Б.Бат-Эрдэнэ: Хоёр намд байгаа боловч хормой хот нэгтэй байхыг үгүйсгэхгүй

2008/09/05
Share |
Б.Бат-Эрдэнэ: Хоёр намд байгаа боловч хормой хот нэгтэй байхыг үгүйсгэхгүй

МАХН-ын Бага хурал уржигдар болж, Ерөнхий сайдаар МАХН-ын дарга С.Баярыг улирааж, хамтарсан Засгийн газар байгуулах тухай шийдвэр гаргаад байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай шийдвэрийг бага хурлын 15 гишүүн эсэргүүцсэний нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-МАХН-ын Бага хурлаар ямар, ямар асуудал хэлэлц­сэн бэ?
-Ерөнхий сайдад нэр дэв­шүүлэх тухай асуудлыг хэ­лэлц­сэн. Ерөнхий сайдад на­мын дарга С.Баярыг дэвшүү­лээд хуралд оролцогчид 100 хувийн саналаар зөвшөөрч шийдвэр гаргасан. Харин хам­тар­сан Засгийн газар байгуу­лах тухай намын даргын са­на­лыг 15 хүн эсэргүүцэж, 214 нь дэмжсэн байгаа.

-Таныг хамтарсан Зас­гийн газар байгуулахыг эсэргүүцэж, шүүмжлэл хэл­сэн гэсэн..?
-Тэр өдөр Бага хурал бо­лох тухай надад хэлээгүй. Хаана, хэдэн цагаас болох тухай мэдээлэл огт ирээгүй. УИХ-ын сонгууль болсноос хойш 60 хонож байхад намын удирдлагуудаас УИХ-д сон­гогдсон гишүүдээ нэг ч удаа дуудаж уулзаагүй. Өмнө нь тухайн намаас УИХ-д сонгогд­сон гишүүдтэй биечлэн уулз­даг, ийм л жишигтэй байсан. Хамтарсан засгийн газар бай­гуулах намын Удирдах зөв­лөлийн шийдвэрийг бүлэгт танилцуулаагүй. Гэтэл намын Бага хурлаар ямар асуудал хэлэлцэх тухай тодорхой мэдээлэлгүй байсан. Харин бидэнтэй харьцуулахад АН-ын 28 гишүүн чинь С.Баяр даргатай өдөр болгон уулзаж байна. Бүр онигоо хүртэл гарсан байна лээ. АН-ын бүл­гийн хурал дээр маргаан бо­лоод "Чи ч Баяртай уулзсан, би ч Баяртай уулзсан. Энд ер нь уулзаагүй хүн байгаа юм уу" гэхэд Л.Гүндалай гишүүн "Би уулзаагүй" гэсэн хошин яриаг сонссон.  Үүнийг бас Бага хурал дээр хэлж, шүүм­жилсэн.

Мөн АН-ын дарга Н.Алтан­хуяг хэвлэлд өгсөн ярилц­ла­гадаа "Улс орны эрх ашгийн үүднээс бид хамтарч ажиллах бололцоотой байна.

Заавал Засгийн газарт орж ажиллах шаардлага байхгүй" гэсэн байна лээ. АН-ын дарга нь ингэж хэлсэн байхад Бага хурлаар хамтарсан Засгийн газар байгуулна гээд байгаа нь ямар учиртай талаар С.Баяр даргаас асуусан.

Намын Бага хурлаараа ардчилсан зарчмаар тал та­лаас нь ярьж, үзэл бодлоо уралдуулж байгаад эцэст нь хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах нь зөв зүйтэй байна гэсэн шийдвэр гаргалаа л даа.

-Та эсрэг саналтай бай­сан ч олонхийн шийдвэр хүчинтэй. Хамтарсан Зас­гийн газрын талаар ямар бодолтой байна вэ?
-Хэдийгээр би эсрэг байр суурьтай байсан ч цаашид олонхийн шийдвэрээ дагаад явна аа. Ер нь Монголын нийгмийн хоёр хуваачихсан, талцуулсан, улс төр­жүүл­чих­сэн энэ үед хоёр талаасаа хамтарч ажилласнаар илаарш­­даг, нэг бодлого зорил­го­тойгоор эх орныхоо эрх ашгийг дээдлээд явж чадвал сайн хэрэг. Гэтэл чадах уу, үгүй юу гэдэг чинь өөр асуу­дал.

Уг нь манайх засаглалын хэлбэр нь тодорхой улс орон. Парламентын засаглал чинь олонхи, цөөнхөөс бүрдсэн нөхцөлд цөөнх нь хүчтэй сөрөг хүчин болоод хяналт тавиад явдаг. Энэ чинь олон улсын түвшинд ч, манай улсын парламентын засаг­лалд ч тогтсон жишиг шүү дээ. Манай орон парламентын засаглалын хэлбэрийг сон­гоод 20-иод жил явахдаа ийм л хэлбэрээр явж ирсэн шүү дээ.

Дөрвөн жилд болдог УИХ-ын сонгуульд ард түмэн сон­голтоо хийгээд нэг улс төрийн хүчинд олонхийн суудлыг өгсөн. Хуульд зааснаар 39 ба түүнээс дээш суудал авсан улс төрийн хүчин засгийн эрхээ авч, Засгийн газраа эмхлэн байгуулж, дэвшүүл­сэн мөрийн хөтөлбөрөө хэ­рэг­жүүлэх ёстой гээд тодор­хой заачихсан байгаа. Ард түмний хийсэн сонголт то­дорхой байна.

Хамгийн гол нь үндэстэн дамнасан эдийн засгийн бү­лэг­лэл гэж бий. Гэтэл тэдний эрх ашиг, сонирхлыг илэр­хийлсэн нам дамжсан бүлэг­лэл бодитой байна гэж ойлгож байгаа. Хоёр намд байгаа боловч магадгүй хормой хот нэгтэй байхыг үгүйсгэхгүй.

2004-2008 онд УИХ-д сууж байхдаа би хоёр талаа­саа санаа нэгдээд ямар ч шийдвэрийг гаргаж болохоор юм байна гэдгийг ойлгосон. Тухайлбал, Татварын өршөө­лийн тухай хуулийг би хич­нээн эсэргүүцэж цөөнх бо­лоод дийлээгүй. Хоёр талаа­саа дэмжээд эрүү болон за­хир­гааны ял, хариуцлага тө­дий­гүй татвар төлөх үүргээс чөлөөлсөн шүү дээ. Татвар төлөх нь иргэн бүрийн журамт үүрэг болох тухай Үндсэн хуулинд заасан байгаа. Гэтэл татвар төлөх үүргээс нь чө­лөөлж, хэдэн тэрбум төгрө­гийн татвараас чөлөөлөөд хууль батлаад гаргачихсан шүү дээ. Ийм зүйлээс болоод хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй байсан. Үнэхээр талцуулсан, улс төржүүлсэн зүйлээс хөндийрч салаад явдаг бол сайн л байна гэж бодож байна.

-С.Баяр даргын хамтар­сан Засгийн газар байгуу­лах тухай саналыг эсэр­гүүц­сэн бусад гишүүд юу хэлж байсан бэ?
-Ер нь чөлөөтэй ярилцаж, эсэргүүцэж буй үндэслэлээ тодорхой ярилцаж л байсан даа. Цөөхөн гишүүн эсэргүүц­сэн, олонхиороо шийдвэр­лэ­сэн. Мэдээж олонхийнхоо шийдвэрийг дагана шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.