Ч.Ану:Би ирээдүйн фэнүүдээ хүмүүжүүлэхийн тулд алдахаас айхгүй

2008/08/27
Share |
Хүмүүс: Ану | 
Ч.Ану:Би ирээдүйн фэнүүдээ хүмүүжүүлэхийн тулд алдахаас айхгүй

“Гала” хамтлаг хурц тод өнгөөр имижээ бүрдүүлж, нэгэн үе охидын загварын чиг хандлагыг тодорхойлж байсан. Энэ хамтлагийнхан хамтын уран бүтээлээ завсарласан ч хүүхдийн дуугаар урлагийн замаа үргэлжлүүлж яваа дуучин Ану буюу Ч.Уранхолбоотой уулзлаа.  

 -”Гала” хамтлагийг ихэвчлэн өсвөр насныхан сонсдог байсан. Одоо та хүүхдийн дуу дуулах боллоо. Монголд хүүхдийн дууны зах зээл үгүйлэг­дэж байгааг анзаарсан хэрэг үү?
-Хүүхдийн дуу хийж, хүүхдэд туслах нь бага насны маань мөрөөдөл. “Гала” хамтлагийг байгуулсан цагаасаа хойш хүүхдүүдтэй л хамтарч ажиллалаа. Энэ хооронд хүүхдийн дотоод сэтгэлийг сонсч, хүүхдийн дотор юу нуугдаж байдгийг ойлгосон. Хүүхдүүд надтай хамт тайзан дээр дуулахдаа бүгд л инээд хөөрөөр баялх­даг. Тэгсэн мөртлөө тайзны ард ороод хүүхдүүдтэй ярилцахад  бүгдээрээ адилхан аз жаргалтай байж чаддаггүй. Тэдэнд бэрхшээл, эмзэг сэдэв бий. Тиймээс л хүүхдэд уран бүтээлээ зориулъя, хүүхдэд тусалъя гэж бодож төрийн бус байгууллага байгуулсан.

-Хүүхдийн дуу дуулахаар өөрөө хүүхэд болсон юм шиг мэдрэмж төрдөг гэдэг?
-Би 22 нас хүрчихлээ. Тэгэхээр намайг хүмүүс хүүхэд гэж хэлэхгүй байх аа. “Гала” хамтлагийг хүүхдүүд сонсдог байсан. Тэр хүрээл­лээ хадгалаад уран бүтээлээ хийж яваадаа аз жаргалтай байгаа.

-Та хүүхдийг өөртөө татахын тулд охидын тоглох дуртай барби хүүхэлдэйн дурд хувилаад байх шиг санагддаг?
-”Гала” хүүхдүүдийг өөртөө татахын тулд хурц тод өнгийн дэрвэлзсэн хувцас өмсдөг байсан. Цаашдаа би зөвхөн хүүхдэд биш, залуу­чуудад хандаж уран бүтээл хийх учраас имижээ нэлээд өөрчилж байгаа. Тэгээд ч үзэгчдээ уйдаахгүйн тулд би ч бас байнга өөрчлөгдөж, шинэ соргог зүйлийг хүргэж байх ёстой. Одоо барби стилээсээ гарч дараагийн шатандаа орно.

-Та хэр олон фэнтэй болж чадсан гэж боддог вэ?
-Урлагт хөл тавиад багагүй хугацаа өнгөрөөсөн ч би өөрийгөө фэнтэй болсон гэж хэлэхгүй ээ. Шоу бизнес ер нь ийм л байх ёстой. Жинхэнэ фэнтэй болохын тулд багаас нь Ануг шүтэх тэр хүмүүжил, сэтгэхүй, ахуйг би бэлтгэх ёстой.

-Хүүхдийн дуу дуулдаг болсноос хойш хүүхдүүд өөрт чинь ханддаг болсон гэсэн. Танд хүүхдүүд хэр их сюрприз барьдаг вэ?
-Хүүхэд гэдэг чинь ёстой хөөрхөн, өхөөрдмөөр, цагаа­хан байдаг юм билээ. Манай гэрийг хэзээний мэдчихнэ. Орой гэртээ ирэхэд хаалган дээр сэтгэгдлээ бичээд үлдээчихсэн, үүдэнд бэлэг тавьчихсан байдаг. Тэр хөөрхөн хүүхдүүдийг өөртөө татаж, уран бүтээлээ хүргэж байгаа учраас би өөрөө ч гэсэн муу муухай юм бодох­гүй байхыг хичээдэг. Ер нь хүн өөрөө дотроосоо гэгээ­лэг байж чадвал уран бүтээ­лийнх нь зам гэрэлтдэг болов уу. Тиймээс ч сүүлийн үед хүүхэдтэй адилхан сэтгэж, хүнд муу санахгүй, гэгээлэг зүйлүүдийг бодож амьдрах болсон.

-Ингэхэд та өөрөө хэзээ хүүхэдтэй болох вэ. Хүүхдийн тухай их судалж бодох болсон гэлээ. Хүүхдээ яаж хүмүүжүүлнэ гэж боддог вэ?
-Хэсэг хугацааны дараа хайртай хүнтэйгээ гэрлээд хүүхэдтэй болох л байх. Сүүлийн үед гэрийн хүмүүж­лээс гадна боловсролын систем европ маягтай болж хүүхдийг бие даасан байдал­тай болгоход анхаардаг болсон. Би хүүхдээ өөрийн­хөөр нь хүмүүжүүлнэ. Гэхдээ ирээдүйд зөв хүн болгохын тулд уламжлалт аргуудыг орхихгүй. Би чинь мэдээж хүүхдээсээ илүү юм үзэж, илүү ухаантай бодох учраас миний үгийг сонсох л ёстой.

-Хүмүүс “Одоогийн хүүхдүүдийг ээ” гээд л уулга алддаг. Та тэдэнд ямар хариулт хэлэх вэ?  
-”Одоогийн хүүхдүүдийг ээ” гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө л тэднийг ийм болгосон шүү дээ. Хүүхдийн хамгийн гол төлөвших орчин бол гэр бүл. Хэрвээ хүүхэд олсон бол хэвлийд байхаас нь зөв хүмүүжүүлэх ёстой. Тэгж яривал томчуул л буруутай шүү.

-Ингэхэд та хуульч мэргэжилтэй. Хэн нэгэн таныг мэргэжлийн дуучин биш гэж хэлэх вий гэж айдаг уу?  
-Боловсрол залуу хүнд хамгийн хэрэгтэй зүйл. Би хуульч мэргэжилтэй, гэхдээ гадаадын урлагийн зах зээлд хөл тавих гэж зэхээд гадаад хэлний мэдлэгээ сайжруулж байгаа. Барууны урлагийн зах зээлийг судлахад мэр­гэж­лийн гэхээсээ илүү сонирх­лоороо уран бүтээл хийсэн хүмүүс илүү амжил­тад хүрсэн байдаг. Жишээл­бэл, Мадонна мэргэжлийн дуучин биш. Тэгсэн хэрнээ дэлхийд номер нэг эмэгтэй дуучин байж чадлаа шүү дээ. Би хүүхдийн ордны дуулаа­чийн ангийг арван жил суралцаж алтан медальтай төгссөн. Дараа нь Даашка ахын “Натур саунд”-ыг төгсч, одоо СУИС-д эчнээгээр сурч байна. Хэзээ нэгэн цагт чи мэргэжлийнх биш шүү гэж хэлүүлэхээс сэрэмжлээд сэргийлэх алхмуудыг хий­гээд эхэлчихсэн.

-Таныг харахад их хор шартай, бас хөдөлмөрч юм шиг санагддаг?
-Хор шар хүнд байх ёстой зан. Гэхдээ хэмжээг нь тааруулах хэрэгтэй. Хор шарын хүчээр л хүн хөгждөг. Бас би маш бага унтдаг. Азаар надад залхуурал гэж байдаггүй.

-Таныг харахад үсчин, гоо сайхны газар их цаг өнгөрөөдөг юм шиг санагддаг. Гадаад төрх хувцсандаа их анхаардаг биз?
-Дуучин хүн гэхээрээ л үргэлж брэнд хувцас өмсөх албагүй. Энгийн үед би жирийн л хувцас өмсдөг. Харин ажлаа хийж байгаа үедээ брэндээр гоёдог. Урлагийн хүнд муухай харагдах эрх байхгүй. Би алхам тутамдаа бусдаас илүү гоё харагдах ёстой. Бас би урлагийн нүүр царай учраас  бусдаас хэрэглээ өндөртэй байдаг. Ийм байж чадахгүй бол миний үнэлэмж буурна шүү дээ. Брэнд гэснээс хоёр жилийн өмнө брэнд хувцсыг зөвхөн гадаадаас захиалж авчирдаг байсан бол одоо эх орноосоо авах боломжтой болчихож. Монгол орон хөгжиж байгаагийн илрэл байх л даа.

-Хоёр жил дуулаад л тайзнаас буудаг дуучин олширлоо. Ч.Ану арван жилийн дараа дуулах болов уу?
-Урлагт хөл тавихдаа өөрийгөө бэлэн үү, үгүй юу гэдгээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Би арван жилийн дараа одоогоосоо илүү боловсролтой, нийгмийн бусад салбарт байр сууриа олчихсон байна байх. Гэхдээ хэзээ ч урлагаасаа хөндий­рөхгүй. Урлагийн хүн хэзээ ч хөгшрөхгүй байх боломжтой гэж боддог.

-Монголын дуучид дуулахаас гадна менеж­мент, цомгийн борлуулалт зэрэг бүх ажлаа өөрөө хийж, ёстой л бор зүрхээ­рээ явдаг. Та ч бас тэдний нэг үү?
-”Гала” хамтлагийн ард маш том баг ажилладаг байсан. Энэ багаасаа сур­сан мэдсэнээ өөрийнхөөрөө боловсруулаад хэрэгжүү­лээд явж байгаа. Би багаа  өөрөө сургаж бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, баг намайг биш, би багаа бэлтгэж байгаа. Хамгийн гол нь багтаа итгэлтэй хүмүүсийг авах хэрэгтэй юм билээ. Баг бэлтгэхэд надаас хугацаа их шаардаж байгаа, гэхдээ алсын үр дүнгээ бодвол энэ нь зөв.

-Хөндлөнгөөс харахад та цомог борлуулаад, клип хийгээд нэг их мөнгө олохгүй байх шиг. Тэгсэн хэрнээ “Хөөрхөн дэлхий” санг санхүүжүүлээд л байх юм. Яаж энэ мөнгийг олдог юм бэ? 
-”Хөөрхөн дэлхий” санг зөвхөн өөрийнхөө хуримт­лалаар санхүүжүүлдэг. “Гала” хамтлаг байгуулснаа­саа хойш өдийг хүртэл цуг­луулсан жаахан мөнгөө л хүүхдэд  зориулсан хэрэг. Гэхдээ хуримтлал маань үнэндээ тун бага л даа. Хам­гийн гол нь тэр бага мөнгийг зөв зарцуулж чадсан.

-Үнэндээ уран бүтээлд ч гэсэн багагүй мөнгө зарцуулж, бас л алдагдал хүлээж байгаа юм биш үү?     
-Би гоё санаа сэдээд, мундаг уран бүтээл гаргаад мөнгөгүй бол явахгүй. Сан­хүүгийн хүндрэлээс гарахын тулд зөв менежмент, зөв бодлого баримтлах хэрэгтэй. Эхний уран бүтээлийг өөрөө бүх зардлаа гаргаж хийсэн. Үнэндээ аав ээж л тусалсан. Чанартай уран бүтээл хий­гээд мундаг бүтээгдэхүүн гаргаад ирэхээр аяндаа хамтарч ажиллах байгуул­лага гараад ирдэг юм билээ. Цомог, клипэндээ зарцуул­сан зарлагаа орлого нь нөхөхгүй байгаа нь үнэн.

-Тэгээд яагаад алдаг­дал хүлээсэн хэрнээ шант­рахгүй яваад байгаа юм бэ. Та уг нь тийм ч баян хүн биш гэж хэллээ шүү дээ?
-Ирээдүйн жинхэнэ фэнүү­дээ хүмүүжүүлэхийн тулд одоо бага зэрэг алдаг­далд орж байгаа юм. Миний цомгийг сонсч байгаа хүүх­дүүд яваандаа алдсан мөн­гийг маань оруулах л болно. Дуучин хүн сууриа зөв тавьж байж дараагийн алхмаа хийдэг юм. Өнөөдөр нэг цомог гаргаж ашиг олчихоод хожим нь үнэнч фэнгүй хоцорч болохгүй. Тэгвэл дараагийн цомог борлогдох­гүй. Уран бүтээлч хүн алсын хараатай байх ёстой. Би ойрын арван жилийнхээ зах зээлийг судалчихсан. Ингээд л ирээдүйн фэнүүддээ энэ мөнгийг зоригтой зарцуулж байгаа юм.

-”Гала” анх гарч ирээд маш их хэл аманд өртөж байсан. Энэ бүхнийг даван туулахад хэцүү байв уу?
-Шинэ юмыг хүмүүс тийм амархан хүлээж авдаггүй. Тэр үед манай багийнхан бид хоёрыг элдвийн хэл аманд орох, муу муухайгаар хэлүүлэхээс эхлээд бүх эрсдлийг тооцчихсон бай­сан. Тиймээс ч маш их сэтгэлийн тэвчээртэй, хатуужилтай байхыг анхаа­руулж, сануулж байлаа. Гэхдээ тэр хүнд үеийг даван туулаад “Гала” гэдэг хувца­сны стил хүртэл гаргаж чадсандаа бахархадаг. Биднийг анх хараад “Ёоё нүд гялбачихлаа, цочлоо ш дээ” гэх мэтээр хэлж байсан. Тун удалгүй өсвөр насны охид биднийг дуурайж бүжиглэж, хувцаслаж эхэлсэн.

-Болороо та хоёр эргэн нэгдэнэ гэсэн яриа гарсан?
-Бид үнэндээ мөнгөнөөс болж муудалцсан шүү дээ. Гэхдээ ганцаараа байхдаа буруугаа ойлгож, мөнгө ер нь юу юм бэ, Болороо маань надад мөнгөнөөс илүү хэрэг­тэй юм байна гэдгийг ойлго­сон. Бид эргээд найзууд болж хамтран уран бүтээлээ хийхээр болсон. Эцсийн эцэст миний байх ёстой газар бол “Гала” хамтлаг юм байна гэдгийг ухаарсан шүү.  

-Долдугаар сард шинэ цомог өлгийдөн авна гэсэн үү?
-”Ану” цомог маань долду­гаар сард гарна. Энэ цомгоо­роо сонсогчийнхоо хүрээг тэлж насыг нь ахиулна.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
boucles d”oreilles anciennes en or imitation ?? dumb it down a shade for me plz boucles d”oreilles anciennes en or imitation http://www.topbijoux.cn/van-cl eef-earring-replica-c16/
IP:219.136.95.44  2018-05-30 10:02:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.