Өсвөр насны охид хар тамхинд илүүтэй донтож байна

2008/09/02
Share |
Хүмүүс:
Өсвөр насны охид хар тамхинд илүүтэй донтож байна

Анагаах ухааны шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэбаяр "Мансууруулах бодис нь нэн түрүүнд уураг тархийг хөнөөдөг. Уг бодисын хараат байдалд орсон хүний нэгээхэн ч эрхтэн систем хэвийн ажиллаж чадахгүй..." хэмээн хэлсэн байдаг. Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ялангуяа өсвөр насныхан цавуу, элдэв хорт бодис үнэрлэх нь түгээмэл болсонд мэргэжлийн хүмүүс ихэд санаа зовниж, төр засгаас дорвитой арга хэмжээ авахыг анхааруулж байгааг энд дурьдахад илүүдэхгүй биз ээ.

Хорын дон буюу бензин, цавуу үнэрлэх явдал даамжирсаар "сонгодог хэлбэр"-т хүргэх нь элбэг аж. Улаанбаатар хотод хар тамхи хэрэглэгчдийн сүлжээ хэдийнэ бий болж, энэ чиглэлээр "бизнес" эрхлэгчид урд хөршөөс хар тамхи буюу мансууруулах бодис нийлүүлж, донтсон хүмүүст өндөр үнээр зарж борлуулдаг. Өнөөдрийн байдлаар шүдэнзний нэг ширхэг хайрцгийг нь дунджаар 50 мянган төгрөгөөр зарж борлуулж байна.

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид өдрөөс өдөрт залуужиж байгаа нь монголчуудын мөхлийг дуудаж байна гэлтэй. Түүний эрэлт, хэрэглээ өсч байгааг өмнөд хөршийнхний монголчуудыг устгаж үгүй болгох бас нэгэн санаархлын илэрхийлэл гэж үзэх хүмүүс ч бий.

Үхүүлж л байж санаа нь амардаг энэ "тахал"-аар өвчлөгсөд Улаанбаатар хотын Жуковын музей, Улсын цирк орчимд цугларч мансууруулах бодисоо наймаалцдагаас гадна томоохон баар цэнгээний газруудыг эзэлжээ. Дархан, Сэлэнгэ зэрэг аймагт ургадаг "олс" тэдний эрэлт хэрэгцээ ихтэй бараа.

Хар тамхи худалдан авагчдын ихэнх нь оюутнууд. Өсвөр насны охид хөвгүүдээ бодвол илүүтэй хэрэглэдэг болжээ. Улсын тэргүүний I дунд сургуулийн баян тансаг айлын эрх танхи охид хар тамхи хэрэглэдэг гэх мэдээллийн талаар лавлахад тус сургуулийн зйхирал н.Гүррагчаа тодорхой хариулт өгөөгүй ч бас үгүйсгээгүй удаатай.

Цэцэг цэврүү шиг насандаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж сургуулийнхаа коридор, манарсан нүдтэй, сүүмийж яваа охидыг хараад гайхах хэрэггүй.

Эдгээр охид "Гадаадын хүн мөнгөлөг, тансаг байдаг" гэсэн гэнэн бодлоор тэдний зугааг гаргаж, хар тамхины хэрэглээ гээчийг сурч бусаддаа "халдаадаг" байна.

Монгол Улсын төр засгийн өндөрлөгүүдэд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өснө үү, буурна уу огт падгүй. Нийгэмд бугшиж, мөхлийн харанга дэлдэж буй энэ аюулт үзэгдлийн талаар гагцхүү цөөхөн тооны төрийн бус байгууллагууд санаа зовнидог байна. Тэдний төлөөлөлтэй уулзаж ярилцсанаа уншигч танаа толилуулъя.

Мансуурлын Эсрэг Үндэсний Төвийн тэргүүн Ч.Азбаяр:

Монгол улс мансуурлаас ангижирч чадахгүй, хяналтаа алдсан

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа энэ үед төр засгаас анхаарлаа хандуулж байна уу?
-Хэрэглээ, түүнийг дагаад гэмт хэрэг ч өсч байна. Манай төр засаг энэ талаар маш сайн мэдэж байгаа боловч хуулиа өөрчлөх, боловсруулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна. "Энэ асуудлыг шийдчихнэ" хэмээн цөөхөн төрийн бус байгууллагадаа найдаад байдаг. Одоо ч Засгийн газар орон нутгийн сонгууль гээд анхаарлаа хандуулахгүй биз. Юун хар тамхи манатай, өөрсдийнхөө хувийн эрх ашгийг бодохоос ийм асуудал руу орохгүй.

-Хил гаалиар орж ирж буй хар тамхи, мансууруулах бодист хяналт тавьж чадаж байгаа болов уу?
-Хилээр оруулахыг хориглодог. Хамгийн гол нь хянаж шалгаж чадаж байна уу гэдэг байна. Өнөөдрийн байдлаар гааль дээр хяналт байхгүй. Замын-Үүдийн гаалийг нүдээрээ очоод хар. Вагоноор зорчигчдыг шалгаж болно. Гэвч гадуурхи авто машинаар зөөгддөг бараа таваарыг хянаж чадахгүй байна. Замын-Үүдийн гаалиар ордоггүй, зорчигч зөөгөөд шууд гараад явдаг "гаальгүй машин"-ы асуудал олон жил яригдаж байгаа боловч түүгээр хичнээн килограмм юу орж ирж байгаад хяналт байхгүй. Тэдгээр машины жолооч нарын хууль бус үйл ажиллагааг илрүүллээ ч мөнгө төгрөг өгөөд аргалчихдаг. Замын-Үүдийн гаалийн намуу цэцгийн асуудлыг тэгсхийгээд хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Нэг нь илрүүлсэн болж, нөгөө нь хэрэгсэхгүй болгоод байвал асуудал улам хүндэрнэ.

-Хар тамхи, мансууруулах бодист өсвөр насныхан уруу татагдах нь элбэг байдаг гэдэг?
-Доод тал нь 12 насныхан байна. Гэхдээ "сонгодог хэлбэр"-ийн хар тамхи биш. Ерийн хорын дон буюу бензин, цавуу үнэрлэх явдал нь "сонгодог хэлбэр"-ийн хар тамхи руугаа ороход ойрхон байдаг учраас анхаарах хэрэгтэй. Сургуулиудад ерийн хорын дон нэг их асуудал биш болсон.

-Насанд хүрэгчдийн хувьд?
-Гадаадад сурч ажиллаж байгаад ирсэн залуус мууг нь л дуурайж, сурч ирдэг. Өнөөдөр үйлдвэрлэл явуулах технологи оруулж ирж байгаа хүн ховор. Каннабисийн төрлийн ургамал гэх мэтчилэн тэдний хэрэглээ улиг болсон доо.

-"Сонгодог хэлбэр" гэж юуг хэлээд байна вэ?
-Үнэрлэх, судсандаа тарих зэргийг хэлж байгаа юм. Хамгийн аюултай нь судсаар тарих...

-Хичнээн хүүхэд, насанд хүрэгчид энэ төрлийн сонирхол, донтой болсон талаар судалгаа хийв үү?
-Бид 10 сая төгрөгийн төсөл хийгээд НЗДТГ-аас санхүүжилт хийгээд өгөөч, нийслэлийн хэмжээнд чанарын судалгаа хийе гэсэн ч хоёр жил яригдаад чимээгүй болсон. Хүүхдийн мансууруулах бодисын хэрэглээг багасгах чанартай судалгаа хийж дорвитой алхам хийх хэрэгтэй атал өөрсдийгөө шагнаж урамшуулдаг энэ дарга нар чинь одоо хүртэл ухаарч өгөхгүй байна.

-Ангижрах арга бий юу?
-Монгол улс хар тамхи, мансууруулах бодисоос ангижирч чадахгүй, хяналтаа алдсан. Зогсооно гэж байхгүй. Хаа сайгүй л чөлөөтэй сурталчилж, “Гүүд, ок" гэхчилэн футболка дээрээ бичээд явж байна. Хамтлаг дуучдын клип, цомгийн зураг дээр ч байна. Тэгэхээр өсвөр насныхан дуурайхгүй яах вэ дээ. Бид энэ аюулын эсрэг клип битгий хэл жижиг плакат ч хийж чадахгүй байна. Төр засаг хүүхдүүдийн талаар их юм хийдэг гэж ярьдаг. Бодит байдлыг нүдээрээ одоо болтол олж харахгүй байна. Ер нь Монголыг залуу үеэс нь эхэлж мөхөх бодолтой улс төрчид улс төрд байдаг шиг байгаа юм. Цаашлаад хүүхэд ашиглан хар тамхи мансууруулах бодис наймаалах асуудал ч яригдсаар байна.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.