Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Багиндагийн эхнэрийг шалгаж эхэллээ

2008/09/10
Share |
Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Багиндагийн эхнэрийг шалгаж эхэллээ

Малайз улсын нөлөө бүхий улстөрчийн захиалгаар тус улсын цагдаа нарын гарт зэрлэгээр хөнөөгдсөн манай улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг өнөөг хүртэл нэг тийш шийдэгдээгүй л байна. Энэ хэргийн явц, хэрэгтнийг шүүх ажиллагаа ямар шатанд явж байгаа талаар Гадаад хэргийн яам /ГХЯ/-ны Консулын газрын захирал Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.
-Манай улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Малайз улсын Батлан хамгаалах яамны хурандаа оролцсон гэх мэдээлэл цацагдаад байна. Ер нь энэ хэргийн явц ямар шатандаа явж байна?
-Малайз улсад болсон хэрэг нэг тийш шийдэгдэлгүй хоёр жилийн нүүрийг үзэж байна. Манай улсын Засгийн газраас энэ хэрэг дээр маш их анхаарал тавьж ажиллаж байгаа. Мөн УИХ, УИХ-ын Байнгын хороо, Малайз Монголын парламентын бүлэг, ГХЯ-ны Консулын газраас байнга албан ёсоор захиа өгдөг. Шүүх хурал яг хэдийд дуусах нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар Малайз улсын дотоод улс төрийн байдал хүндрэлтэй байгаа. Энэ хэрэгт холбогдолтой, холбогдолгүй гэсэн улстөрчид ч бий болсон. Эцсийн шийдвэрийг шүүхээс л гаргана. Тийм учраас энэ тал дээр бидний зүгээс хэлэх тодорхой зүйл маш бага байна.
-Батлан хамгаалах яамны хурандаа уг хэрэгт холбогдсон эсэх талаар танай яамнаас тус улсаас албан ёсоор тодруулах уу?
-Шүүх хурлын үйл ажиллагаа явагдаагүй байхад ямар нэгэн захидал бичиж хэн нэгэн холбогдолтой эсэх талаар тодруулах гэрээ байхгүй. Гэхдээ энэ үнэн мэдээлэл үү, эсвэл улс төрийн сенцааци уу гэдгийг бид судлаж байна. Малайзын улс төрийн сонгууль болоод гурван cap өнгөрлөө. Өмнө нь тус улсын сөрөг хүчин нь цөөхөн суудалтай байсан бол сая болсон сонгуулиар хоёр нам нь тэнцүү суудал авсан. Сөрөг хүчин энэ хэрэг дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм билээ. Манай талын өмгөөлөгч Карпасинк эрх барьж байгаа намын эсрэг энэ хэргийг нэлээн улс төржүүлэн ажиллаж байгаа гэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт тус улсад нөхөн сонгууль болсон. Энэ сонгуулиар сөрөг хүчин нь дахин нэг суудал авсан юм билээ. Тэр суудлыг өмнө нь шорон оронгоор явж байсан Левмар гэгч авч байсан гэсэн. Тэгэхээр хүчээ авч байгаа сөрөг хүчин энэ асуудалд нэлээд анхаарлаа хандуулах байх аа.
-Шүүх хуралтай холбогдолтой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл юу байна?
-Шүүх хуралтай холбоотойгоор манай өмгөөлөгчөөр дамжуулан Малайзын сөрөг хүчний намын бүлгийн даргаас мэдээлэл ирсэн. Тэрээр “…шүүх хурал одоогоор тодорхой биш байна. Тодорхой мэдээлэл гармагц, албан ёсоор хариу өгнө” гэж мэдэгдсэн. Бид тэр үеэр очиж ажиллахаар бас талийгаачийн аавыг нь оролцуулахаар Засгийн газраас хөрөнгө мөнгө батлуулчихаад хүлээж байна. Энэ сарын дундуур Тайланд улсад байгаа манай Элчин сайдын яамнаас манай Консулын газрын ажилтныг Малайз улсад ажиллуулахаар ярьж байгаа. Гэвч шүүх хурлын тов гараагүй учраас бид хүлээсэн маягтай л байна даа.
-Шүүх хурлын явц ямар шатандаа явж байгааг та хэлсэнгүй?
-Малайзын шүүх хурлын тогтолцоо манайхаас хамаагүй өөр юм билээ. Шүүх хурлын явц оролцогчдыг байцаах шатандаа л явж байгаа.
-Хэргийн холбогдогчдын хувьд батлан даалтанд гадуур байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Манайд бол ноцтой хүн амины хэргийн холбогдогчдыг шуух хурлыг хуртэл цагдан хорьдог?
-Хэргийн холбогдогч Багинда гэх тус улсын Ерөнхий сайдын орлогчийг барьцаанд байлгаж байгаа. Энэ хэргийн холбогдогчоор Багиндагийн гэр бүлийн хүнийг бас байцааж байгаа юм билээ. Мөн хэргийг гардан үйлдсэн хоёр цагдаагийн ажилтныг цагдан хорьсон ямар нэгэн өөрчлөлт гараагүй.
-Малайз улсын Засгийн газраас талийгаачийн ар гэрийнхэнд 300 сая төгрөгийн тусламж узүүлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байгаа болохоор ямар нэгэн тэтгэлгийн талаар яригдаагүй. Эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдэгдсэний дараа иргэний хэрэг нь сөхөгдөнө. Тэр үед л ямар тусламж, тэтгэлэг олгогдох талаар яригдах байх.
-Нөлөө бүхий улс төрчдийн оролцсон эл хэрэг ямар нэгэн байдлаар замхарчих юм биш байгаа гэсэн болгоомжлол хэр байна? .
-Энэ тал дээр бид урьдаас таамаглан ямар нэг зүйл хэлж чадахгүй. Шүүх хурлаас ямар үр дүн гарахыг одоогоор хэн ч мэдэхгүй. Мэдээж манай улсын зүгээс хэргийн холбогдогч нарт хуулийн дагуу арга хэмжээг авч өгөөч” гэсэн хүсэлтийг л тавиад байгаа.
-Малайз улсын шүүхийн тогтолцоо унэхээр ийм сунжруу юм уу, эсвэл нөлөө бухий улс төрчид нь гадаадын иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон учраас ийм унтаа байдалд байгаа юм болов уу. Энэ тал дээр ямар бодолтой байна?
-Малайз улсын шүүхийн тогтолцоо хэргийг хянан шийдвэрлэхдээ багагүй хугацаа зарцуулдаг юм билээ. Гэхдээ манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь нас хохирсон хэргийн тухайд маш их удаж байгаа нь анзаарагдсан.

эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.