Хүмүүс: Мөнхбат Даваажаргал | |
Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхотой хэдхэн хоногийн өмнө "Монгол башё"-ны үеэр уулзаад ярилцаж байхад "Удахгүй ам бүл нэмнэ. Эхнэр маань энэ есдүгээр сарын эхээр төрнө" гэж байсан билээ. Өчигдөр дугаар шилжихийн өмнөхөн Хакүхогийн эхнэр амаржиж 3.8 кг жинтэй хүү төрүүлсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлснийг тодруулахаар Ж.Мөнхбат аваргын утсанд холбогдлоо.
-Сайн байна уу. Ачтай болсонд тань "Өнөөдөр" сониноос баяр хүргэж байна.
-За бас хаанаас юугаа олоод сонсоодохов.
-Хакүхогийнх ам бүл нэмж хүүтэй болсныг та сонсоогүй яваа юм биш биз дээ?
-Та нар юмнаас хоцорно гэж байх биш. Ачтай болсноо дуулалгүй яах вэ. Өнөөдөр "Шавь" сургуулийнхаа үндэсний бөхийн дэвжээнд хивс авч өгөх санаатай Бөхийн холбооныхонтой уулзаад явж байхад хүү утасдсан. Өнөөдөр чинь могой өдөр байгаа юм. Их бэлгэшээж байна.
-Аварга аа, Танд бас нэг баяртай мэдээ дуулгая. ЮНЕСКО-гоос спортын алдартанд олгодог шагналаа Хакүход өгчээ.
-Наадахыг чинь харин сонсоогүй юм байна. Ямар учиртай шагналыг хэзээ олгосон гэнэ.
-Өчигдөр гардуулсан байна. Энэ шагналыг домогт хөлбөмбөгчин Пеле, "Формула-I”-ийн нисгэгч М.Шумахер нарын найман хүн авч байж. Харин Хакүхо Ази тивээс энэ шагналыг авч байгаа анхны хүн юм байна.
-Аа тийм үү. Сайхан мэдээ дуулгасан та нарт баярлалаа.
РS: "UNESCO-SPORT’S CHAMPION" хэмээх хүндтэй шагналын эзнээр Ази тивээс анхлан тодорч, бас ам бүл нэмж хүүтэй болсон аварга Хакүходоо сониныхоо мянга мянган уншигчдын өмнөөс аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Өнөөдөр