Г. Цацрал: Энэ намар жижиг пальто, шулуун ултай гутал моодонд орно

2008/09/13
Share |
Хүмүүс:
Г. Цацрал: Энэ намар жижиг пальто, шулуун ултай гутал моодонд орно

Энэ удаагийнхаа зочноор Дизайн урлагийн дээд сургуулийн багш, загвар зохион бүтээгч Г.Цацралыг урив. Тэрбээр Монголын загварын ертөнцөд чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр олон жилийн турш хөдөлмөрлөж, загварын тэмцээн уралдаануудад оюутнуудтайгаа амжилттай оролцдог бөгөөд "Гоёл 2007" наадмаас шилдэг багшийн өргөмжлөл хүртсэн юм.

-Та хэчнээн жил багшилж байна вэ?
-Сургуулиа төгсөөд л Дизайн урлагийн дээд сургуульд багшаар ирсэн.

-Багшлахын хажуугаар дизайнерын ажлаа хийж байгаа юу? Уран бүтээлдээ хэр анхаарал хандуулж байна?
-Багшийн ажил цаг наргүй болохоор хувийн уран бүтээл хийх цаг зав хомс байдаг. Гэхдээ бүр хоосон суугаагүй. Хувийн урлантай болсон. Мэргэжлийн түвшинд болдог уралдаанууд оролцдог. Би өөрөө үндэсний хувцсыг орчин үеийн хувцас загвартай хослуулах сонирхолтой. Энэ чиглэлээр судалгаа хийж байгаа.

-Яагаад энэ мэргэжлийг сонгов?
-Багаасаа л хувцас загварын чиглэлээр суралцах сонирхолтой байсан. Харамсалтай нь тэр үед орчин үеийн урлагийн чиглэлээр цөөн тооны мэргэжилтэн бэлтгэдэг, мэргэжлийн дизайнер болох боломж хомс байлаа. Энэ мэргэжлээр сурахын тулд ДУДуС-д суралцаж байгаад дунд сургуулиа төгсөөд, 1984 онд Чех улсад Нэхмэлийн технологийн мэргэжлээр суралцсан. Тэнд очсоноор миний хувьд шинэ ертөнц нээгдсэн. Монголоос шууд баруунд очихоор үзэх харах, сонирхох зүйл маш их байж билээ.

-Танай оюутнууд тэмцээн, уралдаан бүрт алгасахгүй оролцдог шүү дээ ...
-Манай сургууль "Хаврын гоёл" наадмыг 1997 онд санаачилж байлаа. Анхны тэмцээнд гурван сургууль оролцож байсан бол өнөөдөр мэргэжлийн дизайнер бэлтгэдэг 15 их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс төгсөгчдийнхөө чансааг шалгах, чадварыг нь харуулах бололцоог алдахгүй ашиглах хэрэгтэй. "Говь", "Шилмэл загвар" компани манай төгсөгчдийг ажилууллахаар захиалга өгчихдөг юм. Миний шавь нараас Амаржаргал, Мөнхцэцэг, Долгормаа гээд амжилттай ажиллаж байгаа дизайнер олон бий. Ихэнх нь гадагшаа сурахаар гарсан байна лээ. Энд байгаа хэд нь хувийн салон ажиллуулдаг.

-Энэ жил ямар, ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?
-Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд л энэ жилийн тэмцээнүүдийн бэлтгэл ажил эхэддэг. "Хаврын гоёл", оюутнуудын дунд болох уралдаан, тэмцээнд оролцоно. Бид чинь байнгын л бэлтгэлтэй байх шаардлагатай шүү дээ. Дизайнерын олон сар, жилийн хүч хөдөлмөр ердөө хоёр, гуравхан хором л тайзан дээр харагддаг. Тиймээс зогсолтгүй сэтгэж, ажиллаж, шинийг хийж байх ёстой.

-Дэлхийн хувцас загварын ертөнц сүүлийн үед дорнын соёлд анхаарал хандуулж байгаа ч европ хэв маяг байсаар л байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Тухайн улирлын загварын чиг хандлагыг дэлхийд тэргүүлэх нэртэй фирмүүд тодорхойлдог. Тэргүүлэгчид нь дандаа Европ, Америкийн компаниуд байгаа учраас энэ төлөв ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөхгүй болов уу. Үнэндээ Азид ч гэсэн нэртэй загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгчид байна. Сүүлийн үед Япон, Хятадын загвар зохион бүтээгчид дэлхийн загварынхны анхаарлыг татаж байна. Уран чадвар, сэтгэмжийн хувьд илүү байдаг юм шиг харагддаг. Гэхдээ амьжиргааны төвшин, хүмүүсийн сэтгэлгээ, мэдээлэл, сэтгэхүйн онцлогоос шалтгаалж, өрнийн дизайнеруудын бүтээл өдөр тутмын хэрэгцээнд гарах нь илүү байдаг. Бүтээл талдаа бол Азийн дизайнеруудын бүтээл илүү сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй байдаг. Дэлхийн загварын чиг хандлагыг дуурайж байна гээд хэт хуулбарлах хэрэггүй л болов уу. Бид чинь ази хүмүүс, бие бялдар, дүр төрх, орчин нөхцөл, уламжлал гээд бүх зүйлээрээ тэс өөр шүү дээ.

-Гэхдээ үндэснийхээ загвар зохион бүтээгчдийн хувцсыг өдөр тутам өмсөх боломж бараг байхгүй гэж хэлж болно шүү дээ?
-Зарим загвар зохион бүтээгч шуугиан тарьж байхад өөр нэг нь урлагийн бүтээл туурвиж байдаг. Харин бусад нь "хувцас" хийдэг юм. Харамсалтай нь манай дизайнеруудад жинхэнэ амьдрал дундах үйлдвэрлэлийн түвшинд ажиллах боломж байхгүй. Үүнд төр засгийн бодлого л чухал. Үйлдвэрлэлээ хөгжүүлж чадвал манай дизайнеруудын бүтээл гологдохгүй. Ноолуурыг эс тооцвол ямар ч үйлдвэрлэл байхгүй учраас дотоодын мэргэжилтнүүд загварын чиг хандлагыг тодорхойлно гэдэг боломжгүй байх нь аргагүй. Ихэнх нь салон ажиллуулахаас хэтрэхгүй байна шүү дээ. Ядаж л цаасан дээр буусан загвараа тэр чигээр нь ажил болгож чадахгүй байна. Материалынхаа хараат байдаг учраас санасан, бодсоноо бүрэн гаргах боломжгүй. Цаасан дээр буусан сайн загварууд байгаа хэрнээ үүнийг бүтээл болгох гэхээр материалын олдцоос болж өөрчлөгдөхөд хүрдэг. Манайд даавууны сонголт ховор ердөө 10-аадхан дэлгүүр бий. Хүн бүр гадагшаа явж даавуу, материалаа авчрах боломж хэр билээ гээд л асуудал олон бий.

-Гаднын нэг дизайнер "Монголчууд их ганган ч гэлээ стилийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс" гэж хэлсэн байна лээ. Мэргэжлийн хүний нүдээр хараад орчин үеийн залуусын хувцаслалтын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Үүнтэй би санал нийлэхгүй байна. Монголчуудыг мэдрэмжгүй гэж хэлж болохгүй. Манай хувцас загварын өв соёл хэчнээн баялаг, тансаг билээ. Харин стиль имижийг төгс бүрдүүлэх гэхээр материаллаг олдоц ховор байдгаас бусдад ийм ойлголт төрүүлсэн болов уу. Имижээ тодорхойлчихоод л нэг хувцас хайхад олдохгүй байж болно шүү дээ. Энэ нь ч аргагүй. Хаа байсан өрнийн хэв маягийг дуурайх гэхээр энд бүх зүйл нь Франц, Итали, Америкт байдаг шигээ олдохгүй, олдсон ч сонголт хомс байгаа гэдгийг санах хэрэгтэй. Нөхцөл байдлаас шалтгаалж өөрийгөө төгс илэрхийлэх боломжгүй л байдаг гэж би бодож байна.

-Хувцас загварын мэргэжлийн хүнтэй ярилцаж байгаагийнх энэ намрын загварын чиг хандлагын талаар асуулгүй өнгөрч болохгүй нь?
-Өнгөрсөн зун хурц, тод өнгөтэй биеийн ихэнх хэсгийг ил гаргаж, гоо сайхныг магтан дуулсан эмэгтэйлэг загварууд зонхилж байсан. Харин намар болохоор өнгөнүүд арай бүдгэрдэг. Хар, улаан зэрэг сонгодог өнгө, мөн гялгар өнгө моодонд хэвээр байна. Загварын хувьд 50-60-аад оны жижгэвтэр пальто моод хэвээр. Аль болох биеийн галбирыг тодотгосон цэмцгэр, сонгодог стилийн хувцас моод болж байгаа. Гэхдээ хэрэглэгчдийн сэтгэлгээ бас их өөрчлөгдсөн байна. Моод дагахаасаа илүүтэй өөрт зохих загвар, хэв маягийг сонгож байна лээ. Надад хандаж байгаа хүмүүсийн сонголтыг хараад ийм бодол төрсөн.

-Гутлыг ч бас орхигдуулж болохгүй байх?
-Мэдээж. Энэ намрын гутлын загвар нь шулуун ултай, ялимгүй өргөн түрүүтэй байх болно. Мөн шөвгөр хошуутай өндөр өсгийтийг загварын агентлагууд санал болгож байгаа.

Эх сурвалж:Ням гараг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.