Хуульч Х.Тэмүүжин: Манайхан сандал суудлын төлөө улайрч байна

2008/09/16
Share |
Хүмүүс: Х Тэмүүжин | 
Хуульч Х.Тэмүүжин: Манайхан сандал суудлын төлөө улайрч байна

 

2008 оны УИХ-ын сонгуулиар Монголчууд сонголтоо хийсэн боловч бүгд бахь байдгаараа үргэлжлэх болов. Ялсан нам нь ялагдсандаа “өвөртөө” оруулж байгаа нь МАХН-ын мэргэшсэн арга гэх нь байна. АН-ын энэ дайнд хүргэх гэж үсээ цайтал үзэлцсэн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарт хэлэх үг нь барагдаад цөхрөнгөө барж намынхныхаа өмнөөс ичих л үлдэв. Хаана л хоосон сандал суудал байна тэнд оччихсон дэгэнцэж гүйдэг “Алтан гадас”-ынхан энэхүү бялуу хуваалтын манлайд яваа. Ийнхүү парламент тэр аяараа сандал суудлын марафонд өрсөлдөөд ажил манатай байна. Харин ард нь цагдаа нарын ар гэр талбай дээр өлсөж, Ганц худагт бас л төрийн цагдаа өлсөөстэй. Бензин шатахуун өргөн хэрэглээний байрааны үнэ тэнгэрт хадаж Монголчууд бүгд л бүсээ чангалаастай. Тэр тусмаа төрд төлөөлөлгүй Баянголын болон Дорнодын ард түмэн ирэх жил хоосон хонох нь тов тодорхой. УИХ-ын 25-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн хуульч Х.Тэмүүжин ийн ярьж байна.

-МАХН болон АН хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахаар боллоо. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хамтарсан Засгийн газар байгуулахыг үгүйсгэхгүй. Энэ талаар Үндсэн хуулинд хязгаарласан зүйл алга. Хуульч хүнийхээ хувьд хуулийнхаа талаас харвал үгүйсгээд байх юм алга. Харин улс төрийн байр сууриараа харвал би хамтарсан Засгийн газар байгуулахын эсрэг талд зогссон. Хамтарсан Засгийн газар байгуулж байгаа зарчим, үйл явцад нь гэрэл гэгээтэй юм харагдахгүй байна. Хамтарч байгаа шалтгаанууд нь угаасаа тодорхой. 7 сарын 1-ний үйл явдал, сонгуулийн булхай гээд энэ олон бухимдлыг намжаахын тулд, уул уурхайтай холбоотой шийдвэрүүдийг гаргахын тулд хамтарч байна. Түүнээс биш өөрсдийнх нь яриад байгаа шиг гоё гоё өөрчлөлтүүдийг хийхийн тулд хамтарч байгаа юм харагдахгүй байна. Хэрвээ үнэхээр хамтарсан Засгийн газар байгуулах гэж байгаа бол эхлээд юу хийх дээрээ тохирох ёстой. Бид ийм ийм зүйлийг хийх гээд байна. Үүний тулд энэ чиглэлийн яамыг манайх авна. Мөрийн хөтөлбөртөө ч бид ийм юм хийхээр тусгасан гэж тохирч, дараа нь тэр яаман дээр хэн байх вэ, хэн энэ ажлыг хийж чадах вэ гэж ярьдаг. Гэтэл одоо харж байхад урсгал иь яг эсэргээрээ. Эхлээд хэн хаана байх вэ гэж ярьж байгаа байхгүй юу. Дараа нь тэнд очсон хүн нь одоо би юу хийх вэ гэж ярьдаг. 2004 онд ч ийм байсан. Тэгээд өөдтэй юм болоогүй. Одоо бас л яг адилхан байна. Нөгөө талаас нь харахад дахиад л нөгөө нэг хэдэн хүмүүс яригдаж байна. Монгол улсын нийгэм, улс төрийн амьдралыг жонхуу бантан болгосон хүмүүс дахиад тэрийгээ зуурах гээд л байгаа юм уу хаашаа юм гараад ирэхээр чинь итгэхэд төвөгтэй болчихож байгаа юм.

-МАХН-тай хамтрах гэдэг танай намын байр суурь мөн үү?
-Манай намын байр суурь өөр. Орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгууль ойрхон байна. Бидэнд зорьсон зорилго, тавьсан амлалт гэж бий. АН иргэдээ мөнгөтэй эрх мэдэлтэй чинээлэг дундаж түвшинд аваачихын тулд үйлдвэржилтийг дэмжье гэж зорьсон. Үүнд хуулийн болон нийгмийн шударга бус байдал дэгээ тавиад байна тийм учраас энэ чиглэлээр өөрчлөлт хийе. Бидний хөгжилд садаа болоод байгаа зүйлүүдийг өөрчлөхөд хамгийн их дургүйцэх мөн өртөх нь МАХН. Тэд төрд шургуулчихсан өөрийнхөө хөл гарыг тайрах хэрэгтэй болно. Төртэй олигархижсан бизнес сүлжээ, зах зээлийг шударга өрсөлдөөнгүй болгоод байгаа тэр механизмыг таслан зогсоох хэрэгтэй болно. Үүнийг МАХН хүсч байгаа юм уу гэдэг чинь эргэлэээтэй байна. Хамтарсан Засгийн газар байгуулсанаар МАХН

сонгуулиар олж авсан эрх мэдлийн тодорхой хэсгийг хуваалцаж байна гэдгээс илүү энэ нийгэмд бугшуулсан тэр идээ бээрээсээ салахыг хүсэхгүй байх шиг. Тиймээс л би энэ Засгийн газрын ирээдүйг өөдрөгөөр харахгүй байна.

-Тэгээд энэ Засгийн газарт ямар ч ирээдүй алга уу?
-Хийх гээд зорьж байгаа, ярьж байгаа зүйлүүдийг бол дэмжиж л байна л даа. Тэрийг хийхийн тулд наана нь хийх зүйл зөндөө байна. Жишээ нь: цагдаагийн удирдлагын бүтцийг задлах хэрэгтэй байна. Одоо талбай дээр нэг хэсэг нь өлсөөд л хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоогоод байна шүү дээ. Гэтэл энэ Засгийн газар цагдаагийн дээд албан тушаалтанд хариуцлага тооцохоос гадна бүтцийг нь өөрчилж чадах юм уу. Үүнийг хийж чадна гэдэгт би эргэлзэж байна. Манай намын мөрийн хөтөлбөр дотор энэ асуудал байж байгаа. Гэхдээ МАХН манайд энэ яамаа өгөхгүй. МАХН-ын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлийн юм бараг ороогүй. Тэд хууль зүйн яамыг өөрийгөө хамгаалахад зориулж авч байгаа. Энэ яамыг юм хийе гэж авахаасаа илүү өөрийгөө хамгаалуулахын тулд авч байна шуу дээ. Ийм нөхцөлд би хамтарсан Засгийн газрыг улайран эсэргүүцэхгүй ч гэсэн үр дүн гарахгүй гэж харж байна.

-Цөхөрсөн нүдээр үү?
-Үнэндээ цөхөрч байна. Сүүлдээ хоёр гуравхан хүн л энэ талаар ярьдаг боллоо. Бусад нь гараа өргөөд л дэмжээд явчихлаа шүү дээ.

-Ц.Элбэгдорж гишүүн намынхаа албан тушаалын хэнээтнүүдэд хандаж хатуухан үг хэлж байгаа. АН-ынхан хэрчим бялуу л горьдож байна?
-Би яг үнэндээ манай нам, танай нам гэж чичихээс илүүтэй сандал ширээний булан барьж авч тэрийгээ улс төр хийлээ гэж боддог. Монголын улс төрчдийн гаж энэ халдлагаас гарах хэрэгтэй гэж бодоод баина. Тэгэхгүй бол энэ улс орон цаашаа олигтой явахгүй. Энэ улс орныг яаж хөгжүүлэх юм, юуг нь яаж өөрчлөх юм, ямар боломж нөөц байгаа юм, ямар бодлогоор хэрэгжүүлэх юм, энэ бодлогоо хэрэгжүүлэхээр хэнд итгэж эрх мэдлийг нь шилжүүлж өгөх юм гэхээсээ илүү хүн бүр дор бүрнээ би юу авах вэ гэсэн бодлоор хандаж байна. Энэ Засгийн газар бүрдэж байгаа байдал нь ч ийм байна. AH, MAXH ч адилхан. Энэ нь аль алиндаа олз бас гай болж байна. Яг үнэндээ өнөөдөр манайхан аль фракц нь юу авах вэ гэдгээ л ярьж байна. Наанаа улс орон хөгжинө, үсрэнгүй дээшлэнэ гээд гоё үг бодож олоод хэлчихэж байна. Хөшигний цаана манай фракц тэрийг авна, танай фракц тэрийг ав гээд л хуваалцаж байна. Энэ нь бидний хүсээд байгаа улс төр биш. Дахиад л 2004, дахиад л нөгөө л бохир улс төр нь явж байгаа учраас би хувьдаа бухимдаж байна. Ц.Элбэгдорж дарга намыг нь зарж өөрийнхөө карьеараа өсгөөд байгаад бухимдаж байна. Болж буй үйл явдлыг бухимдаж харж байгаа хүмүүс өөр өөрийнхөө цонхоор харж байна л даа.

-Хамтарсан Засгийн газар байгуулснаар АН-ын байр суурь ганхахад хүрч байна гэж дүгнэж болохоор байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ийм дүгнэлтийг хаа сайгүй хийж байна л даа. Гэхдээ тийм эсэхийг цаг хугацаа харуулах байх. Би яг тийм болчихно гэж хэлж мэдэхгүй. Яахав одоо өөртөө төрж байгаа сэтгэгдлийг хэлж чадна. АН-ыг дэмжсэн сонгогчид улс төрийн өмгөөлөлд орсон бизнесийг дэмждэг, харин өөрийнхөөрөө явааг нь дорд үздэг ийм нэг хачин балиар шударга бус байдлыг эмхлэж өгөөч гэж биднийг сонгосон. Өнөөдөр бизнест хутгалдчихаад байгаа улс төрийн намын оролцоог таслан зогсоох ёстой. Таслан зогсоох гэхээр энэ балиар үйл явдалд хамгийн ихээр орооцолдчихсон МАХН-ын эсрэг алхам хийнэ гэсэн үг. Гэтэл тэр МАХН-тайгаа нийлээд энэ бодлогоо хэрэгжүүлнэ гэхээр тэд үүнийг хүлээн зөвшөөрөх үү. Сонгуулийн өмнөхөн л хамгийн түрүүнд л СЕХ дарга Баттулга гэгч ул бүтэх этгээдийг огцруулна гэж яриад байсан биз дээ. Гэтэл одоо тэр огцруулах нь яав. Ярьж байгаа хүн нэг ч алга. Нөгөөдөх нь асуудал биш болчихсон байгаа биз. Нөгөө асуудал гэж харж байсан зүйлээ харахаа больж эхэлж байна. Тийм учраас АН-ын хувьд улс төрийн байр суурь ганхаж байна гэж үзэхээс аргагүй.

-Стандартын бус шийдвэр гэдэг үгийг ерөнхий сайд С.Баяр “моодонд” оруулсан. Стандартын бус гэдгийг та юу гэж үзэх вэ?
-Шийдвэр гаргалтын хувьд стандарт бус гэж хэлэх ёстой юм уу үгүй юм уу бүү мэд. Ямар ч байсан монголчууд том эрх ашиг дээрээ нэгдэх шаардлага байгаа. Том эрх ашиг дээрээ нэгдэх нь өөрөө парламентын ардчиллыг золиослох хүртлээ явах ёстой юу үгүй юу гэдгээ бодох л хэрэгтэй. Монгол улсад үндэсний хэмжээний баялаг нь их баийа гэж яриад байгаа боловч иргэд нь ядуу хэвээр, шударга бус хууль хэрэгждэггүй байдал, дампуурчихсан боловсролын тогтолцоо гээд олои олон асуудал байна. Энэ дээр нэгдэх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ яг энийгээ хэрэгжүүлэх тэр цэг дээрээ нэгдэж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Энэ засгийн газрыг байгуулахаас өмнө хамгийн түрүүнд бид нарын шийдэх асуудал юу байсан бэ гэвэл 7 сарын 1-ны үйл явдал, таван хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулаад Засгийн газар болоод тэр үед Засгийн газрыг толгойлж байсан С.Баяр ямар нэг байдлаар буруутай юу үгүй юу гэдгийг бид шийдэхгүйгээр дараагийн алхмыг хийж болохгүй л дээ. Хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй дараагийн алхмыг хийвэл нөгөө асуудал нь дарагдах нь ойлгомжтой. Одоо энэ асуудал уудлагдаад гараад ирэхээр С.Баяр буруудна. Тэгээд огцруулах тухай ярихаар “Уучлаарай энэ бол миний өмнөх Засгийн газрын алдаа болохоос энэ Засгийн газрынх биш” гээд байвал ямар ч аргагүй болно. Ингээд хариуцлага мухардалд орох нөхцөл байдал үүсээд байгаа нь эмгэнэлтэй л байна.

-7 сарын 1-ний үймээн самууны хар сүүдэр одоо ч үргэлжилсээр байна. Сүүлдээ цагдаа төр хоёрын дунд үл ойлголцол бий болоод байх шиг?
-Хэрвээ би парламентад орох юм бол парламентын эхний чуулганаас авахуулаад нэг асуудлыг байнга тавьж тэрийг ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ ээ. Тэр нь УИХ-д 7-р сарын 1-ний үйл явдалтай холбоотой асуудалд дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулна. Тэр ажлын хэсэг яг юу болоод өнгөрсөн юм, яасан юм гэдэг дүгнэлтийг оруулж ирнэ. Хуулийн байгуулагад зохих ёсоор ажиллах боломжийг нээх ажлын хэсэг байгуулна. Энэ бол маш чухал алхам. Харамсалтай нь одоогийн УИХ-ын гишүүд яам руугаа л овоороод зутгээд, ард нь гол асуудал нь гээгдчихээд байна. Хэрвээ ажлын хэсэг байгуулагдаад явах юм бол бас олон асуудал ойлгомжтой болно. Гэтэл механизм нь байхгүй учраас төрийн байгууллагууд хоорондоо тэрсэлдэхдээ хүрч байна. Цагдаа нь прокурорынхоо эсрэг босч байна. Чулуу шидсэн нь илүү буруутай юу, хүн буудаж алсан нь илүү буруутай юу гэсэн хоёр огт хамааралгүй асуудлыг дэнсний хоёр талд тавиад маргаж эхэлж байна. Нийгэм хуваагдахад хүрэх гээд байна. Ийм байдлыг эцэслэн зогсоохын тулд хэдэн яам хэдэн сайд гэж гүйхээсээ илүүтэй парламент ажиллах л ёстой.

-Цагдаагийн даргыг хамгаалалтанд авсан, цагдаа нар өлсгөлөн зарлаж, жагсаж байна. Хүчний байгууллагын энэ бужигнаан нийгэмд юу авчрах бол?
-Уг нь ардчилсан нийгэмд хүчний байгууллага байдаггүй юм гэнэ лээ. Манайд тэгээд хэлээд сурчихсан. Цагдаагийн, тагнуулын байгууллагуудыг бүтцийнх нь хувьд өөрчлөх шинэтгэлийг хийж чадаагүй. Тэд яг социалист байгууллагынхаа бүтцээр байгаад байгаа юм. Энэ нь ардчилсан нийгэмд таарахгүй болчихоод байна л даа. Цагдаагийн албыг бэхжүүлэх ёстой юу гэвэл ёстой. Боловсон хүчний мэргэжил ур чадвар, эрх мэдлийнх нь хувьд бэхжүүлэх ёстой. Удирдлагыг нь задлаж өгөх ёстой. Тэгээгүйгээсээ болоод цагдаагийн нэг хурандаа УИХ-ын нэг гишүүнээс илүү эрх мэдэлтэй болчихсон. Цагдаагийн дарга маш олон асуудлыг шийдэж, бас хаах чадвартай. Тэр хүчтэй цагдаагийн даргыг айлгаж, заналхийлж байна гэдэг бол нэг бол томоохон улс төрчдийн зүгээс, эсвэл цагдаа доторх бүлэглэлийн зугээс л байна. Өөр хаанаас ч биш. Жирийн иргэн цагдаагийн даргыг айлгаж чадахгүй шүү дээ. 7-р сарын 1-нд хүн буудсан нэг гинжин урвал байгаа. Тэр гинжин урвал л өөрөө өөрийнхөө гинжээ бөх байлгахын тулд л заналхийлж байгаа байхгүй юу. Чи няцаад хэн тушаал өгснийг хэлчих вий, эсвэл чи тушаал өгсөнөө нуугаад зөвхөн бид нар дээр хэрэг тохох гэж байна уу гэдэг байдлаас л хоорондоо зөрчилдөж байгаа. Цагдаа нар хэрвээ буудсан бол ямар тушаалаар буудсан юм гздгээ хэлэх ёстой. Тушаалаар буудаагүй бол өөрсдөө л гэмт хэрэг үйлдсэн байж таарна. Тушаал өгсөн хүн нь улс төрчийн заавар байгаа бол тэрийгээ хэлэх ёстой. Ингээд хөврөх ёстой гинж байхгүй юу. Гэтэл тэр гинж хөврөхгүй, харин өөрсдийгөө хамгаалаад зогсоод харин эсргээрээ цагдаагийн байгууллагыг шатрын хүү шиг хэл амны бай руу тулхэж байна.

-Та УИХ-ын 25-р тойрогт нэр дэвшин өрсөлдсөн. Гэтэл энэ тойрог одоогоор маргаантай хэвээр байгаа? Баянголын сонгогчид хэзээ төрд төлөөлөлтэй болох бол?
-25- р тойргийн асуудал нэг өдрийн дотор шийдэгдвэл шийдэгдэнэ. Сонгуулийнхаа хуулийн дагуу СЕХ-ны дарга Баттулга гэдэг хүн тойргийн хорооноос өргөн баривал шийдэгдчихнэ. Тэр хүн дунг өргөн барихгүй улс төрөө хийгээд л яваад байвал энэ маргаан 2 жил ч үргэлжилнэ. Яагаад гэвэл прокурор СЕХ-нд биш шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгдөг байгууллага. Шүүхэд анхан, давж заалдах, хяналтын гээд гурван шат байгаа. Энэ гурван шатыг дамжихад 1-2 жил шаардагдана. Н.Баяртсайхан гэдэг хүн эрүүгийн болон эрүүгийн байцаан шийттэх хуулийг бариад, С.Эрдэнэ гэдэг хүн сонгуулийн хуулийг л бариад яваад байдаг. Энэ хоёр чинь хэзээ ч уулзалдахгүй. Хэзээ ч уулзалдахгүй юм чинь хэзээ ч шийдэгдэхгүй маргаан л болно. Яг үнэидээ прокурор цагдаагийн хүч түрэмгийлсэн үйл ажиллагаа явуулаад узлэг нэрийн дор тооллого явуулснаас болоод энэ маргаан 2 жил сунжрах үндэслэлтэй болчихож байгаа юм. Уг нь энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр шийдэх бололцоотой боловч үндсэн хуулийн цэц шийдэх хүсэлгүй байна л даа.
-Та бол түр үнэмлэхээ авчихаад байгаа биз дээ?

-Түр үнэмлэхээ авчихсан. Гишүүн болсон нь мэдэгдэхгүй, болоогүй нь ч мэдэгдэхгүй, олон олон сонгогчид миний apaac итгэл тээсэн харцаар хараад суугаад байдаг. Олон асуудал шийдэлцэх ёстой. Одоо төсөв хэлэлцэнэ. Дүүрэгт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулах ёстой. Зам, эрчим хүчний олон олон асуудал байна. Хүмүүс маш олон санал тавьж байна. Харамсалтай нь тэр саналуудыг албан ёсоор оруулах ямар ч боломж алга. Өнөөдрийн хэлэлцэж байгаа олон олон асуудалд Баянголын сонирхол байж л байгаа. Яг үнэндээ бараг гурван аймгийг нийлүүлсэнтэй дүйцэх хэмжээний сонгогчид нэг ч төлөөлөлгүй сууж байна. Би бараг ордон руу орж болох эсэхээ ч мэдэхгүй байна.

-Тур үнэмлэхээр ордон руу орох эвгүй биз?
-Яахав орж болж байна Гэхдээ өрөө байхгүй. Бусадтай албан ёсоор гишүүнийхээ хувиар харьцах эрх байхгүй байна. Үндсэн хуулинд заасан хамгийн чухал бол сонгох, сонгогдох эрх. Харамсалтай нь 6-р сарын 29-нд хийсэн Баянголчуудын сонголт одоо болтол хүчинтэй болж чадаагүй л байна.

Эх сурвалж:Монголын нэг өдөр

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.