Ээжийн бүлтээхэй сэхдэг ч болоосой Ивлэсэн мээмээ хөхдөг ч болоосой...

2008/09/01
Share |
Хүмүүс:
Ээжийн бүлтээхэй сэхдэг ч болоосой Ивлэсэн мээмээ хөхдөг ч болоосой...

Хүүгээ сахих залуухан ээж "Миний хүү Олимпийн аварга болох ч юм билүү" гэж нулимс унагаж сууна-

Хоёр талаасаа ихрийн удамгүй Ж.Эрдэнэбат, Л.Бат­туяа нарын залуу гэр бүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үр заяажээ. Заяах за­яах­даа ихэр хөвгүүн бай­санд эцэг эх, ахан дүүс нь баяр хөөрт умбаж байсан нь сая­хан. Ууган охиноо мээм­нээсээ ч гаргаж амжаагүй байхад ирсэн өрх бүлийн шинэхэн зочдодоо тэд Амар­жаргал, Амартайван хэмээх нэрийг зүүн чихэнд нь шив­нэн хэлэв. Эсэн мэнд нярайл­сан ихэр хөвгүүд өдөр хоно­гоор өсөн бойжиж хүмүүн заяанд мэндэлсэндээ баясах мэт нүдээ нээж, нүүрээ мур­чи­гнуулна. Эцэг, эх нь ихэр үрээ Бүлтээхэй, Түнтүүшээ гэж өхөөрдөнө. Хүний хор­воод үүнээс илүү жаргал гэж юу байх билээ. Гэвч, амьдрал хэмээгч хүн төрөлхтөнд жар­галыг харамгүй хайрлах ат­лаа зовлонг хэлэлгүй илгээ­дэг ааш нь олдохгүй орчил юмсанжээ.

Ихрүүд сар хүрэв үү, үгүй юу л Амаржаргал хүү аав, ээжээ айлгаж эхэлжээ. Дүн өвлийн хүйтнээр сав л хийвэл эмнэлэгт хэвтэнэ. Ихрүүд амь нэгтэй байдаг гэдэгчлэн эмнэлэгт хэвтэх бүртээ хоёу­ланг нь авч тэнд очих болно. Хэдийгээр ариун цэврийг дээд зэргээр сахидаг эрүүл мэндийн байгууллага гэлээ ч олны л хөлийн газар болохоор Бүлтээхэй, Түн­түүш нар ээлжлэн ханиад томууд ээр­үүлнэ. Энэ бүхэнд нялх үр­сийн эцэг, эх л цээж­ний махаа барах болдог бай­лаа. Ами­наас тасарсан амь болохоор арга ч үгүй биз ээ. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Сарантуяа, зөвлөх эмч Сэрч­маа нарын алтан гартнуудын буянд ихрүүд эмнэлэгт ирээд хэд хоноод л гэртээ харина. Гэвч, сүүлдээ Амаржаргал хүү эмчийн хянал­тад байнга байх болов. Залуу эх эмнэ­лэгт нэгийг нь сахивч, гэртээ үлдсэн үрдээ зав гаргаж очин чинэсэн хө­хөө дундална. Үе үе халуурч, татаж ээрэн, ээрэхдээ нүүр нь хөхөрч, нүд нь алаглан эргэлдэх Амаржар­гал хүүгийн оношийг эмч нар тийм ч амар тогтоочихсонгүй. Ингээд, "Улаанбаатар явж, Эх нялх­сын эрдэм шинжилгээ­ний төвд очиж шинжилгээ хийлгэ" гэж зөвлөжээ. Залуу хос хав­рын сар гаруут нийс­лэл хот­ноо ирж, ЭНЭШТ-ийн эмч нартай уулзав. Харам­сал­тай нь, энэ төвийнхөн холын аян туулж ирсэн учир мэдэхгүй залуусыг хүнлэг сэтгэлээр угтаагүй бололтой. "36 дугаар маягт" хэмээх ид шидтэй бичгийн ч нэмэр гарсангүй. "Хүүхэд чинь эрүүл байна. Манайд хийх шинжилгээ байх­гүй" гэцгээ­жээ. "Тархины даралттай, идээт минен­кок­той байж ма­гадгүй. Эртхэн шинжлүүлсэн нь дээр" гэсэн аймгийнхаа эмч нарын үгэнд ч эргэлзэж "Үр минь нээрээ эрүүл юм байлгүй" гэж тайв­шир­чээ. Нутагтаа очоод удаа­­­гүй бай­тал хүү дахиад л өвдөв. Энх­рийлж ирдэггүй ээрч ирдэг аюулт өвчнийг яалтай билээ. Эмнэлэгт да­хиад л хэвтэв. Хүү үүнээс хойш эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болов. Их­рийн өрөө­сөн Түнтүүш эхийн­хээ хөх­нөөс гарч үнээний сүүнд оров. Хоёрхон настай ууган охин Э.Сүглэгмаагийн хувьд мээм ч яамай болж, эмээ ээжийн өвөрт дасав. Хувиа­раа хөдөлмөр эрхэлдэг залуу хос эмнэлэг сахисаар аж төрөл нь өдрөөс өдөрт хэцүү­дэв. Амьтан ах дүүсийн сай­хан сэтгэлийн дэмээр өдий олон сар өвчтэй хүүгээ­сээ мөч ч холдсонгүй. Эм тариа, эмчилгээний зардал гээд юу эс хэрэг болох билээ. УИХ-ын сонгуулийн үеэр хүүгийн аав, ээж хоёр УИХ-ын гишүүн, "Женко" группийн захирал Х.Баттулгатай уул­заж, ахуй байдлаа танил­цуулъя гэж шийдээд байлаа. Заг суманд ирэхэд нь уулза­хаар өргөдөл өгсөн байж. Гишүүн ирсэн ч тус суман дахь УИХ-ын ги­шүү­ний бие төлөөлөгч Э.Мөнх­баяр "Өвч­тэй зовлон­той хүнтэй гишүүн уулзахгүй байх" гээд халгаа­гаагүй аж. Дээрхийн гэгээн Далай лам­тан заларсан ч, ертөнцийн эзэн Ийсус Хрис­тос биеэрээ морилсон ч зов­лонт хүний л шаналанг ху­ваал­цах нь то­дор­хой байтал түмнээ тө­лөөл­сөн төрийн түшээ яахин ийм өөнтөгч сэтгэл гаргах билээ. "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" гэдэг ч дундаа шатгүй төрийн алба, дуулж уйлдаг түмний заяа сан. Монгол түмэн дэнж хо­той­тол наадаж, дэлхий баяс­тал цэнгэж байх долдугаар сарын 12-ны орой "Эх нялх­сынхан"-ы эрүүл гэж буцаа­сан хүү тархины даралт хар­важ, ухаан алдсанаас хойш өнөөг хүртэл сэхсэн нь үгүй хэвтрийн болжээ. Идээт ми­нен­кок хэмээх аюулын ул­маас тархи нь усжсан гэх.  ЭНЭШТ-ийн мэдрэлийн эмгэг судлалын VII тасагт хүүгээ сахьж байгаа аав Ж.Эрдэнэ­бат, ээж Л.Баттуяа нартай нь өчиг­дөр очиж уулзсан юм. Хоёул эмнэлэгт байнга байдаг болохоор бэрх л байдаг бо­лол­той. ЭНЭШТ антибио­тикоос өөр эм, тариа гаргадаг­гүй, бүхнийг хувиараа авдаг учир мөнгө гээч гарын салаа­гаар л урсаад алга болдог гэнэ. Эмч нар нь "Манай эмнэлэг төсвийн байгуул­лага аа" гэсэн үгээр бамбай хийж сурчээ. "Эхлэл" олон улсын байгууллагын ажилтан канад иргэд хүүгийн эмчил­гээнд буман төгрөгөөр сэтгэ­лийн дэм хайрлаж, Баян­хонгор аймгийн Заг сумын Засаг дар­га Төмөрбаатар мөн тө­дий тооны төгрөгийг сумын­хаа иргэнд зориулан гарга­хаар болсон сайн мэ­дээ­тэй. Мэд­рэлийн тасгийн эмч Са­руул­тай уулзахад "Хүү­­гийн биеийн байдал тар­хины мэс засал хийлгэвэл сайжирна. Тархинд нь гуурс суулгана. Хүнд хагалгаа бо­ло­хоор хоёр сая гаруй төгрөг зарцуулаг­дана. Хөөрхий эцэг, эх нь олон сар хүүгээ сахи­сан юм билээ" гэж өгүүлсэн юм. Аав, ээж нь хүүгийнхээ тархины мэс заслыг "Ачтан" эмнэлэгт хийлгэх бодолтой байгаа гэх. Тэнд Энхбаяр гээд энэ төр­лийн мэс засал­даа гаршсан сайн эмч байдаг юм уу даа. "Сайхан сэтгэлийн үзүүрт тос" гэдэгчлэн "Ачтан" эмнэл­гийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч, зохиолч Ц.Муха­рын ач тус ч ядарсан эдэнд нэмэр болох нь лавтай. Монгол Улсын гавьяат жүжиг­чин, НҮБ-ын "Хүүхдийн элч дуучин" Т.Ариунаагийн дуул­сан "Даян дэлхийн хүмүүс ээ, Хүүхдийн сайн сайхны төлөө "За" гэж хэлцгээе!" гэсэн дууны мөр ийм л үед хэн хүнд бодогдох биз ээ. Монгол түм­ний сайхан сэтгэлийн илч ор мөргүй хайлаагүйг өнгөрөгч хавар "25 дугаар суваг" теле­визийн "Танайд хоноё" нэвт­рүүлэгт оролцсон Тунгалаг бүсгүйд тусалсан жишээнээс бид бэлээхэн мэдэрсэн би­лээ. Хорт хавдраар өвчилсөн хөөр­хий бүсгүй бурхны оронд одохдоо хүмүүсийн энэ л сайхан сэт­гэлд талархсаар буцсан. Бүлтээхэй үрээ эрүүл саруул болчихоосой гэж нойр, хоол­гүй сахьж суугаа хөөр­хий ээж Л.Баттуяа "Монголын тамир­чид маань саяын олим­поос алт, мөнгөн медаль олныг авлаа. Миний хүү ч гэсэн эрүүл саруул өсчихвөл олим­пийн аварга болчих ч юм билүү?" гэж нулимс унагаж сууна. Ивлэсэн хөхнийхөө зовсон сүүг шилэнд сааж дундлах энэ эх "Үхтэл үр харам" гэж сэтгэлээрээ амь­дарч яваа нэгэн юм даа гэсэн нулимст бодол хоолой дээр зангирч байлаа.

Эцэст өгүүлэхэд, Э.Амар­жаргал хүүгийн эмчилгээний зардалд халуун сэтгэлийн хандив өргөхийг хүссэн буян­тан та харамгүй өглөгөө "ХААН" банкны 5006318045 тоот дансанд шилжүүлэх буюу 95285308, 99445803, 99935921 дугаарын утсаар харилцаж болох юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.