МУГТ П.Сэрдамбын аав Д.Пүрэвдорж: Миний хүү ээж дээрээ очиж байгаарай, ээжийгээ хаяж болохгүй шүү гэж захидаг юм

2008/08/29
Share |
МУГТ П.Сэрдамбын аав Д.Пүрэвдорж: Миний хүү ээж дээрээ очиж байгаарай, ээжийгээ хаяж болохгүй шүү гэж захидаг юм

Нэг сарын өмнө хэнд ч танигдаагүй явсан залуу эдүгээ олны танил, тэр тусмаа монголчууд бидний хайртай хүү болж хувирсан нь ид шидийн гэмээр. Өгсөж, урууддаг хорвоогийн өнгө хачир, өөр нэг нууц нь ч энэ байхыг үгүйсгэхгүй. Магадгүй “Амьдрал баян” гэдэг үгийг энэ удаа жинхэнэ утгаар нь би хэлмээр байна.Гэхдээ эдүгээ МУГТ гэсэн хүндтэй шагналыг хүртсэн Пүрэвдоржийн Сэрдамба зөвхөн өөрийнхөө хүч чадал, ширүүн тэмцлээр амь амьдрал, алдар нэрээ босгож чадсан. Бид түүний аав Пүрэвдоржтой уулзаж ярилцсан юм.

-Юуны түрүүнд таны хүү Сэрдамба зуны олимпод амжилттай оролцож, мөнгөн медаль хүртээд ирлээ. Аавын хувьд сэтгэгдэл өндөр байгаа гэж бодож байна?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Хүү маань яваад Олимпоос мөнгөн медаль авч ирсэн нь миний хувьд их том баяр болсон. Саяхан Монгол улсын Ерөнхийлөгчөөсөө гавъяатынхаа цол тэмдэгийг авчихлаа. Их сайхан байна. Хүү маань залуу байгаа болохоор дахиад улам ч их спортын амжилт гаргах байх. Гэхдээ оргилд гарахын хувьд ингээд гардаг л юм байж. Гол нь ард түмэн, эх орныхоо энэ их хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг хамгийн хэцүү зүйл. Өнөөдөр хүүг маань Монголд байтугай дэлхийд мэддэг боллоо. Тиймээс би хүүдээ “Нэр төрийг дааж явах хэцүү байдаг. Ээ дээ, хүү минь энэ их хайр хүндэтгэл, нэр хүндийг өргөөд, хичээж л яваарай” гэж захих болсон.
-Үнэхээр ч Монгол гэдэг нэрийг дэлхийн төвшинд таниулж чадлаа. Монголчууд бүгдээрээ таниас ч дутахгүй баяр хөөртэй байгаа шүү?
-Үүнд төр засаг, ард түмний маань дэмжлэг их байгаа. Олимпоос алтан медаль авахсан гэж бид 44 жил мөрөөдсөн. Харин энэ удаа манай тамирчдыг Олимпын наадамд явахад төр засаг болоод боксын холбоо, бокст элэгтэй олон компаниуд ихэд тусалж, дэмжсэн. Тэр бүхний үр шим гарсан гэж бодож байна. Ер нь бол монголчууд хийе гэвэл хийж чаддаг улс гэдгээ харууллаа. Манай улсыг буурай, ядуу орон л гээд байдаг. Тэгтэл том, том баян улсууд медаль авч чадахгүй буцлаа шүү дээ. Хүүхэд залуучууддаа хэлэхэд спортоор сайн хичээллэх юм бол эрүүл саруул байхаас гадна биеэ зөв авч явдаг болно. Залуу хүүхдүүд спортоор бүгдээрээ хичээллэх хэрэгтэй. Заавал бокс, эсвэл бөхөөр хичээллэх шаардлагагүй. Өөрийнхөө сонирхсон спортоор хичээллэж, адаглаад биеэ зөв авч явдаг болно. Залуу хүүхдүүд спортоор бүгдээрээ хичээллэх хэрэгтэй. Заавал бокс, эсвэл бөхөөр хичээллэх шаардлагагүй. Өөрийнхөө сонирхсон спортоор хичээллэж, адаглаад биеэ зөв авч явахын зэрэгцээ эрүүл чийрэг болох нь чухал.
-Олимп ч яах вэ ингээд дуусдаг юм байж. Олимп болохоос өмнө та хэр их догдолж байв даа. Хүүгээ медаль авчирна гэдэгт итгэж байв уу?
-Хүн ямар нэгзн тэмцээнд ялагдах гэж ордоггүй. Мэдээж ямар ч тамирчин ялахын төлөө явдаг. Би хүүгээ явахад нь “За миний хүү хичээгээд, ямар ч байсан медальтай ирэхийг бодоорой. Нэгэнт эрхийг нь аваад олимпод оролцож байгаа юм чинь аль болох медаль авахыг хичээгээрэй” гэж захиж байсан. Тэгтэл тэр итгэлийг минь миний хүү алдсангүй. Хүрэл аваад, хүрлээ мөнгө болгоод ирлээ.
-Та олимпын үеэр тоглолт алгасалгүй үзсэн байх. Тоглолтын сэтгэл догдлуулсан мөчид юу бодогдож байв?
-Өө тэгэлгүй яах вэ. Хамгийн хэцүү мөч бол хүрэл медалийн төлөөх тоглолт байдаг. Хүрэл медаль авчихвал ядаж сэтгэл санаа хүртэл өөрчлөгдөж, өөртөө итгэлтэй болдог. Нэг ёсондоо биеэ барихгүй болж, стэгэл санаа өөдрөг болно гэсэн үг. Хүрэл медаль авчихсан юм чинь дараа нь мөнгө авахад ойрхон байна гэдэг ч юм уу, хамаагүй дээр болдог гэсэн. “Хамгийн эхний даваа л хэцүү байдаг” гэж тамирчид хэлдэг юм билээ. Энэ нь ч хүүгийн маань хүрэл медалийн төлөөх тоглолтон дээр харагдсан. Яг хүрэл медаль авах мөчийг харж байхад өөрийн эрхгүй огшоод, уйлаад эхэлдэг юм билээ. Тоглолт дуусаад удаагүй байтал 25 дугаар телевизийнхэн ороод ирсэн. Харин би ярьж чадахгүй, нулимс гоожоод, уйлаад л байсан.
-Өрсөлдөгчид нь дандаа хэцүүхэн тамирчид байсан. Та аль орны тамирчинтай тоглох үед нь хамгийн догдолж байв аа?
-Ер нь бол Олимпоос тэр нь муу гэж нэрлэх хүн байхгүй. Дандаа улс бүрийн шилдэгүүд нь ордог болохоор тэр, энэ гэж ялгах арга байгаагүй. Мөнгөн медалийн төлөөх тоглолтон дээр ганц, хоёр онооны зөрүүтэй явж байхад нь үнэндээ шилдэгүүд байдаг юм байна гэж бодож байлаа. Тэр дундаа олимпод үнэхээр шилдэгүүд ордог болохоор хүүгийн маань даваа бүхэн хэцүү санагдсан.
-Боксыг олуулаа үзэхэд сонирхолтой шүү дээ. Та хэнтэйгээ үзэв?
-Манайд дүү нар, хүүхдүүд ирээд их олуулаа бужигнаж байсан. Хүүгийнхээ цамцны захыг мушгиад л сууж байлаа. Ялахад нь баярлаад, оноо жаахан дутаад ирэхэд нь одоо яана даа гэж өмнөөс нь сэтгэл зовж суусан.
-Сэрдамба маань алтын дайтай мөнгө авсан шүү дээ. Таны хувьд хүүгээ алт авчихна гэж харж байв уу?
-Мэдээж хүүгээ алт авна гэж бодож байсан. Өмнө нь Азийн аваргын төлөөх тэмцээн Монголд болоход тэр хятадын тамирчинтай хүү маань тоглож, ялаад аварга болж байсан. Энэ ч утгаараа өмнө нь нутагтаа хожиж байсан юм чинь одоо нутаг дээр нь хожно гэж бодож суусан. Хүү маань өөрөө ч сэтгэл санааны хувьд өндөр байсан. Алтын төлөөх тоглохынхоо өмнөх өдөр над руу ярихад нь “За миний хүү нутагтаа ялж байсан юм чинь айгаад байх юйл байхгүй шүү” гэж хэлсэн. Ямар ч байсан тэр хужааг айлгах дайны хүн чинь миний хүү шүү дээ. Өмнө нь таарч байсан болохоор бие биенийхээ тоглолт, тактикыг мэддэг улсууд. Яахав гарынх нь зөөлөн эд нь бэртэлтэй байсан болохоор тэр нь сэдэрсэн юм билээ. Казакстанд очиж Олимпын эрх авах үедээ мөрөө гэмтээсэн учраас дараа нь Тайваньд очиж эмчлүүлсэн. Түүнийхээ хүчинд л Олимпын наадамд явсан гэж болно. Одоо бол гар нь гайгүй л байна.
-Хүн мэргэжлээ зөв сонговол амжилтанд хүрдэг шиг спортыг ч гэсэн зөв сонговол амжилтанд хүрдэгийг тамирчид маань харууллаа. Сэрдамба ер нь яаж яваад боксын спортыг сонгосон юм бол оо?
-Би уг нь бокст оруулъя гэж бодоогүй. Манайх бөхийн удамтай айл. Самдан гээд самбо бөхийн анхны олон улсын спортын мастер хүн миний ах байсан. Тийм болохоор бөх рүү оруулъя гэж бодож байлаа. Харин миний зав болохгүй байтал хүү маань ганцаараа бөхийн секцэнд орохоор очсон юм билээ. Очоод харж байтал хажууд нь боксын секц хичээллэж байсан гэсэн. Дэвжээн дээрээ дээш, доошоо үсрээд бэлтгэл хийж байгаа тамирчид хүүд маань их таалагдсан юм байх. Өөрөө ч их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор бокс нь илүү сонирхолтой санагдсан гэнэ лээ. Тэгээд л Ганзориг багш дээр очоод “Би танай боксын секцэнд оръё” гэж хэлэхэд нь “Тэгээ, тэг. Маргааш хүрээд ир” гэсэн байсан. Долоо хоногийн дараа хүү маань “Аав аа би боксын секцэнд орсон. Төлбөр нь 2500 төгрөг гэсэн гэж хэлснээр Ганзориг багшийн шавь болсон. 1999 онд анх секцэнд орж байсан гэж бодохоор тухайн үед хүү маань тав, зургадугаар ангийн жаахан хүүхэд л байсан юм байна. Секцэндээ орсноос хойш нэг сарын дараа тэмцээнд ороод хүрэл медаль хүртсэн. Тэр цагаас хойш өөртөө урамшиж эхэлсэн төдийгүй орсон тэмцээн болгоноосоо медаль авдаг болсон учраас багш нь секцэндээ үнэгүй яваарай гэж хэлсэн байсан. “Спорт сургалтын төв” гэж байсан юм. Түүнд анх бүртгүүлээд орсон доо. Хүү маань нэгэнт энэ спортыг сонгосон болохоор “Бокс бол жинхэнэ эр зоригийн спорт. Аав нь өөр юу хэлэх вэ дээ” гэж хэлэхэд минь “Ойлгож байна” гэж байсан. Тэгээд тэр чигээрээ явсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Манай хүү чинь багадаа их сахилгагүй хүүхэд байлаа. Үеийн хүүхдүүдээ шоглох дуртай, ер нь ч шоглодог байсан. Харин энэ спортоор хичээллэснээс хойш огт өөр хүн болсон. Хүн амьтантай ноцолдоод л, шоглоод байдаг хүүхэд чинь боксын секцэнд явснаас хойш 20-иод хоногийн дараа эрс хүмүүжилтэй болоход нь би дотроо их гайхаж суусан шүү.
-Боксын спортыг хүмүүс “хулиган” маягийн спорт гэж ойлгодог. Гэтэл улам ч хүмүүжсэн байна шүү дээ?
-Харин ч хүн өөрийнхөө биеийг цэвэр авч явж сурдаг юм билээ. Мэдээж биеэ зөв авч яваа хүн бусадтай яаж харьцахаа мэддэг болно шүү дээ. Жаахан сагсуудуу хүнтэй таарсан ч эвтэйхэн зохицуулаад явна уу гэхээс хүи амьтантай зодолдож явсан удаа байхгүй ээ.
-Багш нар нь Сэрдамбыг их өхөөрддөг юм билээ. Ааш зан нь эвдрээгүй, хүүхдээрээ гээд л хир халдаадаггүй. Ард түмэн ч гэсэн яг ингэж хүлээж авсан?
-Хүүгийн маань байгаа зан нь л тэр. Яг л хүүхэд шиг. Элдэв илүү зангүй. Ямар ч хүнтэй ах аа, эгч ээ гээд л ярьдаг. Медаль авч ирээд ч ааш зан, ярьдаг зүйл нь яг хэвээрээ байна лээ. Гэхдээ ирснээс нь хойш хүүтэйгээ тухтай уулзаж чадахгүй л явна. Өдөр бүхэн хүлээн авалт, уулзалт гээд явах юм. Өглөө гараад, орой ирдэг. Тэр үед нь би унтчихсан байдаг болохоор тухтай уулзалдаж чадаагүй. “Ард түмэн ингэж их хайрлаж байгаа юм чинь ард түмний хайрыг л миний хүү дааж яваарай. Хүүхэд зангаараа байгаарай” гэж хэлэхэд “Ойлгож байна аа” гэж байсан. Медаль авчихлаа гээд хөмсгөө зангидаад байвал муухай шүү дээ. Хүний зан чанарыг нэр алдар гэдэг муухай зүйл эвддэг. Түүнээс болгоомжлоорой гэж захих юм даа.
-Сэрдамбыг Хөдөлмөрийн баатар цол тэмдэгээр шагнах ёстой байсан гэдэг мессеж ард түмний дунд яваад байсан. Та юу гэж бодож байна?
-Төр засаг нэгэнт өгдөгөө өгсөн болохоор заавал Хөдөлмөрийн баатар цол тэмдэгээр шагнасангүй гэж бодохгүй байна. Тэртэй тэргүй залуу хүнд дахиад амжилтаа ахиулах боломж байгаа. 2009 онд гэхэд л Дэлхийн аваргын тэмцээн болно. Тэнд очоод медаль авч ирэхэд Хөдөлмөрийн баатар цол тэмдэгээр шагнагдана шүү дээ.
-Хүү тань нэлээн их хөдөлмөрлөж оайж энэ амжилтанд хурсэн нь мэдээж. Энэ чанар нь танд ажиглагддаг байсан уу?
-Нэлээн хөдөлмөрч шүү. Багаасаа их ажилсаг хүүхэд байсан. Гэр орны угааж, цэвэрлэх ажлыг хүртэл эмэгтэй хүүхдээс дутахгүй хийдэг. Өөрөө ч их цэмцгэр. Хааяа хүү маань тэмцээн, уралдаан гээд явчихсан хойно нь би гэртээ ганцаараа үлддэг. Явж байгаад ирэхээрээ “Аав аа энэ гэр орон чинь юу болчихсон юм бэ. Гэр орноо цэвэрлэхгүй яасан юм” гээд л гэрээ цэвэрлэж эхэлдэг. Хоол унд хийхдээ ч гэсэн янзын шүү. Бид хоёулханаа гэртээ байхад яг л хоёр аяга хоол хийнэ. Илүү хоол гаргана гэж байхгүй. Нэг удаа би хүүдээ “Манайд хүн ирвэл хоосон хононо доо” гэж хэлтэл “Яагаад” гэж байна. “Яахав дээ хүн ирвэл чи бид хоёр, хоёр аяга хоолоо идчихээр нөгөө хүндээ юу өгөх юм” гэсэн чинь “Хүн ирээд хонохоор бол бас тааруулаад л хийнэ шүү дээ, аав аа” гэж байсан / Инээв.сурв/. Үнэндээ хүү маань их цэмцгэр. Хиртэй хувцас хунар өмсөнө гэж байхгүй. Одоо хүү маань авгайтай болж байгаа юм билээ. Тэр охин жаргана аа. Эхнэр нь гэртээ байх л юм бол өмнөөс нь чавганцын ажил хийгээд, авсан авгайгаа жаргаана шүү. Азтай охин л миний хүүтэй сууна гэж би боддог юм. Ямар ч байсан авсан ханиа хиртэй хувцастай явуулахгүй, хоол ундгүй байлгахгүй. Одоо л бэлтгэл, сургуулилт гээд завгүй байгаа болохоос.
-Та найз охинтой нь танилцав уу. Ер нь тамирчдын гэр бүлийн хүн ар гэрээ авч явах хүндхэн үүргийг гүйцэтгэдэг шүү дээ?
-Найз охинтой нь танилцсан. Хүү маань өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэж байгаа биз дээ. Ер нь би хүүхдүүдийнхээ амьдралд оролцдоггүй. Тэр хүмүүс өөрсдөө ханиа олоод, хайртай, дуртай гээд сууж байхад нь “Танай авгай чинь ийм байна, тийм байна” гээд байх утгагүй. Дараа нь “Аав худлаа ярьсаар байгаад манай эхнэрийн сэтгэлд сэв суулгачихлаа гэдэг ч юм уу, эсвэл танай аав чинь тэгдэг, ингэдэг” гээд байвал хэцүү шүү дээ. Тиймээс би хүүхдүүдийнхээ амьдралд оролцдоггүй.
-Үнэхээр тийм шүү. Ер нь Сэрдамба айлын хэд дэх хүүхэд вэ. Одоо та хоёр л хамт амьдардаг юм аа даа?
-Ах нь таван хүүхэдтэй. Нэг охин, дөрвөн хүүтэй. Сэрдамба айлын бага нь. Ах, эгч нар нь бүгд шахуу тусдаа гарсан. Нэг ах нь арай тусдаа гарч амжаагүй, бид хоёртой хамт байдаг. Ам бүл гурвуулаа гэж явдаг юм.
-Уучлаарай, нэг зүйлийг асуумаар санагдаад болдоггүй. Олимпоос медаль авчирсан тамирчдынхаа ар гэрийг ард түмэн их сонирхсон. Харин Сэрдамбын ээж харагдахгуй байгаад хүмүүс их гайхаж байсныг нуугаад яах вэ?
-Тэр ч юү л дээ, миний дүү. Хүний амьдрал алдаа оноогоор дүүрэн байдаг. Алдахгүй амьдрал гэж байхгүй. Ах нь амьдралдаа алдаад, бид салсан юм. Өнөөдөр надад ээжийг нь муулах шаардлага, эрх байхгүй. Таван сайхан хүүхэд төрүүлж, өсгөлцөж өглөө. Ээж нь одоо ч байдаг юм шүү дээ.
-Сэрдамба уулздаг болов уу?
-Ээжтэйгээ уулздаг байх аа. “Миний хүү ээж дээрээ очиж байгаарай. Ээжийгээ хаяж болохгүй шүү” гэж би захидаг. Хүүхдүүд ээж дээрээ очлоо л гэдэг юм. Харин ах нь холбоогүй болсон. 1985 онд хүүгээ төрөхөд ах нь өвчин туссан юм. Дараа нь 1995 онд хүү арван настай байхад бид хоёр салсан. Тэр хүнд буруу байхгүй л дээ, зайлуул. Өвчтэй, зовлонтой хүнтэй арван жил амьдарчихлаа. Дандаа эмнэлэг, домлого гээд явах хэцүү байсан биз. Харин хүүдүүд аавыгаа дагана гээд надтай хамт үлдсэн.
-Ямар өвчин юм бэ? Эмчлэгддэггүй өвчин юм уу?
-Астом туссан. Ерөөсөө эмчилгээ авдаггүй юм. Хааяа эмнэлэгт хэвтээд хийлгэдэг тариагаа хийлгэхээр нэг хэсэгтээ намддаг. Тэгээд дахиад л сэдэрчихдэг.
-Та их сэтгэлийн тэвчээртэй юм. Ганцаараа энэ олон хүүхдүүдийг өдий хүртэл өсгөсөн байна. Зах зээлийн үед хэцүү л байсан байх?
-Хүүхдүүдийн маань түрүүч хоолондоо хүрсэн байсан болохоор бас ч гэж гайгүй байсан. Том нь 16 нас хүрч барилга энэ тэрд ажиллаад, нэмэр болж байсан. Түүнээс биш зах зээлийн үед тавын таван хүүхдийг тэжээх хэцүү л дээ. Би өөрөө арай ч хэвтэрт орчоогүй байсан учраас наймаа зэрэгхэн хийх гэж үзээд л амьдарч явлаа.
-Эхнэр тань өөр хүнтэй суусан юм уу. Мөнгөн медаль авснаасаа хойш ээжтэйгээ уулзсан болов уу, Сэрдамба. Бас тэр баяртай өдөр ээж нь та хэдтэй холбоо барьсан уу?
-Тийм ээ, өөр хүнтэй суучихсан юм. Бидэнтэй холбоо бариагүй. Хүн юм болохоор зовдог юм байгаа биз дээ, зайлуул. Хүүхэд нь гайгүй болчихоор юу юугүй утасдаад байх эвгүй санагдсан юм байлгүй. Сэрдамба ээж дээрээ очсон гэсэн. Юу ярьж, яасныг нь харин ах нь мэдээгүй. Тэр талаар асуудаггүй юм.
-Та тэгээд энэ олон жилийн хугацаанд ганцаараа л явж ирсэн хэрэг үү?
-Ах нь хүнтэй суугаад яах вэ дээ. Хэн нэгэн хүнтэй сууя гэж бодоход тэр хүн бас л дагавар хүүхэдтэй, би ч дагавар хүүхэдтэй байна. Хүүхдүүдэд хэцүү шүү дээ. Тэгж хүний сэтгэлийг зовоогоод юүхэв. Би ч өөрийгөө зовоогоод яах билээ. Тэгээд ч өвчтэй, зовлонтой байж хүнд нэрмээс болоод яах вэ.
-Тэгвэл Сэрдамба аавдаа амь байх?
-Надад сайн байдаг юм. Өчигдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас байр өгсөн. “Аав хамт явна биз дээ” гэж байсан.
-Та хамт явна биз дээ?
-Явалгүй яах вэ / Инээв.сурв/.
-Байр нь хаана байдаг юм байна. Та очиж үзсэн үү?
-Офицеруудын ордны цаана гэсэн. Байранд нь очиж үзээгүй. Хүү маань “Аав өнөө орой очиж үзэх үү” гэж байна лээ. Өөрөө очиж үзсэн гэсэн.
-Танайх одоо дэнжийн мянгад байдаг гэсэн. Хэзээ нэгэн цагт хүүгийнхээ буянаар орон сууцанд амьдарна чинээ бодож байв уу?
-Ах нь насан туршдаа гэр хорооллоор амьдарч байсан. Орон сууцанд ёстой орж үзээгүй. Харин одоо хүүгийнхээ буянаар орон сууцанд амьдрах юм шиг байна / инээв.сурв/ Залуу байхад ахад нь орон сууцанд амьдрах боломж уг нь байсан. Max комбинатад ажиллаж байхад байрны өргөдөл энэ тэрээ өгчих гэж удирдлагууд хэлдэг л байсан юм. Одоо бол өдөр судар харж байгаад хүүгийнхээ байр руу нүүнэ.
-Ямартай ч Сэрдамба маань алтын дайтай мөнгө авчихлаа?
-Тийм ээ, хүн болгон санааны зоргоор очоод авчихдаг медаль биш! Хүрэл медаль ч гэсэн асар их үнэтэй олддог. Ард түмэн, төрийн маань сүлдийн ач буян юм даа.
-Хэдэн жилийн өмнө хүү тань “Ахдаа машин авч өгөх мөнгөтэй болсондоо баяртай байна. Айл гэрийн нэг нь ч гэсэн унах унаатай болчихвол бидний амьдралд хэрэгтэй шүү дээ” гэж ярилцлага өгсөн байсан. Үүнээс харж байхад их ухаантай гэж харагдсан шүү?
-2006 онд Азийн аваргын тэмцээнээр түрүүлээд ахдаа машин авч өгсөн. Авч өгсөн машин нь одоо миний унаж байгаа машин шүү дээ. Ах нь ажилд орсон болохоор би хааяа талхны мөнгө зулгаах гээд унадаг юм. Хүн хэзээ ч зүгээр сууж болохгүй. Чаддаг, чаддагаараа амьдардаг нийгэм болохоор зүтгэж л явна.
-Харин өнөөдөр таны хүү өөрийнхөө чадлаар амьдралаа босгож чадлаа?
-Нэг хүү маань ч гэсэн сайн яваад сэтгэл өег байна. Гол нь ард түмнийхээ хайрыг дааж явах л чухал шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.