Улстөрийн хамгийн том бялуу нь Ерөнхий сайдын сэнтий

2008/08/29
Share |
Хүмүүс: Б Баттулга |  Баяр Санж | 
Улстөрийн хамгийн том бялуу нь Ерөнхий сайдын сэнтий

Эрх мэдэл албан тушаалын өрсөлдөөн байнга төрд нүүрлэх болжээ. Арга ч үгүй юм даа. Албан тушаалгүй хүн бүр ядуу амьдарч байна. Ядуурлаас гарах гол механизм нь төрд их, бага ямар нэг хэмжээний албан тушаал авах. Авсан байхад түүнийг өгөхгүйн төлөө зүтгэх нь боломжтой. Үүний хамгийн ойрхоны жишээ нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга. Энэ эрхэм МАХН-ын “Уламжлал шинэчлэл-шудрага ёс жигүүр”-т толгой хоргодон байж эл албан тушаалд очсон. Нөгөө талаар 2008 оны ээлжит сонгуулийн үеэр намынхаа өмнө гарамгай гавъяа байгуулж, ялагдаж байсныг нь УИХ-д олонхи болгож амжлаа. Энэ гавъяаг нь МАХН-ын дарга С.Баяр дуун дээр дэмжинэ. Түүний оронд өөр нэг хууль ёс энэ тэр гээд байдаг нөхөр очсон бол МАХН өдийд “будаа”. Өнөөдөр юун бялуу хуваах, булууныхаа ясыг булаацалдаж, булайгаа дуудалцаж байх байсан юм. Гэвч ийм увайгүй хүмүүсийн хажуугаар тэднээс арай өөрөөр сэтгэдэг хэсэг нь Б.Баттулгыг хуулийн хүрээнд ажиллахыг сануулсаар өнөөдөртэй золголоо. Тэрбээр чихгүй толгой мэт суусаар байна. Сонгууль будлиантуулсан эрхэм энэ л торгон агшинд “Од” шүүрэхгүй бол төрд алба хашиж, амьдралаа дээшлүүлэх боломж нь хумигдана. Тэр боломжоо алдахгүйн төлөө зүтгэж байна. Аргагүй дээ. “Амь зууж амьдрана гэдэг бурхан болохоос хэцүү” гэж хэлдэг. Насаараа төрд алба хашсан, түүний хувьд үүнээс өөр сонголт байхгүй. Түүний хувьд сонгуулийн луйврыг дарж өнгөрөх нь С.Баярын өмнө байгуулсан хамгийн том гавъяа нь. С.Баяр, түүний нөхөд үүнийг хамгаалаад л гарна. Ингэхгүй бол С.Баярын бүх муу, муухай илрэнэ. Нэг үгээр хэлбэл гэрчийн амыг албан тушаалаар барина. Гэрчийг устгадаг өөр нэг арга бий. Түүнийг арай сонгохгүй биз ээ. Парламентад олонхи болсон намын бялуу хуваалт УИХ-ын дарга хэн болохоос эхэлдэг. Энэ жилийн хувьд анхдугаар чуулган эхэлсэн ч шинэ гишүүд тангараг өргөөгүй байна. Тэгэхээр .МАХН-ын энэ удаагийн бялуу хуваалт эхлээгүй байна гэсэн үг. Сонгууль болохоос өмнө МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, Шадар сайд М.Энхболд нарын дунд хийгдсэн тохиролцоо нь С.Баяр Ерөнхий сайдынхаа албыг үргэлжлүүлэн хийх. Харин М.Энхболд УИХ-ын даргын зөөлөн суудалд залрах тухай юм билээ. Гэвч тэдний энэ тохиролцоо хараахан хэрэгжээгүй байна. Монгол Улс парламентын засагтай ч бялууны хамгийн томууд нь Засгийн газарт байдаг. Засгийн газар улсын бүх мөнгийг зардаг тул тэр. Их мөнгөнөөс хувийнхаа амьдралыг дээшлүүлэх хаялага, бусдын ажлыг бүтээж өгсөн нэр дор авдаг авлига байдаг учраас л энэ. УИХ дээр бүлэглэлүүдийн өрсөлдөөн төдийлөн явагдахгүй. Харин хорхойд хоргүй гэгдэх фракцлагддаггүй гишүүдийн хэл амыг нь саармагжуулахын тулд байнгын хорооны дарга гэдэг жижиг албан тушаалууд дээр хуваарилдаг. Гэхдээ фракцууд бүлгийн даргыг зуугаад үлдэхээ бас мэднэ. Тухайлбал 2000 онд МАХН УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулахдаа Д.Лүндээжанцанг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Д.Дэмбэрлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болгож байв. Парламентад олон жил суусны дээд хязгаар нь байнгын хорооны дарга байх жишээтэй. Тэднийг ингэж хуурч байгаа нь төрийн бялуунаас хүртээгээгүй биш, хүртээсэн хэмээн хэлэхэд хүргэж байгаа хэрэг. Харин одоогийн байдлаар МАХН хорхойд хоргүй, хүн харвал албан тушаалтай мэт харагдах байнгын хорооны даргаар хэн хэн хэрхэн сонгогдсоноос харагдана. Мэдээжийн хэрэг МАХН-ын УИХ дахь гишүүд Ерөнхийлөгч Н.Энхбаярын, Ерөнхий сайд С.Баярын, Шадар сайдын буюу хотын газрын наймаачдын фракцууд өөр өөрийнхөө хүнийг сайдын сэнтийд суулгахын төлөө зүтгэж байгаа нь үнэн. Эд нар дотор хамгийн хэврэг фракц нь С.Баярынх байгаа. Зөвхөн түүнийг МАХН-ын дарга болгох алхам дээр нэгдсэн хүмүүс. Үзэл бодлоороо амьдарлын гүнээс гарч ирээгүй, зөвхөн эрх мэдэл авахын төлөө зангидагдсан тул ийм хэврэг байгаа юм. Тэгээд ч өндөр албан тушаалд очиж чадалгүи он удаан жил явснаас үүдсэн өшөө хорсол нь С.Баярыг хэнтэй ч нэгдэх боломжгүй болгоод хаячихлаа. Түүний фракцид Н.Энхбаярт жийгдсэн, гомдсон, горьдоод хоосон хоцорсон хүмүүс гол төлөв байгаа. Харин М.Энхболдод Улаанбаатар хотын өмч, газрыг өгөлцөн,авалцаж сурсан шинэ үеийн авлигачид байгаа. Үүгээрээ энэ хоёр фракц ялгаатай. МАХН-ын гишүүд хуурамч юм чинь одоо Н.Энхбаярт ДАрвин, Д.Тэрбишдагва хоёроос өөр хүн үлдээгүй байх. УИХ эмхлэгдэн зохин байгуулагдаж эхэлснээр МАХН-ын бялуу хуваалтын ерөнхий төрх гарч ирнэ. МАХН-ын бялуу хуваалт УИХ-ын даргад хэний нэрийг дэвшүүлэхээс эхлэнэ. Ээлжит сонгуулийн өмнө С.Баяр, М.Энхболд нарын тохиролцсон ёсоор УИХ-ын дарга М.Энхболд болох юм бол Ерөнхий сайдаар С.Баяр томилогдоно. Улс төрийн бялууны хамгийн том нь Ерөнхий сайдын албан тушаал. Энэ суудалд хэн сууснаас Монгол Улсын ирээдүй их хамаарна. Ийм их сонголтын өмнө УИХ зохион байгуулагдах гэж байна. Тэндээс албан тушаалын дараа дараагийн бялуу хуваалт эхлэнэ.

эх сурвалж. Дээдсийн хүрээлэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.