Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
Ардчилсан нам (АН)-ын дарга асан Ц.Элбэгдоржтой ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газар байгуулах тухай шийдвэрт та ямар дүгнэлттэй байна вэ?
-Эх орон, ард түмнийхээ төлөө сайн юм хийе гэж бодож байгаа бол АН-ыг зүгээр байлга. Гүйцэтгэх ёстой үүргийн нь дагуу ажиллуулах хэрэгтэй. Өнөөдрийн сонгуулийн дүнг аль, аль талдаа хүлээн зөвшөөрч байгаа бол хуулийн дагуу олонхи суудал авсан нам нь Засгийн газраа байгуулаад явах ёстой. Харин цөөнх нь хяналтаа тавиад ажиллах л ёстой.
-АН-ын дарга Н.Алтанхуяг хэвлэлийнхэнтэй анх удаа уулзахдаа "Би намын дарга болохдоо л хамтарсан Засгийн тухай ярьж байсан" гэж байна лээ. МАХН-ын дарга С.Баярыг хүлээн авч уулзахад ч хамтарсан Засаг байгуулах саналаа хэлсэн гэдгээ бас ярьсан. Таныг АН-ын дарга байх үед хамтарсан Засгийн газрын тухай танай намд яригдаж байсан юм биш үү?
-АН-ын аль нэг шатны байгууллагад хамтарсан Засгийн газрын талаар гарсан, дэмжсэн нэг ч шийдвэр байхгүй. Тэр дундаа Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудал яригдаагүй.
-Та АН-ыг сөрөг хүчнийхээ үүргийг л гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэж байна уу?
-Энэ бол миний байр суурь биш. Ард түмний өнөөдөр хийсэн сонголт. АН өмнө нь хамтарсан Засгийн газарт байж үзсэн. Тэр бол 2004 онд аль ч нам олонхи болоогүй учир хамтарч Засгаа байгуулахаас өөр аргагүй байсан үе. Хуулийн шаардлага нь тэр учраас эвслийн Засгийн газар байгуулж байсан. 2008 оны сонгуулийн дүн өөр гарсан. МАХН 45, АН 28 суудалтай. Ийм тохиолдолд 45 суудалтай нам л Засгийн газраа хуулийн дагуу байгуулаад явах хэрэгтэй. Хамгийн гол нь АН өмнө нь эвслийн Засгийн газарт байхдаа их зүйл хийх, хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Гэхдээ 2006-2008 он хүртэл сөрөг хүчин болж ажиллахдаа хамгийн бүтээлч, үр дүнтэй ажилласан. Тэр үед татварын шинэчлэлийг хийж чадсан. Засгийн газруудын хариуцлагагүй үйлдлийг илчилж хариуцлагагүй асуудлыг гаргаж тавьж чадсан. Ард иргэдэд ашигтай шийдвэрүүдийг гаргуулсан. АН ажиллах юм бол бүтээлч байж чаддаг гэдгийг харуулсан он жилүүд байсан. Ирэх дөрвөн жилд ч АН-д дээрх боломж нь байна.
-"Том төслүүд хэрэгжүүлнэ, ажил хийнэ, эх орон, ард түмнээ бодохоор ингэж хамтрахаас өөр ямар ч гарц алга. Энэ бол эцсийн шийдвэр, үүндээ итгэлтэй байна" гэж хоёр намын дарга ярьж байна?
-Харин эх орон, ард түмнээ бодвол энэ хоёр нам хуулийн дагуу тус бүрийн гүйцэтгэх үүргээ л гүйцэтгэх ёстой. Харин ч АН сөрөг хүчин болбол одоо шинээр тогтох Засгийн газар илүү үр бүтээлтэй, ард түмэнд ач тусаа мэдрүүлнэ гэдэгт би итгэж байна. Засаг нь илүү чих зөөлөнтэй байна. Хэрвээ нийлээд суувал сайн зүйл гарахгүй. Ямар ч хяналтгүй болно. Хэдийгээр сайн зүйлд зорьж нэгдэнэ гэж байгаа ч хүссэн үр дүн хүний бодлоос шалтгаалахгүй л дээ. Түүнийг тодорхой институтици, тодорхой механизмаар дамжуулж биелүүлдэг. Үүнийг л хүн төрөлхтний, ардчиллын ололт гэж байгаа юм.
-МАХН яагаад олонхи болчихоод хамтарч Засаг байгуулах гээд зүтгээд байна вэ. Та юу гэж үзэж байна?
-Худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй, хүн алаагүй л юм бол өнөөгийн энэ МАХН, эрх баригчид хуулийнхаа дагуу дангаараа Засгийн газар байгуулахаас яагаад татгалзаад, хулчийгаад байгаа юм бэ. Үүнийг би ойлгохгүй байна. Хамтарсан Засаг байгуулах гээд зүтгээд байгааг зөвхөн дээрх шалтгаанаар л тайлбарлах боломжтой. Хэрвээ үнэхээр ард түмний сонголтыг хулгайлсан, худал хэлж өөрчилсөн, хүний амь насыг егүүтгэсэн, дээрээс нь амлалтаа хэрэгжүүлж чадахгүй гэж бодоод хулчийгаад байгаа бол хамтрах тухай биш АН-д Засгаа шилжүүлэх ёстой. Засгийн зарим эрх мэдлийг өгөх биш бүтэн эрх мэдэл шилжүүлэх хэрэгтэй. Өөр асуудал байхгүй. Ард түмний сонголт шударгаар гарсан бол, хууль ёсоороо явсан бол төрийн эрх мэдэл АН-д шилжсэн байх ёстой гэж би боддог.
-"Сөрөг хүчингүй Засаг байгуулагдах нь ээ" гэсэн асуултад МАХН-ын дарга "Сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгддэг цаг өнгөрсөн. Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нь сөрөг улс төрийн хүчин гэхээс илүү парламентдаа ногддог" гэж хариулж байна лээ. Түүний хэлж байгаа хяналт хариуцлагатай байх боломжтой болов уу?
-Өнөөдрийн эрх баригчид хяналтгүй байхыг туйлаас хүсч байгааг би ойлгож байна. Өнөөгийн эрх баригчид хариуцлага хэрэгждэггүй төрийн механизм хүсч байгааг ойлгож байна. Тэд үнэхээр хариуцлагагүй байгаа. Хийх гэж байгаа ажлынхаа төлөө хариуцлага хүлээх нь бүү хэл болоод өнгөрсөн бусармаг үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Өнөөгийн эрх баригчид хариуцлагаас зугтах гэж оролдож байгааг би харж байна. Харин тэр боломжийг нь АН олгох ёсгүй юм.
-Хамтрах байсан юм бол яах гэж сонгууль явуулсан юм бэ. Сонгууль явуулах гэж, хөрөнгө мөнгө, хөлс хүч зарж эхэлсэн цагтаа л одоо ярьж байгаа шиг хамтраад, ярилцаж зөвшилцөөд шинэ Засаг байгуулаад явчихгүй яасан юм бэ гэсэн асуулт олон хүнд байх шиг байна?
-Үнэхээр хамтраад Засаг байгуулаад явахаар бол монголчууд ардчилал гэж 18 жилийн турш алба ажил амь насаа зориулан, зориулан явах ямар ч шаардлага байсангүй. Хэсэг бүлэг хүмүүс нийлээд төр, Засгийг аваад явчихдаг л юм бол ард түмэн сонголтын өмнө "Бид олонхи болж бодлогоо хэрэгжүүлнэ", "Бид цөөнх болж хяналтаа хэрэгжүүлнэ" гэж ярих ямар ч хэрэггүй байсан юм. Үнэхээр учир утгагүй л дээ. МАХН-ын хувьд нөгөө талд нь байгаа сөрөг хүчин эв нэгдэлгүй байх, түүнийг хагалах, хүч муутай байлгах, зорилго байгаа. МАХН-ын хувьд АН-аар нүүрээ тахлах шаардлага, нөхцөл бий. Өнөөдөр эрх баригчид гарч ирээд иргэдтэй уулзчих чадваргүй болсон. Тийм ёс суртахууны эрх ч байхгүй. Тэр бүхнийгээ АН-ын нэр хүндээр нөхөх оролдлого МАХН-аас гарч байгааг харж байна. Тийм оролдлогод АН автах ёсгүй.
-Таны ийм байр суурь АН-аас ирэхийг мэдэж байгаа мөртлөө МАХН яагаад хамтарсан Засгийн газар бүрдүүлэх санал тавиад байгаа юм бол?
-АН-ын даргын зүгээс хамтарч ажиллая гэсэн яриа гараад байна. Тэгэхээр бид өөдөөс нь тэгье гээд л шийдвэр гаргачихъя. АН татгалзсан тохиолдолд "Хамтдаа улс орноо хөгжүүлэх түүхэн боломжоос АН татгалзсан учраас бид дангаараа Засгийн газар байгуулахаар боллоо" гээд МАХН үйлдлээ зөвтгөөд явах гэж байгаа. Ерөөсөө АН-д тийм өгөөш хаяж байна. АН-аас ямар хариу ирэхийг хүлээсэн тоглолт л хийж байна, МАХН. Эцэст нь АН-аас ямар ч шийд гарсан МАХН-д алдаагүй гэж тооцоолж хамтарсан Засгийн төлөө тэмүүлээ биз. Иймэрхүү тоглолт хийх арга МАХН-д бий л дээ. Үүнээс илүүг харж, зарчмаа барьсан зөв шийдвэр гаргахыг л ард түмэн АН-аас хүсч, хүлээж байгаа.
-Долдугаар сарын 1-нд хүний амь нас эрсэдсэн асуудлын үнэн мөнийг олох ёстой гэж АН байнга шаардсан. Танай намын шинэ дарга ч "Манай нам нэгдмэл байр суурьтай байгаа..." гэж байна лээ. Тэгэхдээ хоёр нам удахгүй өвөр түрийдээ орчихвол дээрх шаардлагууд тань хариу олох болов уу?
-Ардчиллыг бүтээнэ гэдэг бол нэг насны үйл хэрэг. Нэг хүний нас ч гүйцэхгүй үйл хэрэг. Түүнийг гутааж, нураахад нэг өдөр ч уртадна. Тиймээс ардчилал, эрх чөлөөг хамгаалах гэж байгаа бол энэ зарчим дээрээ байнга зогсох ёстой юм. Энэ зарчим дээр нэг хэсэг зогсч байгаад эргэж буцах ёсгүй л дээ. Нөгөө талаасаа харахад МАХН-ын зүгээс АН-ын тавьж байсан шаардлагуудаас зугтах аргагүй болж байгаагаа л харуулж байна. Хууль зөрчсөн, хүний амь насыг хөнөөсөн үйлдлээсээ зугтах аргагүй нь нотлогдож байна. Шаардлага тавьсан хэсгийг одоо хажуудаа авч, нэг дээвэр дор орно гэдэг бол зугтах аргагүй болж байгааг нь л улам бүр тодруулж байгаа хэрэг. Эрх баригчид ард түмний шударга сонголтоор гараад ирсэн гэж бүрэн, итгэлтэй хэлж чадахгүй болж байгаагаа илтгэж байна. Энэ сонгууль будлиантай болсон, өнөөдөр эд нар биш өөр эрх баригчид өөр зарчим, бодлого хэрэгжүүлэх ёстой байсан шүү дээ гэсэн нийтийн хандлага, итгэл үнэмшил улам бүр гүнзгий болж байна. Тэгэхээр бидний ярьж байгаа шударга шаардлага энэ нөхдийг илчлэхээр болж байгааг л харуулсан үйл явдал өрнөж байна.
-Таны бодлоор АН одоо Засгийн газарт орсноор Монголын том нам болохынхоо хувьд ард түмэнд бага ч болов эрх ашиг авчрах боломж байна уу?
-Ер нь Үндсэн хуулийн дагуу УИХ 76 гишүүн бүрэлдээгүй байхад шинэ Засгийн газар бүрдүүлэх тухай яригдах ёсгүй. Тэр дундаа одоо яригдаж байгаа шиг хамтарсан Засгаар хяналтгүй төр байгуулагдвал тэр хэрээр ард түмэнд үр өгөөжгүй шийдвэрүүд гарах болно. Хяналт байгаа цагт бид үнийн өсөлт, идэх уух, өмсч зүүхийнхээ тухай ярьж болно. Эрх баригчдын хууль бус үйлдлүүдийг ярьж болно. Энэ нь л ардчиллын үнэт зүйлс. Үүнийг хэрэгжүүлэх гэж л Монголын ард түмэн удаан зүтгэсэн. Ард түмнээ, үнэхээр АН-ыг дэмждэг гишүүдээ бодож байгаа бол сөрөг хүчин, хяналтын үүргээ гүйцэтгэх л ёстой. Өнөөдөр АН Засгийн газарт орлоо гээд бүх гишүүд дэмжигчид нь ажилтай болж, бялуунаас хуваалцаж сайхан болно гэж байхгүй. Нэг хэсэгхэн хүн зарчим зөрчиж, үнэт зүйлийг нураасныхаа төлөө өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлж, хүмүүст бага ч болов сайн юм хийнэ гэж бодож, ойлгож байж магадгүй. Сайн зүйлийг хүний хүслээр биш механизмаар хийдэг юм. Олонхи цөөнхийг механизмаар дамжуулж хийдэг нь тэртэй тэргүй нотлогдсон. Нэг хэсэг хүн албан тушаалтай болсон ч нийтээрээ нэр хүндээ алдана. Ингэснээр бүр олон хүн цаашдаа ажил амьдралаа алдана гэсэн үг.
Эх сурвалж: Өдрийн сонин