Х.Баттулга: Буудлагын Д.Мөнхбаярын бэлэн жишээг давтахгүй юмсан

2008/09/01
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
Х.Баттулга: Буудлагын Д.Мөнхбаярын бэлэн жишээг давтахгүй юмсан

УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлаа.

-Юуны өмнө танай холбоо олимпийн аваргатай болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Бээжингийн олимпийн хос алтан медалийн эзэн нь Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган болохоос хаяг нь Монгол Улсынх. Монголчуудын 44 жил хүлээсэн их хүлээлт, асар их хөдөлмөрийн үр дүн. Монгол гэж тусгаар тогтносон улс байдаг юм шүү гэдгийг төрийн дууллаа эгшиглүүлж дэлхий дахинд зарласнаараа эдгээр алтан медаль Монголын ард түмнийх. Иймд ард түмэндээ ч гэсэн баяр хүргэе. Анхны аварга гэдгээс гадна хүн амынхаа тоонд харьцуулахад олимпийн хоёр алт, хоёр мөнгө гэдэг бол 2.5 сая хүнтэй монголчуудад ахадсан амжилт. Үндэсний хэмжээнд баярлахаас ч аргагүй. 

-Одоо аварга маань хаана явна вэ?
-Н.Түвшинбаярыг одоо аварга, эсвэл баатар гэж дуудахын аль нь сайн онож байгааг мэдэхгүй л байна. Түвшээ одоо төрсөн нутаг Сайхан сумандаа байгаа. Энэ их ачааллын дараа амралт хэрэгтэй. Хэрэв сэргэлт авахгүйгээр дараагийн тэмцээндээ орвол эрсдэлтэй. Юугаар ч нөхөшгүй сэргэлт, амралт бол Монгол хүний хувьд төрсөн нутгийн агаар шүү дээ.

-Одоо жүдогийнхныг ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Дэлхийн жүдо бөхийн холбооноос шинэ дүрэм гаргаж дэлхийн аваргыг жил бүр явуулдаг болж байгаа. Өмнө нь хоёр жилд нэг удаа болдог байсан.

-Дэлхийн аваргад Н.Түвшинбаяр барилдах уу?
-Олимп, дэлхийн аварга гэсэн хос алдартай байвал зүгээр юмуу гэж бодож байгаа. Дэлхийн аварга бол олимпоосоо хүнд болдог. Олимпод шигшээгээр шалгарсан 32 орон ордог бол дэлхийн аваргад 200-гаад улс оролцдог. Нөхцөл байдал ч өөр. Дэлхийн аваргад ороод түрүүлбэл олимпийн аваргаа дахин баталж байна гэсэн үг л дээ.

-Та нэг ярилцлагадаа “Х.Цагаанбаатарын барилдаан дэлхийд судлагдчихсан. Ингэж судлуулахгүйн тулд бид Н.Түвшинбаярын барилдааныг нууцалж, сүүлийн үед томоохон тэмцээнд оруулаагүй” гэсэн байсан. Одоо манай аваргын барилдааны арга барилыг дэлхий судалчихсан биз?
-Мэдээж, судална л даа. Бид ч гэсэн зүгээр суухгүй, судлуулсан арга барилдаа тааруулж барилдааны тактикаа өөрчилнө. Барилдааны шинэ тактик боловсруулна. Ингэж байж тамирчны ур чадвар нэмэгддэг. Жүдогийнхон Бээжингийн олимпод арав гаруй эрх авсан. Монголоос нийт 29 тамирчин оролцсон гэхээр бараг гуравны нэгээс илүү нь манай жүдочид байгаа юм. Энэ тохиолдолд долоон жин дээр анализ хийгээд үзэхэд Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр хоёр алтын төлөө гараад ирэх боломжтой байсан. Н.Түвшинбаяр өөрийнхөө жингийн шилдэг 14 тамирчны есийг, Х.Цагаанбаатар жингийнхээ шилдэг арван тамирчны долоог ялж байсан. Олимпод иймэрхүү судалгаануудыг үндэслэж барилдах тактикаа боловсруулж оролцсон. Бид дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээнд судалгааны тусгай багтай очих, зарим тамирчныг барилдуулахгүй ажиглагчаар авч явах зэрэг менежмент хийсэн.

-Мияарагчааг яах гэж авч явсан юм бэ, Х.Цагаанбаатарыг бэртэлтэй байхад нь 14 кг хасч байхаар анхнаас нь 66-д барилдуулсан бол гэх эргэлзээ зарим хүнд байна?
-Цагаанбаатар 60-д барилдсан. Афины олимпод ч жин хасч барилдсан. Тамирчид жин хасч барилдах нь хэвийн үзэгдэл. Их үү, бага уу гэдэгтээ л байдаг. 60 кг-д Бээжингийн олимпийн аварга болсон Солонгосын бөхийг Цагаанбаатар гурван том тэмцээнд цэвэр ялж байсан. Сая яах аргагүй бэртэл нөлөөллөө. Х.Цагаанбаатар 60 кг-д барилдаж байгаа тохиолдолд Монгол Улсын л авсан эрх юм чинь 66 кг онгойгоод, Миярагчаа барилдах боломжтой л доо. Гэтэл барилдуулсангүй. Барилдуулах гэж зүтгэсэн, хэл ам хийж үзсэн, барсангүй. Жүдо бөхийн холбоо, шүүгчийн зөвлөлд өөрийн төлөөлөл байхгүй, мэдээлэл өгчих хүнгүй учраас бид энэ хоёр жин дээр тактикийн алдаа гаргалаа.

-Шүүгчийн зөвлөлд төлөөлөлгүйн зовлонг яг жүдогийн татами дээр үзэв үү?
-Үзэлгүй яах вэ. Шүүгчдийн зөвлөлд өөрийн хүнтэй байх нь ямар чухал болохыг манай ард түмэн сая харж, мэдэрсэн байх. Эн тэнцүү барилдах тохиолдолд шүүгч л ялалт, ялагдлыг шийддэг. Энд шударга нь ч бий, шударга бус нь ч бий. Сая жишээ нь, Дашдаваа, Нямхүүгийн барилдаан дээр бид шүүгчдэд жаахан сэтгэл дундуур үлдсэн. Тийм учраас 2012 оны Лондонгийн олимпод 1-2 шүүгчтэй оролцох зорилт тавьж байгаа.

-Та өөрөө дэлхийн жүдо бөхийн холбоонд ямар нэгэн алба хашдаггүй юм уу?
-Үгүй.

-Тэгээд яаж -100 кг-ын жингийн бөхчүүдэд шагнал гардуулалцсан юм бэ?
-Сүүлийн хоёр жилийн дотор Монголын жүдочдын амжилт эрс өссөн. Тамирчдын хувийн амжилтаас гадна дэлхийн аварга шалгаруулах багуудын тэмцээнд манай эмэгтэйчүүд хүрэл, дэлхийн цомын тэмцээнд багаараа мөнгөн медаль авлаа. Том том тэмцээнүүдэд Монголын жүдочид багаараа жигд гарч ирж амжилт үзүүлж байгаа нь Дэлхийн жүдо бөхийн холбооны анхаарлыг татсан юм шиг байгаа юм. Тийм учраас л -100 кг-ын жинд монгол хүн медаль авах нь тодорхой болмогц миний нэрийг Дэлхийн жүдо бөхийн холбооноос өгсөн юм билээ. Үүнийг би Монголын жүдо бөхийн холбооны ажлыг, амжилтыг үнэллээ гэж ойлгож байгаа. Түүнээс бус, олон улсын олимпийн хорооны одоогийн болон хүндэт гишүүд л шагнал гардуулдаг.

-Жүдогийн тамирчдын амжилт гэнэт бий болоогүй байх л даа. Энэ төрлөөс олимпийн аварга төрүүлтэл таны хийсэн менежментийн онцлог гэвэл юу вэ?
-Энд Х.Баттулга гэдэг хувь хүний менежмент гэж сүйд болоод байх юм байхгүй ээ. Монгол хүн араг үүрч аргалд явах, худгаас овоо татах, адуу малтай ноцолдох зэргээр хүчний ажил хийж багаасаа л барилдах суурьтай болдог. Энэ суурин дээр багахан менежмент хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л дэлхийн хэмжээнд гараад ирж байгаа юм. Гэтэл бусад улс оронд ийм суурь байдаггүй. Энэтхэгүүд өнөөдөр яагаад гэнэт сайжрав гэхээр дандаа гадаадын дасгалжуулагчтай, оросууд энэ удаагийн олимпод яагаад бөхийн төрөлд урьд өмнөх шигээ амжилт үзүүлж чадсангүй вэ гэхээр сайн дасгалжуулагчдаа гадагшаа алдчихсан байх жишээтэй. Гадаадын дасгалжуулагчтай улс орны тамирчдын амжилт сайжраад байгаа. Гэтэл манайхны хувьд цэвэр монгол ахуйдаа, монгол хоол хүнсээ хэрэглээд монголчуудынхаа арга барил, онолоор л олимпийн аварга төрүүллээ. Энэ маань монголчууд өөрсдөө зүтгэвэл амжилт гаргаж болох юм байна гэсэн итгэлийг олон хүнд төрүүлсэн байх аа. Онол, арга барилаас гадна санхүүгийн дэмжлэг маш чухал.   1990 оноос хойш Монгол дахь их спортын төрлүүд төрөөс ямарч дэмжлэггүй болсон. Энэ ачаа тухайн спортод сэтгэлтэй хэдэн бизнесмэнийн нуруун дээр л өдий хүртэл явж ирлээ. Бокст гэхэд л Нарантуул компанийн захирал Ш.Сайхансамбуу холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хувиасаа их зүйл хийсэн. Бас л шигшээ баг тараад явчихсан хүнд үед тус холбоог авч Кубын дасгалжуулагч авчирч, гаднынхантай хамтарсан бэлтгэл хийлгээд л явж байсан. Миний хувьд ч ялгаагүй, багаасаа бөхийн спортоор хичээллэж, ертөнцийг үзэх үзлээ төлөвшүүлсэн. Би 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүнээс хойш зөвхөн манай клубээс Жүдогийн холбоонд зориулж 750-иад сая төгрөг зарцуулсан байна.

-Олимпийн аваргууддаа төрөөс олгож байгаа шагнал урамшуулал, хүндэтгэлд та хэр сэтгэл ханамжтай байна вэ. Монголын төр тэднийг олимпийн аваргын хэмжээнд үнэлж чадав уу?
-Хамгийн гол нь спорт бол агуу зүйл юм байна, ард түмний эв нэгдэл, бахархал юм байна гэдгийг төр, засгийн удирдлагууд сая эрхбиш ойлгосон байх гэж найдаж байна. Их спортын амжилтад ард түмэн хэний ч тушаал зааваргүйгээр нэгдэн баярладаг юм байна гэдгийг анзаарсан болов уу гэж горьдох юм. Тийм учраас ард түмний бахархал болсон эдээр тамирчдаа төр, засгаас харж үзэх хэрэгтэй. Хэрэв анхаарахгүй бол буудлагын Д.Мөнхбаярын бэлэн жишээ давтагдахыг үгүйсгэхгүй. Даян дэлхийн эв нэгдлийн наадам болсон олимпоос хүрэл медаль аваад ирсэн, тухайн үед төр, засаг нь талархлын хэдэн үгнээс өөрөөр тоогоогүй. Өнөөдөр тэр хүн иргэншлээ солиод өөр улсын нэр дээр дахиад хүрэл медаль авлаа. Атлантын олимпийн хүрэл медальт Нармандах байна, автобусны мөнгөгүй л явж байсан. Х.Цагаанбаатар Афины олимпоос хүрэл медаль авчирсан, одоо хүртэл айлын орон сууцанд амьдарч явна. Хэрэв төр, засаг ийм дүлий хэвээр байвал манай тамирчид гадагшаа гарна, гаднынхан урвуулна. Сая Н.Түвшинбаярт испаниуд хоёр сая доллар амалж байх жишээтэй. Нэг сайн тамирчныг бэлтгэх гэж анхных нь багшаас эхлээд 10-15 жил зарцуулдаг. Хэрэв сайн тамирчдаа алдвал дахиад ийм хугацааг туулж байж бид дараагийн хүнээ бэлтгэнэ. Хамгийн гол нь тухайн тамирчинтайгаа хамт ард түмнийхээ бахархлыг гадагшаа алдана. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол олгож байна. Өндөр нэр хүндтэй сайхан л шагнал. Гэхдээ тэр хүн зөвхөн баатар, гавьяатын тэмдгээр бэлтгэлээ базааж, ард түмнийхээ бахархал байх хэмжээнд амьдралаа авч явж чадахгүй шүү дээ. Харин энэ алдар, нэр хүндтэйгээ дүйцэхүйц амьдрах санхүүгийн боломжийг төрөөс давхар олгомоор байна. Тэгж байж хойч, залуу үеийнхэн маань Н.Түвшинбаяр шиг, О.Гүндэгмаа шиг, Э.Бадар-Ууган шиг амжилтад хүрэх зорилготой болж, хүрсэн амжилтынхаа хэмжээнд амьдрах, тэднээр бахархах, даган дууриах нийгмийн ач холбогдолтой юм. Үүнийг манай улстөрчид ойлгодоггүй юм л даа. Хэчнээн мөнгө иддэг юм гэж байгаад л 1.5 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг, түүнийг нь спорт холбоод хувааж авахаар хаана ч хүрдэггүй л байхгүй юу.

-Олимпийн аваргад нэг сая ам.доллар олгох хуулийн төсөл санаачилж, Засгийн газрын төвшинд яваа юм биш үү?
-Гишүүд санаачлаад явж байгаа. УИХ л шийдэх байх.

-Нэг сая ам.доллар гэдэг Монголын нөхцөлд хангалттай юу?
-Авч байгаа тамирчиндаа бол хангалттай. Өгч байгаа төр, засгийн төвшинд ч боломжийн. Нэг улстөрчийн төсвөөс хулгайлж болдог л мөнгө шүү дээ. Жишээ нь “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг хуйлгалаад казино тоглоо биз дээ. Энэ чинь нэг сая доллараар бодвол 14 олимпийн аваргад өгөх мөнгө. Нэр нь төрийн л гэж байгаа болохоос ард түмний татвар. Ард түмний мөнгөөр казино тоглохдоо харамсаагүй хэрнээ ард түмний мөнгийг ард түмний бахархлаас нь харамлах хэрэггүй л дээ.

-Ард түмэн олимпийн амжилтаас гадна эв нэгдэл, хөгжлийг хүсэмжилж, хоёр алт, хоёр мөнгөн медалийг сайн цагийн эхлэл гэж бэлгэшээж байх шиг байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Шилжилт нэртэй энэ их олон жилийн ядуурал төгсөөсэй, улс орон маань хөгжөөсэй гэж бэлгэдэж байгаа нь илт байна лээ. Энийг нь төр, засгийн удирдлагууд, түлхүүр атгаж менежмент хийдэг хүмүүс сайн ойлгоосой. Долдугаар сарын 1-ний үйл явдал түүнээс хойшхи үнийн огцом өсөлт зэргийн бухимдлыг хэдэн тамирчдын олимпод үзүүлсэн амжилт л түр тайлж байна. Гэхдээ энэ нь түр зуурынх. Ард түмэн дандаа олимпийн тамирчдынхаа амжилтаар амьдрахгүй. Монгол Улс өнөөдөр олимпийн хэдэн ч аваргатай болсон амьдрал урьдынхаараа үргэлжилнэ. Тиймээс одоо олимпийн амжилтаа орхиж, ард түмнээ, ажлаа бодмоор байна.

Эх сурвалж: gogo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun ЗакладкР¸ метадон в Назрани Гашиш великий новгороР´ Kupi klad в обход Зверево купить Шмыг Санкт-пе
IP:185.252.186.48  2018-06-09 19:26:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.