Шүүгч хийгээгүй хэргийнх нь төлөө 25 жилийн ял тулгажээ

2008/08/29
Share |
Хүмүүс:
Шүүгч хийгээгүй хэргийнх нь төлөө 25 жилийн ял тулгажээ

Одоогоос дөрвөн жилийн өмнө хүн амины хэргээр шоронд сууж 25 жилийн яланд унаад байгаа З.Гантулга өөрт нь хилс хэрэг тулгаад байгаа талаар сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр тухайн үед “Буян” ХХК-ийн ноолуур боловсруулах цехэд ажилладаг байжээ. Түүнийг 2005 оны гуравдугаар сарын 18-нд гарсан хүн амины хэрэгт татаж гурван жилийн ял эдлүүлжээ. Тэрээр цэргийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 18-нд хамт ажилладаг таван залуугийн хамтаар компанийхаа ажилтан Болд гэгчийнд очиж бага зэрэг уужээ. Ийнхүү нэлээд суусны эцэст хохирогч Баатарчулуун, гэрийн эзэн Болдын хамт архинд гарсан хойгуур нь оройн 17 цагийн орчимд тэднийхээс гарсан байна. Ингээд орой нь гэртээ харьж амраад ээлжийн дагуу маргааш нь буюу 19, 20-ний өдрүүдэд 48 цаг ажиллах ёстой байжээ. Түүнийг ажлаа хийж байхад нь СХД-ийн цагдаагийн газраас хүн амины сэжигтээр татаж хүч хэрэглэн хэрэг хүлээлгэхийг завдсан байна. Хорьсон эхний өдрөөс эхлэн түүнийг боож, нүцэглэн зодох зэргээр хэргээ хүлээхийг тулгажээ. Мөн түүний эгчийг дүүгийнхээ хэргийг гэрчил хэмээн гурав хоног хорьсон аж. Иймэрхүү аргаар хүч хэрэглэн дарамталсаар түүнийг гурван жил хорьжээ. Өнгөрсөн хугацаанд шүүх хяналтын олон газраар явсан боловч юу ч өөрчлөгдөөгүй гэнэ. Иймээс түүний гэр бүлийхэн нь өмгөөлөгч авч батлан даалтаар гаргажээ. Өнөөдөр дээрх хэргийн шүүх хурал болох байсан ч тодорхой бус шалтгаанаар хойшлогдсон гэнэ.

Өмгөөлөгч Х.Бат-Ялалт: Хавтаст хэргээс 100 хуудас дутсан

Манай улсын хууль иргэндээ үйлчлэхээ байгаад удлаа. Хуулийн дагуу бол энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байх ёстой юм. Яагаад гэвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт дуусаагүй байхад шүүхээр шийдвэрлүүлэх ёсгүй байдаг. Энэ нь эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн “Хэргийг поркурорт шилжүүлэх” гэсэн хэсгийг ноцтой зөрчсөн. Үүнийг нь хэрэг хүлээж авсан Жадамба прокурорт хэлэхээр юун хууль яриад байгаа юм бэ гээд шоолж инээдэг. Тэдний хувьд хууль энэ тэр огт хамаагүй зүйл болсон байна. Хууль тогтоогч эрх бүхий байгууллага нь ингэж ажиллаж байхад шударга ёс, хууль дүрэм гэдэг юу ч биш болох нь аргагүй. Намайг хавтаст хэрэгтээ танилцах гээд очиход энэ хэргийн шүүгч Лхагвачулууны туслах нь хавтаст хэргээс 100 хуудас дутаачихаад шинээр дугаарлаад сууж байгаа юм. Ийм юм байж болох уу. Ямарч хавтаст хэрэгт шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр шүүгчийн туслах байтугай шүүгч өөрөө ч хүрэх эрх байдаггүй. Гэхдээ Лхагвачулуун шүүгч “Би хавтаст хэргийн голд 100 хуудасны зөрүүтэй дугаарлачихсан байна” гээд буруугаа хүлээсэн гэсэн тэмдэглэл өгсөн. Алдаатай ганцхан үгнээс болж бүхэл бүтэн нэг хүний амь нас үрэгдэж болдог. Гэтэл нэг муу уучлал хүссэн зурвас бичээд өгчихдөг. Хуулиараа бол тэр хүнд үүнийг дугаарлах үндэслэл байхгүй. Мөрдөн байцаагч бүгдийг нь дугаарлаж бэлэн болгоод шүүхэд шилжүүлэх ёстой байдаг. Тэдний гаргасан хуулийн шийдвэр энгийн иргэд бидэнд маш чанга үйлчилдэг. Харин өөрсдөд нь бол хууль ярьсан хүн инээдтэй харагддаг юм байна л даа. Одоо болох шүүх хурлыг өмнөх хурлын шүүгч шүүнэ гэсэн. Эрүүгийн хуулинд нэг шүүгч нэг хэргийн хурлыг хоёр дахь удаагаа шүүх нь хууль бус гэж үздэг.

Шүүгдэгч З.Гантулга: Иргэний хууль надад үйлчлэхгүй байна

Би Ганц худагийн шоронд гурван жил болоод энэ жил батлан даалтанд гарч ирлээ. Үнэхээр хүнд байсан. Хийгээгүй хэргийнхээ төлөөсийг өөрийнхөө амьдралын гурван жилээр хохирлоо. Үүнээс бүр олон жилээр төлөх болоод байх шиг байна. Миний нэг алдсан зүйл бол хэрэгт татах үед ямар ч өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн явдал юм. Ер нь хуулийн талын мэдлэг тун маруухан байдаг маань их нөлөөлсөн. Намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан эхний өдрөөс л мөрдөн байцаалт явуулж зодож нүдэн, боож тамалсан. Тэр орой хамт архи уусан хүмүүсийг маань бүгдийг явуулчихаад надад хэрэг хүлээлгэхийг оролдсон. Үнэхээр надад Монгол улсын иргэний хууль үйлчилдэггүй юм байна. Өнгөрсөн хугацаанд бие эрхтэн, сэтгэл санааны маш хүнд дарамтанд амьдарлаа. Өнөөдөр ч ялгаагүй өөрчлөгдсөн зүйл алга. Гурван жилийн хугацаанд тэд миний хэргийн талаар ганц удаа ч шалгалт хийгээгүй. Тухайн үед хэргийн газраас миний үс, татсан тамхины иш олдсон гэсэн. Шинжилгээний явцад ийм зүйл огт байгаагүй болох нь тогтоогдсон. Гэсэн ч үүнийг огт дурсалгүй тэр чигээр нь хорьсон. Энэ хэргийг хуулийн байгууллага үнэнээр нь шийдэж өгөхгүй байна. Иймээс бид олон нийтэд хандаж та бүхий тусламжтайгаар дээрх хэрэгт буруугүй гэдгээ нотлох гэсэн юм. Манай гэрийнхэн талийгаачийнхантай их дотно байсан. Найз нөхдийн холбоотой байсан хүмүүс юу боллоо гэж нэгнийхээ амь насыг хохироох билээ.

Ээж Л.Оюунчимэг: Дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өг гэж эгчийг нь хорьсон

Миний хүүг хамт ажилладаг байсан найзынхаа амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж хэлмэгдүүлсэн. Талийгаачийнх манайхтай их дотно найз нөхдийн холбоотой байсан. Би бүр хүүгээ хэрэгт татагдсаныг мэдээгүй талийгаачийн хойдохын ажилд нь хүртэл оролцсон. Тэгээд иртэл харин хүүг маань талийгаачийн хэрэгт сэжигтнээр татсан гэж байсан. Эхлээд гайгүй байлгүй дээ, хамт байсан юм чинь тэгэх ёстой байх гэж бодож байлаа. Гэтэл хүчээр хэрэг тулгаад бүр охиныг маань хүртэл хорьчихсон. Тэгэхлээр нь яахаа мэдэхгүй, дэмий л наагуур цаагуур гүйгээд гурав хонож байтал охиныг маань сулласан. Жаахан тайвшраад хүүг маань гаргах байх гэж хүлээгээд байсан чинь “Хүү чинь хэргээ хүлээсэн” гэсэн. Тэгсэн хүүд маань “хэргээ хүлээхгүй бол гэр бүлийнхнийг чинь бүгдийг нь хорино” гээд эгчийг нь харуулсан байгаа юм. Ийм муухай аргаар яллаж болохгүй шүү дээ. Төрсөн эгч нь юу гэж дүүгээ яллах вэ дээ. Энэ хэрэгт хүүгээ буруугүйг мэдэж байсан болохоор хуулийн эрх бүхий байгууллага шийдэх байх л гэж найдаж байсан. Гэсэн ч энэ улсын хууль жирийн иргэндээ хүрэхээ байчихжээ гэдгийг мэдээгүй явжээ. Арай гэж хүүгээ батлан даалтанд гаргаж аваад байж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.