Ану: Ганц олдох амьдралаа хэн нэгэн мөнгөтэй хүнд өгмөөргүй байна

2008/09/10
Share |
Хүмүүс: Ану | 
Ану: Ганц олдох амьдралаа хэн нэгэн мөнгөтэй хүнд өгмөөргүй байна

Анх “Гала” хамтлаг болон гарч ирж байсан тэр үеийн Ануг одоогийнхтой нь харьцуулбал эрс өөрчлөгджээ. Хамтлаг тарсны дараа бие даасан уран бүтээлээ хүүхдэд зориулсан уран бүтээлээр эхэлсэн Ану тэр л хүүхэд шиг яриа, энхрий төрхөөрөө бяцхан хүүхэд багачуудын дунд “шүтээн” нь болж чадсан. Харин өсөж томрохын хэрээр Ану ч өөрчлөгдөж, илүү залууст чиглэсэн уран бүтээл хийхээр шийдэж, стиль имиджээ багагүй өөрчилснөөр “хүүхэн” төрхөндөө орсон гэж эцэг эхчүүдийн зүгээс багагүй шүүмжлэл хүртээд байгаа. Тэрээр тун удахгүй “Алтан түлхүүр” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тиймээс Ану бие даасан уран бүтээлээ туурвиж тоглолтоо хийх хүртэлх хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхлоо.

-Тун удахгүй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Мэдээж бие даан уран бүтээл хийж эхэлснээс хойшхи анхны маань тоглолт болохоор өөртөө маш өндөр хариуцлага ноогдуулж, хичээж ажиллаж байгаа. Миний уран бүтээлийг сонсдог, дэмждэг хүүхэд багачууд, мөн залуустаа маш сайхан тоглолтыг өргөн барихад бэлэн болоод байна.
-Ану 10 жилд байхдаа маш даруухан, бүрэг хүүхэд байсан гэдэг. Харин тэр үеийг одоогийн Анутай харьцуулбал их зүйл өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөхөд хувь хүний зүгээс хэр их хичзэл зүтгэл гаргасан бэ?
-Одоо хүүхэд насаа эргээд харахад маш их даруу төлөв, хөдөлмөрч охин байсан санагддаг. Гэхдээ урлагт сонирхолтой, урлагийн наадмуудад их оролцдог, ааваасаа өвлөсөн авьяастай охин байсан. Нэлээд бүрэг ичимхий зантай, тайзан дээр эрэгтэй хүүхэдтэй хамт дуулахаасаа хүртэл ичдэг байлаа. Урлаг гэдэг гайхамшигтай ертөнцөд хөл тавьсан учраас би гадаад төрх байдал, хувь хүний үзэл бодол гээд бүхий л зүйлээрээ өөрийгөө өөрчилж чадсандаа баяртай байдаг. Өнөөдөр миний амьдралд гарч байгаа маш олон өөрчлөлтүүд урлагийн хүн болон төлөвшиж байгаа энэ цаг үетэй салшгүй холбоотой. Мөн энэ бүхнээс Гала хамтлагт байсан цаг мөчийг салгаж ойлгож болохгүй. Тэр үеэс л хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо төлөвшүүлж чадсан гэж бодцог. Бидэнтэй хамтарч ажиллаж байсан хүмүүсээс маш их зүйл сурч авсан. Тийм болохоор өнөөдрийн миний энэ амжилт бүхэн намайг дэмжиж, ажиллаж ирсэн хамт олон, гэр бүлийнхэнтэй минь салшгүй холбоотой.
-Тухайн үед Гала хамтлагийг хүүхдүүд голдуу сонсдог байсан болохоор дараагийн бие даасан уран бүтээлээ энэ чиглэлээр эхлүүлээн гэж ойлгож болох уу?
-Хүүхдэд зориулж уран бүтээл хийж эхэлсэн үеэ эргээд харахад хүүхдийн дууны бүхэл бүтэн цомог гаргачихлаа. “Хөөрхөн дэлхий” дуу маань яах аргагүй хүүхдүүдийн дунд дуулагдцаг дуртай дуу нь болж чадсанд маш их баяртай байдаг. Энэ утгаараа цаашлаад уран бүтээлээ арван жилийн хүүхдүүдийн дуу хөгжмийн хичээлийн программд оруулж өгөх ч бодолтой байгаа. Яагаад гэвэл хүүхдийн хүмүүжилд дуу хөгжим маш их нөлөөтэй байдаг болохоор ирээдүйн эх орноо залгамжлан авч үлдэх хойч үе болсон энэ хүүхдүүдэд одооноос зөв боловсролыг олгох ёстой. Өнөөдөр хүүхэд багачууд маань насныхаа онцлогт таараагүй кино, телевизийн чаат зэргийг хүлээж авах болсон. Тиймээс тэдний анхаарлыг зөв боловсон зүйлд хандуулах үүднээс дан хүүхдийн дуугаар дагнасан цомог гаргая гэж шийдсэн. Хүрээллийн тухайд бол “Хөөрхөн дэлхий” цомог гурваас 14 насны сигментэд зориулагдсан. Харин Гала хамтлагийг бүх насныхан сонсдог байсан шүү дээ. “Хөвгүүн” цомог бол яах аргагүй бидний ах эгч нарын сонсдог дуунуудаас бүрдсэн. Харин бидний гадаад төрх байдал, стиль имиджийг илүү их таашаадаг, даган дуурайдаг байсан үзэгчид нь хүүхэд багачууд байсан учраас хүмүүст тэгж санагдсан байх.
-Анугийн хүүхдэд зориулсан уран бүтээлийн хэв маяг залууст чиглэсэн нэлээд задгай стилиэр солигдсоноор эцэг эхчүүдийн зүгээс багагүй шүүмжлэл хүртээд байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Би уран бүтээлийнхээ чиг хандлагыг өөрчлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Үүнийг маань эцэг эхчүүд болон сонсогчид маань маш зөвөөр ойлгоосой гэжхүсэж байгаа. Би өөрөө залуу хүн учраас дандаа хүүхдийн дуу дуулаад, барби шиг хувцаслаад явахыг хүсээгүй. Цаашид хийх уран бүтээлүүдээ илүү залуучуудад хандсан, масст хандсан маягтай хийхийг хүссэн. Дэлхий дахинд гарч байгаа шинэ дэвшилттэй бүхнийг уран бүтээлдээ тусгаж өгснөөр урлагийн ертөнцөд шинэ алхамыг бий болгоно. Өнөөдөр би өөрийгөө хэтэрхий задгай, эрос байна гэж хэлэхгүй. Энэ бол ердөө л урлагийн хүнд байх ёстой үзүүлэлт. Би урлагийн хүнд байх ёстой бүхий л шинжийг өөртөө бий болгохыг, эмэгтэйлэг гоё сайхан харагдахыг хүсч байна. Дээрээс нь уран бүтээлч хүнийхээ чадварыг харуулах тал дээр их анхаарч ажиллаж байгаа. Мөн би өнөөдөр зөвхөн уран бүтээл хийгээд явах биш, нийгэмд тустай ажлуудыг их хийж байна. өөрийгөө боловсруулж, биеэ авч явах байдал, хүмүүжил зэрэгтээ ихээхэн анхаарч намайг харж, даган дуурайдаг хүүхэд залуустаа зөв үлгэр дуурайл үзүүлэхийг зорьдог. Өнөөдөр надад архи тамхи хэрэглэх зэрэг ямар нэгэн муу зуршил байдаггүй, клубээр ордоггүй. Энэ бүхэн маань эргээд хүүхэд залууст үлгэр дуурайлал болно.
-Энэхүү өөрчлөлт, эрос гэж нэрлээд байгаа стиль имиджээс болоод Анугийн фэнүүд голдуу залуус болсон юм шиг санагддаг?
-Би сайн мэдэхгүй байна л даа. Дөнгөж уран бүтээлийн маань эхлэл тавигдаж байна. Гэхдээ аливаа зүйлд соргог байдаг сэтгүүлчид та бүхэн ингэж дүгнэж байгаа бол үнэний хувь байгаа байх. Ер нь залуустаа зориулсан уран бүтээлээ түлхүү хийж байгаа, цаашид ч хийх болно. Би хэтэрхий задгай, хэтэрхий үзэл сурталгүй зүйл хэзээ ч хийхгүй. Би өөрөө хуульч мэргэжилтэй болохоор хэм хэмжээ гэдэг зүйлийг маш сайн мэдэрдэг. Гэхдээ залуу хүний хувьд шинэлэг алхмуудыг зоригтой хийнэ.
-Сүүлийн үед гарч ирж байгаа залуу хамтлаг дуучид, тэр дундаа эмэгтэй уран бүтээлчид голдуу эрос төрхийг имиджээ болгох, түүгээрээ ч хүмүүсийг өөртөө татах сонирхолтой болсон юм шиг санагддаг. Чиний хувьд?
-Стиль имидж гэдэг зүйл бол урлагийн хүнд зайлшгүй байх ёстой. Гэхдээ би дан ганц эрос, секси байдлаар үзэгчдийг татья гэж үнэхээр бодохгүй байна. Харин миний биеэ авч яваа байдал, үг хэл, уран бүтээл гэх бусад бүх зүйл маань бусдад таалагддаг байгаасай гэж хүсдэг. Дээрээс нь өөрөөрөө байх гэдэг маш чухал. Дан ганц өнгө үээмжэөр хүмүүсийг татна гэдэг асар их учир дутагдалтай зүйл. Тиймээс би боловсролтой,чадварлаг сайн уран бүтээлч байхыг л гол зорилгоо болгодог.
-Тэгвэл эмэгтэй хүнд заавал байх ёстой нэг шинж нь эрос төрх гэдэгтэй санал нийлэх үү?
-Ер нь бол эмэгтэй хүн болгонд байгалиас заяасан өөр өөрийн онцлог байдаг гэж бодцог. Муухай эмэгтэй хүн гэж байдаггүй. Гэхдээ хамгийн үнэ цэнэтэй нэг зүйл нь хүний дотоод сэтгэл. Дотоод сэтгэл үнэхээр сайхан байсан цагт гаднаа тэр төрх нь илэрч харагддаг гэж боддог шүү.
-Сүүлийн үед загварын болон урлаг соёлын олон сайхан охид бүсгүйчүүд мөнгөтэй, баян эрчүүдтэй нэр холбогдох болсон. Тэгэхээр хүмүүсийн дунд Ануг бас энэ замаар явж байгаа тухай яриа гараад байгаа. Энэ ярианд хэрхэн хандаж байгаа вэ?
-Би нэг л зүйлийг хэлмээр санагддаг. Ямар ч зүйлд баримт нотолгоо гэж байдаг. Би хэрвээ тийм сонирхлоор ямар нэгэн хүнтэй холбоотой байдаг бол бид хоёр уулзаж байгааг харуулсан ямар нэгэн зураг, баримт байх ёстой. Би өнөөдөр хуульч мэргэжилтэй болохоор баримт ямар чухал вэ гэдгийг мэдээд ярьж байна. Өнөөдөр намайг сонсож байгаа, намайг харж, даган дуурайж байгаа мянга мянган өсвөр насны хүүхдүүдэд сөрөг мэдээлэл болж, хүндээр тусна шүү дээ.
Мөн би энэ эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын хайр сэтгэл, сэтгэлзүйн харилцааг маш ариун нандин, үнэ цэнэтэй зүйл гэж боддог. Тиймээс ч би өнөөдөр найз залуугүй зөвхөн ирээдүйн хань болох хүнтэйгээ амьдрах зорилгыг өмнөө тавьж, бусад зүйлийг хойш тавьсааар ирсэн. Өнөөдөр надад боловсрол, чадвар байна, 17-хон насандаа олж авсан маш сайхан нэр хүнд байгаа. Энэ нэр хүнд, сайхан хүрээлэл, олж авсан мэдлэг, ээж ааваас авсан хүмүүжил, намайг дэмжиж ажилладаг хамт олон байхад надад хэн нэгнээс хараат байх ямар ч шалтгаан байхгүй. Хүнд ганц л олдох аз жаргалтай амьдралаа хэн нэгний хараат байж, ямар нэгэн баян хүнтэй холбогдож өнгөрөөх нь миний хувьд үнэхээр утга учиргүй зүйл. Бие дааж уран бүтээлээ хийж эхэлж байсан тэр үед үнэхээр хүнд хэцүү үе байсан. Хүн болгон намайг өөр нүдээр харж байлаа. Ану ер нь уран бүтээл хийгээд хэрэг байна уу, ер нь мэргэжлээрээ ажилласан нь дээр юм биш үү гэж ээж аав маань хүртэл хэлж байсан. Гэхдээ би өөрийнхөө судсаар гүйж байгаа тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэцүү бүхнийг давсан. Намайг гэсэн сэтгэлтэй залуучууд байдаг. Миний хувьд амьдрал маань маш үнэ цэнэтэй учраас энэ төлөвлөсөн сайхан зүйлүүдээ хийж, бусдын төлөө ажиллаж хөдөлмөрлөмөөр байна. Тиймээс баримтгүйгээр битгий хүнийг тэгж буруу өнцгөөс тайлбарлаач ээ. Ер нь байгаа байдал, хийж байгаа үйлдэл маань энэ бүхний идэрхийлэл юм биш үү гэж хэлмээр байна. Яагаад намайг сонин хэвлэлээр ингэж бичээд байдгийг би их гайхдаг. Эх сурвалжуудыг бол ерөнхийдөө олсон л доо. Ямарч баримтгүй зүйлийг нэг эмэгтэй хүн мөнгөөр захиалж бичүүлсэн байсан. Би эмзэглээгүй. Аливаа зүйлийг хийхэд саад тотгор гарч байдаг болохоор тэр бүхнийг даван туулах л хэрэгтэй. Харин иймэрхүү ярианууд гэр бүлийнхэнд маань маш хүнд туссан. “Миний охиныг надаас илүү мэддэг хүмүүс байх юм аа” гээд ээж маань их бухимдсан.
-Тэгвэл Ануг хүсэл мөрөөдлийнхөө төлөө найз залуугаа золиослосон, салсан гэдэг яриа хэр үндэстэй вэ?
-Би 18 настайдаа анх найз залуутайгаа үерхэж, маш сайхан дурсамжуудыг үлдээсэн. Тэр үед найз залуу маань маш их ажилтай, би ч ачаалалтай ажиллаж байсан болохоор бид хоёрт уулзах ч зав тун ховор олдцог байсан. Дээрээс нь Ану өөрийгөө сэтгэл зүрх талаасаа илүү их чагнасан юм болов уу. Гэр бүлийн амьдрал зохиоход арай бэлэн биш байсан. Надад амьдралаа зохиогоод зөвхөн өөрийнхөө төлөө амьдраад явахаас илүү нийгэмд хэрэгтэй зүйл хийе гэж бодож байсан. Найз залуугийн хувьд яах аргагүй миний зүгээс шийдвэр гаргаж энэ харилцааг төгсгөл болгосон. Гэхдээ эмэгтэй хүн өөрийгөө мэдрээд нэг шийдвэр гаргасан бол түүндээ үнэнч байж чаддаг.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Íîâîìè÷óðèíñê êóïèòü Ãàøèø [LV] îáìåí âàëþòû â ìîñêâå ñáåðáàíê ñåãîäíÿ Ìîñêâà Ñèëèíî êóïèòü íàðêîòèêè êóïèòü ñòàô â Áîëüøîé Êàìåíü Ватсап мдма ñòàô â Äàãåñòàí Ýêñòàçè â Æåëåçíîãîðñêå Þáàðè êóïèòü çàêëàäêó Cocaine êóïèòü Êðèñòàëëû Áèêèí Áðóê-Ïàðê êóïèòü øèøêè qiwi ìîíèòîð ðåáîðí çàêëàäêè ñåðîâ Ìîñêâà Ïîêðîâñêîå-Ñòðå
IP:91.204.14.230  2018-08-25 19:51:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.