Ц.Элбэгдорж: Эрх баригчдын мөрөө баллах гэсэн тэмцэл хурц өрнөж байна

2008/08/27
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж: Эрх баригчдын мөрөө баллах гэсэн тэмцэл хурц өрнөж байна

АН-ын дарга Ц.Элбэг­дорж цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнтэй ярилцлаа.

-Улс төрийн ээдрээтэй байдал үүсчихээд байгаа. Шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөөгүй хэвээр л байна?

-УИХ-ын үйл ажиллагаа тасраад байгаа нь АН-аас хамаарахгүй боллоо гэж до­лоо хоногийн өмнө мэдэгд­сэн. Гэтэл тангараг өргөх үйл ажиллагаа ямар нэгэн нөхцөл байдлын улмаас зогсонги байдалд орчихоод байна. УИХ-ын гишүүд тангараг өр­гөх­гүй байгаа нь нэг хэсэгт нь ашигтай байгаа байх. Эрхээ авсан хэсэг хүний дунд албан тушаалын хуваарилалтын зөрчлөөс болоод УИХ-ын үйл ажиллагаа тасалдаад байна гэсэн дүгнэлт хийж байна л даа.

-Ерөнхийлөгч ху­рал­даан даргалагчийн хувьд дахин чуулган зарлавал АН-ын гишүүд орох уу?
-"Намууд өөрсдөө орох боломжтой боллоо гэдгээ бичгээр мэдэгдвэл би хурал­даан зарлая" гэж Ерөнхийлөгч хэлсэн байгаа. АН-ынхан Үндсэн хуульд "УИХ 76 ги­шүүнтэй байна" гэж заасны дагуу түр үнэмлэхээ авсан 76 ги­шүүний нэрсийг Ерөнхий­лөгчид өргөн барилаа гэсэн мэдээ гарангуут бид хурал­даандаа оръё, тангаргаа өр­гөе гэсэн асуудлыг тавина. 76 гишүүний нэрийг өргөн барихад ямар нэгэн хүндрэл байхгүй. Гэтэл СЕХ-ны дарга, гишүүдийн хувьд янз бүрийн улс төрийн асуудал байгаа­гаас 76 хүний нэрийг өргөн барихгүй байгаа бололтой.

-Төр засгийн үйл ажил­лагаа гацаанд орчихоод байх энэ үед шатахуун тос, юмны үнэ нэмэгдэж, инф­ляци өсч байна. Тэгэхээр заавал 76 гишүүн гэл­гүй­гээр УИХ тангаргаа өргөх шаардлагатай юм биш үү?
-Одоогийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд ажиллаж байна. Ямар нэгэн онцгой нөхцөл байдалд Зас­гийн газар ороогүй, шийд­вэрээ гаргаад цалингаа аваад явж байна. Үнийн өсөлт нь Засгийн газрын буруугаас болж байна шүү дээ. Аж ахуйн нэгжүүдээс тат­вар авахгүйгээр явж байгаад төсвийн байдал нь хүндэрсэн юм уу, яасан юм, татвараа нөхөж авна гэхээр үнэ нэмэгдсэн. Дэлхийн банк болон олон улсын байгууллагын гаргасан дүгнэлтэд Азид хамгийн өн­дөр инфляцитай нь Монгол Улс гэсэн байна лээ. Үнийн хөөрөгдөлтэй хамгийн муу тэмцэж байгаа нь өнөөдрийн Засгийн газар. Энэ Засгийн газар өмнө нь гадаад зах зээлээс шалтгаалж байна гэдэг байсан бол нефтийн үнэ буураад байна. Одоо гадаад зах зээл рүү буруугаа чихэх аргагүй болчихсон. Харин дотоодын импортлогч аж ахуйн нэгжүүддээ буруу өгч байна. Энэ бол байж болохгүй зүйл. УИХ-ын гишүүд тангар­гаа өргөж шинэ Засгийн газ­рыг байгуулахад гишүүд нь эрх барьж байгаа нөхөд дот­роос томилогдоно. Шинэ Зас­гийн газар гарч ирлээ гээд байдал дээрдэхгүй. Өнөөдөр асуудлыг шийдэж чадахгүй байгаа хүмүүс маргааш асууд­лыг бүрэн шийдэж ча­дах­гүй. Үүнийг УИХ тангараг өргөх, өргөхгүйтэй холбох шаардлагагүй. Өнөөдрийн эрх барьж буй хүмүүс тул­гамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй гэдгээ харуулсан, харуулж байна.

Түр үнэмлэхийг 69 биш, 76 хүнд өгчихсөн байгаа. Энэ нь анхан шатны байгууллагын шийдвэр хуулийн дагуу гар­чихсан гэсэн үг. Өнөөдөр СЕХ өргөн барьчих л ёстой. Гэтэл цагдаа шалгаж байна энэ тэр гэсэн тайлбар хэлээд байгаа. Хэнтий аймгийнхны нэрийг болохоор өргөн барьчихдаг. Гэтэл Баянгол дүүрэг болон Дорнод аймгаас сонгогдсон хүмүүсийн нэрийг өргөн ба­рихгүй байгаа.

-Танай намын зүгээс СЕХ тогтоол гаргах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа. Тогтоол гараагүй ч 76 хүн түр үнэмлэхээ авсан гэлээ. Танай намын гишүүд тангараг өргөхөд бэлэн гэж ойлгож болох уу?
-Тогтоолын талаар буруу ойлголт байгаад байна. СЕХ-ны дарга Б.Баттулга "Өмнө нь тогтоолгүйгээр өргөн барьж байсан, одоо ч болно" гээд байгаа. Гэтэл өмнөх сонгуу­лиу­даар Сонгуулийн төв бай­гууллагуудын тухай хууль гэж байгаагүй. Хоёр жилийн өмнө энэ хууль батлагдсан. Энэ хуульд "Бүрэн эрхийн асууд­лаар СЕХ хуралдаж шийдвэр гаргана. Тэр шийдвэр нь тогтоол байна" гэсэн заалт байгаа. Хуульд заасны дагуу УИХ-д сонгогдсон хүмүүсийн нэрийг тогтоолын хамт Ерөн­хийлөгчид өргөн барих ёстой. Бид СЕХ-ны даргыг хэний үгийг авдаг юм бэ гэж судал­сан. Б.Баттулга даргыг Ц.Ням­дорж УИХ-ын дарга байхдаа санал болгож оруулсан бай­гаа. Тэгэхээр Ц.Нямдоржийн үгийг илүүтэй авдаг байж магадгүй. Гэтэл Ц.Нямдорж гэдэг хүний зорилго нь УИХ-ын дарга болох. Хэрэв энэ хүн УИХ-ын дарга болж чадахгүй бол Хууль зүйн сайд гэсэн хувилбар үлдэж байгаа юм. Гэтэл Ц.Мөнх-Оргил, Д.Од­баяр нар тэнд тодорхой хү­рээнд дэмжлэгтэй байгаа шүү дээ. Энэ хоёрыг оруу­лахгүй байх нь Ц.Нямдорж өөрийнхөө сонирхлыг хэрэг­жүү­лэх нөхцөл. Нөгөө талаас Б.Баттулга "Би Хувьсгалт намд олонхийн суудал авчирч өглөө. Намайг яах юм" гээд байгаа. Б.Баттулга хуульч юм гэсэн. Тэгээд Хууль зүйн сайд болох ёстой гэж боддог байх. Ийм яриа байгаа юм.

-Та юуг үндэслэж ингэж хэлж байна вэ?
-Асуудал мухардмал, ший­­дэлгүй удахаар хувь хү­ний шийдэл болж хувираад, өөр өөрийнхөө таамгийг дэв­шүүлдэг. Энэ нь арай итгэл үнэмшил төрүүлэхүйц таам­гийн нэг. Хувьсгалт намыг бүхэлд нь хэлж байгаа юм биш. Албан тушаалын хуваа­ри­лалтад оролцож байгаа хэсгийн тохиролцоо л үр дүнд хүрэхгүй байгаа болон Ерөн­хийлөгчийн оролцоо, тохирол­цоо хийгдэж чадахгүй байна. Үүнийгээ АН Засгийн газарт орох гээд Хувьсгалт намтай нэлээд юм ярьж, тохирч бай­гаад гарын үсэг зурчих шиг боллоо гэж яриад байгаа байхгүй юу. Миний хувьд тохиролцооны тухай ярил­цаагүй.

-МАХН шинэ Засгийн газар байгуулахдаа АН-д хамтран ажиллахыг санал болгоно гэсэн яриа байна. Хэрэв ийм санал тавибал яах вэ?
-МАХН хэдийгээр тооны хувьд олон болсон боловч өөрийнхөө потенциаль, хүчин чадалд итгэхгүйгээсээ ийм яриа гаргаад байгаа юм. Эрх баригчид өөрсдийнхөө чад­варт, өөрсдийнхөө хүчинд итгэж байсан бол ийм яриа гарахгүй. Хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг санаа нь нэг сая 500 мянган төгрөгөө өгөхийн тулд АН-ыг Засгийн газар руу оруулж байж өгнө. Энэ нь хойшилсон ч гэсэн АН-ыг татаад оруулчихсан байхад улс төрийн хувьд өөрсдийгөө ямар нэгэн байд­лаар нүүрээ хамгаалах бо­ломжтой гэж бодож байна. Гэхдээ хамгийн гол нь хүний амь настай холбоотой асуу­дал байна. Засгийн газар болон цагдаагийн бай­гуул­ла­гын албан тушаалтнууд оролц­сон гэмт хэрэг болох нь тогтоогдох байх. Ерөнхий сайд болон эрх барьж буй хүмүүсийн хамгийн эмзэглэж байгаа зүйл нь энэ. Манай намд хэдэн яам өгнө, өгөхгүй гэдэгтээ бус. АН хамгийн гол нь ямар хуулийг эхэлж гаргах гэж, ямар асуудлыг шийдэх гэж манайхыг хамтран ажил­лахыг урьж байгаа юм гэсэн зарчмыг баримтална. Миний толгойлж байсан Засгийн газрыг огцорсны дараа М.Энх­болдын Засгийн газар байгуулагдаад хамтарч ажил­лая гэж урьж байсан шүү дээ. Тэгэхэд бид авлигын асууд­лыг гаргаж тавьж байсан. Тэгэхэд Хувьсгалт намын зүгээс хүнд байдалд орж байсан. Энэ удаад бид таван хүний амь насны асуудлыг гаргаж тавина. Хууль хянал­тын байгууллагуудын хяналт эрх баригчдад байх ёсгүй гэдэг асуудлыг мөн тавина.

-Сүүлийн үед цагдаа нар жагсаал цуглаан хийж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Нийгмийн үндэс нь нурах аюултай болж байгаа юм. Монгол Улс гэж байгаад энэ улсад хууль дүрэм ямар нэг хэмжээнд хэрэгждэг байх ёстой. Гэтэл хуулиар хүлээ­сэн үүрэгтэй, тангараг өргө­сөн хүмүүс нь ажлаа хаяхаар нийгмийн байгуулал, Монгол орон цаашаа явах уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ бол байж болшгүй зүйл. Тэр жирийн цагдаа, ар гэрийнхнийг нь шударга зүй­лийн төлөө би өмгөөлөхөд бэлэн байна. Цагдаагийн удирд­­лага нь албан тушаалт­нуудын алдааг хамгаалдаг хүчний хэлбэрээр цагдааг ажиллуулах гэж оролдоод байна. Үнэхээр цагдаагийн удирдлага нь хуулиар хүлээ­сэн үүргээ биелүүлээгүй, муу биелүүлж хүний амь насыг бүрэлгэсэн зүйл рүү өөрсдөө орчихоод цагдаа нараа албан тушаалтнуудын алдааны тө­лөө ажиллуулна гэдэг байж болохгүй зүйл. Үүрэг гүй­цэт­гэгч цагдаагийн удирдлагыг хурдан солиоч ээ гэж би долдугаар сарын 1-нд ч гэсэн шаардаж л байсан. Ерөнхий сайд байсан хүний хувьд сайн мэдэж байна, Хууль зүйн сайдтайгаа тохироод л, цаг­даагийн даргыг дуудаад л ажлаа өг гэхэд за гээд ёслоод гардаг хялбархан зүйл. Ийм хялбархан зүйлийг өнөөдрийн Засгийн газар хийчихэж ча­дахгүй байна шүү дээ. Харин иргэдийн даамжирч буй бу­хим­дал дээр нь нэмээд үүр­гээ биелүүлээд явж байгаа төрийн тусгай албан хаагчдыг ийм байдал руу оруулж байна гэдэг бол эмгэнэл. Үүнд үүрэг гүйцэтгэж байгаа Ч.Амарболд генералыг буруутгаж байна. Цагдаа нар жагсч байна, цагдаа нар зодууллаа, гэмтэл авлаа гэж байна. Цагдаа на­раа зодуулсных нь төлөө энэ Засгийн газрыг огцруулах ёстой байсан. Тэр өдөр ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэт­гэг­чийг өөрчлөх ёстой байсан. Надад ирсэн мэдээллээр долдугаар сарын 1-нд Ч.Амар­болд тэнд ерөөсөө очоогүй. Харин маргааш өг­лөө нь үүрээр, толгой дохь­чих­сон С.Баяртай алхаж явна лээ. Цагдаагийн удирд­лага өөрийн хэрэгжүүлэх ёстой үүрэгт ажлаа хийгээгүй, хийж чадаагүй. Тэр нь өнөөд­рийн эрх мэдлээ хадгалах гэсэн, үүрэг гүйцэтгэгч бай­гаад маргааш намайг жин­хэл­чих байх гэсэн өчүүхэн албан тушаалын бодлоос болж ард иргэд, цагдаагийн хооронд ийм байдал үүсгэж байгаа юм.

-Хүний амь нас хохир­сон нь хэний буруу гэж та бодож байна вэ?
-Цагдаа нар "албан үүргээ хэрэгжүүлж явсан" гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ нь хэн нэгэн хүн үүрэг даалгавар өгсөн гэсэн үг. Хэн нэгэн хүн нь цагдаагийн удирдлага, тэд нарыг шууд удирддаг дарга нар. Улсын ерөнхий проку­ро­рын байгууллага болон Мөр­дөн байцаах албаныхан юмыг үнэнээр нь тогтоохын төлөө явж байх шиг байна. Энгийн хувцастай цагдаа нар надтай ирж уулзаж байгаа. Тэд удирд­лагууддаа "Алдаатай ажилласан шүү дээ, гаргаж болохгүй мэргэжлийн алдааг гаргасан" хэмээн хэлж бай­сан. Ерөнхий сайд С.Баяр, ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд хоёрын бие бие­нээ барьцаалсан байдал ха­рагдаад байгаа юм. Ч.Амар­болд "Хүн буудсан, амь насыг нь бүрэлгэсэн асуудлыг Зас­гийн газар, цагдаагийн бай­гууллага хийгээгүй. Би авч гаръя. Та намайг энэ албан тушаал дээр байлга" гэхэд С.Баяр "Чи авч гарч чадвал албан тушаал дээрээ бай. Тэгэхгүй бол би бас хүнд байдалд орж байна" хэмээсэн харилцаан дээр албан ту­шаалын сонирхол тогтож байна. Иргэд нь буудуулж амь насаа алдсан нь үнэн зөвөөр тогтоогдохгүй бол бидний хүсч мөрөөддөг ардчилал гэдэг систем учир утгагүй болно.

-Иргэдийг жагсаал цуг­лаан хийснийх нь төлөө хоморголон баривчилж хорьсон. Энэ зөв үйлдэл үү?
-Үүнийг жишээгээр тайл­барлая л даа. Иргэд нэг сая 500 мянгыг есдүгээр сард өгнө гэсэн ойлголттой байна. Энэ мөнгөө аваад хүүх­дийн­хээ сургалтын төлбөрийг төлье, хүүхдэдээ гэр барьж өгье, аж ахуй эрхэлье гэх мэтээр айл бүхэн төлөвлөгөө гаргачихсан хүлээж байх шиг байгаа юм. Энэ хүлээлтийг эхлээд нэг хоёр хүн хэлнэ, цаашаагаа өргөжинө. Энэ хүлээлт дээр үндэслэсэн шаардлага, нийгмийн бухим­дал гарвал яах вэ. Дахиад л буудах уу, дахиад л шорон­гоор айлгах уу. Ард түмнийг нэг хэсэг хугацаанд шорон­гоор юм уу айлгаж болно. Гэхдээ байнга айлгаж чадах­гүй. "Нэг хэсэг хугацаанд ард түмнийг айлгаж, дарангуйлж болно. Байнга дарангуйлж чадахгүй" гэсэн үг байдаг. Цаг хугацааны хязгаар гэдэг үүд­нээс авч үзвэл явцгүй бай­далд орчихоод байна.

-Цагдаа нарыг өмгөөлж буй жагсагчид таныг бу­руутгаж байгаа..?
-Зарим хүн Ц.Элбэгдорж дарга бууны сум хонгио бариад явж байна лээ гээд байгаа. Долдугаар сарын 1-ний өдөр намайг Сүхбаа­тарын талбай дээр үг хэлж байхад үрлэн сумаар буу­дуул­сан хүмүүс ирж байсан. Би сайн санаж байна. Нэг өвгөн цээжээ үзүүлээд ингэж буудаж байна гээд үрлэн сумны хонгио барьчихаад надад тэр хонгиог өгч байсан юм. Үүнийг хэн ч, ямар түв­шинд ярихад би санаа зовох­гүй байгаа. Долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө буу сум хэрэглэсэн газраа цагдаа нарыг зогсоож байгаад сам­нуулсан. Үүнийг харсан эн­гийн иргэд хэлж байгаа юм. Бүх хонгиог түүж, ул мөрөө арилгах гэж оролдсон. Гэтэл энд тэнд үлдсэн, өмнө нь эд мөрийн баримт болгож авснаа хүмүүс авчирч өгсөн.

-Тухайн үед Аюулгүй байдлын зөвлөлийн ху­ралд намуудын дарга нар оролцож байсан. Энэ үеэр юу ярьж, зөвлөлдсөн бэ?
-Долдугаар сарын 1-нээс хойш Аюулгүй байдлын зөвлө­лийн гишүүд болон намуудын дарга нарын нээлттэй зөвлө­гөөн болсон. Энэ үеэр манай намын нарийн бичгийн дарга Д.Дорлигжав "Та нар яах гэж хүмүүсийг буудсан юм бэ. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Цагдаа чинь хүн буудсан байна шүү дээ" гэхэд С.Баяр "Цагдаа хүн буудсан байвал хариуцлага хүлээнэ" гэж хэлж байсан юм. Ерөнхий сайд ингэж хэлсэн­дээ их баригддаг шиг байгаа юм. Тухайн үед цагдаагийн байгууллагын зүгээс буу хэ­рэг­лэсэн байна. Галт зэвсэг хэрэглэ гэдэг тушаал өгөөд үүнийгээ 30 минутын дараа эргэж буулгасан гэсэн мэ­дээ­лэл бидэнд ирж байсан. Галт зэвсэг хэрэглэх тушаалаа ҮАБЗ-ийн хурлаар баталгаа­жуу­лах гэж оролдсон юм билээ. Тус зөвлөлийн гишүүд "Ард түмнийг буудаж болох­гүй" гээд зөвшөөрөөгүй боло­хоор Ч.Амарболд гарч ирээд тушаалаа буулгасан байдал­тай байгаа юм. Тухайн нөхцөл байдалд өөрийгөө удирдах чадваргүйгээсээ болж ха­риуц­лага алдаж ийм байдалд хүрчихээд одоо үүнийгээ булах гэж оролдож байна. Тэр хүн дахиад гэмт хэрэг үйл­дээд байна. Бууны эд ангиу­дыг солих гэж баахан оролд­сон нь нотлогдоод байгаа. Хэн ингэв. Тэр өдөр тушаал аваад буудсан байж магадгүй хү­мүүсийг компанийн харуул хамгаалалт, сувилалд хүртэл явуулсан гэх мэдээлэл ирж байна. Эрх баригчдын мөрөө баллах гэсэн тэмцэл хурц өрнөж байна.

-Та намын даргынхаа ажлыг өгөхөө мэдэгдсэн. Дараа нь огцрох өргөдлөө албан ёсоор өгсөн гэх мэ­дээ­лэл хэр ортой вэ. Таны байр суурь хэвээр үү?
-Намын даргын ажлаа өгөх бодол хэвээрээ. Үүнийг намын дүрмийн дагуу шийд­дэг. Бас нэг зовлон байна. Би л ажлаа өгье гэхүй бол Үндэс­ний зөвлөлдөх хороо их хур­лаа­раа хэлэлцсэн ч олонхийн дэмжлэгийг авахааргүй бай­далд бий. Үүнийг манайхан ч ойлгож байгаа.

-Тэгэхээр танай намын­хан лидерээ огцруулах со­нир­холгүй байгаа гэсэн үг үү?
-Намайг биш, С.Баяр аж­лаа өгөх ёстой юм биш үү гэж хүмүүс хэлж байсан шүү. Миний энэ алхам бусдыг уриалж байгаа юм. Аль, аль албан тушаалаас татгалзаж чаддаг байх ёстой. Миний амьдралдаа баримталдаг нэг зарчим бол албан тушаалгүй байхдаа илүү эрх чөлөөтэй байдаг. Албан тушаалгүй гэ­дэг нь төрийн ачаа үүрээгүй байх­даа өөрийнхөөрөө байж чаддаг гэх үү дээ. Намайг намын дарга болохоор нь хүмүүс илүү мэдэж, таньдаг юм биш. Бараг 20 гаруй жил бусдын гаргасан шийдвэрийн дагуу явлаа. Цааш­даа өөрийн­хөө шийд­вэ­рийн дагуу хариуцлага хүлээ­дэг болъё гэсэн бодол бий. Энэ ч үүд­нээс хийсэн алхам гэж ойлгож болно. Намын даргын ажлаа өгөх асуудал нээлттэй байгаа.

-АН-ыг дараагийн сон­гууль хүлээж байгаа. Танай намын гишүүд тангаргаа өргөж , бусдыгаа орон нут­гийн сонгуульд бэлдсэн нь дээр биш үү?
-СЕХ орон нутгийн сон­гуу­лийн удирдах ёс зүйн чадвар­гүй болчихлоо, хүмүүс ч итгэх­гүй. Орон нутагт ажил­ла­даг хүмүүсийн эрх ашиг энэ сон­гуулиар илэрдэг болохоор УИХ-ын сонгуулиас илүү бул­хайтай болно. Энэ сон­гуулиас үүдээд тангаргаа өргөх ёстой. Гэхдээ УИХ-ын 76 гишүүнээ хуулийн дагуу танхимд нь оруулж ирэх ёс­той. Тэгвэл улс төрийн амьд­рал цаашаа үр­гэлж­лэх бо­ломжтой.

-Б.Батбаяр, Э.Бат-Үүл гишүүнийг намаас хөөх үү?
-Намын даргад гишүүн элсүүлэхээс биш, хөөх эрх байдаггүй. Намын дүрмийн хороо үүнийг шийддэг. Бид­ний зарчмын байр суурь нэг их зөрөөтэй биш гэж бодож байна. АН-ын шийдвэрийг хүчгүй­дүүлэх алхам мэт харагдуулах нь хэнд ч ашиг­гүй. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг бие­лүү­лээгүй тохиолдолд авах арга хэм­жээг дүрэмд тодорхой заасан. Гэхдээ нэгнийгээ хөөх зүйл дүрэмд байдаг ч хэрэг­жүүлэх зүйл биш.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.