Хүмүүс: Мөнхбат Даваажаргал | Долгорсүрэн Дагвадорж | |
Мэргэжлийн сүмо бөхийн “Монгол башё-2008” үзүүлэх барилдаан Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Тасалбарын үнэ өндөр байсныг эс тооцвол зохион байгуулалт сайтай, монголчуудын төдийгүй Японоос ирсэн албаны хүмүүс, бөхчүүдэд сонирхолтой болсон энэ жюнгё барилдааныг хэд хэдэн телевиз шууд дамжуулсан билээ. Иймээс барилдааны тухай биш сүмочид, тэмцээнийг зохион байгуулагчдын яриа сэтгэгдэл, сүмогийн дохё тойрсон үйл явдал уншигчдад сонин байх болов уу гэсэн үүднээс доорх бичил сурвалжлагуудыг бэлтгэсэн авай.
Их аварга Асашёорюү: Монгол түмнээ баяр хөөртэй байхыг харах шиг сайхан юм алга
Одоогоос 11 жилийн өмнө би Япон орныг анх зорьж байхдаа Монголдоо сүмо бөхчүүдтэй ирж “Монгол башё”-д ийнхүү зодоглоно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Дүү аварга маань эхний өдөр сайхан барилдаж түрүүллээ. Ама, Токитэнкү нар ч хүчтэй байна. Монгол түмэн маань баяр хөөртэй байгааг харах шиг сайхан юм алга. Үүнээс илүү бахархал ч гэж юу байхав. Бид чинь ёс заншил сайтай ард түмэн. Зочдоо тэр л уламжлалаараа угтан авч, хүн бүр тэр тусмаа Улаанбаатарын баруун, зүүн захын хорооллоос өвгөд, эмгэд хүртэл ирж энэ башёг үзэж байгааг би сонслоо.
Хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг монголчууд бидэнд эв нэгдэл байвал мэдэхгүй, чадахгүйн бэрхшээл гэж алга. Төр засаг маань эвтэй байж,түмэн олон амгалан байгаасай гэж бодох юм. Бид олимпийн аваргатай боллоо. Спорт гэдэг ямар агууг бүгдээрээ харлаа. Тодорхой хэмжээгээр эх орноо тив дэлхийд сурталчилж байгаадаа их баяртай байна. Хэдэн бөхчүүддээ монголчуудын хоол хүнс гэж юу байдгийг үзүүлье гэж бодоод гэр барьж шүүс, айраг бэлтгэлээ. Энэ маань монголчуудын зуу, зуун жилийн турш хүртэж ирсэн өвөрмөц ундаа, хүндэтгэлийн идээ. Бөхчүүд маш их сонирхож байна билээ.
Хакүхо: Монгол үзэгчид манай бөхчүүдийг гайхшруулсан байна
“Монгол башё” сайхан боллоо. Япон бөхчүүдтэй ярилцаж байхад сэтгэл санаанд нь Монгол орон их нийцсэн бололтой. Хамгийн гол нь манайхан сүмо бөхийг япончуудаас илүү мэддэг, тэр тусмаа бөхчүүдийг нэр ус, цолоор нь хүртэл алдаагүй дуудаж, таньж байгаа нь гайхшруулсан гэж ярьж байна. Миний хувьд цаг агаараас болж онгоц саатан хоцорч ирсэн ч сайхан барилдаж түрүүллээ.
Озэки Кайо: Хайрлаад морь унаж чадсангүй
-Сайн байна уу? Монгол орон монголчуудын талаарх сэтгэгдлээ яриач?
-Монголчуудын зочломтгой, тэгээд сүмог маш сайн мэддэг нь гайхшрууллаа.
-Хоол ундны тухайд ямар санагдав?
-Зүгээр ээ. Хонины мах амттай юм билээ.
-Айраг их уув уу?
-Уусаан, уусан.
-Танд монголчууд яагаад ийм сайн байдгийг мэдэх үү?
-(инээв) Мэдэхгүй.
-Хоёр аваргыг хаяж чадахгүй болохоор л тэр.
-(зөндөө хөхрөв)
-Монголд ирснийх морь унаж үзэв үү?
-Хайрлаад унасангүй.
-Яагаад?
-Би 176 кг жинтэй шүү дээ.
-Монгол морь хүчтэй болохоор дажгүй л дээ.
-Аа тийм үү (инээв)
-Та дандаа л инээж байх юм. Уначихаад байхдаа уурлаж болдоггүй юм уу?
-(Бүр ч их инээв)
-Монголд дахин ирэх юмсан гэж бодож байна уу. Чин сэтгэлээсээ хариулаарай.
-Зодог тайлсныхаа дараа Монголд заавал ирнэ.
Озеки Чиётаикай: Монгол хувцастай болсондоо баяртай байна
-Танд энэ хувцсыг хэн бэлэглэсэн юм бол? Их гоё зохиж байна шүү?
-“Хас” банкнаас хүндэтгэл үзүүлж ийм сонин хувцас бэлэглэсэнд их баяртай байна.
-Монгол хувцаснаас өөр юу нь сайхан санагдав?
-Монголын сүмо дэмждэг, ойлгодог үзэгчид нь гайхалтай. Өө бас мах их амттай байсан шүү.
-Өнөөдөр их хүйтэн байна даарч байна уу?
-Яг үнэнийг хэлэхэд ийм хүйтэн байна гэж бодоогүй.
-Таныг Асашёорюү аварга их шоглох юм. Яагаад тантай хятад хэлээр яриад байгаа юм бол?
-Аварга дандаа тэгдэг юм. Их хөгжилтэй хүн ш дээ. Миний аав Тайваниас гаралтай хятад хүн болохоор тэгж байгаа юм.
“Робот” Такамисакари: Монгол яг хөдөө шиг
Өөрийгөө Монголд ийм алдартай гэж үнэндээ бодсонгүй их сонин мэдрэмж төрж байна. Улаанбаатар хотыг харлаа. Эртний болоод орчин үеийн хэв загвар холилдсон, юу ч гэмээр юм Японы нэг тийм зах хязгаар нутгийн хөдөө тосгон шиг санагдлаа. Монгол хоол ундны тухайд мах голдуу хэрэглэдэг болохыг мэдлээ.
Миябияама: Хонины мах үнэхээр идэж чаддаггүй юм аа
-Таныг монгол хоол идэж чаддаггүй гэж ярихыг сонслоо. Хэцүү байна уу?
-Хонины махны тухайд л тэр. Бүр хүүхэд байхаасаа идэж сураагүй юм. Япончууд ер нь хонины мах иддэггүй л дээ. Үхэр, гахай, тахианы мах бол өөр хэрэг. Би үнэхээр идэж чаддаггүй юм аа. Каио, Чиётайкай нар бол дуртай.
-Тэгээд юу идэж хоёр хонов?
-Монголын бусад хоол нь сайхан. Ялангуяа, Ерөнхийлөгчийн тань хүлээн авалт дээр идсэн шиг амттай махыг бол одоо ч гэсэн идмээр л байна.
Озэки Котоошюү: Монголчуудын сайхан сэтгэл дотно санагдлаа
-Монгол орны тухай Та хэрхэн төсөөлдөг байсан бэ?
-Тал хээрийн уудам нутагтай, хөх тэнгэртэй, ер бусын гэмээр амьдралтай байх гэж боддог байсан. Хүүхэд байхад Азийнханыг их намхан, жижиг биетэй гэж ярьдаг байсныг санадаг.
-Гэтэл өөр байна уу?
-Монголчууд ерөнхийдөө их өндөр, бие томтой хүмүүс юм байна. Хамгийн дотно санагдсан нь танайхны зочломтгой тэр сайхан сэтгэл. Яг л Болгар орныг минь санагдуулсан шүү.
-Хотоос гадагш гарч хөдөө явав уу?
-Ойрхон зуур явлаа. Байгаль нь гайхалтай. Монгол морь унаж үзлээ Сэтгэл маш хангалуун байна.
-Анх удаа морь унаж байна уу?
-Хүүхэд байхдаа морь унаж байсан. Гэхдээ 17-н жилийн дараа Монголд ингэж унана гэж санасангүй. Хүүхэд насны дурсамж сэргээд их гоё байлаа.
-Морь тань дааж байх юм уу?
-Асашёорюү аваргыг дааж байгаа юм чинь намайг бол аваад давхиж байна. Би их хөнгөхөн байгаа бололтой.
-Болгарчууд сүмод бидэн шиг л ханддаг уу?
-Монголчууд илүү. Танайхан үнэхээр сүмод бүх нийтээрээ дуртай байна. Болгарчууд арай тийм биш ч сүмог сонирходог, ойлгодог хүн олширсоор байгаа.
Шоко Оно: Монголын замын хөдөлгөөн айдас төрүүлдэг
“Монгол башё”-г зохион байгуулах Японы талын ажлын бүлэгт багтсан “АТ энд С” компанийн ажилтан энэ эмэгтэйтэй уулзахад ийн ярьж байлаа.
-Та Японоос ирсэн сэтгүүлч үү?
-Үгүй ээ. Энэ барилдааныг ивээн тэтгэж байгаа “АТ энд С” компанийн ажилтан. Тэмцээний бэлтгэл ажлыг хангуулах гэж Монголд ирээд арав гаруй хонож байна.
-Монгол орон ямархуу санагдав.
-Гайхалтай. Хот нь орчин үеийн барилгатай ч аль эртнийхтэйгээ холилдсон нь сонин санагдлаа. Нэг харахаар хөдөө ч юм шиг, үгүй ч юм шиг. Харин замын хөдөлгөөн нь айдас төрүүлдэг болсон. Үнэхээр хэцүү юм байна. Яаж Монголчууд ийм хөдөлгөөнд оролцож чаддаг юм бол оо.
-Манай замын хөдөлгөөн хэцүү гэдэгтээ санаа нэг байна. Бид ч гэсэн айдаг.
-Эмэгтэй хүнийхээ хувьд худалдаа хийж дэлгүүрээр явмаар байвч зав гарсангүй. Анх ирэхдээ Монголд хүнсний ногоо байдаггүй гэж сонссон. Гэтэл бүх төрлийн ногоо, тэр ч бүү хэл далайн бүтээгдэхүүн байгааг хараад гайхсан шүү. Японоос би ногоо авчирсан нь дэмий болж.
Эх сурвалж: Өнөөдөр