Парламентыг засгийн газар эзгүйчилж байна

2008/08/23
Share |
Хүмүүс:
Парламентыг засгийн газар эзгүйчилж байна

"Монгол Улсын Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн..." гэж Үндсэн хуульд заасан нь бий. Үүнээс улбаалан ард түмэн УИХ-ын гишүүнийг сонгодог болохоос Засгийн газрыг санал болгодоггүй. Харин гүйцэтгэх ажлаа хийлгэхийн тулд Засгийн газрыг УИХ байгуулдаг хуультай. Харамсалтай нь захиалагч байгууллагын гацаанаас үүдэж Засгийн газар задгайрч эхэллээ. Яг л төрийн эрхийг барьж байгаа юм шиг авирлах болов. Ерөнхийдөө бол хуулиас давсан тогтоол баталж, хууль зөрчсөн шийдвэр гаргах боломж энэ Засгийн газар, С.Баярын танхимын гишүүдэд олдож гэж ойлгохоор болчихож. Өөрөөр хэлбэл, хариуцлага тооцох парламент нь байгуулагдаагүйг эзгүйчилж Засгийн газрын гишүүд дураараа дургиж байна. Бэлээхэн жишээ нь шатахууны үнэ тойрсон элдэв маргаанууд билээ.

Үйлдвэр, худалдааны яам лоббид орсон гэнэ
Шатахууны үнийн өсөлтөд Сангийн яамны гаргасан шийдвэр нөлөөлсөн гэж Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн билээ. Тиймээс ч Сангийн яамнаас энэ мэдэгдэлд няцаалт өгөхөөр өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Тус яамны Газрын дарга нарын хэлж байгаагаар эрхэлсэн асуудлыг нь булааж авсан Үйлдвэр, худалдааны яам, улмаар хууль зөрчиж тогтоол гаргасан Засгийн газар л шатахууны үнийн өсөлтийн гол буруутан гэнэ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр УИХ НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ хуулийн 11.4-т "...Импортолсон болон дотоодод үйлдвэрлэсэн шатахууны үнийг Засгийн газар тогтооно", 11.3-т "...НӨАТ-ын 0-10 хувиар бодож тооцно" гэж заасан аж. Гэтэл Засгийн газрын долдугаар сарын 9-ний өдрийн 282 дугаар тогтоол нь "Улсын хилээр импортолсон болон дотоодод худалдан борлуулж байгаа шатахууны НӨАТ-ыг тэглэнэ" гэж гарсан байна.

Тодруулбал, улсын хилээр нэвтрэхдээ НӨАТ-аас чөлөөлөгдсөн шатахууныг дотоодын зах зээлд борлуулахад НӨАТ авахгүйгээр тогтоол баталсан гэж Сангийн яам Засгийн газрыг буруутгаж байгаа юм. Мөн татварын хөнгөлөлттэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлэх эрх ганцхан Сангийн яаманд байдаг. Гэтэл Үйлдвэр, худалдааны яам асуудал оруулж, түүнийг нь Засгийн газар хууль зөрчин баталсан гэв. Харин "Сангийн сайд Ч.Улаан ч бас уг хуралдаанд оролцсон. Хууль зөрчиж тогтоол баталж байгааг яагаад тухайн үедээ хэлээгүй юм бэ" гэсэн сэтгүүлчийн асуултад тодорхой хариу өгсөнгүй. Үүнээс үзэхэд, шатахууны үнийн өсөлтөд Сангийн яам ямар ч буруугүй болж таарах нь. Харин дээр өгүүлсэнчлэн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү Сангийн яамны ажлыг булааж, Засгийн газар ч үүнийг дэмжиж хууль зөрчсөн болж байна. Гэтэл Засгийн газрын тухай хуулийн 24.4-т "Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газрын бодлогыг баримтална. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд Засгийн газрын бодлогыг зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ тухай зохих шийдвэрийн төсөл бэлтгэж Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ" гэж тодорхой заасан байдаг. Мөн Засгийн газрын шийдвэр гэж хамтын шийдвэрийг хэлнэ гэдгийг онцолсон нь бий. Тэгэхээр Ч.Улаан сайд танхимын зарчмыг зөрчсөн нь тодорхой болов. Мөн түүний эрхлэх асуудлыг "булааж" авсан Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү ч гэсэн танхимын зарчим зөрчсөн болох нь. Хамгийн гол нь хууль зөрчиж тогтоол баталсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ буруутай болохыг Сангийн яам "тогтоосон" байна. Хэрэв эхнээсээ хуулийн дагуу ажилласан бол арай өөр хэлбэрээр шатахууны үнийг хязгаарлах боломж байсан гэдгийг ярьсан юм, тэд. Учир нь Сангийн яамныхны хэлснээр дотоодод борлуулж байгаа шатахуунаас НӨАТ үргэлж авдаг аж.

Энэ татварыг хэрэглэгчид төлж байгаа болохоос нефть импортлогч компаниудын халааснаас гардаггүй гэнэ. Үүнийг л төрөөр тэглүүлэх гэж шатахууны импортлогчид Үйлдвэр, худалдааны яамыг лоббидсон бололтой юм. Эцэст нь хэлэхэд, Сангийн яамнаас зохион байгуулсан уг хурал Засгийн газрын танхимын зарчмыг дахиад л зөрчив. Танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байгаа сайдуудаа тараачихвал яасан юм, Ерөнхий сайд аа гэж хэлэхээр болжээ.

Үнийн өсөлтөд Н.Энхболд ч буруутай
Шатахууны үнэ нэмэгдэхэд голчлон буруудах хүн дээрх хоёр сайдаас гадна бас бий ажээ. Будлианы эхлэл болсон Засгийн газрын 282 дугаар тогтоолыг батлах явцыг нэхэн саная. Долдугаар сарын 9-ний өдөр Ерөнхий сайд С.Баяр хууль зөрчсөн тогтоолд гарын үсэг зурсан. Гэтэл энэ тогтоолыг хуулийн дагуу гаргуулах үүрэгтэй хүн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд юм. Засгийн газрын тухай хуулийн 30.6-д "Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино" гэж заажээ. Тэгэхээр Н.Энхболд сайд энэ тогтоолыг бусад хууль, тогтоомжтой нийцсэн эсэхийг Ерөнхий сайдынхаа өмнө хариуцах ёстой. Хариуцлагаа бас хүлээх үүрэгтэй.

УИХ ажлаа хийе
Байнгын ажиллагаатай парламентын ажил зогсолтгүй үргэлжлэх ёстой. Гэтэл албан тушаалын бялуу хувааж, ацан шалаанд нэгнийгээ оруулах зуур ард түмэн туйлдаж гүйцлээ, гишүүд минь. Шинэ парламент ч үгүй, ажлаа хийхгүй ойлгомжгүй өнгөрөөсөн хэдэн өдөр юу болсон нь одоо нэгэнт тодорхой болов. Харин үүнийг хуулийн хүрээнд чиглүүлж, зааварчлах үүрэг та бүхэнд ногдсон. Гүйцэтгэх засаглалыг хуульд захирагдан ажиллаж буйг хянах үүргээ биелүүлээгүйгээс үүдэж Засгийн газар задгайрч байна. Хуучин парламентын гишүүдийнх нь бүрэн эрх дуусгавар болоогүй, шинэ гишүүдийн бүрэн эрх нь хэрэгжиж эхлээгүй байсаар. Ард түмний элч болон хууль тогтоох үүргээ биелүүлэх ёстой гишүүд маань намын атганд орж өөрийн гэх эрх мэдэлгүй болоод удав. Уг нь ард түмний саналаар сонгогдсон болохоос аль нэг нам, лидерийн шийдвэрээр УИХ-д сонгогдоогүй байлтай. Энэ мэтчилэн миний чиний, манай танай намын буруу гэсээр байтал хараа хяналтгүй болсон Засгийн газар нь дураараа дургиж, хөөрхий ард түмэн туйлдаж унах нь.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.