Монголын парламентын 18 жилийн түүхийн хураангуйг сөхөхүйд

2008/09/13
Share |
Хүмүүс:
Монголын парламентын 18 жилийн түүхийн хураангуйг сөхөхүйд

Монголд анх удаа 1990 оны долдугаар сард олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж  Ардын Их Хурлыг шинэч­­­лэн байгуулсан билээ. Харин  1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын Бага Хур­лын анх­дугаар чуулган үйл ажил­лагаагаа эхэлснээр Мон­гол Улсад байнгын ажил­лагаатай парламент хэмээх  төрийн байгууллын  шинэ тогтолцоо  бүрэлдэн тог­т­соноос хойш 18 жил  болж байна.

   Улсын Бага  Хурал
(1990-1992)
Ардын Их Хурлын 360 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал нь 1990-1992 онд  бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монголын улс төр, эдийн засаг, нийг­мийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар түүхэн үүрэг гүйцэт­гэсэн юм. Юуны өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж батал­сан билээ.

Улсын Бага Хурлаас боловсруулж Ардын Их Хур­лын чуулганд оруулан хэ­лэл­цүүлсэн Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталснаар нийгмийн бүх хүрээнд ардчилсан за­рчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн харилцааны тулгуур эхлэл тавигдсан юм. Тухайл­бал, улс төрийн харилцааны хувьд олон намын тогтолцоог баталгаажуулсан ардчилсан дэглэмд шилжсэн. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон.

Эдийн засгийн харил­цаа­ны хувьд нийтийн өмчид суурилсан аж ахуйн социа­лист тогтолцоо дангаар ноёр­хож байсныг халж, олон хэв­шилт эдийн засагтай бо­лох харилцааг хуульчлан батал­гаажуулсан.

Улсын Бага Хурал бүрэл­дэхүүний хувьд  дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж  байв.  Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сон­гогдон ажиллаж байлаа. Ул­сын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, шууд Ар­дын Их Хурлаас нэр дэв­шүүлж сонгосон. Харин 50 гишүүний тухайд  сонгогчдын тав, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хур­лын гишүүний мандат буюу суудлыг хувь тэнцүүлэн ху­ваарилж (таван хувьд 1 ман­дат), намууд сонгуулиар ав­сан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хур­лаас  сонгожээ. Улсын Бага Хуралд  МАХН 33, Монголын Ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам  дөрөв, Мон­голын үндэсний дэвш­лийн нам гурван суудал авч бай­жээ.

    Анхдугаар сонгуулийн Улсын Их Хурал
(1992-1996)
Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар бай­гуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь Монголын парламентын хөгжлийн түү­хэнд онцгой байр эзэл­дэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар "төрийн эрх барих дээд байгууллага Ул­сын Их Хурал байна" гэж заагаад "Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална" хэмээн ба­тал­гаажуулсны дагуу  ма­най улс  нэг танхимтай пар­ламен­тын тогтолцоонд шилжсэн билээ. 

Бүрэлдэхүүний хувьд 76 гишүүнтэй болж өргөжин, бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн байна. Улсын Их Хурлын сонгуулийг можаритар систе­м­ээр, 2-4 мандат бүхий томс­госон 26 тойргоор явуулж,  МАХН 70, Монголын  ард­чил­сан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногооны на­м­ын  "Ардчилсан холбоо" эвсэл дөрөв, МСДН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал ав­чээ. Энэ парламентын үед зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиу­дыг баталсан. Тухайл­бал, Улсын төсвийн тухай, Нягт­лан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаа­лийн тарифын тухай, Га­даадын хөрөнгө оруулалтын тухай  хуулиудыг дурдаж болно. Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх өмч хувьчлал дуусч, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээж ажиллуулсан нь шинэ нийг­мийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон.

    Хоёр дахь удаагийн сонгуулийн Улсын Их Хурал
(1996-2000)
1996 онд болсон Улсын Их Хурлын сонгуульд нэг мандат бүхий 76 тойргоос олонхийн саналаар УИХ-ын гишүүнийг сонгосон. Сонгуулийн дүнд МҮАН,  МСДН, МШАН, НН-ын "Ардчилсан холбоо"эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч, сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэснээр тө­рийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн  онцлогтой парламент бай­гуулагдсан билээ.

Энэ парламентын үед бай­­­гуулагдсан Засгийн газрыг огцруулах тухай хоёр удаа санал гарч, 1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн нэр бүхий 24 гишүүний гаргасан саналыг Улсын Их Хурал хэлэлцэн олонхийн саналаар Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газарт итгэл хү­лээл­гэсэн. Харин 1998 онд Улсын Их Хурал  дахь ардчилсан хүчний олонхийн нэр бүхий 11 гишүүний гаргасан  мэдэгд­лийг үндэслэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огц­рох тухай Монгол Улсын Ерөн­­­хий сайдын мэдэгдлийг Улсын Их Хурал хэлэлцэн гишүүдийн 98.3 хувийн са­нал­аар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай УИХ-ын тогтоолыг ба­тал­­сан байна.

Энэ удаагийн Улсын Их Хурал Банкны тухай, Дам­пуурлын тухай, Даатгалын тухай, Компанийн тухай, Тө­рийн бус байгууллагын тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Ашигт малт­малын тухай, Үл хөдлөх хө­рөн­гийн бүртгэлийн тухай, Орон сууц хувьчлалын тухай зэрэг эдийн засаг, нийгмийн  шинэчлэлийг гүнзгийрүүлэн бататгахад зарчмын ач хол­богдол үзүүлсэн олон хуулийг шинээр баталсан. Мөн 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс тө­рийн хэлмэгдэгсдийн дурс­галын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтож, Улсын Их Хурлын тогтоол гаргасны дагуу 1996 оны есдүгээр сарын 10-нд Улс төрийн хэл­мэгдэгсдийн дурсгалыг хүн­дэт­гэх цуглаан Сүхбаатарын талбайд болж, Монголын төр ард түмнийхээ өмнө анх удаа уучлал гуйсан билээ. Түүнч­лэн Улсын Их Хурлаас батал­сан Ажлын таван өдөртэй долоо хоногт шилжих тухай хуулийн дагуу 1998 оноос манай улс ажлын таван өдөр­тэй долоо хоногт шилжсэн байна.

   Гурав дахь удаагийн сонгуулийн Улсын Их Хурал
(2000-2004 он)
Энэ удаагийн Улсын Их Хурлыг сонгох сонгуулиар МАХН 72, МҮАН-МШАН-ын "Ардчилсан холбоо" эвсэл нэг, ИЗН-НН нэг, Эх орон-МАШСН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал авч, МАХН парламен­тад үнэмлэхүй олонхи бол­жээ. Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирд­лага, санхүүжилтийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай болон Төрийн аудитын тухай хуулиуд батлагдаж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн шинэ орчин бүрдсэн байна. Мөн Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ту­хай зэрэг томоохон хуулийг шинээр баталжээ. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах  эрхэм  зорилгын  хүрээнд Хүний эрхийн Үндэсний хө­төл­бөрийг баталж, Хүний эрх­ийн үндэсний комиссыг бай­гуулсан. Газрын шинэтгэлийн бодлогыг тодорхойлсон газ­рын тухай багц хууль, түүний дотор  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль  батлан гаргасан нь  иргэний нийгмийн баталгааг хангах, газрыг  аж ахуйн эргэлтэд оруулах хийгээд анх удаа иргэд газраа өмчлөх эрхийг нээж өгсөн юм. 

   Дөрөв дэх удаагийн сонгуулийн Улсын Их Хурал
(2004-2008)
2004 оны Улсын Их Ху­рлын сонгуульд МАХН 37, "Эх орон-Ардчилал" эвсэл 35, Бүгд найрамдах нам нэг суудал авч бие даан нэр дэвшсэн гурван нэр дэвшигч сонгогдсон юм. Ин­гэж сонгуулийн дүнд улс төрийн томоохон хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй тө­лөөлөл бүхий парламентын олонхи, цөөнхгүй өвөрмөц пар­ламент бүрдсэн нь пар­ламен­тад суудалтай улс тө­рийн гол хүчнүүдэд хамтран зөвшил­цөж ажиллах түүхэн шинэ боломж нээж өгсөн билээ. Тиймээс МАХН, "Эх орон-Ардчилал" эвсэл ард түм­нийхээ нийтлэг эрх ашиг, улс нийгмийнхээ хөгжил дэвш­­лийн төлөө харилцан хяналттай, хамтран ажиллах  улс төрийн зөвшилцөөнд хү­рч, "Зөвшилцлийн гэрээ" бай­гуулан хамтарсан Засгийн газар  байгуулсан.

Улсын Их Хурал дахь "Эх орон-Ардчилал " эвсэл 2004 оны арванхоёрдугаар сард  татан буугдсан хэдий ч төр, засгийн тогтвортой ажил­лагааг тас­ралтгүй хангах зорилгоор Ардчилсан намын болон ИЗ-БН-аас Улсын Их Хуралд сонгогдсон 26 гишүүн Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт өөрсдийн саналаар нэгдэн орж ажилласан билээ. Харин 2005 оны долдугаар сард Улсын Их Хурал дахь  МАХН-ын бүлэг дангаараа ажиллах болсон тухай шийд­вэр гаргаснаа мэдэгд­сэнээр Үндэсний эв нэгдлийн Зас­гийн газар өөрчлөгдөж, хам­тарсан шинэ Засгийн газар байгуулагдсан юм.

Энэ удаагийн Их Хурал нь Монгол Улсын хууль тог­тоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлан гаргаснаар эрх зүйн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлсний дээр Мян­ганы хөгжлийн зорилтод суу­рилсан Үндэсний хөгж­лийн цогц бодлогыг батлан гаргасан билээ.

Авлигын эсрэг хууль ба­талж, хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг дэмжин Үндэсний радио, телевизийг Засгийн газрын хараат бус болгож  өөрчлөн зохион бай­гуулсан. Ашигт малтмалын тухай (шинэчилсэн найруу­л­га), Монгол Улсын засаг захи­р­­гаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга), Тө­мөр замын тээврийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тог­тоох тухай, Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруу­л­га) зэрэг  томоохон хуулиуд баталж гаргасан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай (шинэчил­сэн найруулга), Монгол Ул­сын Их Хурлын чуулганы хурал­даа­ны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай (шинэчил­сэн най­руу­лга)зэрэг  пар­ламен­тын үйл ажиллагааг боловс­ронгуй болгох, сонгуу­лийн шинэ тогтолцоог хэрэг­жүүлэх хуу­лийг баталсан юм.

   Тав дахь удаагийн сонгуулийн Улсын Их Хурал
(2008-2012)
 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу тав дахь удаагийн Улсын Их Ху­рлыг сонгох сонгууль 76 ман­даттай, томсгосон 26 тойрогт болж,  2008 оны есдүгээр сарын 1-ний байдлаар МАХН 42, АН 24, ИЗН нэг, бие даан нэр дэвшигч нэг тус тус Ул­сын Их Хурлын гишүүний тангараг өргөн бүрэн эрхээ хэрэг­жүүлж эхэллээ. Тав дахь удаагийн сонгуу­лийн Улсын Их Хурлын дар­гаар УИХ-ын гишүүн Дамдины Дэмбэрэл сонгогдон ажиллаж байна. Энэ удаагийн сон­гуулийн дүнгээр Улсын Их Хурал хоёр дэд дарга, хоёр намын бүлэгтэй ажиллахаар боллоо.

   Монголын парламентын үйл ажиллагааны сургамж, дүгнэлт
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бай­гуулагдсан 18 жилийн хуга­цаанд  олсон туршлага, сур­гамждаа дүгнэлт хийхэд юуны өмнө Монгол Улсын Их Хурал ардчилсан сонгуулийн үнд­сэн дээр бүрэлдэж, байнгын ажиллагаатай, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй явагддаг төрийн бодлогын үндсийг тодорхойлогч засаглалын гол институт болж чадлаа.

1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгууль явагд­санаас хойш сонгуулийн тог­толцоог байнга боловсронгуй болгосоор иржээ. Сонгуулийн тогтолцоо, үр дүнгээс шууд шалтгаалдаг гол асуудлын нэг нь парламент дахь эрх баригч ба  сөрөг хүчин, олонхи ба цөөнхийн харьцааны асуудал юм. Монголын парламентын тухайд 1990,1996 оны сон­гуулиар хүчтэй сөрөг хүчин, цөөнхийн бүлэгтэй байсан бол 1992, 2000 оны сонгуулиар байгуулагдсан парламентад  сөрөг хүчин хэт цөөн төлөө­лөл­тэй болж Улсын Их Хуралд бүлэг байгуулах тооны суу­дал авч чадаагүй болсон. Харин 2004 оны сонгуулиар байгуулагдсан парламентад суудал авсан голлох хоёр улс төрийн хүчин сонгогчдын харьцангуй тэнцвэртэй санал авч хамтран ажиллах болсон. 2008 онд сонгуулийн шинэ хууль, тогтолцоогоор  сон­гууль явуулсан боловч сон­гуулийн зарим тойргийн дүн маргаантай болж нэлээдгүй хугацаанд шинэ парламент  бүрэн эрхээ хэрэгжүүлж эх­лээгүйг сонгогчид мэднэ. Тиймээс сонгуулийн тог­толцоог цаашид улам боловс­ронгуй болгох шаардлага тавигдсаар байна.

Үндэсний хэмжээнд шийд­­­­вэр гаргахын тулд нийг­мийн бүлгүүдийн зөв­шил­цлийн механизмыг бүрдүүлэх иргэдийн оролцооны арга хэлбэрийг үр нөлөөтэй хөг­жүүлэх, ардчиллын болон оролцооны талаархи иргэд­ийн боловсрол, соёлыг дээш­лүүлэх, эв нэгдлийг нь бэх­жүүлэхэд парламентын үүрэг ролийг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Түүнч­­­лэн Улсын Их Хурлын гишүүний болон парламентын олонхи, цөөнхийн статус, тэдгээрийн үүрэг, хариуц­лагыг дээшлүүлэх, гишүүдэд тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх механизм тог­тоох, хуулийн төсөл боловс­руу­лах, санаачлах, хэлэлцэх зэрэг хууль бүтээх үйл явцын үндэслэл, журмыг боловс­ронгуй болгох шаардлага амьдрал, практикаас урган гарч байна. Аль ч парламент төрийн бодлого, үйл ажил­лагааны залгамж бөгөөд нэгд­мэл шин­жийг хангах онцгой үүрэгтэй байдаг. Энэ байр сууринаас авч үзвэл манай  оронд пар­ламентат ёс төлөв­шин хөгжих үйл явц амжилт­тай үргэлжилж байна.
УИХ-ын Хэвлэл
мэдээл­лийн албанаас мэдээлэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bbrlmrxg , http://vkmonline.com/blogs/pos t/1369799 not_my_type_meaning, http://vkmonline.com/blogs/pos t/1370103 badoo_hesap_silme_nasıl_yapı lır, http://vkmonline.com/blogs/pos t/1369587 jay_behr,
IP:79.133.106.99  2018-12-17 20:26:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.