Боловсрол, мэргэшлээс дээгүүр үнэлэгддэг суултуур 5,6 саяын өртөгтэй

2008/08/29
Share |
Хүмүүс:
Боловсрол, мэргэшлээс дээгүүр үнэлэгддэг суултуур 5,6 саяын өртөгтэй

Өнөө цагт хүн бүр үр хүүхэдээ дээд боловсролтой болгох гэж тэмүүлэх болсон. Тэр дундаа улсын гэх тодотголтой сургууль бараадуулахыг бодно. Бүр цаашлаад Монгол Улсын Их сургуульд орно гэдэг дунд сургууль төгсөж байгаа хүүхэд бүрийн хүсэл байдаг гэхэд хол зөрөхгүй байх. Хүүхэд нь яаж ийж байгаад тэр сургуульд ороод авбал эцэг эх нь “Хүүхэд маань сайн сургууль орсон. Одоо бид сургалтын төлбөрийг нь хэл үггүйхэн төлөх л үлдлээ” хэмээн хэдэн төгрөг олох гэж гүрийцгээнэ. Гэтэл ээж, аавуудын хүүхдүүдийнхээ боловсролд зориулж төлж байгаа мөнгө чинь арай өөр зүйлд зарцуулагдаж байдаг аж. Энэ талаар өчигдөр тус сургуулийн багш нар хэвлэлийнхэнд хандсан юм. Үүнд, 2004 онд тус сургуулийн байранд засвар хийхдээ зөвхөн хоёрхон ширхэг суултуурыг солиход таван сая 600 мянган төгрөгийг зарцуулсан байх юм. Хоёрхон суултуур 5.6 сая төгрөгийн үнэтэй гэхээр энэ сургуулийн удирдлагуудын хэрэглээ ямар тансаг болохыг эрхэм уншигчид маань надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Нэг зүйлийг хэлэхэд, султуур нь 5.6 сая төгрөгийн үнэтэй зэрэглэл өндөр хэрэглээтэй удирдлагуудын тансаглал ингээд зогсоогүй байх юм. Учир нь тус сургуулийн удирдлагууд магадгүй мөнгө нь илүү гараад байсан болохоор тэр ч байж болох өөр бусад байгууллагуудад тэрхүү илүү гарсан мөнгөнөөсөө зээлдүүлж байж. Ингэснээр тэд улсын хөрөнгийг, бүр тодруулбал, мэргэжил эзэмших гэж төрд төлсөн ард иргэдийн мөнгийг, хөрөнгөжих зорилгоор бусдад хүүтэй зээлүүлж хувьдаа ашиг унгаадаг байсан аж. Тэнгэр үргэлж цэлмэг байхгүй, бороо брж, шороо босдог. Үүнтэй адилаар улсын хөрөнгөөр өөрсдөө баяжих гэсэн тэдгээр удирдлагуудын хүсэл заримдаа талаар болж байсан тухай хэвлэлийн бага хурал хийсэн багш нар сэтгүүлчдэд дэлгэсэн. Учир нь тус сургуулийн удирдлагууд дур мэдэн зээлсэн мөнгөө бусдаас авч чадахгүй дээрээ тулахаар аргаа олоод оронд нь үнэт эдлэл авчихдаг гэж байгаа. Эгээ л барьцаалан зээлдүүлэх газар мэт. Инээдтэй, эмгэнэлтэй байгаа биз. Ташрамд дурдахад МУИС-ын удирдлагууд оюутан залуусыг чадварлаг боловсон хүчин болгоход тийм ч их санаа тавьдаггүй бололтой. Учир нь оюутнаа “цэнэглэх” багш нарынхаа мэдлэг, мэргэжлийн дээшлүүлэх талд ихээхэн гар татдаг. Бүр бохироо гаргах суултуураас дорд үнэлдэгт тус сургуулийн багш нар ихээхэн гомдолтой байгаа гэсэн. Учир нь 5.6 сая төгрөгөөр суултуур солихдоо гар татдаггүй Удирдах зөвлөлийнхөн 600 багшийг мэргэжлээ дээшлүүлэхэд нь зориулж ердөө л 30 саяыг төсөвлөжээ. Энэ бүхнийг МУИС-ын Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн багш Ч.Чойсамба, Хууль зүйн сургуулийн багш Б.Баярсайхан нар тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн түр хороог төлөөлж сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм. Түүнчлэн тус сургуулийн Удирдах зөвлөл уржигдар хуралдаж 2008-2009 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг нэмэхээр болжээ. Үүнд 12 факультетаа гурван зэрэглэлд хувааж. В зэрэглэлийн Математик, Физик, Химийн сургуулийн оюутны сургалтын төлбөр 747 мянга, Нийгмийн шинжлэх ухаан болон Монгол хэл судлал, соёлын сургуулийнх Б зэрэглэл буюу 780 мянга, хамгийн дээд зэрэглэлийнх гэх Хууль зүй, Гадаад хэл, Эдийн засгийн сургуулийн сургалтын төлбөрийг 817 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ. Гэтэл Удирдах зөвлөлийн дарга болох Б.Эрдэнэсүрэн сургалтын төлбөрийг нэмэх болсон шалтгаан хийгээд эдийн засгийн ямар тооцоог гаргаад ийн нэмэгдүүлж байгаагаа тайлбарлаж чадахгүй суусан аж. Түүгээр ч үл барам яагаад сургалтын төлбөрүүд ийм ялгаатай байгааг асуухад “Анги дүүргэлтээс шалтгаалж байгаа юм” гэж. Учир юу вэ гэвэл В зэрэглэлийн сургуульд цөөн оюутан сурдаг тиймээс бага төлбөр авдаг. Харин А зэрэглэлийн сургууль, тэнхимд сурч байгаагаас нь өндөр төлбөр авч Б, В зэрэглэлийнхний “дутуу” өгсөн төлбөрийг нөхөх гэж байгаа юмаа гэсэн харилт өгчээ. Тэгэхлээр Б.Эрдэнсүрэн дарга, иймэрхүү аргаар л “тэгштгэл” хэмээн явцуу, арчаагүй зүйлийг үүсгэдэг болохоо хүлээсэн байна. Эндээс харахад уншигчид, захиалагч таны хүүхдийн сургалтын төлбөрөөс өөр хүүхдийн төлбөрийг гүйцээдэг болохыг Б.Эрдэнсүрэн дарга өөрөө хүлээж байна гэсэн үг. Уг нь нарийн мэргэжлээр сурдаг буюу В зэрэглэлийн тэнхимийнхэнд багаж тоног төхөөрөмж, химийн бодисоос эхлээд шаардагдах зүйл олон гэтэл төлбөр нь бусдынхаас бага байдаг. Гэтэл сүүлийн үед хүүхэд залуучуудын ихээр сонирхох болсноор нь далимдуулж Хууль зүй, Гадаад хэл, Эдийн засгийн сургуульд сурагсдын төлбөрийг бараг нэг сая төгрөг болгох дээрээ тулаад байгаа аж. Түүнээс гадна өнөөдрийн байдлаар тус сургуулийн багш нарын дундаж цалин 300-500 мянган төгрөг байдаг гэнэ. МУИС дотоод нөөц бололцоогоо зөв ашиглаж чадвал ажилчдынхаа цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой. Гэтэл зөвхөн Оюутны холбооныхоо хэрэгцээнд 40 сая төгрөгийг гарахаар болсон байх юм. Хамгийн нь гол нь Удирдах зөвлөл багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай ажилладаг дээрээс нь оюутан тус бүрээс авдаг сургалтын төлбөрөө юунд зарцуулдагаа тодорхой танилцуулдаггүй гэнэ. Уг нь Удирдах зөвлөл гэдэг бол сургуулийг өөд татаж, хөгжүүлэхэд анхаарах ёстой байтал харин ч эсрэгээрээ чөдөр тушаа болж байгааг дээрх хоёр багш хэлж байсан. Тиймээс тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэсүрэн ажлаа хийж чадахгүй байгаа тул даргаа солих ч ёстой гэсэн байр суурьтай байгаа гэсэн.

эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley CmwDYg http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 04:01:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.