Хариуцлага тооцуулах ёстой С.Баяр урвагчдын ачаар Ерөнхий сайдын суудлаа тахалж авлаа

2008/09/12
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
 Хариуцлага тооцуулах ёстой С.Баяр урвагчдын ачаар Ерөнхий сайдын суудлаа тахалж авлаа

УИХ-ын өчигдрийн нэгд­сэн хуралдаан 11.40 цагт, 63 гишүүний ирцтэйгээр эхэл­лээ. Танхимд МАХН-ын бүл­гийн гишүүд суудлаа эзэлс­нээс хойш 15 орчим минутын дараа АН-ын гишүүдтэй зэ­рэгцэн УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байгаа АН-ын дарга асан Ц.Элбэгдорж орж ирэв.


Түүнтэй мэнд мэ­дэл­цэж байгаа хүн харагд­сангүй.

Хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Монгол Улсын Ерөнхий сайдыг томи­лох тухай, Орон нутгийн сон­гуулийг товлон зарлах тухай болон зардлын хэмжээг тог­тоох тухай асуудлыг хэлэл­цэнэ" гээд Ц.Элбэгдоржийг тангараг өргөхийг урьсан юм. Түүнийг индэрт гарч тангараг өргөсний дараа УИХ-ын ги­шүүн Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг ги­шүүд санал нэгтэйгээр бат­лав. Ц.Элбэгдоржийг суу­далдаа суухад нь тохой зал­ган суугаа Батж.Батбаяр л баяр хүргэн гар барьж байгаа харагдав. УИХ дахь АН-ын бүлгээс Ц.Элбэгдорж гишүүнийг Аюул­гүй байдал, гадаад бод­логын болон Хууль зүйн байн­гын хорооны гишүүнээр бат­лах тухай саналаа УИХ-ын даргад хүргүүлснийг мөн баталлаа.

Дараа нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад МАХН-ын дарга С.Бая­­­рыг нэр дэвшүүлснийг ги­шүүдэд танилцуулав. Ерөн­хий­лөгч Н.Энхбаяр "УИХ-д олонхийн суудал авсан МАХН-аас С.Баярыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн тухай шийдвэрээ энэ сарын 8-ны өдөр надад өргөн барьсан" гээд С.Баярыг Ерөнхий сай­даар томилох асуудлыг хэ­лэлцэн шийдвэрлэхийг хүс­сэн юм.
Мөн нэгдсэн чуулганы хуралдаан эхлэхээс өмнө Төрийн байгуулалтын байн­гын хороо хуралдаж, санал нэгтэйгээр шийдвэр гар­гасныг тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин танил­цууллаа. Дараа нь ги­шүүд нэр дэвшигч С.Баярт асуулт тавьж хариулт авлаа.

Р.Амаржаргал: -Ерөн­хий сайд хамтарсан Зас­гийн газрын гишүүдийг оруулж ирнэ. Ингэхдээ АН-аас тавьсан саналыг тэр чигээр нь оруулж ирэх үү?
С.Баяр:
-Хэрэв Ерөнхий сайдаар томилогдвол бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдана. Санал болгосон, хүссэн хүнийг оруулах биш ажиллах чадвар, туршлагыг харгалзан үзнэ.

Л.Гүндалай: -Долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас олон хүн хоригд­сон, баригдаж байна. Эн­дээс манай төр хатуу гэдэг нь харагдаж байна. Арай энэрэнгүй хандах боломж байна уу. Урьд нь эвслийн Засгийн газрын үед Ц.Эл­бэгдоржийг хулхидсан шиг үйл явдал болохгүй биз дээ. Үнийн өсөлт хэцүү байна. Хүүхдийн мөнгөөр амьдарч буй ажилгүй, дун­даж насны өрх олон байна. Хүүхдийн мөнгийг нэмэх бодол байна уу?
С.Баяр:
-Долдугаар са­рын 1-нд Улаанбаатарт бол­сон үйл явдлын талаар албан ёсны дүгнэлт гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Дүгнэлт гарсны дараа нэгдсэн ойлголтод хүрэх байх. Төр ч бай, иргэн ч бай ардчилсан эрх зүйт Монгол Улсад хуу­лийн дагуу ажиллаж, амьдрах ёстой. Тэр өдөр Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн иргэн, төрийн албан хаагч хариуцлага хүлээх ёстой. Хамтарсан Засгийн газрыг Монгол Улсын хөгжил, тодор­хой зорилтын төлөө бай­гуулсан. Би МАХН-ын даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд хэлсэн үгэндээ хүрнэ. Хүүхдийн мөнгийг үргэлж­лүүлэн олгох ёстой гэж бод­дог. Засгийн газрыг бай­гуулс­ны дараа УИХ-д энэ асуудлыг оруулж ирэх болно гэв.

Асуулт хариулт дууссаны дараа арав гаруй гишүүн С.Баярт санал, бодлоо хэлсэн юм.

Р.Амаржаргал: -Амаргүй үед Ерөнхий сайдын албыг хаших гэж байна. Монгол­чуу­дын хүсэн хүлээж буй зүйл нь шударга ёс. Шударга, нэр цэвэр хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж үр дүнтэй ажиллаарай.

З.Энхболд: -Ноолуурын үнийн тухай тогтоолыг хэрэг­жүүлж буй арга нь туйлын буруу байна. Мал маллаж буй малчид уг тогтоолыг ойлго­сон байхад танхимд сууж буй сайд ойлгохгүй байна. Ноо­луу­раас олох хэдэн төгрөгөөс илүү бэлчээр чухал байгаа. Мөн нефтийн бүтээгдэхүүний татварыг "0" болгох эрхээ эдэлж ажилламаар байна. Үнэ нь өндөр үед татварыг бууруулж, багасахад нь ихэс­гэдэг баймаар байна. УИХ-ын гишүүдийг 76 болгохын төлөө Ерөнхий сайдын хувьд, МАХН-ын даргын хувьд чар­майн ажиллана гэдэгт итгэж байна.

Д.Тэрбишдагва: -Зас­гийн газар анх байгуу­лаг­дах­даа л хууль зөрчсөн. Шу­даргаар биднийг сонгосон ард түмэн олонхийн суудал өгчи­хөөд байхад хамтарсан Зас­гийн газар байгуулж байгаа нь эхнээсээ хууль бус үйлдэл. С.Баяр МАХН-ын дарга. Би МАХН-ын гишүүний хувьд Ерөнхий сайд, даргынхаа эсрэг үг хэлж байгаа юм биш шүү. Хууль ёсны дагуу л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Эхнээсээ л гаж буруу үйл явдал болоод байгаа учраас сэтгэл зовниж байгаа. Зөвхөн би сэтгэл зовохгүй, намайг сонгосон сонгогчид маань наана чинь буруу үйл явдал болоод байна гэж надад захиж байна. Өнөөдөр "Эрин зууны шинэ сонголт хийлээ" гэж ярьж байна. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж хамтарсан Засгийн газар байгуулахдаа "Хаан сонголт" гэж ярьж бай­сан. "Хаан сонголт" хийгээд бид хаан шиг байж чадаагүй. Эрин зууны шинэ сонголт байхгүй гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл ард түмэн хам­тарсан Засгийн газрыг хоёр удаа байгуулаад үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ удаа МАХН-д Засгийн газраа бай­гуул, бусад нь хяналтаа тавь гэж ийм сонголт хийсэн.

Өчигдөр, өнөөдрийн ху­рал­дааны асуулт хариултыг сонсч байхад МАХН, АН хоёр нэгдчихсэн юм шиг санагдаж байна, надад. Ямар ч асуулт тавихгүй, асуудлыг бөөнөө­рөө шийдэж байна. Өнөөдөр юмны үнэ өсч, иргэдийн амьд­рал сайнгүй байна. Засгийн газар байгуулагдаж байгаа энэ үед сайн асуух ёстой. Тэгж байж л сайн хариулт авч, асуудлыг шийдэж чадна. Пар­ламентын засаглалтай оронд цөөнхийн үг үг байдаг. Ингэж нэг намын системд шилжсэн юм шиг асуудалд хандаж болохгүй. Хэдийгээр би МАХН-ын гишүүн ч гэлээ шударга, үнэний төлөө асуул­таа байнга асууж, саналаа ч хэлж байх болно. Нэгэнт Ерөнхий сайд томилогдож байгаа юм чинь Засгийн газрын гишүүдээ сонгохдоо ажил хэрэгч, өмнө нь элдэв хэл ярианд орж байгаагүй тийм хүнийг сонгож, Засгийн газраа даруйхан байгуулах хэрэгтэй гэлээ. Л.Гүндалай, С.Ламбаа, Ц.Сэдванчиг нарын гишүүд мөн саналаа хэлж байсан юм. Ц.Сэдванчиг гишүүн "Нэг нутаг нугын хүмүүс шүү. Хөвсгөлөөс сонгогдсон Ерөн­хий сайд. Нутгаасаа сон­гогдсон гишүүдээ дэмжиж ажиллаарай" гэх зэргээр ня­луун үг хэлэхийг сонссон хэнбугай ч бялдуучилж байна уу даа гэхээр байв.

Ц.Элбэгдорж: -Энэ то­милгоог хараад сууж байгаа хүмүүс өнөөдрийн нялуун байдлаас ичиж байгаа байх. Стандарт бус шийдвэр гар­гаж, стандарт бус Засгийн газар байгуулах гэж байна. Долдугаар сарын 1-нд таван хүний амь нас үгүй болж, 500 цагдаа зодуулан хэдэн мян­ган иргэнээ хорьсон Засгийн газартай хариуцлага тоо­цох­гүй байна. АН энэ Засгийн газрыг огцруулахын төлөө байсан бол өнөөдөр хамтрах гээд сууж байна. Энэ байдлыг УИХ таслан зогсоох ёстой. Засгийн газар өөрийн хариуц­ла­гагүйгээс болоод сүүлд хоёр удаа шатахууны үнэ нэмсэн тэр хүмүүсийг нэг бак бензиний үнээр торгож байна. Тэднийг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөөсөн бол ард түмнээ 200 тэрбум төгрөгөөр торгож байна. Төсвийн ал­дагдалд тооцвол 400 тэрбум төгрөг болно. Ийм байхад ийм асуудлыг УИХ нь, олонхи, цөөнх нь оруулж ирээд батлах гээд сууж байгаагаас ичих ёстой. УИХ энэ шийдвэрийг баталгаажуулахгүй байвал ард түмэндээ буян үйлдэж чадна. Хяналт тавьдаг цөөн­хөө хажуудаа авдаг Засгийн газар гэж хаана байсан юм. Ард түмэн одоо айдас, үзэн ядалтаар хучигдсан байна. Хамгийн хариуцлагагүй байд­лыг дэвэргэсэн засаг боллоо. Та нар нийгмийн асуудал, ядуурал, үнийн өсөлт гээд юуг ч шийдэж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Хамтарч ажилла­хаар боллоо гээд энэ Засгийн өмнөөс С.Баярын зовлонг нам руу барьж орж ирж байна. Уг нь бид ард түмний зовлонг төр рүү барьж очих ёстой. Өнөөдөр энэ зааланд миний ард, ха­жууд сууж байгаа хүмүүсийн хэлж буй нялуун үгийг та сонсч байна. Үнэхээр шу­дарга ёсыг хүсч байгаа бол ард түмнээсээ ичээч. Ха­риуц­лагагүй байдал Монголд цааш өрнөх нь ээ. Үүнийг яах юм. Сонгуулийг булхайтай хийсэн, түүний ард үймээн самуун бий болгосон. Үнийн өсөлтөд нөлөөлөх шийдвэ­рийг зургадугаар сард гаргаад өгсөн байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Үнэндээ ялалтдаа итгэхгүй байсан. Хэдэн мянган малчдыг хэдэн сая төгрөгөөр хулхидаж, ха­риуц­лагаас бултаж амьдарна гэж байхгүй. Энэ байдлыг хараад дуугүй байж чадахгүй. Энэ байдлыг УИХ таслан зог­соох ёстой. Бид ард түмний төлөөлөл гэв.

Ц.Элбэгдоржийн үг хэлэх минут нь дууссан тул тэрбээр үгээ дуусгаж чадсангүй. МАХН-ын бүлгийн дарга Д.Лүн­дээжанцан "Тухайн үед Эх орон эвсэл задарч бид дангаараа Засгийн газар бай­гуулж байсан. Дараа нь хам­таръя гэсэн санал тавьж л байсан шүү дээ. Эв түнжингүй байгаа нь бидний алдаа болж байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийн зааг дээр ирээд байна. Бидэнд цаг алдах эрх байхгүй. Бие биедээ хүлээц­тэй хандъя. Засгийн газар 60 хоногийн дотор мөрийн хө­төлбөрөө гаргах ёстой" гэс­нээр гишүүдийн хэлэх санал дууслаа.
С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай санал хураалтад 66 гишүүн оролцож, 65 нь зөв­шөөрч, Ц.Элбэгдорж гишүүн ганцаараа татгалзаж гар өр­гө­сөн юм. Энэ өдрийн хурал­даанд Ц.Батбаяр, С.Оюун, Э.Бат-Үүл нарыг ирээгүйг тооцвол ирц 66 болох учир­тай. Гэтэл гишүүн Х.Баттулга байх­гүй байхад санал ху­раалтад оролцсон гишүүний тоо 66 гэж самбар дээр гарч харагдлаа.

Ийнхүү хариуцлага тоо­цуулах ёстой С.Баяр урвагч­дын ачаар Ерөнхий сайдаар томилогдлоо. Сон­гууль буд­лиантай болсон хэмээн жаг­саал цуглаан хийж, амь насаа алдсан хүмүүс болон бариг­даж, хоригдсон иргэдийн тэм­цэл үнэ цэнэ­гүй болов. Улс төрийн зарим ажиг­лагч "Албан тушаалын хэ­нээтнүүд Монголын парла­ментыг бузар­лаж байна. Ард түмнийг цу­санд нь хутгасан С.Баяр төрийн сэнтийд цус­тай­гаа гарч ирлээ. Ардчилсан нийгэмд ийм хүн удахгүй гэдэг нь нотлогдсон үнэн" хэмээн хэлж байна.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.