Гавьяат дасгалжуулагч Д.Банди: Олимпийн медальтнууд надад гэрээний дагуу хувь хүртээхдээ баргардуу л царайтай байна лээ

2008/09/16
Share |
Хүмүүс: Д Банди | 
Гавьяат дасгалжуулагч Д.Банди: Олимпийн медальтнууд надад гэрээний дагуу хувь хүртээхдээ баргардуу л царайтай байна лээ

-Өнгөрсөн гурван жилд боксын спортод “ерөнхий жанжин”-ых нь хувьд та их зүйлийг хийж ирсэн. Нэг хэсэг ч манайд боксын спорт хэцүүхэн л өнгө төрхтэй байсан даа?
-Би 66 оноос 76 он хүртэл өөрөө бокс тоглосон, тулалдсан хүн. Тамирчин байхдаа 1973 оноос Замчин нийгэмлэгийн цагийн дасгалжуулагчар дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Одоо 35 дахь жилдээ явж байна. Манай Монголд анх Оросын боксын школоор сургуулилдаг байсан. Дараа нь Кубын дасгалжуулагч нар ирж ажилласан. Бид мөн Герман, Польш, Болгар зэрэг олон орноор явж тулалдаж байлаа. Миний хувьд 35 жилийн турш энэ болгоныг судалж, аль алийг нь Монголын боксын школ гэдэг юмыг ерөнхийдөө тавьсан. Миний төлөвлвгөө бол өөр ямар ч орны төлөвлөгөөтэй адил биш. Ер нь Монголын боксыг авч явж байсан олон багш нар бий. Залуучуудад маань зарим талаараа алдаж оносон юмнууд бий. Гурван жилийн өмнөөс миний бие Монголын боксын ерөнхий жанжнаар ажиллаж байна. Өмнө нь Олзод багшийн үед тивийн хэмжээний тамирчид төрж байсан. Үүний дараа манай Батбаяр багш Алтанхуяг багш нар дэлхий, олимпийн хэмжээнд гаргасан. Өнөөдөр миний хувьд олимпийн аварга төрж болдог юм байна гэдгийг харууллаа. Энэ багш нарынхаа өв уламжлалыг авч явж, алдаа оноо бүх юмыг нь дүгнэж цэгнэж явсаар байгаад ийм амжилтанд хүрлээ. Сая олимпод 195 орны боксчид оролцсон. Манай дөрвөн тамирчин багийн дүнгээр 4-р байрт шалгарсан. Боксын байтугай Монголын спортын түүхэнд байхгүй гайхамшиг болсон юм аа. Мэдээж энэ бүхэн бол олон хүний хамтын хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Ийм сайхан хамт олныг бүрдүүлсэн доктор, профессор Д.Цогбаатар ерөнхийлөгчдөө маш их талархаж байгаа.
-УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу боксынхонд харамгүй сэтгэл, зүтгэл хөрөнгө хүчээ зориулсан хүн. Сая хүртэл олимпод шүүгч нарыг зөөлрүүлж мөнгө төгрөг өгсөн гэх сураг сонсогдсон?
-Тэр мөнгө төгрөг ч яахав. Ш.Сайхансамбуу маань Монголын боксын холбооны хүндэт ерөнхийлөгч. Манай хүн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш их мөнгө зарсан. Гэхдээ жаахан буруу юм руу зарсан болов уу. Онож зарцуулж чадаагүй болов уу гэж би боддог. Одоо ч хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Биднийг ивээн тэтгэдэг. Их сайн хүн. Ш.Сайхансамбуу гишүүн маань сая Бээжингийн олимпийг үзээд “Бокс гэдгийг чинь одоо л ойлгож байна” гэж хэлсэн гэж байгаа.
-Та түрүүн бид дэлхийд Монголын боксын школ гэж ямар гэдгийг харууллаа гэж байсан. Э.Бадар-Ууганы тухайд жиндээ бол үнэхээр мундаг байсан шүү?
-Бадар-Ууган маань үнэхээр азтай, хийморьтой, тактик биелүүлж чадах чадварыг бүрэн эзэмшиж чадсан тамирчин. Олимпийн өмнөх бэлтгэлд уяа сойлго нь маш сайн таарсан. Азтай гэдэг нь ийм учиртай. Сугалаа сугална гэдэг бол маш чухал. Юу ч болоогүй байхад эхлээд том нэртэй аваргатай таарахад, их хүнд. 8 сарын 8-ны өглөөний 11 цагаас нэг цагийн хооронд сугалаа явагдана. Энэ үед ерөөдөг, ном уншдаг ямар хүн байна вэ бүгд аз хийморьтой байлгах ном уншаач ээ гэж би хэлж байсан. Тэгэхэд Богд уулын зүүн суганд 1008 лам ном уншсан гэж байгаа. Бас бусад хүүхдүүдийнхээ гэр бүлийнхэнд сугалааны цагийг яг ингэж хэлсэн. Тэгээд ч сугалаа сайхан таарсан. Хийморьтой байна гэдэг нь яг рингэн дээр гараад шүүгчид шал ондоо харагдах ёстой байхгүй юу. Энийг ч гэсэн бид хийж чадсан. Манай боксын холбооны бодлого байгаа байхгүй юу. Дасгалжуулагч тамирчдаа олон газар явуулж, тэмцээн уралдааны туршлагатай болгох, шүүгч нараа олон орны шүүгчидтэй танилцуулах гэх мэтчилэнгийн бодлого бий. Сая Энхзоригийн хувьд гар нь сайн эдгээгүй ш дээ. Бэлтгэл хийж байхад хойд гарын суналттай цохилт хийж чадахгүй байсан. Тэр утгаараа бэлтгэл нь дутуу болсон. Гэхдээ тактикийн хүчээр, аз хийморийнхоо хүчээр Кубын тамирчинг ялж явж байгаад оноо тэнцээд тэгэнгүүт нь 1 оноо авахгүй бол болохгүй гэдэг даалгавар өгсөн юмаа. Тэгээд нэг оноо алдаад ялагдсан. Үзэгчид маань эхний өдрүүдэд буруу аялгуутай хөгжөөн дэмжсэн. Манай хүнийг цохихоор л “Үү, үү” гээд байсан байхгүй юу. Тэгэхээр нь манай хүнийг эсэргүүцэж Кубыг дэмжиж байгаа юм байна гээд шүүгч нар хэд хэд дараад хаячихсан байгаа. Хажуугийн шүүгч нар тэгж зрителийн уур амьсгалд ордог байхгүй юу. Харин нөгөө шүүсэн шүүгч гарч ирээд манай Баясгалан шүүгчид “Зритель чинь буруу орилоод байх юм байна ш дээ” гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд маргаашаас нь зрительдээ орилох үгийг нь зааж өгсөн. “Монголиа”, “Уухай” гэж зааж өгсөн шүү. Их нарийн шүү дээ.
-Тамирчдынхаа зан ааш, онцлогийг юу юунаас илүүтэй мэдэж мэдэрч байдаг хүн бол дасгалжуулагч шүү дээ?
-Яг бэлтгэл дээр бол Бадар-Ууган маань хэлсэн үгийг сайн сонсоно. Бадар-Ууган яягүй том нүдтэй ш дээ. Дүрлийтэл сонсож байгаад яг хийнэ. Дээр нь өөрөө нэмж хийнэ. Нэг хэлсэн юмыг дахин дахин давтдаг. Сэрдамба болохоор маш эрчимтэй ажилладаг. Бэлтгэлийн үед багшийн нүд харахад начигнуулж өгнө. Жаахан өөр тийшээгээ. анхаарч байгаад эргээд харахад манай хүн жаахан завсарлачихсан байдаг юм(инээв). Энхзориг бас тийм их шартай.
-Уул нь олон хүн У.Мөнх-Эрдэнэд их найдлага тавьж байсан даа?
-Мөнх-Эрдэнэ маань зан авирын хувьд их даруухан. Дотроо их бариад байгаад байдаг хүүхэд. Сүүлийн олимпод бол уяа сойлго нь сайхан таарсан. Олимпод ирлэх хоёр сарын бэлтгэлд ирлэгээний үед үнэн гайхамшигтай сайн байсан. Өөрөө юмыг сэдэж хийгээд бэлтгэлээ маш сайн хийж байсан. Тэгээд ч азтай хийморьтой байсан. Эхний хоёр даваанд маш мундаг хоёр хүнийг ялсан шүү дээ. Багшийн үгийг маш гоё аваад “Одоо яах вэ? багшаа” гээд л харин гурвын даваанд Францтай тоглоход тэр бүх юм юу ч үгүй болчихсон байсан. Реакци байхгүй. Бие халаалт хийхээс эхлээд л хөдөлгөөн нь саарчихсан. Тийм хачин болчихсон байсан.
-Яагаад тэгчихсэн юм бол?
-Би тухайн үед “Чи яасан, ийсэн” гээгүй. Гол нь түүнийг нь яаж засахав гэдэг аргаараа л аргадаж үзлээ. Загнаж зандарч нэг үзлээ. Тэгээд тоглоод дууссаны дараагаар би “Чи яасан юм бэ?” гэж асуусан Би бараг 10-аад таамаг дэвшүүлж байгаа. Надад ерөөсөө хэлээгүй. Хожим дуулах нь ээ нь, муу мэдээ сонссон сурагтай.
-Хаанаас ямар таагүй мэдээ сонссон юм болоо. Уул нь тамирчид яг тэмцээний өмнө бол вакуум орчинд байх шаардлагатай байх аа?
-Уг нь би бүгдийг нь вакуум дотор байлгадаг байхгүй юу. Утсыг нь хурааж авах ёстой байсныг л би алдсан байна лээ. Тэгээд эд чинь утсаа өгөх дургүй ээ. Ер нь утсаа заавал унтрааж унтдаг ёстой. Ямар ч байсан нойр нь хүрэхгүй болоод шөнийн гурван цагт эмчээс нойрны эм асуугаад явж байсан сурагтай. Тэр л нөлөөлсөн болов уу гэж би таамагныхаа хариуг гаргаад байгаа. Дам хүнээс сонсоод шүү дээ.
-Өөрөө эм уусан гэдгээ хэлээгүй юу?
-Ерөөсөө өөрөө хэлж өгөхгүй байгаа. Эмч бол эм өгөөгүй гэж байна гэсэн. Ер нь харамсмаар л байна л даа. Мөнх-Эрдэнэ бага байхдаа надтай маш их ярьдаг байсан. Намайг их хүндэтгэж явдаг байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд надтай ярихаа больсон. Хүн бүртэй ярина. Хүн бүрийн хэлсэн юмыг тусгаж авна. Буруу ч бай, зөв ч бай хийгээд л яваад байдаг. Надтай зөвлөхгүйгээр тусдаа юм хийгээд яваад байдаг. Зарим үед бол асууж ярилгүй яахав. Хойтон жил Дэлхийн аварга байгаа. Гайгүй сайн тоглоно биз дээ. Тамирчид маань “Багш маань ингэж зүтгэж явсан юм байна. Биднийг амжилтанд хүргэх гэж бүх л юмаа зориулж явдаг байсан юм байна” гэдгийг ойлгоосой гэсэндээ дэлгэрэнгүй ярьж байгаа нь энэ. Ний нуугүй хэлэхэд би тамирчиддаа хамгийн түрүүнд багш нь. Тэгээд тогооч нь болно, бариач нь ч болно. Эмчлэгч эмч нь болно. Бүх л юмыг хийдэг. Заримдаа манаач нь болно. Эхнэрээс нь хүртэл харамлана. Олон тамирчдын дотор олон санаатай хүүхдүүд байна. Харин бид нэг атганд зангидаж, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд хамт оруулж, маш эвтэй найртай болгосон.
-Нэг үе ч спорт, урлаг дагаад амьдралд нэмэргүй гэж хэн хүнгүй л үздэг байлаа. Харин одоо цаг өөр болсныг бид нүдээрээ харж байна л даа?
-Тамирчин хүн багшийнхаа үгэнд орж, бэлтгэл дасгал сургуулилтаа сайн явуулаад, хамт олноо хүндэтгээд явна гэдэг бол явж явж өөрийнх нь л сайн сайхны төлөө юм шүү дээ. Ерөөсөө тамирчин амьдралдаа хүрнэ. Тэгээд эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж ард түмнээ баярлуулж байгаа. Эхний асуудал бол өөрөө амьдралд хүрэх шүү дээ. Тэгж бодож л хичээллэх ёстой юм. За одоо тэгээд манай Бадар-Ууган бол зургаан байртай, унаа тэрэгтэй хөрөнгөтэй сайхан болж байна. Зүтгэлийнхээ үр шимийг үзэж байна. Харин Бадар-Ууган маань “Банди багшдаа хоёр өрөө байраа бэлэглэнэ” гэж ярьж байна гэж дуулсан.
-Ингэхэд тамирчдыг нь шагнадаг, дасгалжуулагчдыг нь гадуурхдаг хуулийн тухай их яригдаж байна?
-Манай БТС хууль жаахан дутуу боловсрогдсон. Тэнд зөвхөн амжилт гаргасан тамирчныг урамшуулна гэчихсэн байгаа. Тэгэхэд тамирчныг амжилтанд хүрэхэд чухал нөлөө үзүүлж байгаа тэр хамт олон хоосон хоцорсон. Тэрийгээ залруулахын тулд тамирчинтай гэрээ хийнэ гэж байгаа. Энэ бол тамирчнаас гуйж авна гэсэн үг. Үүнээс болж дасгалжуулагч тамирчдын хооронд хагарал гардаг. Жишээ нь 120 саяыг тамирчинд өглөө гээд яриад байдаг. Нөгөө аварга болсон тамирчны хувьд чинь 120 сая л толгойд тусаад байна ш дээ. Хүн чинь тийм юм сонсохоороо харам болдог байхгүй юу. Хүн гэдэг чинь угаасаа тийм байдаг юм. Өөрийнхөө авч байгаа мөнгөнөөс хүнд “Май” гээд өгөхөд үнэн хэцүү байгаа. Яахав. Над шиг сэтгэлтэй хүн бол “Май” гээд өгнө л дөө.
-Олимпийн алт мөнгөн медальт тамирчид маань ахлах дасгалжуулагчдаа баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлсэн бол. Нөгөө гэрээний дагуу хувь авсан болов уу?
-Гэрээнийхээ дагуу өгсөөн, өгсөн. Гэхдээ л нэг баргардуу царайтай л байна лээ. Тэгэхээр хуулинд өөрчлөлт оруулчихвал асуудал байхгүй болно л доо. Тамирчид 120 сая, бусад бүрэлдэхүүнд нь 60 хувьтай тэнцэх шагналыг өгнө гэдэг ч юм уу. Ингээд тусгаад өгвөл болно. Гадны орнуудад тамирчинд хэдэн сая доллар өгч байна вэ. Дасгалжуулагчид нь мөн адил өгдөг. Энэ мэтээс үүдээд сэтгэлзүйн талаар тамирчнаа дасгалжуулагчаас нь холдуулаад хаячихдаг. Хичээж зүтгэж харилцан хамтарч ажиллаж ямар сайхан байлаа. Миний үгэнд ороод явж байсан улсууд чинь яг энэ байдлаас болж үгэнд ч орохоо болиод явчих тохиолдол гарна шүү дээ.
-Та амьдралынхаа 42 жилийг боксын спортод зориулж. Эргээд харахад таньд юу өгөв өө?
-Би Олимпийн цугларалтанд байж байгаад шууд Украйн руу тэмцээнд яваад 7 хоноод ирсэн. Шууд байрлаж байгаа байрнаасаа яваад буцаад тэр байрандаа ирсэн. Тэгээд хөгшин рүүгээ утасдаад “Би яваад ирлээ, байрандаа байна” гэсэн чинь. “Өө за за. Хоёулаа ерөөсөө салъя” гэж байгаа юм (инээв). Ийм л мьдралыг туулж яваа байхгүй юу. Ямар сайндаа Лүндээжанцан даргыг бидэнтэй ирж уулзахад нь “Манай эхнэр салъя” гэсэн гээд хэлээд инээж байсан юм. Амьдрал бол хүндээ. Ганцхан надад нэр хүнд л өгч байна. Би одоо Ардын багш, МУГДасгалжуулагч-академич, профессор, магистр гээд их л нэр хүндтэй болж байна. ОУХМ за тэгээд дөрвөн ромботой. Ийм баахан тэмдэгтэй, нэр хүндтэй хүн явж байгаа. Гэхдээ би амьдрал ахуй талдаа хүнд, арван хэдэн жил түрээсийн байранд л амьдарч байна. Байртай болчихвол их л баярлахаар байна. Тэнгэрийн умдаг атгасан юм шиг л болно доо.
-Ингэхэд таныг олимпоос алтан медаль автлаа бор дарс дуслыг ч амсахгүй гээд өөртөө ам тангараг өгч байсан гэнэ гээд байсан?
-Үгүй ээ. Би ямар бор дарсанд орчихсон хүн биш. Ерөөсөө архи уудаггүй буриад гэж байхгүй ш дээ. Угаасаа архичин буриад гэж ярьдаг юм чинь. Гэхдээ би тэгж бор дарсанд орчихсон амьтан биш ээ. Өөрийгөө зохицуулж чадна. Энэ чинь найз нөхөдтэйгээ уулзаад юу гэж амсахгүй байх юм бэ. Ингэж донгосдог улсууд байдаг юм. Бүр бор дарсанд хэтэрхий шуналтай гэж бичсэн байна гэсэн. Хүнийг сайн явахад садаа болдог сөрөг хүчний улсууд бий. Ямар улсууд байдгийг нь ч би мэднэ. Би бол гэр орон, ар талаа мартаж, хаяж явж байж л энэ хэмжээнд ажиллаж яваа.

Эх сурвалж:Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.