Баабар ингэж өгүүлэв - Ц.Элбэгдорж

2008/09/03
Share |
Баабар ингэж өгүүлэв - Ц.Элбэгдорж

Элбэгдорж шиг муу хүн алга. Зурагтаар ч тэгэж ярих юм, сонин болгон тэгэж бичих юм, нэтээр, ялангуяа сэтгэгдэл гэгч зүйлсээр. Цаазаар авах нь багадана л гэнэ, бушуухан үгүй хийх хэрэгтэй л гэнэ, цусыг нь үзэж байж санаа амрана л гэнэ. Жаахан юм боддог хүн бол Элбэгдоржийг биш энэ кампанийг зохион байгуулагчдыг жигшмээр. `Өглөөний сонин` өмнө минь дэлгээтэй байна. Түүнийг хараахад хэдэн хуудсаа зориулжээ. Иргэн Мижиддорж гэгч `Элбэгдорж 7 сарын 1-нд 20 мянган дээрэмчин дагуулж ирж галдан шатааж тонон дээрэмдсэн`, `хорон муу санаагаа зориуд гаргасан` гэхчлэн бөөлжээ. Зэрэгцүүлээд иргэн ч юм уу, биш ч юм уу Сүх-Иш гэгч дутахгүй хараал урсган Элбэгдорж олимпын баатруудад баяр хүргэсэн нь Баяр даргын гавъяаг бүдэгрүүлэх гэсэн хошин жүжиг гэсэн лут оюун дүгнэлтээ тольдуулжээ. Энэ бол сүүлийн хоёр сар бүх мэдээллийн хэрэгслэлээр зохион байгуулалттайгаар дайрч доромжилж гүтгэж байгаа кампанит ажлын наад захын ердийн жишээ. Элбэгдоржийг муулах шагналт уралдаан заралчихсан юм шиг, түүнд бүх нийтээрээ оролцон бай шанг нь уралцан булаацалдаж байгаа юм шиг. Өөрийгөө аналитикч гээд ойлгочихсон нэгэн ядмаг шүлэгч хүүхэн, МАХН-ын аппаратад саяхан ажилд орсон авгай гээд энэхүү уралдаанд гойд идэвхийлэгчид ч тодроод ирлээ.

Орвэлийн `1984` зохиолд ийм нийгмийн тухай гардаг. Иргэд нь тодорхой цагийн хуваарийн дагуу `нам засгаа магтан дуулах` хайрын цуглаан, `дайснаа жигших` үзэн ядах цуглаантай. Иргэд бүгд үүнд оролцох үүрэгтэй, эс тэгвээс өөрийг нь үзэн ядна. Монголд ирж үзээгүй Орвэл манай Монголын 1984 оны амьдралыг үзмэрч шиг тольдсон байлаа. Бид хар багаасаа л нам засгийн удирдагчид төдийгүй нэрийг нь ч зөв тогтоогоогүй Анжэла Дэвис, доктор Хайдэр, Луис Корвалан, Дин Рид, Патрис Лумуба гээд олон гадаад хүнийг өмөөрч хайрын цуглаанд хоолой нийлүүлэн орилдог байлаа. Эд яачихсан юм, юунаас болоод хайрлагдаад байгаа юм гээд олон асуултанд бид өөрснөө хариулж мэдэхгүй байв. Хожим эргээд түүх үзэж байхад бараг бүгд л шаар байсан юм билээл. Бид олон ч хүнийг үзэн ядах цуглаанаар дамжуулан жигшсэн. Гучаад оны Гэндэн, Дэмид, Амар нарыг болиё гэхэд Лоохууз, Ширэндэв, Чойном, Ренчин, Дамдинсүрэн гээд л эх орныхоо сор болсон хөвүүдийг мөн ч их жигшин зэвүүцсэн дээ. Яагаад гэнэт тэднийг үзэн ядах болсноо бид өөрснөө ч ойлгодоггүй байсан. Нэг өглөө босоод ирэхэд л тэд муу хүмүүс шүү хараагаад байгаарай гэсэн даалгавар ирнэ, бид ч идэвхитэй гэж жигтэйхэн шонхор адил шуугин дайрна. Биднийг ийм юмаар л хооллодог байж. Улай үзсэн тас аятай монголчууд нам засгаар сүхдүүлсэн хөвүүдийн сэг рүү үхэхээ мэдэхгүй уралдан дайрч тасар татацгаана. Жигшмээр, өрөвмөөр, үзэн ядмаар.

Энэ жигшүүрт нийгмийг халахад Элбэгдоржийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Хүмүүс өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө өөрийгөө илэрхийлэх эрхийг Элбэгдорж ба түүний нөхөд монголчуудад авчирч өгсөн юм. Өөрийн гэх бүх юмыг нь хүмүүсээс хурааж авчихаад байсныг нь Элбэгдорж тэдэнд эргүүлж олж өгсөн. Эрх чөлөө бол хувь хүнд байгалиас эсвэл Бурханаас заяагдсан эд. Үүнийгээ монголчууд дарангуйллын системд алдчихаад хэдэн үеийг өнгөрөөсөн. Эрх чөлөөг бүрдүүлэгч өмчлөх, үг хэлэх, сэтгэн бодох, зорчин явах, хөдөлмөрлөх бүх эрх бусдын гарт байлаа. Хүмүүс өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэн зохицуулна гэдэг Бурханаас хүнд өгсөн харицлага, эрх чөлөө, хувь төөрөг. Энэ булаагдсан эрхийг эргүүлж авчирсан Элбэгдоржийг гал хулгайлан хүмүүст авчирж өгсөн Промэтэйтэй зүйрлэм. Харин гал олж авсан хүмүүс одоо Элбэгдоржийг цовдолчихоод авчирсан галаар нь шарж түлж тарчлаан өрөвдөм муу бахаа хангана.

Манай нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн. Ийм эрхээ 1990 онд олж авсан. Эзэн байх эрхээ сонгуулиар эдэлдэг. Энэ эрхийг нь хулгайлчихаад байхад тоох ч үгүй шатсан байшин яриад гаслаад байгаа улсыг яалтай нь ч билээ. МАХН-ын байрыг шатаасан нь зэрлэг балмад явдал. Гэхдээ энэ байшин шатаж байхад муу муухайн үүр, эрлэгийн голомт, ороолонгийн ичээ цагийн эргэлт даахгүй үйлдсэн хар нүгэлийнхээ төлөөсөнд хайлж байгаа юм шиг санагдсан шүү, надад. Криманологи талаасаа биш философи утгаараа л даа! Байшингийн эзэн гэгдэх барих биегүй шумнас Монгол орныг зуун жил эзэгнэж сор болсон хөвүүдийг нь тамлан устгаж, соёл уламжлалыг нь тасчин түймэрдэж, үндэсний бахархлыг нь гутаан доромжилж, иргэн болгоны өмчийг хурааж, хүн болгоныг дарамтанд оруулж, эрх чөлөөг нь боймлон булааж авсан. Энэ бол домог биш түүхэн баримт. Энэ намын нэрээр алах, шатаах, тонох, хураах, булаах үй олон тогтоол зарлиг гарч хэрэгжиж байсан нь тийм ч эртний улбаа биш. МАХН олон жилийн туршид олон сайхан юмыг галдан шатааж тонон дээрэмдсэн дээ!

Надтай адилаар үйл явдлыг харсан нэг биш хүн бий. “Ариун зорилгын төлөө алж хядахаас өөр арга байгаагүй, ард түмнээс уучлал гуйх шаардлага алга” хэмээн огт санаа зовсон шинжгүй онолдож суугаа шумнасын биежсэн дүрсүүдийг өнөөдөр харж сонсоход дотор арзганамаар. Миний танил ярихдаа 7 сарын 1-ий орой МАХН-ын байр шатаж байгааг зурагтаар хараад, хувь заяаны шоглоом явсаар нүдээ олдог л юм байна хэмээн догдолж хань олдохгүй толинд дүрстэйгээ хундага тулгасан гэсэн. Асуудлыг ингэж харж байгаа хүн ч цөөн биш. Ингэж бодсон, түүнээ илэрхийлсний төлөө танилыг минь хэн ч алж хядахгүй. Түүний бодсон өөртөө зөв. Ингэж бодох эрхийг нь Элбэгдорж олж өгсөн юм. Тэрбайтугай булаагдсан өмчийг нь ч, өмчлөх эрхийг нь ч эргүүлж авчирсан.

Элбэгдорж хүн юм болохоор алддаг. Түүнд санасныг бодвол маш олон алдаа дутагдал бий. Түүний тооцоо муутай, бусдыг үл сонсдог, дураараа, өрсөлдөгчөө үнэлж чаддаггүй, ам ажил нь зөрдөг, бүлгэрхүү мөртөө хүн таньдаггүй чанарууд Ардчилсан намыг ялдаг газар нь сөхрүүлж орхилоо. Тэгээд яачихаав? Ардчилсан нам сонгуульд ялагдчихаар Монголын ард түмний өмнө нүгэл болох ёстой юм уу? Алдааныхаа төлөө тэр одож байна. Тэр хичнээн алдаа дутагдалтай байгаад энэ ард түмний өмнө байгуулсан гавъяаг нь бүдэгрүүлж чадна гэж үү! Тэрээр хүмүүсийн хулгайлагдсан, булаагдсан эрхийг эргүүлж олж ирэхээр тэмцлээ. Хийсэн гавъяаныхаа төлөө Промэтэй шиг цовдлууллаа. Ялгаатай нь галаа алдаж хорссон Зэвсийн илгээсэн тамлаач нь бэлгэнд гал авсан хөөрхий тэнэг хүмүүс!

Гэвч Элбэгдоржийн олж ирсэн эрх чөлөө баталгаатай гэж бодож байна. Самуунаар далимдуулж монголчуудаас эрх чөлөөг нь дахин булааж авах гэсэн санаархалтнуудын горьдсоны гарз. Сохор нохой дүйвээнээр гэгчээр `үзэн ядах цуглаан` дахин сэргэжээ гэж үмх мах илүү олж долоох гэж байгаа бол эндүүрч байна. Цаг өөр болжээ. Монголчууд цаашид ч өөрийн алдаатай оноотойгоо урагшлах болно. Улирах цагаас үлдээсэн сургамж дээрээ амьдрах болно. Хүмүүсийн дэндүү дийлэнх нь нэгэнт олж авсан эрх чөлөөгөө тийм ч амар булаалгахгүй.

Байшин шатахад гарсан хамгийн том хохирол нь хожмын монголчуудад ухаарал өгөх учиртай байсан МАХН-ын Хянан шалгах хорооны архив. 1990 онд Төрийн ордноос хөөгдөхдөө энэ архивыг шуудайлаад подволдоо овоолчихсон байсан юм. Тэнд хэдэн тонн матаас байлаа. Хүн хүнээ болихын сонгодог бүтээлүүд. Нийгэм хүнийг ямархуу арчаагүй өөдгүй шаар болгон хувиргаж болдгийг үзүүлсэн сурах бичиг. Ах нь дүүгээ, хүү нь эцгээ, эхнэр нь нөхрөө аюумшигт шумнаст барьж өгч там руу илгээсэн баримт. Хүн гэдэг цагаа тулахаар өчүүхэн паалантай төмөр, шалихгүй эрх мэдлийн төлөө юу болж хувирдгийг илтгэсэн туульс. Дантегийн Тэнгэрлэг комеди! Байшин шатсанаар хамгийн их хожсон улс нь зохиолын гал баатрууд өөрснөө юм биш үү? Юунд нь боож үхчих гээд байгаа юм бэ дээ?!

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas выход демона под экстази Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ЧкаловсРº Купить бошки в Новый Оскол купить СК Крист Белые Любим АзалептР¸Ð½ фото ВакансиР¸ и работа: «работа на дому» в НефтеюгР°Ð½ÑÐºÐµ mdma как пользовР°Ñ‚ÑŒÑÑ ВолгогрР°Ð´ÐµÑ† продаваР» амфетамР¸Ð½ через закладкР¸ купить Кокс ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¸Ð¹ купить КристалР» ГаджиевР¾ древовиР´Ð½Ð°Ñ гавайскР°Ñ роза ЗакладкР¸ методон в Острове купить ТрамадоР» ЛомоносР¾Ð² Стаф в НовосибР¸Ñ€ÑÐº купить БеладонР½Ñƒ КрасногР¾Ñ€ÑÐº купить Первый Кушва Найти закладкР¸ героина купить фенамин ГубкинсРºÐ¸Ð¹ Герыч пилсы закладкР¸ Ишим купить Купить Кокаин в НазываеР²ÑÐº россыпь в АлексинРµ кокаин пермь купить JWH Донецк купить IKEA НововорР¾Ð½ÐµÐ¶ Тгк в чем ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ ‚ся купить Хэш ЖелезноР²Ð¾Ð´ÑÐº Jwh 250 jwh 307 купить в новосибР¸Ñ€ÑÐºÐµ Купить трамадоР» в ЖелезноР²Ð¾Ð´ÑÐº купить Героин ПустошкР° Купить закладкР¸ кокаин в КатайскРµ Все о дусте от клопов купить Гарик Сергач купить КристалР»Ñ‹ Ð£Ð³Ð»ÐµÐ³Ð¾Ñ€Ñ Ðº амфетамР¸Ð½ мука Порошок гала в Украине купить Герыч Бологое Лирика в СафоновРµ
IP:5.62.154.79  2018-06-20 16:28:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.