг суудал байгаа. Тэр суудлаараа дамжуулан энэ бүхнийг УИХ-д өргөн барина. Тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ. УИХ-ын сонгууль хүний бүхэл амьдрал биш. Гэхдээ асуудал шийдэхэд бидний тэмцэлд дахин нэг шат ахихад маш чухал үйл ажиллагаа мөн байсан. Гэсэн ч гэсэн бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бидний өмнө хийх ажил маш их байна. Иргэний хөдөлгөөн чигээрээ парламөнтын гаднаас ч гэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, өмнө хийж байсан ажлаа хийх болно. Миний хувьд сониноо гаргана, дуу хоолойгоо урьдын адил илэрхийлнэ. Шударга бус зүйлтэй тэмцсээр байх болно. Дараагийн сонгууль нэг л мэдэхэд хаяанд ирчихсэн байна. Энэ УИХ асуудлыг шийдэхээргүй Их хурал гарлаа гэж би үзэж байгаа. Олон бухимдлыг намжааж чадахгүй их хурал гарлаа. Өнөөдөр бензин шатахууны үнийг энэ төр засаг хянаж чадахгүй байна. Эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж байна. Энэ бүх асуудлыг энэ Их хурал шийдэж чадахгүй. Шийдэж чадах зоригтой, шинэчилж чадах шинэ хүмүүс гарч чадсангүй. Тэгэхээр эна дөрвөн жил бухимдал үргэлжилсээр байх болно.
-Тэгвэл та дараагийн сонгуулийн бэлтгэлдээ хэдийн орчихжээ дээ?
-Би 2012 оны сонгуульд дахиад нэр дэвшинэ гэж бодож байгаа. Ер нь бидэнд маш их хийх ажил байна. Хамгийн нэгдүгээрт сонгуулийн булхай, луйвар долдугаар сарын нэгний хэрэг явдлаас үүдээд СЕХ-г өөрчлөх шаардлагатай. Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ харлаа шүү дээ.
-Нийгмийг өөрчилж, ард тумний амьдралд нэмэр болохгүй УИХ гарлаа гэж та хэллээ. Тэгэхээр таны бодлоор одоо яах ёстой юм бол?
-Миний бодлоор энэ сонгуулийг дахин явуулах ёстой. Дахин явуулахын тулд СЕХ-ны бүрэлдэхүүн өөрчлөгдөх ёстой. Одоогийн байгаа шударга бус бүрэлдэхүүн биш сонгуульд оролцож байгаа нам хүчний төлөөллөөс ижил тэнцүү бүрэлдсэн, хэвлэл мэдээлийнхний өргөн хяналттай СЕХ байгуулах ёстой. Дээрээс нь сонгуулийн болж бүтэхгүй хуулийн заалтуудыг өөрчлөх хэрэгтэй. Мөн сонгуулийн тойргийг өөрчлөх ёстой. Энэ мэтчилэн олон зүйлийг хийх хэрэгтэй байна. Тэгэхээр энд бараг хувьсгалын шинжтэй томоохон засварууд орох болчихоод байна. СЕХ-г УИХ-аас томилдог. Знэ УИХ ийм шударга өөрчлөлтийг хийж чадахгүй.Тэгэхээр хуучин ч бай, шинэ ч их хурал тарах ёстой. УИХ задрахаар Засгийн газар өөрөө үүрэг гүйцэтгэгч болж хувирна. Тэгээд бүх ард түмний онц их хурлыг хуралдуулах ёстой. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, томоохон лидер, иргэний хөдөлгөөнүүд нам намын төлөөлөл оролцсон их хурлыг зохион байгуулах ёстой. Энэ их хурал түр байна. Байх хугацаандаа Үндсэн хуульд шаардлагатай өөрчлөлтүүдийг, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна. Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна. СЕХ-г өөрчлөөд, ээлжит бус сонгуулийг зохион байгуулах ёстой. Ингэж байж дараагийн их хурлын гишүүд тангараг өргөснөөр бүх ард түмний их хурал үүргээ гүйцэтгээд дараагийн их хуралд эрхээ шилжүүлээд бүх зүйл эмх цэгцэндээ орох ёстой гэж бодож байна. Энэ бол үнэхээр хүнд өөрчлөлт, хувьсгалын шинжтэй өөрчлөлт. Үүнийг хэрвээ тайван замаар хийж чаддаг бол бид үнэхээр их амжилт олно. Энэ бол улс төрийн, намуудын хоорондын зөвшилцөл биш нийгмийн томоохон зөвшилцөл болно.
-Яг ийм зөвшилцөл монгол оронд хэрэгтэй байна.
-Сонгуулийн үр дүнтэй холбогдуулаад ард түмэн жагсаал хийсэн. Жагсаал сүүлдээ бослого болж, Монголчууд маш их хохирол амссан. Та долдугаар сарын нэгний үймээнийг болох ёстой зүйл болсон гэж үзэж байна уу эсвэл арай ч хэтэрчихлээ гэж үзэж байна уу?
-Би хэтэрсэн гэж бодохгүй байна. Маш олон жилийн уур бухимдал тэсэрч гарсан үзэгдэл гэж бодож байна. Ерөнхийдөө амьдарч байгаа нийгэм нь болж бүтэхгүй байгаад бухимдсан, түүнийгээ илэрхийлэх гэж эгэл жирийн олон иргэн тэнд цугласан байсан. Зүгээр нэг үймээн самуун дэгдээгчид байгаагүй. Яг тухайн үед тэнд очсон бол миний ярьж байгааг харж болохоор байсан. Тэгэхээр долдугаар сарын нэгэнд нийгмийн зүй ёсны бухимдал тэсэрч гарчээ л гэж ойлгож болно,
Долдугаар сарын нэгний үйл явдлыг ярихдаа асуудлыг нэгтгээд, хамтатгаж яриад хүмүүсийг будлиулаад байна.Тэнд үймээн самуун эмх замбараагүй байдал болсон. Гэхдээ үүнийг иргэдийн улс төрийн тэмцлээс ялгаж тусад нь авч үзэх хэрэгтэй. Би иргэдийн улс төрийн тэмцлийг зөв гэж үзэж байгаа. Долдугаар сарын нэгний үймээн самуун, эмх замбараагүй байдлаас үл хамаарч энэ тэмцэл үргэлжилж байгаа. Цаашдаа улам ч хүчтэй өрнөх байх гэж бодож байна. Үймээн самуун, эмх замбараагүй байдал, галдан шатаасан, дээрэм хийсэн, хэвлэл мэдээлийн байгууллага руу дайрч, халдсан зэрэг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж тусад нь шалгах ёстой. Эдгээр үйлдэл нь улс төрийн үйл ажиллагаанаас огт өөр тусдаа эрүүгийн хэрэг.
-Үймээн самууны улмаас олон иргэнийг цагдан хорьж, тэдний эрхэнд халдсан. Хоригдож буй 200 гаруй иргэдийн дотор гэм зэмгүй олон иргэн байгаа гэж ар гэрийнхэн нь ярьж байгаа. Энэ талаар?
-Телевизийн бичлэгийг харахад галдан шатааж байгаа, хулгай дээрэм тонуул хийж байгаа этгээдүүд ил тод харагдаж байгаа. Мэдээж тэдэнд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хоригдож байгаа хүмүүсийн дотор саналаа луйвардуулсан, улс төрийн тэмцэл хийж байсан мөн сонирхоод явж байсан гэм зэмгүй иргэд байгаа. Тэднийг хурдан суллах хэрэгтэй. Тэдгээр иргэдэд саатуулах баримт олдохгүй байгаа бол гадуур шалгах ёстой. Тэгж хүний эрхийг зөрчиж, цагдан хорьж болохгүй. Жишээлбэл манай О.Магнай үймээн самуун эмх замбараагүй болсонтой огт хамаагүй. Харин ч бүр үймээн самууныг зогсоох гэж тэмцсэн. Улс төрийн тэмцэл хийж байсан жирийн иргэдийн адил О.Магнай тэнд байсан. Би ч гэсэн тэнд байцан, оролцсон. Гэхдээ би улс төрийн тэмцэл хийж, шударга бус сонгууль, энэ нийгмийн болж бүтэхгүй булай зүйлийн эсрэг О.Магнай бид хоёр яг адилхан. Тийм учраас О.Магнайг суллах ёстой. О.Магнай бол улс төрийн үзэл бодлоо илэрхийлж, түүнийхээ төлөө хоригдож байгаа хүн. Түүнтэй адил сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаж байсан хүмүүсийг суллах ёстой. Саяхан прокуророос улс төрийн хэргээр баривчлагдаад байгаа О.Магнай болон бусад хүмүүст тулгасан ЭХ-ийн ТА-ийн 177 дугаар зүйлийг хасах санал УМБГ-т явуулсан гэж би сонссон. Үнэн юм зүй тогтлоороо шийдэгдэх, шударгаар шийдэгдэх хандлагатай болж байгаа юм болов уу гэсэн горьдлого надад байна.
-Тухайн үед онц байдал зарласан нь та бүхний дургүйг хүргээд байх шиг байна?
-Өнөөдрийн нөхцөл байдал онцгой байдал. Онцгой нөхцөл байдлыг онцгой арга замаар шийдвэрлэнэ. Түүнээс эгэл жирийн байдлаар шийдэгдэх ямар ч бололцоогүй болчихсон. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй, энэ хоёр том нам зөвшилцлөөрөө бүхнийг шийднэ гээд яваад байвал нийгмийн бухимдал улам бүр даамжирна. Долдугаар сарын нэгний үйл явдал зөвхөн эхлэл, зөвхөн дохио. Тэгэхээр илүү аймшигтай юм болгож, өшөө олон хүнийг аллага маягийг ,хурц байдалд оруулахгүйн тулд наана нь өргөн хүрээний зөвшилцөл хийх хэрэгтэй гэж би бодож байна. Ерөнхийлөгч онц байдал зарлалгүй асуудлыг шийдэх бүх боломж байсан. Усаар шүршихэд л тэр хүмүүс тарах байсан. Бараг жагсаал цуглаан тарчихсан байхад ерөнхийлөгч онц байдал зарлаж, гудамжаар зүгээр явж байгаа хүмүүсийг хойноос нь хөөж намнаж буудаж алсан. Долдугаар сарын нэгний үйл явдал манай нийгмийн бухимдлыг сайхан харуулсан. Нийгмийн бухимдал үнэхээр аймшигтай байдалд хүрчээ. Эрх барьж байгаа МАХН, АН-ын дарга нарт “Та нар энэ хямралыг нэн яаралтай зогсоож, өөрсдийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, нийгмийн зөвшилцөлд шударгаар оролцох нь хамгийн зөв гарц. Хүчээр барьж, олон нийтийн тархийг угаах гэсэн арга чинь бухимдлыг улам даймжруулж та нарт ирэх ялыг хүндрүүлж байгаа хэрэг шүү” гэж хэлмээр байна. Таван хүнээ буудуулсан ар гэрийнхэн “Бид талийгаачийнхаа 49 дэх хоногийг дуустал чимээгүй байна” гэсэн байсан. Ер нь маш олон хүн дотроо бухимдсан ч байдлыг хүлээцтэй харж байна. Над руу хүмүүс яриад “Аан ойлголоо.Одоо жагсаалд зэвсэгтэй ирэхгүй бол болохгүй юм байна. Эд нар зэвсэгээр жагсаалыг тараадаг юм байна. Тэгэхээр бид дараагийн удаа зэвсэг хэрэгтэй юм байна” гэж байна. Тэгэхээр ийм байдлаас урьдчилсан сэргийлж нэн яаралтай нийгмийн өргөн хүрээний зөвшилцөл эрх тэгш үүрэгтэй оролцох ёстой. Иргэний хөдөлгөөний бидэнтэй нэг ширээний ард суух ёстой. Тэгэхгүйгээр та нар энэ асуудлыг шийдэх хүч чадал та нарт байхгүй гэдгийг хэлмээр байна. Эцэст нь дарангуйлагчид нийгмийг дарангуйлалд байлгасан хүмүүсийн төгсгөл ямар байдаг вэ гэхээр дандаа өөрсдийнх нь амь нас нь жам ёсоор биш, цаг бусаар алддаг. Бухимдсан олон түмэнд алуулж амь насаа алдсан маш олон удирдагчид байдаг. Жишээлбэл Муссолини, Че Гавара, Чаушеску нарыг хэлж болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.