Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба: Ээжтэйгээ сэтгэлээ онгойтол ярьж, уйлж суухсан гэж бодоод л байгаа

2008/09/11
Share |
Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба: Ээжтэйгээ сэтгэлээ онгойтол ярьж, уйлж суухсан гэж бодоод л байгаа

Бээжингийн олимпийн дэвжээнд тив дэлхийн аваргуудыг сөхрүүлж, Монгол түмнээ баясгасан хийморьлог аавын хүү П. Сэрдамбад нутаг нэгтнүүд нь зүрх сэтгэлийн халуун хүндэтгэлийг харамгүй үзүүлж, хүүхдэрхүү цайлган занг нь өхөөрдөн хайрлах болсон билээ. Дэнжийн мянгаас гаралтай, эгэл айлын отгон хүү олимпийн мөнгөн медаль өвөртөлж, өнөөдрийн амжилтанд хүрсэн ч туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хатуу хүтүүг нүцгэн үнэнээр энэ цаг мөчид илүүтэй дурсаж байгаагаа ярьсан юм. Эр зоригийн тодотголтой боксын спортоор хэрвээ хичээллээгүй бол өнөөдөр өөрийгөө таксины жолооч явах байсан гэж даруухан инээмсэглэх түүний эвдрээгүй занг төрийн тэргүүн маань хүртэл онцлон дурдахгүй өнгөрч чадаагүй. Бүхэл бүтэн амьдрал босгож, аавыгаа халамжлан, тун удахгүй зулайг нь үнэрлэх шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байгаа цэл залуухан олимпийн медальтны сэтгэл догдлуулсан халуун яриаг “МНӨ” уншигч танд дэлгэхэд таатай байна.

-Таны амьдралын хэв маяг өмнөхөөсөө эргэсэн байж таарна. Энэ хэв маягт хэр дасч байна? Аавтайгаа ч тухтай уулзах завгүй яваа дуулдсан…
-Ер нь амрах цаг зав тун муу, амарч амжаагүй л байна. Амьдралын хэв маяг өөрчлөгдөх нь өөрчлөгдсөн. Аавтайгаа тухтай уулзаж гучин минут ч ярьж чадахгүй байна. Ярих юм уг нь зөндөө байна. Ер нь цаг гаргаж чадахгүй байгаа.

-Мэдээж бэлгийн хур бууж байгаа байх. Арын албыг чинь хэн залгуулж байна вэ? Байрандаа орж амжив уу ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн нэг өрөө байрандаа орсон. Арын албыг найз охинтойгоо, бас ангийн маань найзтай хамжиж дэмжээд зохицуулж байна.

-Аав тань таныг амжилт гаргах тоолонд муур зүүдэлдэг гэж ярьсан байсан. Та аавдаа муур бэлэглэж амжсан уу?
-Амжаагүй ээ. Уул нь манай аав мууранд дургүй л дээ. Намайг амжилтгаргах тоолонд л муур зүүдлээд байна гэсэн. Би эхний тоглолтын өмнө шүд унаж байна гэж зүүдлээд жаахан эвгүйцсэн. Муу ёр гэж монголчууд ярьдаг шүү дээ. Дом болгоод сам хугалъя гэтэл олдоогүй.

-Та ингэхэд багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Ах эгч, аав ээжээсээ хэр банга хүртэж байв?
-Бүр багаасаа Баянхошуунд байсан. 2-р ангидаа Дэнжийн мянгад шилжиж ирээд одоог хүртэл амьдарч байна. Бага нас гэвэл өрөмний өт шиг сахилгагүй, үймүүлдэг, амьтан хүний хараал идсэн л хүү байсан / инээв/. Ах эгч нараасаа нэг их дэг амсаж байгаагүй ээ. Ээжээсээ л их банга хүртдэг байсан даа. Ээж маань их хатуу чанга хүн.

-Та юуны орд вэ? Сүсэг бишрэл хэр вэ?
-Заримдаа итгэчихдэг юм аа. Би хонины орд.Нэг юманд итгэчих юм бол тэрэндээ шүтчихнэ шүү.

-Боксоор хичээллэх болсон тухайгаа дурсаач?
-2002 оноос өдийг хүртэл хичээллэж байна. Аав. маань нэг өдөр спортоор хичээллэ гээд. Гэртээ хийх юм байхгүй хоёр хүн ярилцаж байгаад л шийдсэн. Тэгээд л ямар спортоор хичээллэх вэ гэж бодоод боксыг сонгосон. Ганцаараа явж бүртгүүлсэн л дээ. Манай ангийн хэдэн хүүхэд бас спортын төв ордон дээр бүртгүүлсэн байсан. Тэд маань хэдхэн хоног яваад шантраад
гарчихаж байсан.

-Энэ таны сүйн бөгж үү?
-Үгүй ээ, хос бөгж. Найз охинтойгоо авч зүүсэн юм. Сүй тавиагүй ээ.

-Таны гоёлын костюм их содон өнгөтэй, сонирхол татаж байна. Энэ хэний сонголт вэ?
-Манай бокс тоглодог бандийн аав, ээжийг нь би таньдаг юм. Тэд нар ийм “гоонж” захиалгаар хийдэг. Тэдэнд захиалж хийлгэсэн. Ер нь өмсөж байгаа костюмуудаа тэнд л захиалж хийлгэдэг дээ.

-Мөнгөн медалийн төлөө тоглосон өдөр хир догдлов эргээд дурсаач? Тоглолтын өмнө сэтгэлзүйч таньд зөвлөгөө өгсөн үү?
-Манай бокст сэтгэлзүйч байдаггүй. Тэр өдөр сэтгэл санааны байдал тайван байсан. Ялна гэж өөртөө итгэлтэй байлгүй яахав. Итгэлгүй байвал тэгээд л ялагдана ш дээ. Итгэлтэй байж тамирчин хүн амжилтанд хүрдэг.

-Ерөнхийлөгч таны эвдрээгүй, хүүхдээрээ занд монголчууд татагдаж байгаа. Энэ зангаараа байгаарай гэж захисан. Та хэдийгээр олимпийн алдартан, нас биед хүрсэн эр хүн боловч Монголын ард түмэн таныг өхөөрдөж, хайрласан сэтгэлээр өлгийдөж авч байгаа?
-Гадуур дотуур явж байхад жаахан ахимаг насны хүмүүс бараг л “Бондоолой нь хаа байгаан” гэх шахуу / инээгээд/ л байгаа. Ямар хөөрхөн юм гээд… Ичээгээд хаячихаж байгаа юм чинь.

-Та олимпийн алтан медальт Н.Түвшинбаярын цайллаган дээр боксын бээлийгээ бэлэглэх гэж тэвдээд холиож байсан. Тэр харин их нүдээ олсон сонголт санагдсан?
-Харин тийм. Бадрааг /Олимпийн алтан медальт Бадар-Ууган сурв/ тор авсан уу гэсэн чинь үгүй гэсэн. Манай гэрт ч тор байхгүй. Тэгээд л тэндээс “Баянгол” гэсэн нэг уут олж аваад, хийгээд (инээв).

-Охидууд бас хөөрхөн юм аа, дэгдээхэй гээд л өхөөрдөөд байдаг. Охидын тэр хандлагыг эр хүний хувьд бас мэдэрч байгаа биз дээ?
-Мэдэрч байгаа. Охидууд харахаараа л инээгээд байдаг. Тэгэхээр нь би өөдөөс нь инээгээд. Эвгүйхэн юм ярьвал иччихээд байх юм, бас
(инээв).

-Олимпийн өдрүүдэд ар гэр, найз охинтойгоо өдөр шөнөгүй мессежлэж байв уу?
-Өдөр шөнөгүй ч юу байхав. Би бүх анхаарлаа ер нь тэмцээндээ зориулж байсан. Өдөрт гэр лүүгээ хоёр, гуравхаан мессэж бичдэг байсан. Гэр лүүгээ их анхаараад байвал анхаарал маань сарниад амжилтанд нөлөөлж магадгүй гэж бодоод. Яагаад гэвэл маш том тэмцээн. Энэ тэмцээнд өчнөөн удаан бэлдсэн болохоор хэдхээн хоноод харихын хооронд гэж бодоод.

-Таны Олимпийн өдрүүд яаж өнгөрч байсан бэ? Юу идэж ууж, жингээ барьж байв?
-Өнөөдөр жишээ нь тоглолттой өдөр байвал өглөө жингээ үзүүлчихээд, ирж жаахан юм идэж тэнхээ орж аваад дахиж өдөр нэг жаахан юм идээд орой нь тоглоод. Орой нь хоосон хононо. Жингээ барих гээд. Маргааш нь дахиад л жингээ хасна. Өглөө 7 цагт босч бэлтгэлээ хийнэ. Жин их байвал өдөржин хоосон байж байгаад орой 7 цагаас дахиад бэлтгэлээ хийнэ. Жин гайгүй хэмжээндээ байвал орой жаахан юм идээд бэлтгэлээ хийнэ. Тэгээд л унтана. Оройдоо нэг кино үздэг байсан.

-Боксын тухай юу?
-Үгүй ээ, зүгээр өөрийнхөө сонирхдог киног. Ер нь өдөр бол .тиймэрхүү л өнгөрч байсан. Бокс хамгийн сүүлд дууссан болохоор бусад тамирчдаа үзэж, дэмжиж чадаагүй. Ядарчихна гэж бодоод хотхондоо л унтаж, идээд, бэлтгэлээ хийгээд өнгөрүүлсэн дээ.

-Жингийн тамирчид жингээ барихын тулд миссүүд шиг л хоол сойдог гэсэн. Нэлээн өлсөнө биз?
-Одоохондоо жирийн юмаа идэж ууж байгаа. Тэмцээний өмнө жиндээ орохын тулд бараг л юм идэхгүй. Өлсөлгүй яахав. Маш их тамирдана. Миссүүдээс ч илүү дэглэм барина шүү. Тэд чинь нэг их хөлс хүч гаргахгүй. Биднээс ямар их хөлс хүч, энерги гарч байгаа билээ? Тэр энергиэ нөхөхийн тулд маш их амрах хэрэгтэй байдаг.

-Энэ жин таны ердийн жин үү?
-Ердийн жин биш. Миний ердийн жин 54 гарантай. Их идчих юм бол 56 ч хүрчихдэг. 48 бол миний тэмцээнд орох жин. Байнга л тэмцээнд орохын өмнө 6 кг хасдаг.

-Хоол сойгоод байхаар эрүүл мэндийн хувьд амаргүй байх?
-Одоохондоо залуу байна. Нэг их юм мэдэгдэхгүй байгаа. Цаашдаа ер нь анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндэд муугаар нөлөөлж магадгүй. Гэхдээ одооноос үүний эсрэг эм тан уугаад, эмчлээд байвал гайгүй байх аа.

-Тэмцээний үеэр гадны тамирчид нөмрөгтэй сүрийг үзүүлж гараад байдаг. Та хэд нөмрөггүй бас жаахан эвгүй байх шиг байсан?
-Яг гарахын өмнө бас сүртэй л дээ. Бас нөмрөгтэй болохоор хөлс хатахгүй, биеийн дулааныг хадгалаад байж байдаг сайн талтай. Манайхан хийлгэх гээд амжаагүй юм шиг байна лээ. Гэхдээ би тийм сүржин юманд бас дургүй талдаа.

-Шилтгээн барих газартай, шинэ орон сууцтай болсон гээд таны амьдралд шинэ юм их байгаа байх. Шилтгээнээ хэзээ барих бодолтой байна?
-Дараа, жилээс барина даа. Газраа хараахан сонгож аваагүй байгаа. Амжихгүй л байна. Ар гэрээ авч явах ачаа ер нь над дээр л ирж байгаа. Аавтайгаа, найз охинтойгоо энэ байрандаа амьдарч байгаа.

-Төвхнөчихсөн үү?
-Төвхнөж амжаагүй байгаа. Амжихгүй л явна. Обой нааж нэг шөнө нойргүй хоносон.

-Өөрөө л бүхнийг хийхийг хичээж байгаа юм байна. Аав тань ч миний хүүгийн мөн чанар бол өөрөө бүх юмыг хийдэг. Миний хүүтэй суусан охин жаргана гэж байсан. Тэр азтай бүсгүйг бидэнд танилцуулж болох уу?
-Миний найз охиныг Золзаяа гэдэг. Одоо 20 настай. Бид 2 дөрвөн жил үерхээд нэг гэрт орж байна.

-Анхны хайр уу?
-Анхны маань хайр (инээв).

-Хэзээ хуримын зар дуулгах гэж байна?
-Мэдэхгүй ээ, хурим арай болоогүй ээ. Манай найз охин хөл хүндтэй болсон.

-Баяр хүргэе! Ёстой халуун мэдээ байна?
-Баярлалаа. Одоо 4 сартай.

-Давхар баяр болж байгаа юм байна?
-Харин тийм ээ.

-Амьдрал авч явах өндөр хариуцлага ирж байгаа юм байна?
-Өө тэгэлгүй яахав. Эхнэртэй ч болж байна, хүүхэдтэй ч болж байна. Олимпийн медальтай ч болж байна. Айлын бага болохоор аавыгаа авч явна.

-Энэ баярт мэдээг таны сүйт бүсгүй анх яаж дуулгасан бэ? Тэр агшинд юу бодогдож байв?
-Манай найз охин нэг тестээр л үзсэн юм шиг байна лээ. Надад хэлсэн л дээ, хүүхэдтэй болчихсон юм шиг байна гэж. Би дахиад үз гээд (инээв). Дахиж үзээд яг л болчихсон байна гээд. Би тамирчин хүн болохоор сэтгэлийн хөдөлгөөнөө дарж чаддаг. Тэр үед ч нэг их сэтгэлийн хөдөлгөөн гаргаагүй. Тэгсэн чинь манай найз охин “Чи ёстой баярлахгүй байна” гэж гомдоллоод. Үр хүүхэдтэй болж байгаа хүн дотроо баярлалгүй л яахав. Манай Бадар-Ууган эхнэр, хүүхэдтэй. Охиныг нь харахаар бүр өхөөрдөөд байгаа юм чинь. Бид хоёр чинь заримдаа маргалдана. Тэгэхээр манай найз охин энийг чинь авахуулна гэж айлгана (инээв).

-Та аргадаад л гүйчих үү?
-Авахуулаад үзэхгүй юу, дараа нь юу болохыг харахгүй юу гэдэг юм (инээв). Тэгж байгаад л гайгүй болчихдог юм. Тэгээд л хайр аа, майр аа гээд эвлэрчихнэ.

-Хүн заяахаар хүнс заяана гэдэг. Та ч их бэлгэшээж байгаа байх?
-Миний хүү ч тэгээд хоолтойгоо л ирж байх шиг байна. Хүнсээ аваад ирнэ гэдэг биз дээ.

-Аавдаа энэ сайхан мэдээг дуулгаж амжсан байх?
-Аавдаа дуулгасан. Манай аав бас над шиг юм чинь, өө тийм үү л гэж байна лээ. Найз охин маань Сэлэнгийнх. Айлын дундах нь, бас олуулаа.

-Анх яаж танилцаж байсан бэ?
-Хотод л танилцаж байсан юм. Эхэндээ угаасаа эр хүн л хойно царай зүс нь аймаар таалагдсан. Сүүлдээ сэтгэл нь таалагдсан. Ер нь бүх юм нь таалагддаг.

-Найз охиноо өөрийн болгох гэж хэр олон өрсөлдөгчтэй “тулаанд” орсон бол? Таныг хэр их араасаа гүйлгэсэн бэ?
-Гайгүй ээ. Би чинь нэг хүнтэй нүүр хагарчихвал бас найраатай ш дээ /инээв/. Тэгээд уусгачихна.

-Удахгүй айлын эзэн, хүүгийн аав болно. Үүрэг хариуцлага ч улам л ихдэх нь?
-Харин тийм ээ. Урьд нь зүгээр л мангайгаад явдаг байсан бол одоо тийм биш. Нэг гэрт нэг хүн нэмэгдэнэ гэдэг чинь том баяр. Том үүрэг хариуцлага.

-Айлд хүргэн орох гэж байгаа юм байна. Гэргийгээ хэзээ ёс төр гүйцэтгэж авах вэ? Хадмууд таны баярыг яаж хуваалцсан бэ?
-Сэлэнгэд байдаг болохоор хадмуудтайгаа уулзаагүй байгаа. Өдрийн сайныг харж байгаад өөрөө очдог юм уу, аавыгаа дагуулж очдог юм уу, очно доо. Манай аав чинь тийм юмандаа бас маруухан. Манай гэр бүлээс хуримаа хийж тусдаа гарсан хүн байхгүй, даруухан улс. Би ч хурим мурим хийнэ гэсэн юм бодоогүй байгаа. Гэхдээ хурим хийж ч магадгүй. Найз охины маань сэтгэгдэл ямар байхнав. Эмэгтэй хүн хуримаа хийхээр их аз жаргалтай болдог гэсэн. Найз охиныхоо бодлыг сонсоно. Би бол яасан ч яахав. Хамгийн гол нь энэ хүнийг л жаргаах гэж авч сууж байгаа юм чинь жаргалынх нь төлөө бүхнийг хийх болно.

-Таны ээж ааваас тань тусдаа амьдардаг гэсэн. Ээждээ баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж амжсан байх, мэдээж?
-Ээжтэйгээ уулзсан. Ээж маань их уйланхай, хараад л уйлчихаж байгаа юм чинь. Ээждээ хүндэтгэл үзүүлээд, гэрт нь очиж жаахан юм ярьж суугаад гарсан. Миний хүү одоо боксоо бараг л боль оо гэж байгаа юм чинь. Миний хүү зорьсон зорилгодоо хүрлээ, одоо эрүүл мэндээ бод гэж байсан. Манай ээж надтай уулзаад ийм урт захиа өгсөн /захиа гаргаж ирж үзүүлэв.сурв/.

-Ярьж чадахгүй юмаа бичсэн байх нь?
-Ээж маань нэг хүнтэй гэр бүл болсон юм аа. Тэгээд эмэгтэй хүн юм болохоор өмнөх, хойдох амьдралаа хольж хутгаад, хань ижлийнхээ хажууд яриад сэтгэлээ уудлах бас эвгүй байсан.

-Таньд ч их л юм бодогдсон байх?
-Захиаг нь уншчихаад нэг гоё ярьж суух зав гаргана гэж бодсон. Одоохондоо ямар ч тийм цаг зав байхгүй байна. Завтай болохоороо ээжтэйгээ хоёулаа нэг уйлаад гоё ярина даа, сэтгэлээ онгойтол.

-Аав, ээж тань тусдаа амьдрах болсон амьдралын тэр сорилт таныг өнөөдрийн амжилтын өндөрлөг рүү ирлэсэн ч байж болох юм?
-Бодогдоно оо. Хар багаасаа л биеэ даачихсан даа. Манайх чинь үнэнийг хэлэхэд тийм хангалуун амьдралтай байгаагүй. Баянхошуунд байхад мод түлээгүй болчихно. Би чинь тэгээд л шуудай бариад, мод чулуу түүгээд явдаг байлаа. Жалга малганаас мод түүнэ, заримдаа айлын хашааны банз сугална. Би чинь ер нь бол гэрийнхээ мод чулууг хангачихдаг байсан ш дээ. Амьдрах гэж их л тэмцсэн дээ. Мөнгөтэй, баян хүмүүсийг хараад хүн л болсон хойно юм юм л бодогдоно. Тэгээд зорьсондоо хүрч байна. Ханаагүй байгаа, гэхдээ. Өшөө ч хэдэн жил бэлтгэлээ сайн хийж тоглоно гэж бодож байгаа. Багадаа янз янзын юм үзэж байсан, тэрний үр дүн гарч байх шиг байна. Би ч ер нь хийгээгүй юм байхгүй ээ. Ундаа мундаа, зайрмаг зарна. Юм юм л хийж байсан. Аав ч багаас мөнгө төгрөгтэй харьцуулаад сургачихсан. Мөнгөө яаж, юунд зарцуулах вэ гэдгээ сайн мэддэг. Мөнгийг яаж олдог вэ гэдэг үнэ цэнийг мэднэ. Зарим хүмүүс мөнгийг цаас шиг л үздэг. Би аль болох мөнгийг илүү юманд зарахгүй. Үнэтэй дэлгүүрээр орохоор юм аймаар үнэтэй. Зарим хүмүүс шүүмжилж магадгүй л дээ. Өчнөөн мянган доллар авчихаад гэж. Хэдий мөнгө төгрөг авсан ч гэсэн хэмжээтэй. Өөрөө үржээд байна гэж байхгүй. Тиймээс ухаалаг, хямгач зарцуулах ёстой л гэж боддог.

-Бусад олимпийн медальтнууд цайллагаа хийчихлээ. Бадар-Ууган та хоёр хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?
-Одоо хийнэ ээ. Жаахан намжиг. Их яараад яахав. Баяраа хуваалцахгүй бол болохгүй. Манай аав чинь нэг их суржин даржин баяр ёслолд дургүй. Амьдралдаа тийм юм хийж ч үзээгүй. Тэгээд хоёулаа ярьсан л даа. Цайллагаа хаана хийх вэ? Харин ээ, та юу гэж бодож байна? гэсэн чинь Дэнжийн мянгадаа хийчихье гэж байна/ инээв/. Эндээ хийчихье гэнэ. Ёстой тэгж болохгүй. Аятайхан нэг ресторанд хийнээ аав, тэгэхгүй бол болохгүй шүү аав аа гэсэн чинь за, за, өөрөө мэд л гэсэн.

-Олонх Монголчуудын л амьдрал тийм эгэл байгаа. Амьдрал үзсэн хүний л яриа байна…
-Тийм ээ, амьдрал үзсээн. Ер нь манайд амьдрал үзээгүй хүн байхгүй ээ. Бүгдээрээ л зовлон үзсэн.

-Та ер нь хувцаслалт, үс гэзэг гээд гадаад имиждээ хэр анхаардаг вэ?
-Миний имиж угаасаа л ийм. Үсээ ингэж засуулаад босгоод гельдчихдэг.

-Спортсмэний хувьд Nike, Adidas гээд брэнд, фирмийн хувцас сонирхох уу?
-Би спортсмэн хүн. Ажлынхаа шаардлагаар байнга спорт хувцас өмсдөг болохоор энгийн үед гадуур явахдаа тэр бүр спорт хувцас өмсөөд байх дургүй. Хүн ямар хувцас өмсдөг, тэр маягаар л хувцасладаг.

-Та харахад гэнэн цайлган, хүүхдээрээ ч гэсэн дотоод сэтгэлдээ амьдрал үзсэн, хат суусан ухаалаг эр хүн гэдэг нь харагдаж байна?
-Би ер нь олонтойгоо л байхыг эрхэмлэдэг. Тэдэнтэйгээ инээж хөхрөөд явж байх шиг сайхан юм байхгүй. Би найзууд дундаа их шооч. Байнга л инээлгээд явж байдаг.

-Боксгүйгээр өөрийгөө төсөөлж үзсэн үү? Хэрвээ энэ спортоор хичээллээгүй байсан бол гэж бодогдох уу?
-Бодогдолгүй яахав. Энэ спортоор хичээллээгүй бол өнөөдөр нэг Эксель юм уу, Аксент уначихсан, такси хийгээд явж байгаа. Нээрээ. Одоо манай аав чинь нэг цагаан Аксенттай. Анх шигшээ баг байгуулагдахад хэсэг хугацаанд мөнгөө цуглуулж байгаад лизингээр машин авсан юм. Ах, аав хоёр ээлжлээд барьдаг. Энүүгээр л ар гэрийн амьдрал залгуулж байгаа юм чинь. Би цалингаа бас цааш нь далд хийгээд, хуримтлуулдаг. Тэгээд юм авах гэхээр удаан цуглуулсан мөнгө гэж бодохоор хайрлаад чадахгүй. Тэгээд нэгмөсөн олимпийн дараа болъё гээд байсан юм. Цуглуулсан цалингаараа тэр машиныг аваад 2 жил болчихлоо. Одоо түүнийгээ ахад өгчихнө. Банкны нэг сая хэдэн зуун мянган төгрөг байгаа. Тэрийг одоо өгнө дөө. Аавыгаа бас дандаа халтуур хийлгээд явуулаад байх хэцүү.

-Ах дүү нартаа хувь, хишгээ хүртээж амжив уу? Найз нартайгаа party-дав уу?
-Ах дүү нартаа хувь мувь хүртээж чадаагүй ээ. Хүлээж авч чадаагүй. Ирсэн өдрөө арван жилийнхээ ангийнхантайгаа караокедсан. Бас энд тэнд ороод явбал хүмүүс юу гэж бодох ч юм билээ, тийм ээ. Хэл амнаас айгаад шоу цэнгээнд оролцож чадахгүй л байна. Бас бааранд орчихмоор санагдаад л байгаа/ инээв/. Би ер нь найз нөхөдтэйгээ цэнгэн хөгжилдөх дуртай.

-Таны ах эгч нар юу хийцгээдэг вэ? Мөнгөн медаль авахад баярын нулимс мэлмэрүүлж, бахархацгаасан нь мэдээж?
-Би нэг эгчтэй, гурван ахтай. Хоёр ах маань такси барьдаг. Нэг нь ажил хийдэг. Эгч маань хүнтэй суугаад тусдаа гарчихсан. Эгчтэйгээ одоо болтол уулзаж амжаагүй явна. Хөдөө ажлаар яваа ахтайгаа бас уулзаж амжаагүй.

-Таны энэ баруун гарын бугуйнд зүүсэн зүүсгэл ямар нэг утга учиртай эд үү?
-Үүнийг би биенээсээ салгадаггүй. Намайг муу муухай юмнаас хамгаалдаг. Олимпийн тэмцээнд орохдоо тайлаад цамцандаа ороогоод тавьчихдаг. Кармаа, мармаандаа ер нь хийдэггүй. Өөрийгөө нэг сайн багшид даатгасан. Тамирчин хүн ер нь ардаа нэг даадаг хүнтэй байдаг. Түүний адилаар нэг хүн бий. Маш их баярлаж явдаг. Нэрийг нь дурьдаад яахав. Сонинг унших юм бол өөрөө мэднэ. Надад бүх талаар маш их тусалдаг, чадалтай том хүн байгаа.

-Ингэхэд та хэзээ анх хатуу юм амсаж үзсэн бэ? Хааяа аавынхаа чихийг халууцуулж байсан үе бий юу?
-Ер нь бол халууцуулаагүй дээ. Багадаа л нэг айлын хүүхэд зодож, модож, гар хөлийг хугалж / инээгээд/ халааж байсан. Том болоод бол үгүй ээ.

-Та цалин мөнгөө хуримтлуулдаг, дэмий илүү юманд мөнгө үрээд байдаггүй бололтой. Найз охин чинь яаж хүлээж авах уу? Эмэгтэй хүн л болсон хойно эрхлэнэ биз?
-Эрхлэнээ, эрхлэнэ. Тийм юм авмаар байна, ийм юм авмаар байна гэнэ. Хэд гээд үнийг нь асууна.
Хэлэхээр нь үнэтэй байна (инээв) гэдэг. Тэгээд л чи одоо ямар сонин юм гэнэ. Урьд нь би захаас л юмаа авдаг байсан юм. Манай найз охин чинь бас хороолол орчих гээд. Хороолол өргөн сонголттой байдаг юм аа гэнэ. Би бол зах орноо л гэж байгаа юм чинь. Хороололд ямар үнэтэй байгааг мэдэж байна уу? Хороололд байдаг юм чинь зах дээр л байдаг юм гэнэ. Найз охин маань ойлгосон л доо. Нэг удаа найз охиноо ажил хий гээд. . Хорооллын дэлгүүрт худалдагчаар ордог байхгүй юу. Тэгээд л нээрээ ч хороололд байдаг юмнууд бүгд зах дээр байдаг юм байна, Эрээнээс л оруулж ирдэг бараанууд байна ш дээ гэж байсан. Одоо ойлгож байгаа. Намайг хаанаас ав гэнэ, тэндээс л авна. Урд нь бас хороолол гээд байдаг байсан. Одоо гэхдээ тодорхой хэмжээний мөнгөтэй болчихсон юм чинь хувцас, хэрэглэлээ хорооллоос авна. Зах гарвал ёстой жинхэнэ муу хэлэх байх, тийм ээ. Гэхдээ бас хааяа зах гарах үе байлгүй яахав.

-Цаашдаа сурч боловсрох талаар бодож төлөвлөсөн юм байгаа байх?
-Өө, сурнаа. Яаж сурахгүй байгаад байхав. Сурч ямар ч байсан иэг мэргэжилтэй болно. Манай найз охин түрүү жил өнжчихсөн. Одоо жирэмсэн хүнийг сур гэж болдог юм болов уу.

-Бололгүй яахав? Оюутан ээжүүд их байдаг..
-Тийм үү. Тэгвэл сургана даа.

-Бидэнд цаг зав гаргаж ярилцлага өгсөнд их баярлалаа. Түмнийхээ итгэлийг дааж, үргэлж амжил таараа биднийг баярлуулж яваарай. Таны их спортод бас гал голомтоо асааж, бүл нэмж байгаа сайхан амьдралд тань чин сэтгэлээсээ амжилт хүсье!
-Баярлалаа. Нийт уншигчиддаа хандаад хэлэхэд та бүхнийхээ, Монголынхоо ард түмний итгэлийг алдахгүйн төлөө, та нарынхаа хайрыг дааж явахын төлөө маш их хичээх болно. Эр хүн бас алдаж, онодог. Юмыг яаж мэдэхэв, тийм алдаа гаргавал бас ойлгоорой гэж хэлмээр байна. Монголынхоо ард түмэнд маш их баярлаж явдаг. Дасгалжуулагч, багш, боксын холбоо, спорт хороо, “Эрдэнэт” үйлдвэр гээд баярлаж талархсанаа илэрхийлэх хүн их байгаа. Бүгдэд нь баярлалаа. Олимпийн мөнгөн медаль маань энэ бүх хүний сэтгэл, итгэл шингэсэн амжилт гэж би боддог шүү.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.