Камертоны Эба: Би хүүгийнхээ сайн найз нь байхыг л хүсдэг

2008/08/27
Share |
Хүмүүс: Эрдэнэбат.Н | 
Камертоны Эба: Би хүүгийнхээ сайн найз нь байхыг л хүсдэг

Уншигч танд Kамертон хамтлагийн гишүүн бид бүхний сайн танил дуучин Эбатай хийсэн ярилцлагаа энэ удаад хүргэх гэж байна. Тэрээр ихэд завгүй байсан ч фэнүүддээ өөрийн сонирхолтой ярилцлагаа хүргэхээсээ татгалзаагүй юм.

Одоогоор Камертон хамтлагийн 4 маань хамтран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд тун удахгүй хамтлагынхаа томоохон тоглолтоороо фэнүүддээ бэлэг барих гэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс бид түүний уран бүтээлийн сонин сайхан гэхээсээ илүү Эба гэдэг ер нь ямар хүн юуг илүү амьдралынхаа зорилго болгож явдаг зэрэг хувийн амьдралаас нь танд сонирхуулахаар ярилцлагаа эхэллээ...

-  Танд энэ өдрийн мэнд хүргье. Хамтлагийн тоглолт, хувийн ажил гээд нилээн завгүй байгаа ч бидэнд өөрийнхөө талаар сонирхолтой яриа өрнүүлэхээр зорьсонд тань баярлалаа.

- Зүгээрээ. Фэнүүддээ энэ өдрийн мэнд хүргье.

- Камертон хамтлаг арван хэдэн жил Монголын рок попын ертөнцийг манлайллаа. Энэ талаар таны сэтгэгдэл ямар байдаг бэ?


- Монголын рок попын ертөнц бол маш том өрсөлдөөний талбар гэж би ойлгодог. Энэ өрсөлдөөнд хэн авьяастай, хөдөлмөрч тэр л хамтлаг дуучид ялна. Арван гурван жил хамтлагуудын тэргүүлэгч байсан “Камертон” хамтлаг хүрэх ёстой оргилынхоо хамгийн дээд хэмжээнд хүрсэн. Монголд үүнээс илүү алдартай байх боломж байхгүй. Харин манай хамтлагийг тарсан гэсэн яриа тав, зургаан жилийн өмнөөс ярих болсон. Бид тараагүй харин ч дахин уран бүтээлээ хамтран хийж фэнүүддээ шинэ бэлэг барина. Хүч хөдөлмөрөө шавхан байж энэ оргилд хүрсэн. Гэхдээ энэ зөвхөн биднийг сонсдог Фэнүүдийн маань сэтгэлийн үнэлэмжээр яригдах асуудал. Хүнд бас хариуцлага үүрэх чадвар гэж байх ёстой. Ганц хоёр цомог гаргачихаад аймшигтай том дуучид болчихлоо гэж бодож болохгүй л байхгүй юу. Камертоныхон тийм хүмүүс биш. Фэнүүдийн маань бидэнд өгсөн агуу том хариуцлага, итгэлийг бид хэзээ ч алдахгүй. Хамтлагаа тараачихаад юу хийж бүтээнэ гэж ярьж бэ дээ. Мөн хамтлаг маань зөвхөн уран бүтээл дээр дөрөөлсөн хүмүүс биш. Багаасаа сайн найзууд байсан. Нэг нэгнээ ойлгож тусалж дэмжиж, бие биедээ одоог хүртэл үнэтэй зөвөлгөө өгдөг найзууд.

- Уран бүтээлийн гэхээсээ илүү, хувийн амьдралаас чинь уншигчид маань мэдэхийг хүсч байгаа байх тиймээс хоёулаа энэ талын илүү хөндье. Таныг их олон төрлийн бизнес хийдэг гэж сонссон энэ талаар яриагаа эхлэх үү?   

- Би бизнес сонирхоод зургаан жил гаруй болж байна. Олны хараа хяналтанд байдаг учраас биеэ арчилж бусад хүмүүсээс дандаа илүү байх хэрэг гардаг. Манай гэр бүлийн сарын зарлагыг тооцоод үзвэл маш их тоо гардаг. Гэр бүлийнхээ хувцасыг Монголоос биш гадаадаас өндөр үнээр авдаг. Мөн хүү маань том болж байгаа учраас боловсролтой мэргэжлийн боловсон хүчин болгохын тулд зүгээр нэг сургуульд сургах биш гайгүй сургалт сайтай сургуульд сургамаар байна гээд л асуудлууд ар араасаа цувраад мөнгө их хэрэгтэй болдог юм байна. Тиймээс олон төрлийн бизнес хийж байгаа.

- Таны эхнэр хэр халамжтай эмэгтэй бэ?

- Эхнэр маань улсын циркид жүжигчин гэдгийг хүмүүс бүгд мэднэ. Мөн Америкт гоо сайхны мэргэжлээр сургууль төгсөөд ирсэн. Энэ нь миний эхнэрийн хобби гэж хэлж болно. Одоо би ерөөсөө гоо сайханд орохоо больсон. Эхнэр маань миний гоо сайхны бүх үйлчилгээг хийхийн зэрэгцээ үсийг маань бас засдаг. Мөн хоол сайн хийдэг. Тиймээс эхнэр маань их халамжтай эмэгтэй сайн хань.

- Хүү чинь аавынхаа хоёр ч дууны клипэнд тоглосон байхаа? Өөр шигээ урлагийн хүн болгоё гэсэн бодол байдаг уу?

- Хүүхдийг багаас нь нээлттэй байлгаж, хүнтэй зөв харьцах, аав ээжтэйгээ болон бусад хүмүүсд сэтгэлээ нээж илэн далангүй ярьдаг болгох хэрэгтэй гэж би боддог. Монголчууд багаас нь хүүхдүүдээ тэгж болохгүй, ингэж болохгүй гэсээр байгаад том хүн гэдгийг нэг л их ууртай хүнээр төсөөлүүлж, хүүхдийнхээ сэтгэлийг нээж чадахгүй, бүрэг ичэмхий болгож хүмүүжүүлдэг. Уг нь багаас нь хүүхэдтэйгээ нээлттэй байвал хүүхэд аль хэдний том болсон байдаг. Тиймээс бид хүүгийнхээ сайн найз нь байж, илэн далангүй, хэнээс ч айж эмээхгүй, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг хүүхэд болгож хүмүүжүүлэхийг эрмэлздэг. Зурагтаар гаргаад клипэнд тоглуулна гэдэг чинь тэр болгон олдоод байх боломж биш. Тиймээс би багаас нь клипэнд хүртэл тоглуулж нүүрийг нь хагалж байгаа юм. Клипэнд тоглуулхаас өмнө би хүүгээсээ миний хүү аавынхаа дууны клипэнд тоглох уу? Гэж асуусан. Тэгсэн ээж дээрээ очоод “ээж, аав чамд юм ярьсан уу? Үгүй юу гэж? Мэдэхгүй ээ намайг өөрийнхөө дууны клипэндээ тоглох уу гэсэн санал тавьж байна. Би яасан нь дээр вэ?” гэж асуусан гэсэн. Би энэ яриаг ээжээс нь сонсоод их баярласан. Энэ мэтчилэн багаас нь нээлттэй байдалд сургах хэрэгтэй. Харин ямар мэргэжилтэй хүн болохоо миний хүү өөрөө том болоод шийдэх байх. Би хүүгийнхээ хүслийг дагна.

- Амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг бэ?

- Одоогийн нийгэм тэр чигээрээ атаархал болсон цаг. Тийм учраас би ийм асуултанд шууд хариулахаасаа маш их айдаг. өөрөөр хэлбэл би амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч байна гэж хэлэхээсээ айдаг. Миний сэтгэл хангалуун амьдрал амьдрал маань миний гэр бүл маань л юм даа.

- Чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөдөг үү?

- Тийм санаа их байдаг боловч зав чөлөө бараг гардаггүй. Эхнэр маань гэртээ тогтсонгүй гээд уурлах нь ч бий. Заримдаа зав гаргаад гэр бүлтэйгээ гадуур юм үзэх ч юм уу, эсвэл гарынхаа хоолыг гэр бүлийндээ хийж өгч, салхинд гардаг. Тэгэхээр төлөвлөсөн ажил маань бүтэн нэг долоо хоногоор хойшлоход хүрдэг. Энэ миний хамгийн шийдвэрлэхэд хэцүү асуудлын нэг дээ.  

setguul.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.