Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж эх орондоо сумогийн дээд зиндааны томчуудыг авч ирэн Монгол башёг зохион байгуулж байгаа билээ. Харин их аварга маань эх орондоо сумочидтой ирэхдээ зүүн талынхаа нудийг хөх няц болгочихсон ирсэн нь хайрлаж хүндэтгэдэг ард түмнийхээ сэтгэлийг сэрд хийлгэх нэгэн асуултыг дагуулсан. Түүний хацар нүд тэр чигээрээ хөхөрч бүр нүднийх нь цагаан час улаан өнгөтэй болтлоо цус хурсан байсан. Харин түүнийг эх орноо зорихоосоо өмнөхөн Японд нээлтээ хийж байсан Америкийн нэгэн томоохон брэнд дэлгүүрийн нээлтэд оролцож байхдаа хүмүүстэй муудалцан ийнхүү нүүр нүдээ хөхрүүлсэн гэх яриа арлын орноор нэг тарсан гэх сураг дуулдсан. Энэхүү яриа хэрвээ үнэн бол их аварга маань өмнөх алдаануудаасаа суралцан хал үзэж хашир суугаагүй л байгаа бололтой. Д.Дагвадорж өмнө нь хаа нэг газар тавьтаргүйтэж машины толь хүртэл хага базах зэргээр хэрдээ л хөөрхөн шуугиан тарьчихдаг сумогийн ертөнцийн цөс ихтэй Монгол хөвүүнээр зүй ёсоор тооцогдож явсан цаг саяхан. Харин тухайн үед ээж нь “Миний хүү их аварга хүн. Их аварга хүнд сүр хүч, омог бардам зан, омгорхол байлгүй яадаг юм” хэмээн эхийн сэтгэлээр өмөөрсөн нь олныг уяруулж байлаа. Гэвч “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэх ардынхаа сайхан үгийг санан их аваргын дайтай биеэ авч явахгүй бол бол гадаадын бөхчүүдэд хамаг түрүүгээ алдаж байгаа Япончууд алдаа бүрийг нь эцгийн ёсоор уучлаад сууна гэвэл том эндүүрэл болох болов уу. Ямартай ч их аварга маань эх орондоо Монгол башёг зохион байгуулахаар сүр дуулиантайхан ирэхдээ өөрөө хөхөрч, улайсан нүүртэйгээр ард түмэндээ Японы их сумочдоо танилцууллаа.
Эх сурвалж: Хүмүүс сонин