Г.Хайдав: Жавхлангийн гэргий Богдын хатан шиг бондойсон бүсгүй байна лээ

2008/09/17
Share |
Г.Хайдав: Жавхлангийн гэргий Богдын хатан шиг бондойсон бүсгүй байна лээ

Монголын урлагт амьд түүх болсон энэ хүн бол Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав гуай. Өдгөө наян насны босгыг аль хэдийнэ алхсан ч хүүхэд шуугисан эх өргөөндөө соёлын үрийг тарилцан, шавиа хүлээж, дуугаа дуулсаар л явна. Хайдав багштай ажил амьдралынх нь талаар ярилцлаа.


Би ная гарсан ч дуугарч, хашгирах биш дуулж чаддаг хэвээрээ байгаа

- Урлагтаа зүтгэсээр л, хойч үеэ бэлтгэсээр л явааг тань хараад өөрийн эрхгүй бишрэх сзтгэл төрлөө. Гэхдээ та энэ их чимээ шуугианд яадрахгүй баийа уу?
-Хүүхдүүдэд өөрийн сурсан мэдсэнээ харамгүй хэлж өгөхөд юу нь муу байхав. Би нас дээр гарсан хүн гээд гэртээ биеэ чагнаад хэвтээд байх сонирхол надад байдаггүй юм аа. Дуучин хүнийг бэлтгэх ажлыг 50 гаруй жил хийлээ. Дэлхийн аугаа багш нараас сурсан эрдмээ Монголын мэргэжлийн дуучид ямар байх ёстой вэ гэдэгт зориулж байна. Ер нь Монголд анх удаа мэргэжлийн дуучид бэлдэх бүлгэмийг би байгуулсан. Анх арван хэдхэн хүнтэй хичээлээ эхлүүлж байлаа. Нэг ёсондоо буяны ажил юм даа. Анхны төгсөгчид маань дөрвөн жил суралцаад төгссөн. Авъяастай хүн гэдэг миний санасанаас хамаагүй хурдан сурч чаддаг юм билээ. Гадаадад бол арван хэдэн жил сурч байж төгсдөг мэргэжил шүү дээ. Миний анхны шавь нарын нэг “Зууны манлай уртын дуучин”, ардын жүжигчин, төрийн шагналт Уртнасан байна. Шавь нараас минь зарим нь уран бүтээлээ хийгэд л явж байна. Зарим нь бурхан болж дээ.
-Та өнгөрсөн хавар анх удаагаа өөрийн бие даасан тоглолтоо хийсэн. Тэрч бүү хэл “Евгенин Онегин”-ын алдартай дуурьт дуулсан. Энэ нь үнэхээр гайхамшиг гэж манай урлагийнхан хэлж байсан?
-Би хэдийнээ 85 нас хүрсэн ч өөрийгөө гололгүй Чайковскийн ”Евгейнин Онегин” дуурийн гол дүрд тоглосон. Ам гарчихаад дуулж чадахгүй байх вий дээ гэж айж байсан ч дуулж чадсан. Хүмүүс биш би өөрөө ч энэ алдартай дуурийг амилуулж чадсандаа гайхсан. Хүмүүо далан хэдтэй хүн л дуулж байсан гэж мэдэхээс ная гарсан хойноо ингэж дуулна гэж санасангүй гэж их сонирхож байсан. Тэр байтугай Чехүүд хүндэтгэсэн сэтгэлээ илэрхийлж намайг эх нутагтаа найм хоног амруулсан. Ингээд бодохоор уран бүтээлийн ажил хийж байгаа минь надад их бахархалтай санагдсан. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг дээ. Би одоо ч гэсэн хааяа нэг дуулчих гээд байдаг. Тэр нь яахав дээ та нарынхаа үгээр бол нөгөө настртай байх үедээ дуулна. Сэтгэл санаа гайгүй үед дуулах сайхан шүү. Би урлагтай амьдралаа холбоод 30 гаруй дуурийн гол дүрд тоглож, 600 гаруй дуу дуулж дээ.Тиймээс би өөрийгөө голдоггүй. Дэлхий нийтэд ч гэсэн над шиг ная гарсан хойноо дуулдаг хүн цөөхөн байгаа. Тиймээс би уран бүтээлдээ нэг ч гэсэн дуу нэмэх гээд л ажлаа хийгээд явж байна. Дуучин хүний уран бүтээлүүд ажил болж байна аа гэдгийг харуулах гэж би өөрөө өөрөөрөө үлгэр жишээ үзүүлж байгаа юм. Миний дуулах хугацаа маань уг нь 60-аад настай байхад дууссан. Тэрнээс цааш нь би чадлаараа, тэнхээгээрээ, гэвчээр , хатуужлаараа л дуулж явна. Хааяа бол дуулчихна шүү. Халтуурдаад хаячихгүй, дуугараад орхихгүй дуулчихна. Тэгэхээр энэ чинь тийм ч их нас заагаад байх ажил биш юм шиг ээ . Миний багш Оросын аугаа дуучин Иван Симанович 90 гарсан хойноо уран бүтээл хийж дуулж байсан түүх бий. Багш маань дуулж байгаад тайзан дээрээ нас барсан. Эмэгтэйчүүдэд бол ная хүртлээ дуулдаг хүмүүс гадаадад зөндөө байдаг. Сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг их үнэн үг. Юмыг сайн чаддаг байхад тэрийг хэн ч булаахгүй шүү дээ. Хүн амжилтанд хүрхэд тэсвэр тэвчээр, хатуужил их хэрэгтэй. Эрүүл биетэй саруул ухаантай бол. Эрдэм номтой сайхан амьдаръяа гэсэн бодолтой хүн бол залуу сайхнаараа уран бүтээлээ хийгээд амьдарч болно. Дуугарахад илжиг хүртэл биднээс чанга хашгирч чадна. Чанга хашгирч, орилж чаддаг хүн бүхэн дуучин биш. Хэдхэн сарын өмнө та өөрийн бие даасан анхны цомгоо гаргалаа. Борлуулалт хэр байна вэ. Зарим хүмүүс хэтэрхий үнэтэй байна гэж ярьж байна лээ?
-Миний тухай надаас өөр хэн ярихав дээ. Ард түмэн минь ч зарим нь намайг шинэ цомог гаргасныг мэдзж байгаа байх. DVD, CD гэдэг бол 21-р зууны гадаадын соёлтой орнуудын бүтээл. Гэтэл бид чинь пянзнаасаа салаад удаагүй байна шүү дээ. Би анх хүний газар эрдэм сурхаар очиж байхдаа юу ч мэдэхгүй нүдээ бүлтийлгэсэн, амаа ангайсан хүүхэд л байсан. Гэхдээ би одоо өөрийгөө энэ 21-р зуунаас нэг их хоцорчихоогүй байна гэж л бодож байгаа. Би өөрийнхөө мэргэжлийн тогоонд ном гаргадаг болчихсон, ямарч хэл дээр уран бүтээл хийгээд дуулахад хүмүүс ойлгохгүй байна гэж байхгүй, Тиймээс би орчин үеийнхэнтэйгээ зэрэгцэж өвгөн болсон хойноо цомог гаргасан юм. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч Монгол хэлээ мэддэг гэж хэлэхгүй. Жинхэнэ Монгол хэлийг Ренчин гуай, Дамдинсүрэн гуай нар л мэддэг байсан байх. Харин одоо бол Монгол хэлтэй, Монгол бичигтэй хүн тун ховорхон болжээ. Юмыг мэддэг, чаддаг хүн гэдгийг сайн чаддаг хүнийг л хэлнэ. Тэгэхгүй сайд майд, сайн майн гэж ярьж байгаа хүмүүс бол Монгол хэлээ мэддэг гэж андуурч болохгүй ээ. Ингэж ярьж байгаа хүмүүс бол эрдэмтэн биш мэрдэмтэн байгаа байх. Одоо манайд доктор гээд моктор, профессор гээд мрофессор зөндөө байгаа. Урлаг маань ч гэсэн дуучид гээд муучидтай болчих вий гэж эмээсэндээ, миний мэддэг чаддаг юм жаахан ч гэсэн нэмэр болоосой гэж би энэ цомгоо гаргасан юм. Манайхан чинь эрлийзжээд дандаа л хүн дуурайсан сармагчингууд болчихоод байна. Тийм учраас би хүнд хэрэгтэй юм хийе дээ гэж бодсоноос биш хэдэн мөнгө олъёо гэж бодож энэ цомгийг гаргаагүй юм. Миний хүүхдүүд, төр минь ч гэсэн намайг хоолтой минь байлгаад байна. Би амьдралдаа сэтгэл хангалуун байгаа. Мөнгө олох гэж хөөцөлдөөгүй. Хүүхдүүд, шавь нар маань “Таны хийсэн бүтээл, үүх түүх учраас одоогийн од нэртэй модуудын хийсэн зүйлтэй адилхан үнээр зарахгүй” гээд жаахан үнэтэй зарж байгаа. Тэгсэн цомгийг маань авахгүй байна гэнэ лээ. Манайхан хэрэгтэй юманд мөнгө зарахгүй л дээ. Баар ресторанд бол тэр байтугай л зарж байгаа байх. Энэ үгийг би жаахан гомдсондоо хэлж байгаа юм. Монголчууд маань цаг нь ирэхээр зөв юм байж ээ гэдгийг ойлгох байлгүй дээ. Би өөрийнхөө 60 жилийн уран бүтээлээс дээжлээд цомгоо гаргасан нь үнэн. Тэрийгээ би буруу юм хийчихлээ гэж хэлэхгүй. Тийм л байна.
-Та бас анх удаагаа өөрийн бие даасан тоглолтоо хийсэн. Гэхдээ харамсалтай нь хүмүүс нэг их ирж үзээгүй гэсэн. Энэ чухам юунаас болсон юм бол. Арай таныг хоцрогдсон гэж бодмооргүй л юм?
-Тэр бол миний хоцрогдсоных ч биш. Үнэ өндөр байсных ч биш. Зохион байгуулагчдын буруу. Зохион байгуулсан хүн нь маргааш тоглолт болох гэж байхад өнөөдөр нь билөт зарж эхэлсэн. Гэхдээ сонирхсон, сонсголд нь хүрсэн хүмүүс ирсэн. Би хүнийг цөөн байна гэж голдоггүй. Би таван хүнд ч тоглолтоо хийдэг дуучин. Түүнээс биш намайг сонирхоогүйдээ, ирээгүй гэж би бодохгүй байна. Ялангуяа өдий ная гарчихаад Хайдав дуугарах нь үү дуулах нь үү гэдгийг сонирхох хүмүүс уг нь олон л байсан байх.

Намайг “Чи үхэхгүй юугаа хийгээд байгаа юм” гэж заналхийлсэн

-Уучлаарай. Зарим нэгэн хөгшчүүл таныг ная гарсан насандаа гэртээ суусангүй уран бүтээл гэж гүйлээ гэж заналхийлсэн гэж сонсогдсон?
-Тийм. Энэ бол яах аргагүй надтай ярьсан яриа. “Чамаас болж гэрт хүүхдүүд суулгахгүй байна. Хайдав гуайг хар ажлаа хийгээд л явж байна. Тэгээд ч зогсохгүй түмэндээ уран бүтээлээ толилуулах гэж байна. өөрөө дэлгүүр хоршоо хэсээд хүнсээ цуглуулаад явдаг юм билээ. Гэтэл та нар гэртээ зүгээр хэвтээд, доголон, тахир дутуу юм шиг байна гэж загнаад байна. Чи одоо гэртээ хэвтэж байхгүй юугаа хийгээд байгаа юм. Чи үхэхгүй юугаа хийгээд байгаа юм” гэж тиймэрхүү л юм ярьсан. Энэ настайчууд дотор чинь бас тийм муу хүн байна. Хүмүүс дунд чинь сайн нь ч байна, муу нь ч байна, саарал нь ч байна, буурал нь ч байна.
-Тэгээд та тэр үгийг нь сонсоод дуугай л байгаад байсан юм уу?
-Та нар өөрсдөө хичээхгүй юу. Би нэг жил ч гэсэн амьдармаар байна” гэж л хэлсэн.
-Таны хүний дургүйг хүргэсэн тэр гайхамшигт нууц, залуу байгаагийн учир нь юу вэ?
-Би эрүүл биетэй саруул ухаантай сайн ээж, аавын хүү. Энэ үүлгүй хөх тэнгэр унасан газар минь тэр чигтээ миний өлгий. Зарим гадаадын хүмүүс надаас яагаад залуу байгаад байна гэхээр нь би дургүй хүрээд “Би говийн голио. Та нар говьд төрөөгүй учраас тийм юм битгий яриад бай” гэдэг юм.Уг нь би аав, ээжээс төрсөн мах цуснаас бүрдсэн адилхан л хүн. Ганцхан аливаа зүйлийг хэтрүүлэх хэрэггүй. Ууж битгий хэтрүүл, унтаж битгий хэтрүүл, уурлаж битгий хэтрүүл гэх жишгээр л амьдарвал залуугаараа байгаад л байна даа. Энэ жишгээр ярьвал 35 үсгээр ярина. Энэ бол амьдралын философи, энэ бол шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааныг надад ээж минь өвлүүлсэн юм. Хоёрт гэвэл би үргэлж сэтгэлээ хөглөж, тайван амгалан, цогтой золботой явахыг боддог. Өтөлсөн болохоос үхсэн биш гэж өөрийгөө залуужуулж, хөглөж явдаг.

Сэргэлэн минь “Миний хүү зөв замдаа орж уран бүтээлээ хийгээч дээ, миний хүү базаахгүй болох болоогүй шүү, аав нь өдий хүрчихээд өөрийгөө голоогүй байна”

-Та их сайхан сургааль үг хэлэх юм. Гэхдээ энэ үгээ хүүхдүүддээ хэлдэг үү. Сэргэлэн хөгжмийн зохиолч хаана яваа вэ. Төмөрбаатар гавъяат ч бас санасан хэмжээнд тань хүрч уран бүтээл хийхгүй байх шиг ээ?
-Би зургаан хүүхэдтэй гурван хүү, гурван охин. Би эднийхээ хэнийг ч муу хэлэхгүй. Миний үрс. Гэхдээ муу хэлэх хүмүүс байна аа. Нөхөд гээд ноход болгодог хүмүүс байна. Буруу зам руу орсон ч тэрнээсээ гараад одоо амьд мэнд байгаад нь би баярлаж явдаг. Миний хүүхдүүд эрүүл биетэй саруул ухаантай. Ганцхан саруул ухааныг нь самууруулдаг муу санаатнууд зам зуур нь орж муу тал руу их хэтэрсэн байх. Тэрнээс биш миний хүүхдүүд хүнтэй л адилхан амьдарч яваа улс. Би ч өөрөө нэг их хүний жишээ болоод байхаар хүн биш. Харин би хүний сайн жишээ гэвэл та нарын ээж чинь ч байж болох, эгч чинь ч байж болох хүн Цогзолмаа гуайг хэлнэ. Тэр хүн бол Монголчуудад үлгэр жишээ болох хүн. Би чинь өөрөө Цогзолмаа гуайгаас үлгэр авч явдаг хүн.
-Таны хүүхдүүд урлагийг сонгодог ч нэг л тууштай байхгүй байх шиг ээ. Ач зээ Нараас чинь таны дайны дуучин төрөх нь үү?
-Миний ач зээ нараас дуучин төрнө өө. Одоо дөнөж сургуульд орж байгаа жаахан нь ч гэсэн “Би өвөө шиг дуучин болно ” гэдэг юм. Миний хоёр дахь хүү Төмөрбаатар Монголын эстрад урлагийн анхдагч хүн шүү дээ. Одоо ч би хүүгээ жаахан хөгөлж байгаад дуулуулах юм бол хэнээс ч илүү дуулна. Саар, сайн дуулдаг дуучид дунд миний хүү эгнээ нэгтэй л яваа гэж бодож байна. Хүү минь одоо бас нас нь өндөр боллоо шүү дээ. Бараг 60 нас хүрч байна. Харин том хүү Сэргэлэн маань л түрүүний миний хэлдэгээр муу нөхрөөс болоод мөхөх болох гэж байгаа юм болов уу, яаж байгаа юм бол. Түүнийгээ сайн хэлж мэдэхгүй байна. Би ер нь базаахгүй явна гэж үнэлж байгаа юм болов уу надаас холдоод байгаа. Тийм учраас “Сэрүүлэг” сониноороо дамжуулан хүүдээ хэлэхэд “Миний хүү базаахгүй болох болоогүй. Аав нь өдий хүрчихээд өөрийгөө базаахгүй болсон гэж голоогүй л байна. Миний хүү зөв замдаа орооч дээ. Уран бүтээлээ хийгээч дээ” гэж л хэлмээр байна. Хамгийн сүүлд би хоёр жилийн өмнө хүүтэйгээ уулзсан. Тэгэхэд эрүүл саруул л явсан. Амьдралын хатуу хүтүүг туулж л явсан. Гэлээ гэхдээ хүү минь ингэж болохгүй ээ. Би ч амьдралдаа сайн сайхан элэг бүтэн байгаад байсан юм биш шүү дээ. Амьдрал надад их л хатуу хандсан. Би айлын есөн хүүхдийн хамгийн бага нь. Эцэг, эх, эгч, ах нар минь бүгд бурхан болсон. Дээр нь миний хоёр хань хорвоогоос хальсан. Би энэ амьдралдаа өчнөөн л юм үзлээ. Би нугарсангүй. Хатуужилтай , тэвчээртэйдээ л хад чулуу шиг амьдраад байна шүү дээ.

Гэргий маань надаас тусдаа амьдардаг болсон

-Одоо та хэнтэйгээ амьдарч байна вэ. Таныг гэргийгээсээ салсан тусдаа амьдарч байгаа гэж сонссон. Ганцаараа амьдрахад хэцүү биш үү?
-Тэр яах вэ миний хүү. Гэргий маань ачтайгаа хамт гадаадад амьдарч байгаа дүүгийнхээ охины сууцыг харж байгаа. Би байраа хараад хүүхэдтэйгээ, ачтайгаа амьдарч байна.
-Та хэд хэдэн удаа гэрлэж сайхан сайхан хүмүүстэй ханилж явсан хүн эхнэрүүдээ хооронд нь зүйрлэн голж шилж адилтгаж байв уу?
-Би сайн ээж, сайн эмээ, сайн охиныг л эмэгтэй хүн гэнэ. Энэ бүхнийг өөртөө цогцоор нь шингээсэн хүн бол Цогзолмаа гуай нь байна. Бид хоёр 60 гаруй жил үерхлээ нэг ч муу юмыг нь мэдэхгүй. Цогзолмаагийн муу юмыг би өөрөөс нь ч дуулаагүй өрөөл бусдаас ч сонсоогүй. Тэр сайхад би өөртэйгээ ханилж байсан хүмүүс, ээжийгээ багтаана. Тэдэнд маань муу зүйл байсан бол тэр бусдын нөлөө байсан байх. Би хоёр хүнээс салсан. Миний анхны охин залуу байхдаа өөрийнхөө муугаас бус өрөөл бусдын муугаас цэл залуугаараа жирэмсний хүндрэлээс болоод нас барсан. Хоёр дахь хүн надтай хорин жил ханилсан. Манай эмч нар хагалгаа буруу хийснээс болоод тонилгочихсон. Тэгээд гурав дахь хань маань энэ хүн. Энэ гурав маань надад гурвуулаа сайн хань, сайхан хүүхнүүд байсан. Би хэн нэгнийг нь голоод юм уу тохирохгүй нь гээд салаагүй. Амьдрал надад ийм л хувь зохиол ногдуулсан.
-Та гурван эхнэрээсээ гурвуулангаас нь хүүхэдтэй юу. Тэд чинь хоорондоо хэр таарамжтай вэ ?
-Би гурван эхнэрээсээ гурвуулангаас нь хүүхэдтэй. Гэхдээ манай хүүхдүүд ихэнх нь аавыгаа дуурайсан. Хүүхдүүд маань надтай хамт амьдарч, миний
хүмүүжлээр амьдарч байхдаа амь нэгтэй л байсан. Гэхдээ тэр ч нэг их сүртэй сайхан хангалуун амьдрал ч байсан биш дээ. Цалингийнхаа хэдээр л болгодог байсан юм чинь. Бага нь томынхоо хувцасыг өмсөөд л өссөн миний хэдэн хүүхэд. Айлын хүмүүс болоод хамаг амьдрал нь өөр болсон. Стресстэй ууртай ийм төвөгтэй байх үе байдаг. Тэр аашаа надад тэд гаргадаг ч байж магадгүй, мэдэхгүй. Айлын бэр болно гэдэг бол айлын зарц болно л гэж би ойлгодог байсан. Яахав хэрэгтэй бол хүүхдүүд минь заавал ээжийнхээ юм уу, аавынхаа занг дуурайх гээд хэрэггүй шүү дээ. Хүн сайхан явахад тэвчээр, хатуужил, ухаан, тэнхээ хэрэгтэй. Миний хүүхдүүд харин эрүүл биетэй саруул ухаантай.
-Таныг эхнэрүүдээ авахаар айлын хүргэн болоод очиж байхад хадмууд чинь яаж хүлээж авсан бэ. Сайн дуучин гээд хөл алдаж байсан болов уу?
-Би чинь хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч байхдаа анхныхаа ханьтай нийлсэн юм. Тэр үед тэдний тал ч базаахгүй, миний тал ч базаахгүй. Юу ч үгүй хоёр хүн нийлчихсэн. Ганцхан миний ээж боловсролтой хүн учраас намайг хадмынд амьдрахаас татгалз гэсэн. Хадмынх маань сайхан таван ханатай гэрт их олуулаа амьдарч байсан. Тэгээд намайг ээж ийм олуулаа байхад хадмындаа амьдарлаа гэж зэмлээд. Гэрт амьдарч байсан бага эгчийг минь тусдаа rap гэсэн. Тэгэхээр нь би “Би ер нь өөрийнхөө замаар явна” гээд л явсан. Тэр өөрийнхөө замаар явсаар л өдий хүрч байгаа минь энэ.

С.Жавхлангийн эхнэр нь Богдын хатан шиг Монголжуу царайтай хөөрхөн полдойсон бор хүүхэн байдаг

-Таны шавь нар таныг өмчлөх гээд булаацалдаад байх юм аа. Яагаад тэгдэг юм бол?
-Энэ бол хүний мөо.Би өөрөө яавал хүнийг хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэх юмсан гэж л хүсдэг. Тиймээс миний шавь нараас сайн дуучин төрөөд надад ухаанаа залруулаад яваад би бахархдаг. Миний хамгийн хайртай шавь нар болох Далантай, Жавхлан хоёр маань намайг жаахан өмчлөх гээд байдагтал бий. Улс төрөөр ярьвал хоёр шавь маань учраа олоод ойлголцвол ардчлал хувьсгалт нам хоёр эвсэх шиг л юм болно. Тийм хүчирхаг, Далантай ч надад “Би таны араас чинь гараагүй өврөөс чинь гарсан. Багш одоо юунд дандаа Жавхлан гэж байдаг юм” гэж хэлсэн байсан. Жавхлан болохоор “Далантай ах тэгж байна гэсэн та надад илүү хандаад байна уу. Би танд илүү хандаад байна уу” гэж ярьсан. Далантай маань одоо надтай тэмцээнд бэлдэж байгаа. Миний хүү өмнө нь Монголын нэрийг дэлхийн тавцанд нэг удаа гаргасан. Ганцхан хүүг минь төр засаг гомдоочихсон. Шагнал аваад ирвэл 20 сая төгрөг өгнө гэж тогтоол хүртэл гарсан. Тэгэхээр нь би хүүгээ аваад бид хоёр хоёулаа яваад тэр нэр хүндтэй наадмаас тэргүүн байрыг нь аваад ирсэн чинь хоёр саяыг ч өгөөгүй. Тэгж хүнийг гомдоовол хэрэггүй. Гэтэл сая тамирынхныг медаль аваад ирхэд юу болов. Монголчууд төр засаг хамаг байдгаа бариад л гүйлээ. Төр нь арай өөр болсон болоод тэр юм болов уу. Мэдэхгүй. Ер нь урлаг, спорт хоёр бол төрийн нүүрийг гаргадаг зэмсэг шүү дээ. Монголын нүүрийг гаргаж байгаа хүмүүс олон байна. Японд байгаа хоёр сумоч байна. Гадаадад амьдардаг Цэвээнпүрэв гэж зодоонч байна. Одоо тэднийг шагнаж урамшуулах хэрэгтэй.
-Та зодооны урлагт их дуртай юм аа. Ер нь ямар спортоор хичээллэдэг вэ?
-Надад сонирхож хичээллэж үзээгүй спорт гэж байхгүй. Хамгийн сайн нь намайг дөрвөн настай байхад аав минь намайг ганзгаар даруулан хурдан морь унуулан үсэргээнд явж байсан үө. Ээж минь аавыг хүүхэд алах нь тэнэг гэж загнаж байхад харин аав минь хүүе энэ чинь шөрмөстэй золиг байна толгойгоо гээсэнгүй шүү гэж үсэргээнээс нус нулимстайгаа холилдон ирсэн намайг хараад хэлж байсан. Тийм хатуужил, тийм хүмүүжил дунд өссөн учраас би одоо ингээд байгаад байгаа юм. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Германаас захиулж фитнессийн ком захиж авчруулж байсан. Би ная хүртлээ бодибилдэнгээр хичээллэсэн. Ная хүрсэн чинь эмч одоо та болно/ Ачаалал чинь хэтэрхий их байна гээд болиулсан. Зүрхний ачаалал ихдэнэ. Тиймээс цаашдаа нэг хэдэн жил амьдрахаа бод гэсэн юм. Гэхдээ би тэгж хэтэрхий их амрахыг буруу гэж боддог. Амарна гэдэг чинь замрахын нэр шүү дээ. Манайхан амарч байгаа нь энэ гээд л замраад яваад байдаг болжээ. Яс амар хэвтэх юм уу цэнгэх жаргах чинь амралт биш.
-Танд хадаг барин “Аав” минь болооч гэж ирж байсан шавь Жавхлан чинь намрын дунд сарын 17-нд хуримаа хийх гэж байгаа гэсэн. Та хүүгийнхээ хуриманд бэлдээд завгүй байна уу. Бэр чинь хэр таалагдав?
-Эхнэр нь нөгөө Богдын хатан шиг монголжуу царайтай хөөрхөн полдойсон бор хүүхэн байна лээ. Тэд намайг нутагтаа аваачиж сайхан амралтанд амруулж эхнэрээ танилцуулсан. Харин хурим найрын тухайд мэдсэн юм алга. Надад л юу ч хэлээгүй. Жавхлан чинь өнөөх “Танайд хоноё” -ийн Алтантүрүүг гэртээ урьсан мөртлөө намайг гэртээ аваачаагүй л байгаа. Би уг нь оюутан байхдаа амьдарч байсан хуучин байранд нь очих их дуртай л даа.
-Та Монголын урлагт ёстой нөгөө найман настайгаасаа ная хүртлээ л зүтгэлээ хураасан өв хөрөнгө овоо биз дээ?
-Би анх дагалдан дуучин болж байхдаа л 500 төгрөгийн цалинтай байсан. Одоо бол сайн зүтгээд хийгээд байвал сард 500.000 төгрөгийн цалин авч байна даа. Заримдаа 500 хүрдэггүй юм. Гэлээ гэхдээ энэ миний амьдралд хүрч байна аа. Үүнээс илүү яах юм бэ. Их шуналтаад байгаа баячуудыг би ойлгодоггүй. Элдвийн луйвар арга залиар авсан мөнгө хүний амьдралд нүгэл, муу болно уу гэхээс биш буян, сайн юм болохгүй ээ. Миний хамгийн үнэтэй юм гэвэл залуу байхдаа хоолоо хасч байгаад авсан хэдэн номнууд маань л байна. Ямар сайндаа миний сүүлийн авгай надтай муудчихаад “Та намайг өөрийнхөө зүс царай, дуулдаг хуурддагтаа болоод ирсэн юм гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Би таны хэдэн номонд л болж ирсэн гэж байсан юм.

Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.