ИХН-ын дарга Ж.Батзандан: “Ганц худаг” унтах, уншихад л их сайхан газар юм билээ

2008/08/23
Share |
Хүмүүс: Ж Батзандан | 
ИХН-ын дарга Ж.Батзандан: “Ганц худаг” унтах, уншихад л их сайхан газар юм билээ

ИХН-ын дарга Ж.Батзандан долдугаарс арын нэгний үйл явдлыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэн “Ганц худаг”-т 33 хоног хоригдсоны эцэст батлан даалтанд гарсан. Тэрээр өчигдөр сэтгүүлчдэд хандаж, нээлттэй ярилцахыг хүссэн юм. Ж.Батзандан, сэтгүүлч н.Баатархуяг, Г.Уянга нартай хамт ирсэн байсан. Тэрбээр “7-р сарын 1-ний үйл явдал нь монголчууд эрх чөлөөгөө дэндүү их мэдэрсэн өдөр байлаа” гэсээр хурлыг эхлүүлсэн юм. Мөн тэрээр “Монголын отгон нам болох Иргэний хөдөлгөөний нам хамгийн их хэлмэгдэлтэнд өртлөө. монгол улсын түүхэнд намын дарга, дэд даргатайгаа зэрэг хоригдож байсан түүх байхгүй. Монголын түүхэнд соёлын өвийг шатаадаг, хүн алдаг, ард түмнээ үй олноор нь хэлмэгдүүлдэг ганцхан нам бий. Энэ бол МАХН. Коммунистууд өнөөг хүртэл оршин тогтоносоор, Монголын ард түмэнд аюул занал учруулсаар байна. Ардчилсан хувьсгал гарчихсан байхад улс төрийн хоригдол гэж байх ёсгүй. Гэтэл өнөөдөр Монголд улс төрийн хоригдол хэдэн зуугаараа байгаа нь аймшигтай” гэж байсан юм. Ингээд энэ хурлын дараа ИХ намын дарга Ж.Батзандантай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Таныг 33 хоног хорьж, саатуулсаны эцэст батлан даалтанд гаргасан. Хуулийн байгууллага таныг батлан даалтанд гаргасан шалтгаанаа танд юу гэж тайлбарласан бэ. Таныг энэ хэрэгт холбогдолгүй болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ гэсэн яриа гадуур гараад байгаа?
-Шүүх цагдаагийн болон прокурорын байгууллагаас надад нэг хүсэлт тавьсан. Тэр нь юу гэхээр хэрэгтэй холбоотой асуудлаар ард иргэдэд мэдээлэхгүй байх. Түүнээс биш Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, болон бидний улс төрийн үйл ажиллагааг хориглоогүй. Намайг батлан даалтанд гаргах болсон гол шалтгаан нь үймээн самууныг турхирсан гэх хэрэгт сэжиглэгдсэн нөхөр Ж.Батзанданг заавал цагдан хорьж, шалгах шаардлагагүй гэсэн үндэслэл байсан. Нөгөө талаар миний эрүүл мэндийн байдал бага зэрэг нөлөөлсөн байх. Би “Ганц худаг”-аас суллагдаад 10 гаруй хонолоо. Энэ хугацаанд эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт хэвтсэн.
-Долдугаар сарын нэгний үймээн самууны үеэр дөрвөн хүн буудуулан амь насаа алдсан. Гэвч өнөөдрийг хүртэл тэднийг хэн буудсан. Гал нзэх тушаалыг хэн өгсөн нь тодорхойгүй байгаа. Энэ хэрэгт холбогдуулан 10 цагдааг хорьж, саатуулаад байна. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Энэ хэрэгт холбогдуулан эгэл жирийн олон цагдааг хорьсон. Эгэл жирийн энэ хүмүүсийг хоморголон барьж, цагдан хорьж, битгий яллаасай гэж би хүсч байгаа. Тэр тушаал өгсөн нөхдүүдтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй. Цагдаа бол ард түмний хүүхдүүд. Ард түмний хүүхдүүдийг хооронд нь турхирч мөргөлдүүлсэн нөхдүүдтэй хариуцлага тооцоосой. Тэр албан тушаалтнуудыг баривчилж цагдан хориосой билээ.
-Харин “гал нээ” гэсэн тушаал өгсөн хүн нь тодорхойгүй өнөөдрийг хүрлээ. Таны бодлоор тушаал өгсөн хүн хэн гэж бодож байна?
-Ний нуугүй хэлэхэд тушаал өгсөн хүн нь тодорхой шүү дээ. Гал нээх тушаалыг ЦЕГ-ын дарга өгдөг, Хууль зүйн сайд өгдөг. Хамгийн түрүүн эдгээр хүмүүсийг цагдан хорьж, шалгах хэрэгтэй. Бид үүнийг л шаардаж байна. Тэр цагдаа нар чинь дандаа ядуу айлын хүүхдүүд байдаг юм билээ хөөрхий. Дарга нарын хүүхэд хэзээ ч цагдаа болдоггүй. Тэр эгэл жирийн айлын хүүхдүүдийг галт зэвсэгээр зэвсэглэж, тушаал өгч, жирийн иргэд рүү гал нээлгэсэн албан тушаалтыг огцруулж, хариуцлагад татах ёстой. Бид ийм байр суурьтай байгаа. ИХН цагдаагийн ар гэрийнхэнтэй уулзсан. Мөн хүүхдүүдээ буудуулсан ар гэрийнхэнтэй уулзаж байгаа.
Долдугаар сарын нэгэнд ард түмэн нийтээрээ хохирч, авлигач эрх баригч нам хожсон. Өөрөөр хэлбэл аливаа сонгуулийн үеэр иргэд хохирч, эрх баригчид хождог байж таарахгүй. Тэгэхээр хохирсон ард иргэд бүхэнтэйгээ бид нэгдэх болно.
-Дээрх үйл явдалтай холбогдуулан цагдан хорьсон иргэдэд маш их шахалт дарамт үзүүлдэг гэсэн мэдээлэл байгаа. Таныг тэнд байх хугацаанд тийм зүйл мэдрэгдсэн үү?
-”Ганц худаг”-т өнгөрөөсөн 33 хоногийн хугацаанд ШШГЕГ-ын нөхдүүд бидэнтэй хүний ёсоор, хүний эрхийн дагуу хүнлэг энэрэнгүй харьцаж байсан. Харамсалтай нь биднийг хоригдохоос өмнө “Ганц худаг”-т болон 111-т хоригдож байсан жирийн олон иргэнийг зодож, эрх чөлөөнд нь халдсан бусармаг үйл явдал гарсан гэдгийг нарлагаанд /хоригдож байгаа хүмүүс долоо хоногт хоёр удаа 30-40 минут салхинд гардаг/ зогсож байхдаа залуус надад хэлж байсан. Одоо ч гэсэн Танц, худаг”-т хоригдож байгаа залуусын заримынх нь биеийн байдал хүндхэн байгаа гэдгийг би мэдэж байгаа. Олон зуун иргэдэд хүч хэрэглэж, хүчээр мэдүүлэг авах гэсэн, хуурамч мэдүүлэг өгүүлэх гэж цагдаагийн байгууллагын зүгээс янз бүрийн оролдлого хийсэн талаар мэдээлэл надад хангалттай байгаа. “Ганц худаг”-т хоригдож байгаа улс төрийн хоригдлуудыг хооронд нь уулзуулахгүй гэдэг бодлогыг цаанаас нь хатуу барьж байсан. “Ганц худаг”-ийн удирдлагууд болон ШШГЕГ-ын нөхдүүд хүний эрхийн төлвө үнэхээр сэтгэл гарган ажилладаг юм билээ, Гол нь цагдаагийн байгууллага, Эрүүгийн цагдаа, Тусгай албадын үйл ажиллагаа нь хүний эрхийг зөрчих, зохиомол мэдүүлэг авахын төлөө байдаг юм байна гэдгийг ойлгосон. Ялангуяа Монголын цагдаагийн байгууллага улс төржсөн цагдаагийн байгууллага юм байна. Зохиомол хэрэг үүсгэдэг, зохиомол хэрэгт хүнийг хилсээр ялалдаг тэр коммунист арга барил нь хэвээрээ байгаа юм байна гэдгийг “Ганц худаг”-т өнгөрөөсөн 33 хоногтоо дэндүү их мэдэрлээ. Гэм зэмгүй атлаа улс төрийн хилс хэргээр хоригдсон олон иргэнийг суллуулах тал дээр ИХН бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Олон шаардлагуудыг, олон хүсэлтүүдийг гаргалаа. Олон өмгөөлөгчийг авч энэ хэрэг дээр ажиллуулж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний буруутай, гэм зэмтэй хүмүүс ч тэнд байгаа. Эрүүгийн хэргийг, улс төрийн хэргээс ялгаачээ гэдгийг холбогдох байгууллагуудаас хүсч байна.
-”Долдугаар сарын нэгэн” гэж эвсэл байгууллагдаад байгаа. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Ер нь долдугаар сарын нэгэнтэй холбогдуулан маш олон ТББ, иргэний эрх чөлөөг хамгаалсан байгууллага байгууллагдлаа. Миний хувьд маш их баяртай байгаа. Өнөөдөр Монгол улс XXI зуунд амьдарч байна. Ардчилсан нийгмийн тогтолцоотой улс оронд амьдарч байгаа гэж бид ойлгодог. Тэгвэл ардчиллыг бэхжүүлэхийн төлөө иргэд олон түмэн идэвхитэй ажиллаасай гэж хүсч байна. Бас дэмжиж байна. Монголчууд бид нэгдэж, хамтарч ажиллах цаг болсон. Монголчууд эвтэй байгаасай, төр засаг тогтвортой байгаасай. Монголд иргэний нийгэм зөв гольдролдоо ороосой гэж хүсч байна. Иргэний хөдөлгөөний намын дэд дарга О.Магнай бол үнэхээр эх оронч тэмцэгч залуу, өөрийн үзэл бодлоо долдугаар сарын нэгэнд илэрхийлснийхээ төлөө улс төрийн хоригдол болж “Ганц худаг”-т сууж байгаа. Ер нь уг үйл явдалтай холбон Иргэний хөдөлгөөнүүдийг, ИХ намын удирдлагуудыг буруутгах бролдлогыг эрх баригч намууд хийж байгаа гэж ойлгож байна. Үнэхээр долдугаар сарын нэгний үйл ажиллагаанд хэн нэгнийг буруутгахыг хүсч байгаа бол МАХН-ын байрны орой дээр байсан С.Баяр дарга, О.Магнай хоёр хоёулаа буруутай. Долдугаар сарын нэгэнд бүх улс төрийн удирдлагууд гарч үгээ хэлж байсан. Тэр бүх хүмүүс буруутай. Буруутай л гэж үзэж байгаа бол бүгдэд нь хариуцлага тооцох ёстой. Буруугүй гэж үзэж байгаа бол бүгдийг нь суллах ёстой. Монголчууд эвлэрэл, эв нэгдлийг хангасан бодлого явуулах байх гэж ойлгож байгаа.
-Нэг хэрэгт сэжигтнээр татсан Ж.Батзанданг сулласан атлаа О.Магнайг суллахгүй байгаа нь ямар учиртай юм бол. Та юу гэж бодож байна?
-О.Магнайг маань удахгүй суллах байх. Ж.Батзанданг О.Магнайгаас өмнө баривчилсан. Тэгэхэд хүмүүс яагаад О.Магнайг баривчилахгүй байна гэж асуугаагүй шүү дээ. / инээв.Сурв/ О.Магнай гарах ёстой. Тэр хэрэг хийгээгүй. Ж.Батзандан ч хэрэг хийгээгүй. Би нэг л зүйлийг ойлгож байгаа. Монголын хамгийн отгон намын удирдлагуудыг барьж хорьж байгаа нь тун хачирхалтай хэрэг болж байна. Монголын түүхэнд намын удирдлагуудыг бөөнөөр нь барьж байсан түүх байхгүй. Харин МАХН өөрийнхөө намын дарга нарыг барьж цаазлаж байсан түүх олон бий.
-Таныг баривчлан саатуулахдаа ЭХ-ийн ТА-ийн 177.2, 179.1 гэсэн зүйл ангийг тулгаж байсан. Тэр зүйл ангиуд хэвээрээ байгаа юу. Эсвэл өөрчлөгдсөн үү?
-Намайг долдугаар сарын таванд ЭХ-ийн ТА-ийн 177.2,179.1 гэсэн хоёр зүйл ангиар баривчилж, “Ганц худаг”-т хорьсон. Мөрдөн байцаалтын явцад 179.1 гэсэн зүйл ангиа хэрэгсэхгүй болгосон. 177.2 гэсэн зүйл анги нь угаасаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Удахгүй энэ хэрэг ч гэсэн хэрэгсэхгүй . Шүүх, прокурорын байгууллагад шударга зөв хүмүүс олон байдаг юм гэдгийг энэ хэд хоногт ойлголоо. Удахгүй шударга үнэн ялна гэдэгт итгэлтэй байгаа.
-”Ганц худаг”-т хоригдож байх хугацаандаа О.Магнайтай уулзах боломж гарсан уу?
-”Ганц худаг”-т хоригдож байсан хүмүүсийг хооронд нь уулзуулахгүй байх тал дээр цагдаагийн байгууллага арга хэмжээ авсан байсан. Бид хоёр хааяа цонхоор бие биенээ харж гараараа даллаж байсан.
-Таныг хүч хэрэглэн баривчилсан гэж сонсогдсон?
-Надад хүч хэрэглэсэн юм байхгүй. Надад зарлан дуудах хуудас өгсөн. Түүний дагуу би явж очсон. Гэмт хэрэг хийгээгүй учраас баривчлах тухай ойлголт надад огт байгаагүй. Би долдугаар сарын нэгэнд МАХН-ын байрны өмнө очоод тавхан хором үгээ хэлээд буцсан. Өөртөө дэндүү итгэлтэй байсан. Гэтэл намайг нэг улаан машинд суулгаж аваад “Одоо явнаа” л гэсэн. Би намайг салхинд гаргах гэж байгаа юм байна гэж бодоод суугаад явсан. Гэтэл “Ганц худаг”-т очоод “Та ор” л гэсэн би орсон. Тэгээд 33 хоногийн дараа гарч ирсэн.
-”Ганц худаг”-т хоригдож байх хугацаандаа юу бодож байв?
-”Ганц худаг”-т муухай зүйл олон байхаас гадна сайхан зүйл олон байдаг юм билээ. 40 гаруй ном уншлаа. Дэлхийн улс төрийн түүх, дэлхийн иргэний хөдөлгөөнүүдийн түүхийг их сайн судлалаа. Мөн “Монголын улс төрийн халуун өдрүүд ба долдугаар сарын нэгний нууц” гэдэг номыг бичлээ. Энэ номоо би есдүгээр сарын дундуур хэвлэлтэнд өгөхөөр бэлдсэн. Ер нь “Ганц худаг” бол унтахад, уншихад маш сайхан газар юм билээ. Би чинь наранд байхдаа өдөрт 12-16 цаг ажилладаг, их ядардаг. Харин “Ганц худаг”-т маш сайхан унтаж амарлаа.
-Таны ярианаас “Ганц худаг” маш сайхан амралт, их ажлын амжилт байжээ гэж ойлголоо. Гэтэл таны өмгөөлөгчид таныг тэнд маш их зовж тарчилж, өвдөж байгаа талаар ярьж байлаа?
-Мэдээж муухай зүйлийг нь ярьвал зөндөө муухай шүү дээ. Хүн хүсээд байхаар газар биш. Гэхдээ бидэн шиг их ажил хийдэг хүмүүс эхний долоо хоног сайхан унтдаг юм билээ. Тэгээд дрлоо хоногийн дараа хана нь их чийгтэй, хуучны барилга учраас ар нуруу бөөрөөр өвдөж эхэлдэг юм билээ. Бид чинь орон дээр биш газар нааран дээр унтана шүү дээ. Доороос маш их хайрна. Дотроо жорлон гээд байх юм байгүй. Наймын хувинд шээж, баагаад тэрийг нэг нүхэнд хийгээд л сууж байна шүү дээ. Эцэст нь хэлэхэд би “Ганц худаг”-ийг эрүүгийн эрх зүйг судлах хамгийн сайн практик юм байна гэж би ойлгосон.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.