Хүмүүс: Түвшинжаргал Баясгалан | Батбаяр | |
“УИХ-ын гишүүн Д.Батбаяр дуучин Т.Баясгалантай намрын дунд сарын 17-нд нижгэр хурим хийх нь” гэдэг зар улстөрчид төдийгүй урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийнхний дунд тарсан ч найрын эзэн одоог хэр нь хувийн амьдралынхаа талаар ам ангайгаагүй. УИХ-ын шинэхэн гишүүн дуучин бүсгүйн талаар манай сонинд анх удаа тайлбар хийлээ.
-Уучлаарай гишүүнээ таныг дуучин Т.Баясгалантай янаг амрагийн холбоотой. Удахгүй хуримаа хийж хамтын амьдралаа эхлүүлэх гэж байна гэж шуугих болоод удлаа. Та үнэхээр хувийн амьдралдаа шинэчлэлт хийх гэж байна уу?
-Миний талаар янз бүрийн л юм яригддаг, бичигддэг шүү дээ. Япон хүүхэнтэй суух гэж байна гээд, зарим нь дуучинтай суух гэж байна, хүүхэдтэй болчихлоо гээд л миний мэдэхгүй юмнууд л яригдаад байх юм. Би өөрөө хурим хийнэ гэсэн юм яриагүй, хүүхэдтэй болсноо ч мэдээгүй л явж байна. Баясгалангийн хувьд сонгуулийн үеэр намайг дэмжээд, хамтарч ажиллаж, хамт явж байсан үеэс л хардлага авч янз бүрээр бичигдээд эхэлсэн шүү дээ. Одоохондоо надад энэ талаар ийм тийм гээд хэлчих юм алга. Та нар ч бас юу ч гээд биччих юм билээ. Бид нар найзуудын хувьд найзууд. Бие биенээ дэмждэг тийм л хүмүүс.
-Дотно холбоотой эсэхийг асуугаад байгаа юм л даа?
-Дотно холбоо гэдгийг та нар яг яаж ойлгохыг мэдэхгүй байна. Миний хувьд сонгуульд намайг дэмжээд явж байсных нь хувьд дэмждэг. Цаашдаа ч дэмжих болно.
-Хурим болох уу?
-Хурим мурим гэсэн тийм хачин юм надаас битгий асуугаад бай л даа. Хүн улстөрч болчихоод байхад чинь. (инээв) Өдөржингөө л хүмүүс надаас энэ талаар асуух юм. Би ер нь янз бүрийн юм ярихгүй яваа ш дээ.
-Хамтдаа амьдарч байгаа нь худлаа гэсэн үг үү?
-Хамтдаа амьдарсан юм байхгүй шүү дээ. Бид чинь бүр эртний найзууд. Би таван жилийн өмнөөс ганц бие болсон хүн. Одоо нэгэнт төрд сонгогдоод орж ирсэн хүн чинь төрөө төвхнүүлэх ажлаа хийсэн шиг хийе л дээ. Та нар бас боль л доо. Битгий намайг ингэж хамаагүй бич л дээ. (инээв)
-За тэгвэл хоёулаа улстөр ярья. Та УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэдий ч одоо хүртэл гишүүн гэж хэлүүлэх эрхгүй л байна. Ер нь улстөрч болох ямар санагдаж байна. Өнөөдрийн улстөрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Магадгүй залхмаар болимоор санагдах үе байв уу?
-Би улс төрд шийдээд л орсон. Монголын улстөрийн байдал яах аргагүй хүнд байна. Би үүнийг нь мэдээгүй байж. Дотор нь ороод л мэдэрлээ. Ард түмэн бухимдах нь аргагүй юм байна. Бүр улсынхаа 0 цэг дээр ард иргэдээ буудаад алчихсан үнэмшмээргүй муухай явдал гарлаа. Үүнийг гадаадууд маш их гайхаж, тэр тусмаа япончууд маш их санаа нь зовж байсан. Би Японы ерөнхий сайдтай найз нөхөд, ах дүүгийн холбоотой. Тэр утгаараа надаас энэ талаар маш их асууж байсан. Сая бараг энэ башёгоор Японы бөхчүүд ирэхгүй болох шахсан шүү дээ. Энэ бүхэн үнэхээр харамсалтай байна. Гэхдээ одоо орчихсон юм чиньяахав дээ. Ордоггүй байж дээ гэж бодох эрх надад байхгүй. Би мэдээж сонгогчдынхоо төлөө ард түмнийхээ төлөө ажиллана. Гэхдээ хэлж боломгүй харамсалтай юмнууд их байдаг юм байна. Өнөөдөр СЕХ-ны дарга Б.Баттулга руу бүгд л дайраад байна. Би дотроо бол тэр хүн рүү дайраад нэмэргүй гэж бодож байгаа. Энэ хүнийг огцрууллаа гэхэд дараагийнх нь хүн яг энэ зарчмаар ажиллана шүү дээ. Тэртэй тэргүй ард нь нам байгаа юм чинь энэ хүнрүү дайраад яах вэ дээ. Тиймээс тангаргаа өргөсөн нь дээр санагдаж байна.
-Цаашдаа та улстөрд ямар байдлаар ажиллая гэж бодож байна вэ?
-Би анхнаасаа л хэлсэн. Шударга ардчилсан оронд шударга барилдаанаар 16-н жил амьдарч, ажиллаа. Япончуудын өөрийн иргэнээ болооч гэсэн хүсэлтийг нь хүлээж авалгүй, эх орондоо ажиллаж, амьдарна гэж ирсэн. Ирээд АН-ын гишүүн болж, улстөрч боллоо. Хэдийгээр манай АН энэ сонгуульд ялагдсан ч гэсэн би энэ намын гишүүн болсондоо баяртай байгаа. Манай намынхан дотроо хүртэл байнгын маргаантай, зөрчилтэй байдгийг нь хараад би бахархсан. Аргагүй ийм зөрчилдөөн байж байж л ажил цаашаа явах юм байна. Тэндээс зөв гарц, зөв шийдвэр гарах юм байна гэж бодож байлаа. Тиймээс би хэлсэн үгэндээ хүрч ард түмнийхээ төлөө ажиллана. Гэхдээ миний хувьд гол нь Японтой харилцаа холбоо тогтоох замаар ажиллана гэж бодож байгаа.
-Ардчилсан намын шинэ гишүүд хоёр ч өдөр хуралдаж байж тангарагаа өргөө гэдэг байр суурин дээр нэгдсэн гэл үү?
-Ер нь бол тангараг өргөө гэсэн талд байгаа. Өчигдөр өнөөдөр хоёр хуралдлаа. Тэгэхдээ бас би өөрөө ардчилалын өлгий оронд хамгийн олон жил байсан хүний хувьд манайхан арай дэндүү байгааг гайхаж байна. Та нар нарийн юмыг нь бас сайн ойлгохгүй байх шиг байна. Долоон сарын нэгэнд онц байдал зарлачихсан мөртлөө ард түмнээ буудаад алчихдаг. Тэгээд өдий хүртэл эзнийг нь олохгүй байна гэдэг үнэндээ сонин шүү дээ. Ардчилал хөгжсөн орнуудын хувьд бичигдээгүй үйлчилдэг нэг хууль нь Засгийн газар нь улстөрийн хэргээр хүмүүсийг хорих явдал ердөө байдаггүй. Гэтэл манайд саналаа хэлсэн хүнийг аваачаад хорьчихсон байгаад миний хувьд маш их гомдолтой байна. Би өмнө нь энэ талаар хэвлэл мэдээллээр нэг их ярьж байгаагүйг чи мэдэж байгаа байх. Би цаашдаа энэ талаар тэмцэнэ гэж бодож байгаа. Тиймээс цаг алдалгүй тангаргаа өргөө гэдэг байр суурьтай байгаа. Өчигдөр СЕХ тогтоол гаргаад Ерөнхийлөгчид өргөн барьж амжаагүй байх шиг байна. Одоо манай нам яг энэ талаар хуралдаж байна. Би чинь дөнгөж УИХ-д орсон шинэ улстөрч болохоор шууд ороод юмаа хэлчихэж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор намаа л дагаад л явж байна.
-Монголд анх удаа сүмогийн үзүүлэх барилдаан хоёрдох өдөртөө үргэлжилж байна. Гэтэл та Сүмогийн холбооны ерөнхийлөгчийн хувьд тэнд ер үзэгдэхгүй байгаад хүмүүс их гайхаж байх шиг байна. Үнэхээр их ажилтай байгаад очиж амжихгүй байна уу. Энэ наадмын талаар сэтгэгдэл ямар байна вэ?
-Монголын сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд ч тэр, сүмо бөхийг монголд үндэслэн тавьсан анхдагч гэдэг утгаараа ч тэр очих ёстой байсан боловч зав гарсангүй. Нөгөөтэйгүүр тэр барилдааныг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор урилга хүлээж аваагүй гэдэг утгаараа очсонгүй. Миний хувьд монголд ийм барилдааныг зохион байгуулсанд баяртай байгаа. Гэхдээ үнэхээр тэмцээн шиг сайхан болсонгүй, ач холбогдол багатай шоу болчихлоо шүү дээ. Монголын ард түмэн ч бас зурагтаар хардаг тэр гоё барилдаан болохгүй байна гэж хэлж байна. Миний хувьд ч бас нэгэнт шоу юм чинь яахав, гэхдээ үнэхээр жинхэнэ сайхан барилдаан болсон бол зүгээр байсан юм болов уу гэж бодож байлаа. Яахав ийм тэмцээн зохион байгуулсанд нь л баярлаж байна. Анх намайг Японд очиход Монгол гэж бараг мэддэггүй байлаа шүү дээ. Одоо бол Монголыг мэддэггүй япон хүн гэж байхгүй болж. Хэрэв мэддэггүй гэвэл тэнэг юм уу гэж өөдөөс нь загнамаар болж. Энд ирсэн бөхчүүдийн маань сэтгэл өөдрөг байна. Манай сумогийнхон намайг хайж ирээд манайд хоол идээд явцгаасан. Сэтгэгдэл өндөр байна лээ.
Эх сурвалж: Тэргүүн