“Х-ТҮЦ- хамтлагийн жүжигчин, МУГЖ И.Одончимэг: Агуу хүний хайр дурлал нь ч онцгой байх ёстой...

2008/08/23
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
“Х-ТҮЦ- хамтлагийн жүжигчин, МУГЖ И.Одончимэг: Агуу хүний хайр дурлал нь ч онцгой байх ёстой...

Инээхээрээ хацар нь хөөрхөөн хонхойдог, “алаг нүдэн Одноо ” гэж урлагийнхандаа цоллуулдаг “Х-ТҮЦ ” хамтлагийн жүжигчин И. Одончимэгийг ард түмэн чадварлаг жүжигчин гэж үнэлдэг. Тэрээр саяхан алдарт “Үхэж үл болно- Чингис хаан ” кинонд Бөртийн дүүрийг бүтээсэн билээ.

Эрдэнэбулган найруулагч анх “Ромео Жулетта ” жүжигт түүнийг тоглохыг хараад ямар чадварлаг жүжигчин бэ, би цоо шинэ Жулеттаг олж харах шиг боллоо гэж дүгнэж байсан удаатай. Тиймээс ч Бөртийн дүрд жүжигчин Одончимэгийг тоглуулахаар сонгосон гэдэг. Бид өмнө нь “Үхэж үл болно Чингис хаан ” кинонд Жамухын дүрийг бүтээсэн ардын жүжигчин Цэрэндагва гуайтай та бүхнийг уулзуулж байсан бол энэ удаа Бөртийн дүрийг бүтээсэн жүжигчин И.Одончимэгтэй ярилцлаа. Мөн тэрээр кино найруулагчийн ажилд хүчээ сорьж хамтлагийнхаа шинэ киноны зураг авалтыг эхлүүлээд, өөрөө найруулагчаар нь ажиллаж байгаа аж.

 

-”Үхэж үл болно Чингис хаан” кино маань нээлтээ хийгээд олон түмэнд хүрээд эхэлчихлээ. Юуны өмнө таны сэтгэгдлийг сонсох нь зүйтэй байх?
-Мэдээж хийсэн ажлынхаа үр дүнг үзэж, ажлын ард гарна гэдэг сайхан байдаг. Энэ бол зөвхөн уран бүтээлч бидний биш нийт Монголын ард түмний сэтгэл шингэсэн бүтээл учраас нээлтийн өдөр тун онцгой өдөр байсан. Миний хувьд нээлтийн өдөр киногоо үзэхдээ мэргэжлийн гэдэг үүднээсээ дүрээ харж дүгнэж амжсангүй. Харин энэ зургийг авч байхад ингэж байсан, тэгж байсан даа гэдэг дурсамж сэтгэлд орж ирээд байлаа. Энэ кино маань бараг гурван жилийн хугацаанд бүтлээ. Амар бүтээгүй, багагүй бэрхшээлийг даван туулсан болохоор дурсах юм ч ихтэй байсан юм болов уу гэж бодож байна. Дараа л нэг тухтай сууж үзнэ дээ.


-”Чингис хаан-кино түүх” номон дээр бичсэн сэтгэгдэл дээрээ энэ дүрийг бүтээхсэн гэж бодож явдаг байсан гэж байсан. Анх энэ дүрд тоглох саналыг хүлээж аваад ямар сэтгэгдэл төрж байв. Мэдээж таны мөрөөдлийн дүр байсан байх?
-Тийм л дээ. Гэхдээ яах вэ энэ кино маань Тэмүүжин Жамуха хоёрын анд нөхөрлөлийг харуулахыг гол шугамаа болгосон кино учраас Бөртийн дүр тийм ч гол дүр биш байсан. Тиймээс энэ дүрийг тодотгож, санасан хэмжээнд гаргана гэдэг хэцүү л дээ. Тэгэхдээ энэ киноныхоо гол шугаманд чиглэгдэж бүх дүрүүд тоглогдож байгаа. Ямар ч байсан оролцож байгаа хэсгүүдэд жижиг гэлтгүй өөрийнхөө бодол сэтгэлийг шингээж бүтээсэн. Монголчууд бид Чингисийн хааныхаа тухай тийм олон кино хийж байгаагүй, энэ бол хоёрдахь нь л шүү дээ. Гэхдээ л одоо урьд урьдны кинон дээр тэгтлээ тод харагддаггүй байсан Бөртийн дүр энэ кинон дээр * нэлээд тод томруун гарах болов уу гэж бодож байна. Дотроо бол би бодож байсан л даа. Ийм кино хийдэг бол гэж бодож л байсан. Тиймээс өөрийгөө азтай гэж боддог.


-Мөн та сэтгэгдэл дээрээ “Үнэндээ зохиол маань надад гологддог” гэж бичсэн байсан нь их сонирхол татсан. Энэ талаараа тодруулаач?
-Хувь хүний бодол өөр өөр. Олон юм дутуу байсан юм шиг санагддаг. Манай уран бүтээлчид ч маш сайн танасан л даа. Дутуу дулимаг юмнуудыг нь бүгдийг харж ажиглаж зөв танасан юм шиг л санагдсан. Хэрэггүй хэсгүүд ч байсан. Гэхдээ би бодохдоо, мэдээж Чингис хаан олон зуун жилийн тэртээгээс өдийг хүртэл дурсагдаж, бахархагдаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж ирсэн агуу их хүн болохоор амьдрал нь ч гэсэн ер бишийн, агуу суут байсан болов уу гэж би боддог юм. Энэ яавч жирийн амьдрал байгаагүй, тэр жирийн хүн байсан бол ингэж үлдэхгүй л байсан. Энэ миний л бодол. Тэгэхээр би магадгүй энэ хүний дурлах нь ч тэр, зовох нь ч тэр тэр чигээрээ маш сонин түүх байсан болов уу гэж боддог. Тэр утгаараа зохиол маань гологдсон байж магадгүй.


-Илүү их гаргаж өгөх боломж байсан гэсэн үг үү?
-Магадгүй. Ер нь бол агуу суут хүмүүсийн түүх өвөрмөц шүү дээ. Тэр хэмжээгээрээ ч цагийн урсгалд үнэ цэнээ алдалгүй үлдэж чаддаг гэж боддог. Тийм учраас арай илүү хурц ч юм уу, өвөрмөц шийдэлтэи гаргаж болох байсан болов уу гэж бодсон.


-Тэгэхээр Монголчууд ч тэр, гадныхан ч тэр бидний түүх, Чингис хааны минь амьдралаар маш олон кино хийж байсан. Тэр болгон дээр Бөртийн дүр гардаг. Тэгэхээр энэ удаагийн Бөртийн дүр тэднээс юугаараа онцлог, ялгаатай болж өгсөн бол оо?

-Би энэ тал дээр тодорхой хариулт өгмөөргүй байна. Би тийм дүр бүтээсэн гээд л нэг сүрхий ярьчихдаг, дараа нь киног нь үзсэн чинь хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй бол яах вэ. Ер нь бол би бүтээлийг үздэг л гэж ойлгодог. Үзээд л түүнээсээ хүмүүс дүгнэлтээ хийх байх. Харин хүмүүс аль ч өнцгөөс нь харж дүгнэж ойлгож болно шүү дээ.


-Тэгвэл тэр талаар биш ч гэсэн Бөртэ гэдэг хүн ямар хүн байж вэ. Мэдээж та дүрдээ орохын тулд Бөртийн дотоод ертөнцтэй харилцаж, тэр хүнийг ойлгож мэдэрсэн байх?
-Ямар ч байсан би Бөртийг эмэгтэй хүн, эх хүн гэдэг талаас нь гаргасан. Миний ихэнх гарч байгаа хэсэгт Зүчи гэдэг хүүтэйгээ холбоотойгоор гардаг л даа. Энэ талаа бодсон ч ер нь үзэгчид л хэлэх байх даа. Ер нь жүжигчдийн баг маш сайн бүрэлдсэн гэж бодож байгаа. Тэр нь ийм энэ нь ийм гэж хэлэхээргүй маш сайн тоглож байсан. Мөн Чингис хааны дүрд Төмөрбаатар ах л тоглохгүй бол өөр хэн тоглох вэ. Өөр тоглох хүн байхгүй. Киноныхоо нээлтэн дээр жүжигчдийнхээ тоглолтыг хараад бүгдийг нь хайрлах сэтгэл төрж байлаа. Мйнай жүжигчдийн чадвар хаана ч гологдохгүй юм байна гэж бодсон. Манай найруулагч киноны багийнхан ч маш сайн байсан. Ер нь кино гэдэг өөрөө хөрөнгөний урлаг л даа. Их хөрөнгө шаардагдах тусам тэр хэмжээгээрээ сайн бүтээл гардаг. Ийм бага мөнгөөр өчнөөн бэрхшээлийн ард гарч, өдий зэрэгтэй кино хийсэнд тэнд оролцсон бүх уран бүтээлчдээрээ бахархаж байна.


-Киноны талаар бүтэхгүй нь, болохгүй нь гэсэн янз бүрийн л яриа гарч байлаа. Энэ бүхэнд та хэрхэн хандаж байв?
-Энэ ч бас аргагүй л дээ. Цаг хугацааны асуудал ч байлаа. Монголчууд маань ер нь тийм шүү дээ. Заавал нэг үр дүн, ач холбогдлын талаар цуу яриа гаргаж байдаг. Олон дотор сайнтай муутай байдаг шиг л зарим нь ч янз бүрийн яриа гаргаж л байсан. Гэхдээ энэ дотор үнэхээр энэ киног хийе гэсэн хүмүүсийн хүсэл санаа нийлсэн учраас, бас үүнийг бүтчихээсэй гэж бодож байсан ард түмний хүсэл байсан учраас кино бүтсэн. Магадгүй сунжирч бухимдахад хүргэсэн тал байгаа ч энэ бол яах аргагүй хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой байсан. Гэхдээ кино маань ямар ч байсан сайхан сэтгэлтэй хүмүүсийн хүчээр гарлаа. Хэн ч, ямраар ч үнэлж болно. Магадгүй үүний дараа ийм том хэмжээний уран бүтээл гаргахад нэг том шатыг нь тавьж өгсөн гэж бардам хэлж болох байна. Алдаа дутягдал байх нь ойлгомжтой. Ямар ч байсан итгэл өгөөд хийсэн тохиолдолд манай уран бүтээлчид үнэхээр чадалтай гэдгээ харууллаа.


 -Кино бүтэхэд маш их саад тотгор гарч ирж байсан. Найруулагчийн маань ч бие муудаж сандаргасан. Найруулагчийнхаа тухай та юу хэлэх вэ?
-Манай Булган найруулагч маш их тэвчээртэй хүн юм аа гэдгийг ойлгосон. Энэ кино эрүүл мэндэд нь ч маш их нөлөөлсөн. Харин ёстой тэнгэрийн авралаар эсэн мэнд байж, биднийгээ баярлуулж явна. Хийж бүтээе гэж бодсондоо зорьж чаддаг аргагүй л Хатанбаатар ван мөн дөө. Хайрлахаас өөр аргагүй хүн. Өөр хүн байсан бол больё гээд орхихоор үе зөндөө л гарч байсан. Энэ киног бүтээе гэж сайн муу хэлүүлж зүтгэсэн найруулагчийнхаа гавьяагаар бахархахаас яах вэ.


-Тэгэхээр “Х-ТҮЦ” хамтлагийнхан маань шинэ кино хийх гээд зураг авалтаа эхлүүлээд байгаа. Одноо эгч маань өөрөө найруулж байгаа гэсэн. Найруулагч гэдэг хэр хэцүү ажил юм шиг байна?
-Бид “Сэргээш-3″-аас хойш кино энэ тэр хийгээгүй байгаа. Ямар ч байсан дахиад нэг кино хийх гээд хамт олноороо зургандаа гараад байна. Манай жүжигчид тоглоно. Дажгүй зохиол байгаа. Найруулна гэдэг хүнд ажил байлгүй яах вэ. Үүнийг анх Сэргээш-3 дээр мэдэрсэн. Миний найруулах гэж юу байх вэ, мэдрэмжээрээ л, мөн хамт олон итгэсэн учраас ажиллаж байгаа юм даа. Ямар ч л байсан хүнд хүрсэн аятайхан уран бүтээл гаргах гэж үзнэ дээ.


-Кино маань ямар нэртэй, ямархуу утга агуулгатай кино вэ?

-Нэр бол байгаа л даа. Гэхдээ ажлын явцад өөрчлөгдөж магадгүй болохоор яг оноож өгөөгүй байна. Хөнгөн драмын кино. Залуусын сонирхлыг татах байх гэж найдаж байна. Ямар ч байсан залуучууд ажиллаж байна, хамгийн ахмад нь би юм даа.


-Чингис хаан киноны зураг авалт хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд таны хувийн уран бүтээлийн ажлууд их завсардаж байв уу?
-Киноны маань зураг авалт дундаа завсардаж, нэлээд сунжрах ч үе байсан болохоор хамтлагынхаа хоёр, гурван ч тоглолтонд орж чадаагүй. Гэхдээ манай хамтлагийн тоглолтууд гардгаараа гараад л явж байсан.


-”Х-түц” хамтлагийг хүмүүс хошин урлагаар төлөөлүүлэн ойлгодог. Тэгэхээр шинэ хошин шоу тоглолтоо хэзээ гаргах вэ?

-Хамгийн сүүлд энэ хавар тоглосон. Түүнээс хойш амраад дараагийн уран бүтээл маань энэ кино болж байна. Хошин тоглолтын хувьд бол 11 cap хүртэл тоглолтгүй байгаа.


-”Сэргээш”-ээ үргэлжлүүлэх үү?
-Магадгүй юм. Сэргээш-4, тав гээд гарах ч юм бил үү. Сайхан зохиол бичиж болохоор санаа буувал үргэлжлэх байх.


-Уучлаарай. Танаас бас нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Сүүлийн үед таныг залуу жүжигчин Бархүүтэй гэр бүл болж байгаа, жирэмсэн болсон ч гэсэн. Танд баяр хүргэе?
-Жирэмсэн болсон юм ч алга л байна л даа. Яах вэ, ерөөлөөр болог. Үнэндээ хувийн амьдралын тухай яримааргүй байна аа.


-Сүүлийн үед сонин хэвлэлээр гараад байгаа зүйлүүдийг яаж хүлээж авч байна вэ. Эмзэглэдэг үү?

-Яах вэ, тэгээд сайн муугаар бичиж л байдаг юм. Наадмаар сэвхтчихсэн, тогоо шиг том гэдэстэй болчихсон явж байна лээ гээд бичсэн л байсан. Би тоодоггүй юм. Тэгэхдээ тэр жирэмсэн болсон байна гэдэг нь муухай санагдаагүй ээ. инээв

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
twpkxy 7xR83eqzykqjuvnmnv, [url=http://nlljjjqmeogo.com/] nlljjjqmeogo[/url], [link=http://toxexvtvmqve.com/ ]toxexvtvmqve[/link], http://uznaltlrsace.com/
IP:46.161.9.32  2016-06-05 00:56:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.